Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Posted.mn залуусын веб сайт уншигч залуустаа үнэн бодит, тэнцвэртэй, хүртээмжтэй мэдээллийг хүргэхийн сацуу, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, суурь мэдлэг бүхий бүтээлч монгол залуусын дуу хоолой болох зорилгынхоо хүрээнд сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүйг чандлан баримталж, аливаа мэдээллийг найдвартай эх сурвалжид тулгуурлан, хариуцлагатайгаар түгээхийг эрхэмлэнэ.

Редакцын бодлого

Posted.mn-ийн Редакцын бодлого нь контентыг бүтээхэд цаг хугацаа, хичээл зүтгэл, мэдлэг туршлага, хувь нэмрээ оруулж буй бүхий л оролцогчдын баримтлах зарчим юм.

Бидний хувьд контент гэж юу вэ?

Бидний хувьд контент гэдэг нь хэлбэр бус контекстоос хамааран, бидний бодол, мэдрэмж, сэтгэлгээнд нөлөөлөх агуулгыг хэлэх бөгөөд Редакцын бодлоготой нийцэх агуулгыг бүтээлч санаа шингээн, бүх төрлийн хэлбэрээр хүртээмжтэй хүргэхийг эрмэлзэх болно.

Агуулгад баримтлах зарчим - CARD-V

Бид анх контент бүтээж эхэлсэн цагаасаа өөрсдийн контентод баримтлах “CARD-V” зарчмыг гаргасан бөгөөд цаашид медиа нэгдлийн бүхий л түвшинд тус зарчмыг баримтална. CARD-V нь бидний зарчмыг илэрхийлэх Creative, Action Oriented, Relatable & Reliable, Diversity, Value Oriented гэсэн түлхүүр үгсийн товчлол бөгөөд тус бүр өөрсдийн үүрэг, харилцааг зохицуулах, контентын чанарыг сайжруулах Редакцын бодлогын цөм юм.

Slow Media зарчим

Posted.mn нь мэдээллийг хурдан түгээхээс илүүтэй аль болох мэдээллийн утга учрыг ойлгуулах, нийгмийн асуудлыг гүнзгий тайлбарлах, уншигчдад бодох, тунгаах орон зай өгөх “slow media” зарчмыг баримталж ажиллана. Бид аливаа асуудлын шалтгаан, үр дагавар, өргөн хүрээний утга, нийгэмд үзүүлэх нөлөөг тайлбарлан хүргэхийг зорих бөгөөд түр зуурын хэрэглээ биш, цаг хугацааны явцад үнэ цэнээ хадгалах, уншигчдын мэдлэг, ойлголт, шийдвэр гаргалтад бодитоор ашиглагдахуйц агуулгыг бүтээхийг чухалчилна.

Шийдлийн сэтгүүлзүйн зарчим

Posted.mn нь нийгмийн асуудлыг шийдэхийг оролдож буй туршлага, бодлого, санаачилга, арга замыг судалж, нотолгоонд суурилан тайлбарлах Шийдлийн сэтгүүлзүйн хандлагыг баримталж ажиллана. Бид агуулгадаа тухайн асуудалд хэн, ямар шийдэл туршиж байгаа, хэрхэн ажиллаж байгаа, ямар үр дүн гарч байгаа, ямар хүндрэл, сул тал тулгарч байгаа, цаашид өргөжүүлэх боломж бий эсэхийг судалж, уншигчдад шийдлийн боломжийг харах, бодох, хэрэгжүүлэх ойлголтыг бий болгоход зорьж ажиллана.

Конструктив сэтгүүлзүйн зарчим

Posted.mn нь нийгмийн асуудлыг айдас, сөрөг мэдрэмж, сенсаци үүсгэхээс илүү ойлголт, боломж, шийдэл, ирээдүйн боломжийн өнцгөөс тайлбарлах Конструктив сэтгүүлзүйн хандлагыг баримталж ажиллана. Бид аливаа асуудлыг шалтгаан, нөхцөл байдал, гарч буй өөрчлөлт, сайн туршлага, боломжит шийдэл, ирээдүйн чиг хандлагыг хамтад нь харуулахыг зорьж, уншигчдыг мэдээлэл хүлээн авагч биш нийгмийн асуудлыг ойлгодог, хэлэлцдэг, шийдэл эрэлхийлдэг идэвхтэй оролцогч болоход дэмжлэг үзүүлэх агуулгыг бүтээхийг эрмэлзэнэ.

Эх сурвалж, найдвартай байдал

Бидний бүтээж буй контент бүр залуусын бодит хэрэгцээнд нийцсэн, судалгаатай, найдвартай эх сурвалжид тулгуурласан байна. Бид аливаа мэдлэг мэдээллийг мэргэжилтэн, судлаач, судалгааны болон мэргэжлийн байгууллагын баримтаар баталгаажуулж, уншигчдад ойлгомжтой хэлбэрээр хүргэхийг зорих бөгөөд оюуны өмчийг хүндэтгэх, эх сурвалжийг ил тод дурдсан байх нь бидний гол зарчим юм.

Сэтгүүл зүйн ёс зүй

Posted.mn залуусын веб сайтын редакц аливаа мэдээллийг залууст хүргэхдээ дараах хоёр үндсэн баримт бичигт тулгуурлан ажиллана.

4.1. Нэгдүгээрт, Монгол Улсын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг хүлээн зөвшөөрч, баримтална.

4.2. Хоёрдугаарт, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны 30 дахь хуралдаанаар баталсан “Олон улсын сэтгүүлчдийн ёс зүйн тунхаглал” (Global Charter of Ethics for Journalists)-ыг мөрдөж ажиллана.

Сэтгүүлчийн аюулгүй байдал

Posted.mn нь сэтгүүлчдийн бие даасан байдал, үзэл бодлын эрх чөлөөг хүндэтгэж, мэргэжлийн орчинд чөлөөтэй, аюулгүй ажиллах нөхцөл бүрдүүлэхийг эрхэмлэх бөгөөд редакцын шийдвэрт аливаа гадаад оролцоо, дарамт шахалт, үзэл суртал, нөлөөлөл үйлчлэх ёсгүй. Хэрэв сэтгүүлчид эсвэл редакцын багт чиглэсэн дарамт, халдлага, шахалт үүссэн тохиолдолд байгууллага дотоод журмын дагуу ажиллана.

Хараат бус байдал

Posted.mn нь редакцын агуулгыг төлбөртэй сурталчилгаанаас тодорхой ялгаж, уншигчдын итгэл, ойлголтыг хүндэтгэн ажиллана. Бид ёс зүй, нээлттэй байдал, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан сурталчилгааны агуулгыг боловсруулах бөгөөд редакцын байр суурь, редакцын эрх чөлөөнд аливаа бизнес, улс төрийн байгууллагын шууд болон шууд бус нөлөөлөл оролцох боломжгүй байх зарчмыг чанд мөрдөнө.

6.1. Сурталчилгааны агуулгыг “Зар сурталчилгаа” гэсэн тод тэмдэглэгээтэйгээр, редакцын контентоос ялгаатайгаар уншигчдад ойлгомжтой байдлаар хүргэнэ.

6.2. Сурталчилгаа нь Posted.mn сайтын редакцын бодлого, үнэт зүйлстэй нийцсэн байх бөгөөд аливаа ашиг сонирхлын зөрчлийг үл зөвшөөрнө.

6.3. Бидний хүргэж буй төлбөртэй агуулга нь хүний эрх, нийгмийн хариуцлагыг дээдэлсэн, олон нийтийн итгэлийг алдахгүй байх зарчимд нийцнэ. Хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллийг аливаа хэлбэрээр хүлээн зөвшөөрөхгүй.

Улс төрийн зарчим

Posted.mn нь улс төрийн сэдэвтэй мэдээллийг хүргэхдээ хараат бус, тэнцвэртэй, баримтад суурилсан байх зарчмыг баримтлах бөгөөд тухайн мэдээлэл нь уншигчдын шийдвэр гаргалтад бодитойгоор тус дөхөм болохуйц, нөхцөл байдалд нийцсэн практик хандлагатайгаар боловсруулагдсан байхыг чухалчилна. Үүний тулд бид редакцын түвшинд прагматик (бодит байдалд суурилсан, практик шийдэлд анхаарсан) хандлагыг баримталж ажиллана.

7.1. Улс төрийн нам, байгууллага, хувь хүний ашиг сонирхлоос хараат бус байр суурьтайгаар, олон талын мэдээлэлд суурилсан, тэнцвэртэй контент түгээнэ.

7.2. Улс төрийн сэдвээр нийтлэхдээ тухайн асуудлыг уншигчид бодитоор ойлгох, шийдлийн боломжийг танин мэдэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарна.

7.3. Найдвартай, ил тод эх сурвалжид тулгуурлаж, ташаа мэдээлэл түгээхээс сэргийлнэ.

7.4. Контент болон сурталчилгааг тодорхой зааглаж, аливаа улс төрийн нөлөөллөөс ангид, ил тод байдлыг хадгална.