УБ 12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Бид аудио номоос илүү цаасан ном уншиж байхдаа гүнзгий дүн шинжилгээ сайн хийдэг
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Бид аудио номоос илүү цаасан ном уншиж байхдаа гүнзгий дүн шинжилгээ сайн хийдэг

Бид аудио номоос илүү цаасан ном уншиж байхдаа гүнзгий дүн шинжилгээ сайн хийдэг

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.02.20 · 5 унших

Бид мэдээллийн асар их урсгал дунд амьдарч байгаа атлаа хамгийн “өлсгөлөн”' уншигчид болон хувирчээ. Гартаа ном бариад хэдхэн минут болоход л анхаарал сарниж, гар утсаа оролдох хүсэлд хөтлөгдөх нь өнөө цагийн бидний нийтлэг төрх гэлтэй. Тэгвэл бид яагаад уншихаа больчихсон юм бол? Эсвэл унших соёл маань үндсээрээ өөрчлөгдөв үү? Энэхүү эргэцүүллээс үүдэн Posted.mn сайтын редакцын зүгээс унших дадал, соёлын өөрчлөлт, технологийн нөлөө болон бидний танин мэдэхүйд тулгарч буй бэрхшээл, түүний шийдлүүдийг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. 

Унших хэв маяг ба тархины үйл ажиллагаа

Зарим хүн аудио ном сонсож ойлгодог бол зарим нь дэлгэц, цаас зэргийг харааны уншлагаар уншдаг. Харин нөгөө нэг нь уг хоёр хэв маягийг хослуулан мэдээлэл хүлээн авдаг байна. Тиймээс хүн бүрийн унших хэв маяг, хүлээн авах чадвар нь өөр өөр байдаг аж. Судлаачдын тайлбарлаж буйгаар хүмүүсийн унших хэв маягийг дараах гурван төрөлд хуваах боломжтой юм.

Хараагаар уншигчид (Visual Readers)

Цаасан ном болон текстэд төвлөрөхдөө сайн. Энэ төрлийн уншигчид үгийг зураг мэт тогтоож, текстийн байрлалаар нь мэдээллийг эргэн санадаг.

Сонсогчид (Auditory)

Калифорнийн их сургуулийн судлаачид 2019 онд Journal of Neuroscience сэтгүүлд хэвлүүлсэн аудио ном сонсох болон цаасан ном унших үеийн тархины идэвхжилийг харьцуулсан судалгааны үр дүнд аудио ном сонсох болон текст уншихад тархины мэдээлэл боловсруулах хэсгүүд ижил түвшинд идэвхэждэг болохыг тогтоожээ. Гэвч аудио ном сонсох нь гүн гүнзгий дүн шинжилгээ хийх тал дээр цаасан уншилтыг гүйцэх боломжгүй аж.

Гүйлгэн уншигчид (Digital Skimmers)

Энэхүү ойлголт нь орчин үеийн дижитал эрин зуунд шинээр бий болсон унших хэв маяг юм. Тус хэв маягийн уншигчид нь "F" хэлбэрээр буюу текстийн зөвхөн эхний өгүүлбэр болон түлхүүр үгсийг гүйлгэж хараад өнгөрдөг онцлогтой аж. Хүмүүс яагаад “F” хэлбэрийн унших загварт шилжих болсон талаар бид цуврал нийтлэлийнхээ эхний дугаарт тодорхой тайлбарласан билээ. 

Цаас vs Дэлгэц: Яагаад бидний анхаарал сарнидаг вэ?

Норвегийн Ставангер Их сургуулийн профессор Анна Манген нэгэн судалгаандаа “цаасаар уншдаг хүмүүс дэлгэцээр уншдаг хүмүүстэй харьцуулахад үйл явдлын дарааллыг илүү сайн санаж байдаг” гэсэн байна. Учир нь цаасан номын зузаан хавтас, хуудас эргүүлэх чимээ, үнэр зэрэг нь тархинд мэдээллийг удаан хугацаанд байршуулах дохио болдог ажээ. Харин дэлгэцээр унших үед анхаарал сарних тохиолдол их байдаг тул бид “гүн унших” явцаас хурдан гарч анхаарал төвлөрөх хугацаа богиносдог байна.

"Гүн унших" чадвараа хэрхэн удаан хадгалах вэ?

cover.jpg

Нейробиологич Мэриан Вольфн "Reader, come Home" хэмээх бүтээлдээ хүмүүс дижитал ертөнцөд автахын хэрээр гүн унших чадвараа алдаж байдгийг онцлон энэхүү сул талаа засах дараах аргуудыг хуваалцсан байдаг. 

  • Богино мэдээллийг дэлгэцээр, харин гүн гүнзгий агуулгатай утга, уран зохиолыг заавал цаасаар унших дадлыг хэвшүүлэх.
  • Уншиж эхлэхээсээ өмнө утсаа өөр өрөөнд үлдээх.
  • Тархи ойролцоогоор 23 минутад гүн төвлөрдөг тул дор хаяж 30-45 минут тасралтгүй уншихыг хичээх.
  • Мэдээллийг богино хугацааны санах ойгоос урт хугацааны санах ой руу шилжүүлэхийн тулд тэмдэглэл хөтлөх.

Дижитал уншилт нь цаг хэмнэх, хүртээмжтэй байх зэрэг давуу талтай бол уламжлалт унших хэв маяг нь хурдтай нийгэмд түр амс хийх орон зайг олгох юм. Ийнхүү бид унших хэв маяг болон хэрхэн унших талаар тодорхой хэмжээний ойлголттой боллоо. Тэгвэл асар их мэдээллийн урсгалаас бид яг юу унших хэрэгтэй юм бол? Энэ асуултын хариултыг цувралын дараагийн дугаараас уншаарай.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.