Хэрхэн унших дадал хэрхэн суулгах вэ?

2026.02.283 минут унших
Хэрхэн унших дадал хэрхэн суулгах вэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бид өмнөх дугааруудад мэдээллийн асар их урсгал бидний төвлөрөх чадварыг хэрхэн бууруулж, тархины бүтцийг өөрчилж байгааг, бас юуг, ямар хэлбэрээр унших нь үр дүнтэйг хөндсөн билээ. Харин одоо хамгийн чухал асуултдаа хариулах гэж байна. Бид яг яаж унших дадлыг өөрийн амьдралын салшгүй хэсэг болгох вэ?

Ихэнх хүмүүс ном уншихад "хүсэл зориг" хэрэгтэй гэж андуурдаг. Гэвч шинжлэх ухаан өөр зүйлийг хэлж байна. Дадал хүсэл зоригоос шууд хамаардаггүй, харин зөв зохион байгуулсан системийн үр дүнд бүрэлддэг юм шүү. Тэгвэл энэ системийг хэрхэн бүрдүүлж, унших үйлдлийг өдөр тутмын хэмнэлдээ яаж дасгах вэ?

Тархины эсэргүүцлийг бичил алхмаар мохоох нь

Шинэ зүйл эхлэх болгонд тархи яагаад хойш суугаад байдгийг та мэдэх үү? Учир нь бидний тархи хүнд даалгавраас зугтаж, хамгийн хялбар замаар таашаал авахыг хичээдэг төрөлхийн онцлогтой юм. Стэнфордын их сургуулийн зан үйлийн судлаач Б.Ж. Фогг үүнийг "Бичил дадал" аргачлалаар шийдэхийг зөвлөдөг.

Бид "өнөөдөр нэг бүлэг уншина" гэж том төлөвлөхөд тархи үүнийг “хүнд хөдөлмөр” гэж хүлээн авч, шууд л эсэргүүцэж эхэлдэг байна. Үүний оронд ердөө хоёрхон минут унших эсвэл ганцхан хуудас эргүүлэх даалгаврыг өөртөө өгөөд үзээрэй. Хоёрхон минут уншихад тархинд ямар ч дарамт ирэхгүй учраас эхлүүлэхэд маш хялбар байдаг юм шүү. Нэгэнт номоо нээгээд эхэлчихвэл хүний анхаарал аяндаа тэр үйлдэлдээ хөтлөгдөж, үргэлжлүүлэн унших эрч хүчийг авдаг байна. Хамгийн гол нь та өдөр бүр "би уншиж чадаж байна" гэдэг итгэлийг өөртөө суулгаж үлдэнэ гэсэн үг.

Орчны дизайн буюу "20 секундийн дүрэм"

Бичил алхмаар эхлэхээр шийдсэн ч гэсэн заримдаа номоо авахаас залхуу хүрдэг үү? Энэ бол "саад тотгор"-ын асуудал юм. Хэрэв ном чинь шүүгээнд, харин утас чинь гарт чинь байвал тархи хамгийн бага хүч зарцуулах замыг буюу утсаа сонгодог. Сэтгэл зүйч Шон Акор үүнийг "20 секундийн дүрэм"-ээр тайлбарласан байдаг.

Учир нь хүн аливаа үйлдлийг эхлүүлэхэд 20 секундээс илүү хугацаа эсвэл хүч зарцуулахаар байвал тархи түүнийг "төвөгтэй ажил" гэж ангилаад хойшлуулдаг аж. Тиймээс та унших дадлыг суулгахын тулд ном нээх хүртэлх замыг 20 секундээр богиносгох хэрэгтэй. Номоо дэрэн дээрээ эсвэл цайны ширээн дээрээ ил тавьчихвал танаас ямар ч хүч шаардахгүй. Харин утсаа өөр өрөөнд үлдээж, түүнийг авах үйлдлийг 20 секундээр хэцүү болгочихвол таны тархи аяндаа хажууд байгаа номоо сонгож эхэлдэг байна шүү.

Дадал давхарлах буюу гинжин холбоос

Орчноо бэлдсэн бол одоо хэзээ уншихаа тогтоох хэрэгтэй. Шинэ үйлдлийг тархинд хэдийн суусан автомат дадлуудтай холбож өгөх нь хамгийн ухаалаг арга юм шүү. Зан үйлийн шинжлэх ухааны судлаач Жеймс Клир үүнийг "дадал давхарлах" стратеги гэж тодорхойлсон байдаг.

Жишээ нь, та өглөө кофе уух дадалтай бол "би кофегоо ууж дуусаад шууд нэг хуудас ном уншина" гэж төлөвлөж болно. Энд кофе уух үйлдэл нь унших дадлыг өдөөгч дохио болж өгч байгаа юм. Та шинэ дадал суулгах гэж тархиа зовоох биш, харин аль хэдийн сурсан автомат үйлдлийнхээ араас номоо чирж оруулаад байна гэсэн үг. Ингэх тусам тархи төлөвлөлтөд зарцуулах эрчим хүчээ хэмнэж, шууд гүйцэтгэл рүү шилждэг байна шүү.

Төвлөрлийг хүндэтгэх орон зай

Системээ бүрдүүлээд уншиж эхэлсэн ч утсанд чинь ганцхан мэдэгдэл ирэхэд л төвлөрөл чинь салхинд хийссэн мэт арилдаг уу? Калифорнийн Их сургуулийн профессор Глория Маркийн судалгаагаар, анхаарал нэгэнт сарнисан бол эргээд тухайн сэдэвтээ бүрэн ороход дунджаар 23 минут зарцуулдаг байна. Энэ нь таныг ганц мэдэгдэл харах гэж утсаа авахад л хагас цагийн төвлөрөл чинь үгүй болж байна гэсэн үг юм.

Тиймээс өдөрт ердөө 15-20 минутыг уншлагад зориулж хэвшээрэй. Ингэснээр та гадаад мэдээллийн чимээнээс тасарч, тархиа удаан таашаал авдаг гүн сэтгэлгээнд сургаж байгаа хэрэг юм шүү.

Нэг хуудаснаас эхлэх өөрчлөлт

Унших дадал бол зөвхөн мэдлэг хуримтлуулах хэрэгсэл биш, өөрийнхөө анхаарлыг хамгаалах, гүн сэтгэх орон зайгаа тэлэх оюуны дархлаа юм шүү. Уншсан хуудасны тоо, хурд тийм ч чухал биш. Харин өдөр бүр өөртөө гаргаж байгаа тэрхүү цөөн минут таныг өнгөц хэрэглэгчээс гүн сэтгэгч рүү хөтлөх гүүр болдог байна.

Тиймээс та яг одоо “Унших дадал” цувралыг уншиж дуусгаад утсаа таван минут холдуулаарай. Хэрэв өмнөх дугааруудыг уншиж амжаагүй бол Цуврал №1Цуврал №2, Цуврал №3-ыг холбоос дээр дарж, ороод уншаарай. Тэгээд дэргэд байгаа номоо нээгээд ердөө ганцхан хуудас уншиж эхлэхийг бид уриалж байна. Маргааш ч бас яг энэ үедээ ганц хуудас уншаарай. Таны оюун санааны шинэ аялал энэ жижигхэн алхмаас л эхлэх юм шүү. Танд амжилт хүсье!

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд