Ирэх оны Монгол Улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүд, дотоод, гадаад орчны нөлөөлөл, хандлага, төлөв байдлын тайланг танилцуулах “Economic outlook 2027” арга хэмжээг ХААН Банкнаас өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон томоохон аж ахуйн нэгж, групп компаниуд болон жижиг, дунд бизнес эрхлэгчид энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, эдийн засгийн төлөв байдлын тоймтой танилцаж улмаар бизнес төлөвлөгөө, шийдвэр гаргахдаа улс орны эдийн засгийн төлөв байдал, салбарын чиг хандлагыг харгалзан тооцох боломж бүрддэг билээ. Уг тайланг ХААН Банкнаас харилцагч байгууллага, аж ахуйн нэгжүүд болон бизнес эрхлэгчдэд зориулан дөрөв дэх жилдээ ийнхүү танилцуулж байгаа юм.
Энэ удаагийн арга хэмжээний онцлох илтгэлийг дэлхий дахинд эдийн засгийн чиг хандлага, нөхцөлүүд хэрхэн өөрчлөгдөж буй талаар ING группийн Түүхий эдийн зах зээл хариуцсан ерөнхий эдийн засагч Уоррен Паттерсон тавьсан бол Монгол Улсын 2027 оны эдийн засгийн төлөв байдлын тайланг ХААН Банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал М.Маргадмөн танилцууллаа.
Уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг голлон бүрдүүлсэн хэвээр байна
ХААН Банкны шинжээчдийн судалгаа, анализ дээр үндэслэн боловсруулсан уг тайланд ирэх оны дэлхийн эдийн засгийн өсөлт, инфляц болон хүүгийн түвшний тухай эхний бүлэгт багтаан гадаад эдийн засгийн тоймыг багцлан онцолсон бол дотоодын эдийн засгийн голлох чиг хандлагыг дэлгэрэнгүй авч үзсэн юм. Монгол Улсын эдийн засгийн голлох салбаруудад уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээ, боловсруулах үйлдвэр, эрчим хүчний салбар болон өрхийн хэрэглээний 2026 оны ерөнхий үзүүлэлт, 2027 оны төлөв байдлыг зурагласан байна. Макро эдийн засгийн хувьд түүхий эдийн экспорт өндөр хадгалагдаж, уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг голлон бүрдүүлсэн хэвээр байх ба экспортын хэмжээ нэмэгдэж, импортын ханш тогтвортой байх төлөвтэй гэж тайланд дурдсан байна.
ХААН Банкны харилцагчид энэхүү арга хэмжээнд оролцсоноор ирэх оны макро эдийн засгийн орчны төлөв байдал, гадаад, дотоод хүчин зүйлстэй урьдчилан танилцсанаас гадна ХААН Банкнаас бизнесүүдийг дэмжих чиглэлд барьж буй бодлого, стратеги, бүтээгдэхүүн үйлчилгээ, санхүүжилтийн эх үүсвэр, шийдэл, боломжууд, төлбөр тооцооны шинэ арга хэрэгслүүд, хиймэл оюуны бизнесийг өөрчлөх хүчин чадал нөөцийн тухай мэдээлэл авсан юм. Үүний хүрээнд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа банкныхаа стратеги бодлогоо нээлттэй ярьсан бол Монгол Улс дахь ОУСК-ийн суурин төлөөлөгч Маттье Ле Блан, АХБ-ны Монгол Улс хариуцсан ахлах эдийн засагч, доктор Мартин Пелли, ЕСБХБ-ны суурин төлөөлөгчийн газрын тэргүүлэх банкир М.Жавхлан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Ч.Лхагважав нар дэлхийн эдийн засгийн төлөв байдал болон бизнесүүдийн тэсвэртэй байдлын тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Ийнхүү ХААН Банк түншүүдтэйгээ хамтран ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг харилцагчдадаа амжилттай танилцууллаа.
