Унших дадал: Тэгээд бид яг юу унших ёстой юм бэ?

2026.02.263 минут унших
Унших дадал: Тэгээд бид яг юу унших ёстой юм бэ? - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn-ийн редакцаас уншигч та бүхэндээ “унших дадал” хэмээх ойлголтын хүрээнд цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өмнөх дугааруудад яагаад бид нэг л уншихаа болиод байнаямар төрлийн уншигчид ер нь байдаг талаар хамтдаа эргэцүүлсэн. Ингэхдээ “F” хэлбэрийн уншлага буюу гарчгийг гүйлгэж хараад, дараа нь доош нүд гүйлгэн түлхүүр үг барьж унших нь өнөөдөр бидний унших гол хэв маяг болсон тухай дурдсан билээ.

Судлаачид унших дадал зуршил бидэнд төрөхөөс заяадаг чадвар биш болохыг онцолж, орчин, дадал зуршлаас шалтгаалан хөгждөг систем гэдгийг тайлбарлаад байгаа. Тэгэхээр унших чадвараа хөгжүүлж, унших дадлыг өөртөө суулгахаар хичээж буй бидэнд гарч ирэх дараагийн нэг асуулт тэгээд бид яг юу унших ёстой юм бэ…

Бид өглөө сэрмэгцээ хэдэн зуун гарчиг, пост, рийл, богино текст, сэтгэгдлүүдээр бөмбөгдүүлдэг шүү дээ. Ийм микроконтентын тасралтгүй урсгал дунд зөв сонголт хийхгүй л бол нийгмийн сүлжээний алгоритмууд бидний өмнөөс сонголт хийж байна. Тиймээс унших зүйлээ ухаалгаар сонгох нь өөрөө танин мэдэхүйн хувьд чухал шийдвэр болж хувирсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зүгээр л “энэ ямар гоё юм бэ, тэнд юу тохиолдсон юм бол” гэж татагдаж биш, “энэ надад илүү хэрэгтэй, үүнийг ойлгохыг хүсэж байна” гэж бодож унших нь чухал ажээ. Тэгэхээр унших сэдэв, агуулгуудаа нэг төрлөөр хязгаарлахаас илүү хэд хэдэн хэв маягийг тэнцвэржүүлэх нь урт хугацаанд илүү үр дүнтэй байдаг байна.

Итгэлтэй эх сурвалжаас тогтмол мэдээлэл унших

Мэдээллээс хоцрохгүй байна гэдэг нь олон юм хамж шимээд, юу ч хамаагүй уншиж, үзэж орхихыг хэлэхгүй. Үүний оронд тогтмол, итгэдэг 1-2 эх сурвалжаа сонгож, тэндээсээ мэдээллээ авч хэвших нь нэг төрлийн унших соёл юм. Жишээлбэл, BBC эсвэл Posted.mn зэрэг тодорхой бодлого, редакцын стандарттай хэрэгслүүдийг сонгож, тогтмол цагт орж уншдаг байхыг хэлээд байгаа юм.

Reuters Institute-ийн жил бүр гаргадаг Digital News Report-д хүмүүсийн ихэнх нь мэдээллийг нийгмийн сүлжээнээс авдаг боловч эх сурвалжийг шалгах нь сул хэвээр байгааг дурдсан байна. Өөрөөр хэлбэл, бид мэдээллийг их хэмжээгээр хүртдэг ч, чанартай хүртэх чадвар сул байгаа ажээ.

Тогтмол, итгэлтэй эх сурвалжтай байх нь мэдээллийн орчныг эмхэлж өгдөг. Харин эх сурвалж нь тодорхойгүй, сэтгэл хөдлөл өдөөгч, баталгаагүй постууд, сэтгэгдлүүд тархинд илүүдэл ачаалал үүсгэж, мэдээллийн ядаргаанд хүргэдэг байна.

Гүн гүнзгий агуулгууд унших

Уран зохиол, философи, түүхийн бүтээлүүд гүн төвлөрлийг шаарддаг бөгөөд эдгээрт богино цогцолборууд, түргэн бий болох дүгнэлтүүд, сэтгэл хөдлөлүүд байхгүй. Олон давхар утга, үйл явдлууд, метафор, дүр дүрслэлүүд, гүнзгий ухагдахуунууд нь уншигчийг мэдээлэл аваад өнгөрөх биш сэтгэлдээ төсөөлөл бүтээхэд хүргэдэг. Уншиж байхдаа сэтгэлдээ зураглал хийж, хүний сэтгэл хөдлөлийг төсөөлж мэдрэх, өөрт тохиож байсан амьдралын туршлагуудтай тулган бодох шаардлагатай болно гэсэн үг.

Тиймээс ийм төрлийн агуулгатай тогтмол нөхөрлөх нь анхаарлаа төвлөрүүлэх, дотоод бодлоо цэгцлэх, өөрийгөө болон бусдыг илүү өргөн хүрээнд ойлгох, бодлын орон зайгаа тэлэх танин мэдэхүйн дасгал болох ажээ. 

Шинжлэх ухаанд тулгуурласан агуулга унших

Судалгааны цаадах арга зүй, хэмжилтийн арга, статистик дүгнэлтийг тайлж унших нь бас өөр түвшний анхаарал шаардана. Ингэж унших үед мэдээлэл хүлээж авахаас илүүтэй, баримт үндэслэлүүдийг нь шүүн тунгааж, “яагаад” гэх асуултад хариулахад суралцаж байдаг байна.

Жишээгээр тайлбарлая л даа. Хэрэв та хэл сурах сонирхолтой бол тархины танихуйн үйл ажиллагаа, шинэ хэл эзэмших үеийн мэдрэлийн өөрчлөлтийн судалгаануудыг уншиж болно. Эсвэл хэрэв хүүхдэдээ унших дадлыг багаас нь суулгахыг хичээж байгаа бол бага насны хүүхдийг номтой нөхөрлүүлэх арга, гэр бүлийн орчны нөлөөллийн талаарх шинэ шинэ туршилт судалгаануудыг үзэж болох юм. Учир нь судалгаа гэдэг биднээс хол, өндөр түвшний сэтгэлгээтэй хэсэг бүлэг хүмүүсийн хийдэг зүйл биш шүү дээ. Харин амьдрал дээр туршиж болох бодит мэдлэгийн эх сурвалж болж байдаг.

Бидний “унших дадал” сэдвийн хүрээнд бэлтгэсэн Цуврал №1Цуврал №2, Цуврал №3-ыг холбоос дээр дарж, ороод уншаарай. Харин Цуврал №4-өөр бүгдээрээ яг яаж унших дадлыг өөртөө сайтар суулгах талаар ярилцацгаая.

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Унших дадал: Тэгээд бид яг юу унших ёстой юм бэ... | Posted