Ирээдүйгээ төсөөлөх "10-10-10" дүрмийг мэргэжлээ сонгохдоо хэрхэн ашиглах вэ?

2026.05.053 минут унших
Ирээдүйгээ төсөөлөх "10-10-10" дүрмийг мэргэжлээ сонгохдоо хэрхэн ашиглах вэ?  - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn сайтын редакцаас төгсөх ангийн уншигч нартаа зориулан “мэргэжил сонголт” сэдвийн хүрээнд цуврал нийтлэл бэлтгэн хүргэж буй билээ. Бид өмнөх Цуврал №1Цуврал №2Цуврал №3-аараа өөрийн хүсэл сонирхол, ур чадвар, үнэт зүйлийг таньж мэдэх, хөдөлмөрийн зах зээлийн бодит нөхцөл байдлыг судлах, сонирхож буй мэргэжлээ бодитоор туршиж үзэх аргуудын талаар хуваалцсан билээ.

Харин энэхүү цувралынхаа сүүлийн дугаарт өмнөх дугааруудад өгсөн чухал мэдээллүүдэд суурилан, өөрт тохирох шийдвэрийг хэрхэн гаргах талаар бэлтгэн хүргэж байна. Мэргэжлээ сонгох үед олон сонголт, эргэлзээ, бусдын хүлээлт зэрэг хүчин зүйлс шийдвэр гаргах үйл явцыг төвөгтэй болгодог. Зарим сурагчид хэд хэдэн мэргэжлийн дунд эргэлздэг бол, зарим нь аль чиглэлийг сонгохоо ч мэдэхгүй гацах тохиолдол бий. Ийм үед сэтгэл хөдлөлөөр биш, өөрийн цуглуулсан мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах нь илүү үр дүнтэй юм.

Өөрийн хүсэл сонирхол, ур чадвар, үнэт зүйлсийг тодорхойлоорой 

Цувралын эхний дугаарт бид өөрийн хүсэл сонирхол, ур чадвар, үнэт зүйлийг тодорхойлох талаар онцолсон. Хэрэв та хэд хэдэн мэргэжлийн дунд эргэлзэж байвал дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.

  • Би аль чиглэлээр суралцахдаа илүү сонирхолтой байх вэ?
  • Миний давуу тал, зан төлөв аль мэргэжилтэй илүү нийцэж байна вэ?
  • Миний хувьд хамгийн чухал үнэт зүйл юу вэ?
  • Ирээдүйд хүсэж буй амьдралын хэв маягтай минь тохирох уу? 

Эдгээр асуултын хариултаас өөрийн сонирхож буй салбар чиглэлийг тодорхойлох боломжтой юм. Жишээлбэл, тогтвортой орлого, санхүүгийн баталгааг чухалчилдаг бол нэг төрлийн сонголт гарч ирж болно. 

Зах зээлийн мэдээлэлд тулгуурлан бодит нөхцөл байдлыг бодолцон үзээрэй 

Хүсэл сонирхол чухал хэдий ч хөдөлмөрийн зах зээлийн бодит байдлыг орхигдуулж болохгүй. Сонирхож буй мэргэжлийнхээ ирээдүйн эрэлт хэрэгцээ, ажлын байрны боломж, хөгжих чиг хандлага, цалин, ажлын орчин зэргийг судлах нь тун чухал. Өмнөх дугаарт дурдсанчлан Монгол Улсад мэдээллийн технологи, инженерчлэл, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлийн мэргэжлүүд ойрын жилүүдэд тогтвортой эрэлттэй байх төлөвтэй байна.

Гэхдээ эрэлттэй хэдий ч танд тохирохгүй байх магадлалтай. Иймд өөрийн сонирхол болон зах зээлийн боломж хоёрын огтлолцлыг олох нь зөв сонголт хийхэд ойртуулна. 

Туршиж үзсэн туршлагадаа тулгуурлан сонголтоо нарийвчлаарай

Бодитоор туршиж үзэх нь өөрийн төсөөллөөр сонголт хийхээс хавьгүй үр дүнтэй байдаг талаар цуврал 3-аараа хүргэсэн билээ. Хэрэв та сонирхож буй чиглэлээрээ дадлага хийж, нээлттэй өдөрлөг, сайн дурын ажил зэрэгт оролцож туршлага хуримтлуулсан бол тухайн үед өөрт тань төрсөн мэдрэмжийг эргэн санаж эдгээр асуултын өөрөөсөө асуугаарай.

  • Энэ орчин надад тухтай санагдсан уу?
  • Би энэ төрлийн ажлыг өдөр бүр хийхийг хүсэж байна уу?
  • Надад сонирхолтой хэвээр үлдсэн үү?

Эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө өөрийнхөө мэдрэмж туршлагыг ойлгох нь таныг цаг хугацаа болон хүч хөдөлмөрөө буруу зүйлд зарцуулахаас сэргийлэх юм.

Ирээдүйгээ төсөөлөх "10-10-10" дүрэм  

Хэрэв та мэргэжил сонголтдоо эргэлзэж гацсан бол Америкийн сэтгүүлч, зохиолч, илтгэгч Сюзи Уэлчийн 10-10-10 дүрмийг ашиглаад үзээрэй. Энэхүү арга нь шийдвэр гаргалтыг цаг хугацааны хэмжүүрээр харж, шийдвэр гаргах явцад төрдөг сэтгэл хөдлөл, түгшүүрийг даван туулж, асуудлыг илүү алсын хараатай, логикоор харахад тусалдаг аж. Үүний тулд өөрөөсөө эдгээр асуултыг асуугаарай. 

  1. Энэ мэргэжлийг сонгосноос 10 минутын дараа надад ямар мэдрэмж төрөх вэ?
  2. Энэ сонголтыг хийснээс 10 сарын дараа би ямар байх вэ?
  3. Энэ сонголтоос 10 жилийн дараа миний амьдрал ямар байх вэ? 

Энэхүү арга нь сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас сэргийлж, тухайн мэргэжил таны амьдралын үнэт зүйлстэй  нийцэж байгаа эсэхийг нухацтай тунгаахад тусалдаг. 

Шийдвэрээ гаргахдаа өөртөө эргэцүүлэх хугацаа өгөөрэй 

Шийдвэр гаргахдаа өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Мэргэжил сонголт бол уралдаан биш. Иймээс амьдралынхаа дараагийн алхмыг бодитоор төлөвлөх нь чухал учир өөртөө бодож эргэцүүлэх хугацаа өгч, мэдээллээ нэгтгэн дүгнэж, аль сонголт танд хамгийн бодитой, утга учиртай санагдаж байгааг тунгаан бодоорой.

Мэргэжил сонгох үед гэр бүл, найз нөхөд, багш нарын зөвлөгөө маш үнэ цэнтэй. Гэхдээ эцэст нь тухайн мэргэжлээр суралцаж, ажиллаж, өдөр бүр амьдрах хүн нь та өөрөө юм шүү. Зарим хүн нэр хүндтэй, өндөр цалинтай, баталгаатай гэх мэт төрөл бүрийн шалтгаанаар сонголт хийдэг. Гэвч өөрийн хүсэл сонирхол, үнэт зүйлтэй зөрчилдсөн шийдвэр гаргах нь урт хугацаанд сэтгэл ханамжгүй байдал үүсгэх магадлалтай. Тиймээс бусдын саналыг сонсохын зэрэгцээ өөрийн цуглуулсан мэдээлэл, туршлагад үндэслэн сонголт хийх хэрэгтэй.

Хамгийн чухал нь сонголтоо хийсний дараа тууштай хөгжиж, өөрийн ирээдүйг бүтээхэд оршино гэдгийг санаарай. Ингээд “Мэргэжил сонголт”-ын талаарх цуврал нийтлэлээ энэ хүргээд өндөрлөж байна. Уншигч танд энэхүү цуврал нийтлэл маань өөрийгөө илүү сайн таньж мэдэх, ирээдүйн замаа төлөвлөхөд бага ч болов тусалсан болов уу гэж найдаж байна.

 

Сэтгүүлч: А.Дүүрэнбилэг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Ирээдүйгээ төсөөлөх "10-10-10" дүрмийг мэргэжлээ сонгохдо...