Бид яагаад уншихаа больчихсон юм бол?

М.Энхмаа
М.Энхмаа
2026.02.123 минут унших
Бид яагаад уншихаа больчихсон юм бол? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Бид мэдээллийн асар их урсгал дунд амьдарч байгаа атлаа хамгийн “өлсгөлөн”' уншигчид болон хувирчээ. Гартаа ном бариад хэдхэн минут болоход л анхаарал сарниж, гар утсаа оролдох хүсэлд хөтлөгдөх нь өнөө цагийн бидний нийтлэг төрх гэлтэй. Тэгвэл бид яагаад уншихаа больчихсон юм бол? Эсвэл унших соёл маань үндсээрээ өөрчлөгдөв үү? Энэхүү эргэцүүллээс үүдэн Posted.mn сайтын редакцын зүгээс унших дадал, соёлын өөрчлөлт, технологийн нөлөө болон бидний танин мэдэхүйд тулгарч буй сорилтуудыг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. 

Тархины бүтцийн өөрчлөлт

Хүн төрөлхтөн төрөлхийн унших чадвартай төрдөггүй бөгөөд энэхүү чадвар нь олон мянган жилийн турш дасгал сургуулилтаар тархинд сууж ирснийг нейробиологич Мэриан Вольф тэмдэглэсэн байдаг. Бидний тархи тэмдэгтүүдийг утга санаа болгон хувиргах явцдаа “гүн уншилт” (Deep Reading) гэж нэрлэгдэх маш нарийн мэдрэлийн хэлхээг шинээр бүтээдэг ажээ. Энэхүү хэлхээ нь бидэнд аливааг шүүмжлэлтэйгээр тунгаах, бусдыг ойлгох болон төсөөлөн бодох чадварыг олгодог билээ.

Гэвч сүүлийн жилүүдэд дижитал орчны хурд бидний тархийг тэс өөр хэмнэлд дасгаж орхижээ. Дэлгэц дээрх текстийг бид уншихаасаа илүүтэй “шүүрдэж” хардаг болсон байна. Нүдний хөдөлгөөн текстийн дээд хэсгийг хараад, доошоо гүйлгэхдээ зөвхөн гол түлхүүр үгсийг хайх “F” хэлбэрийн загварт шилжсэн нь үүний илрэл аж. Энэхүү өнгөцхөн харах дадал нь олон жилийн турш бүрэлдсэн гүн унших мэдрэлийн замыг аажмаар бүдгэрүүлж, тархийг зөвхөн мэдээлэл шүүх зориулалттай хэрэгсэл болгон хувиргаж буй хэрэг аж.

47 секундийн "хараал" ба допамины занга

Бид яагаад уншихаа больчихсон юм бол? нийтлэлийн зураг

Тархины мэдрэлийн хэлхээ ийнхүү өөрчлөгдөхийн хэрээр бидний төвлөрөх чадвар "ёроолдоо" тултал буурсныг судлаачид тогтоожээ. Калифорнийн их сургуулийн профессор Глория Марк хүмүүсийн анхаарал төвлөрөлтийг сүүлийн 20 жил хэмжихэд анхаарал татам дүр зураг ажиглагдсан байна. Тухайлбал, 2004 онд хүн нэг дэлгэц дээр дунджаар 2.5 минут төвлөрч чаддаг байсан бол, өнөөдөр энэ хугацаа ердөө 47 секунд болж агшжээ. Энэ нь ердөө хорин жилийн дотор бидний төвлөрөх чадвар гурав дахин буурсныг илтгэх аж.

Бидний анхаарал ийнхүү сарних болсон нь тархины гүнд өрнөх нэгэн ширүүн тулаанаас үүдэлтэй. Учир нь тэвчээр шаардсан унших үйл явц болон хялбар таашаал өгөх алгоритм хоёрын хооронд ийнхүү зөрчил үүсдэг байна. Сошиал медиагийн богино контент, тасралтгүй урсах мэдэгдлүүд нь тархийг маш бага хүчээр их хэмжээний допамин авч дасахад хүргэжээ. Үүний улмаас ном унших нь тархинаас ихээхэн эрчим хүч шаардсан "хүнд хөдөлмөр" болж хувирсан байна. Төвлөрөх хугацаа ердөө 47 секунд болтлоо агшсан нь допаминд донтсон тархи үргэлж хамгийн амархан замыг сонгох болсны үр дагавар аж.

Хэт их мэдээлэл ба “сохор уншилт”

Бидний анхаарал ийнхүү секундээр хэмжигдэх болсон нь мэдээллийн хэт их ачаалалтай шууд холбоотой аж. Өнөөдөр нэг хүн өдөрт дунджаар 34 гигабайт мэдээлэл хүлээн авч байгаа нь бүтэн 10 орчим киног (HD) нэгэн зэрэг үзсэнтэй ижил хэмжээний ачааллыг тархиндаа өгч буй хэрэг билээ. Ийм их өгөгдөл дунд тархи өөрийгөө хамгаалахын тулд мэдээллийг зөвхөн гадаргуу дээр нь "өнгөцхөн" шүүж авдаг байна.

Профессор Анне Мангены судалгаагаар дэлгэцээр уншсан текстүүд бидний ой санамжид бодит орон зайн зураглал үүсгэдэггүй тул бид уншсан зүйлийнхээ логик холбоосыг маш хурдан мартдаг ажээ. Ийнхүү бид уншихаа болиогүй, харин уншсан зүйлээ тогтоож чадахгүй "сохор уншигчид" болон хувирч байна. Хэрэв бид энэхүү гүн унших дадлаа эргүүлэн олж авахгүй бол зөвхөн гарчиг болон зургаар дүгнэлт хийдэг, шүүмжлэлт сэтгэлгээгүй "дижитал хэрэглэгч" болон үлдэх аюул тулгарч байна.

Бид яагаад уншихаа больчихсон юм бол? нийтлэлийн зураг

Унших соёл ийнхүү өөрчлөгдөж буй нь техник технологийн хурднаас гадна бидний тархины биологийн дасан зохицох процессоос үүдэлтэй ажээ. Гэхдээ бидэнд мэдээллийг өнгөцхөн шүүх биш, утга санааг нь гүнзгий ойлгож төвлөрөх чадвараа эргүүлэн олж авах боломж бий болов уу? Бидний алдаж буй тэрхүү гүнзгий чадваруудыг хэрхэн эргүүлэн олж авах, дижитал болон уламжлалт уншилтын зааг ялгаа юунд оршдогийг цувралын дараагийн дугаараар хамтдаа олж мэдэцгээе.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

0