УБ 2°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
О.Тэргэл: Аливаа бизнес өөрийгөө тэтгэж, дахин шинэ бизнес, шинэ боломж төрүүлж байх ёстой
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / О.Тэргэл: Аливаа бизнес өөрийгөө тэтгэж, дахин шинэ бизнес, шинэ боломж төрүүлж байх ёстой

О.Тэргэл: Аливаа бизнес өөрийгөө тэтгэж, дахин шинэ бизнес, шинэ боломж төрүүлж байх ёстой

Б.Урнаа
Б.Урнаа
Сэтгүүлч
2026.10.29 · 5 унших

Өөрийн бизнесийн санааг бодит болгон хэрэгжүүлж, олон бүтэлгүйтэлтэй нүүр тулгарсан ч бууж өгөлгүй урагшилсаар байдаг хүмүүс л манай нийгмийн хөдөлгөгч хүч болдог билээ. Харин тэдний амжилтын ард ямар сорилт, эргэлзээ, алдаа оноо, сургамж нуугдаж байдаг бол? Бид энэхүү асуултын хариултыг хайж “Фронива” ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал О.Тэргэлтэй залуу бизнес эрхлэгчдэд тулгардаг сорилт, тэдгээрийг хэрхэн даван туулж яваа туршлага, болон түүний ажиллах арга барилын талаар ярилцлаа.

- Анх өөрийн бизнесээ эхлүүлэх болсон түүхээсээ хуваалцаач. Өөрийн бодол, хүсэл мөрөөдлөө бодит ажил болгох эхний алхмаа хэрхэн тавьж байв?

- Би их сургуулиа төгсөхөөсөө өмнө даатгалын компанид ажиллаж, хажуугаар нь хэд хэдэн төсөлд оролцож үзсэн. Тэр үеэс төслийн менежмент надад их сонирхолтой санагдах болсон юм. Энэ сонирхлынхоо дагуу PMI буюу “Project Management Institute”-ийн нэгэн арга хэмжээнд оролцож, төслийн менежментийн чиглэлээр ажиллаж яваа олон хүнтэй танилцсан. Тэднийг олон улсын мэргэжлийн зэрэг авахаар зорьж байгааг сонсоод “би ч гэсэн хичээвэл тэдэнтэй нэг цэгт хүрч болох юм байна” гэсэн гэнэн ч гэх үү бодол төрж байлаа. 2016 оны үед бизнесийг төслийн менежментийн стандартын дагуу удирдаж, зохион байгуулдаг сайн жишээ төдийлөн байдаггүй байсан. Ажил хэргийн шийдвэр мэргэжлийн арга барилаас илүү хүмүүсийн хувийн харилцаа, танил талд тулгуурлаж байгаа мэт санагддаг байв. Тиймээс ч өөрөө онол, стандартад суурилсан, үлгэр жишээ болохуйц бизнес эхлүүлж үзэх юм сан гэж боддог байсан юм. 

Тэгээд 2016 онд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Олон улсын худалдаа, бизнесийн чиглэлээр магистрт суралцах хугацаандаа төслийн менежментийн чиглэлээр бэлтгэлээ үргэлжлүүлж, 2018 онд олон улсын мэргэжлийн зэрэг авсан юм. Магистраа төгсөөд Монгол руу буцахаасаа зургаан сарын өмнө LinkedIn дээр төслийн менежментээр ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, сонирхож буй компанидаа зургаан сарын хугацаанд цалингүйгээр судалгаа хийж, тухайн компанийн болон өрсөлдөгчдийнх нь үйл ажиллагааг судлан, өөрт дутагдаж буй ур чадвараа нөхөж бэлдэх саналтай байгаагаа нийтэлсэн. 

Тэр үед би 60 гаруй компаниас ажлын санал хүлээн авч, нэг банкны шинээр байгуулагдсан  төлөвлөлтийн нэгжид анхны арван ажилтны нэгээр орж байлаа. Жил орчмын дараа, КОВИД-19 цар тахлын өмнөхөн хувийн шалтгаанаар ажлаасаа гарч, дөнгөж эхэлж буй жижиг бизнест нэгдсэн юм. Бид костюм, хослол үйлдвэрлэх оёдлын цех байгуулсан. Англиас материал оруулж ирэн, оёдолчдоо сургаж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн ч цар тахлын үеийн санхүүгийн хямралыг давж чадалгүй, бид бизнесээ зогсооход хүрсэн. 

Олон улсын стандартын дагуу, нэг ч алдаагүй хийсэн учраас л биднийг тоож уулзсан байх…

297.jpg

- Шинэ бизнес эхлүүлэхэд хамгийн түрүүнд сайн санаа хэрэгтэй байдаг. Таны хувьд энэ бүх шинэ санааг олох үйл явц хэрхэн өрнөсөн бэ?

- Одоогийн бизнесийнхээ санааг олохын тулд нэлээн олон зүйл туршиж, алдаж оносон. Эцэст нь хамгийн ойрын жишээнээсээ л энэ санааг бүтээсэн дээ. Манай эхнэр YouTube-ээр гоо сайхан, арьс арчилгааны талаар их бичлэг үздэг юм. Ямар бүтээгдэхүүн ямар үр дүнтэй байдаг, өөрийнх нь арьсанд юу тохирох вэ гээд л судална. Гэхдээ тэдгээр мэдээллийн аль нь үнэн, аль нь худал болохыг ялгахад амаргүй. Тэгээд би гар утасны камер ийм сайн хөгжиж байгаа үед хүн бүр заавал эмнэлэгт очихгүйгээр арьсныхаа асуудлыг тодорхой хэмжээнд үнэлүүлж, өөрт тохирох бүтээгдэхүүний талаар зөвлөгөө авч болдог байвал ямар вэ гэж бодсон. Ингээд чанартай орц найрлагатай бүтээгдэхүүн санал болгодог, хэрэглэгчид нь туршлага, сэтгэгдлээ хуваалцдаг платформ хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн юм. Энэ төсөл маань чамгүй амжилттай явж, нийслэлийн шилдэг стартап төслүүдийн нэгээр шалгарч байлаа. Гэхдээ хөгжүүлэлтийнхээ төгсгөлд бид нэг чухал зүйлийг орхигдуулснаа ойлгосон. Хүний эрүүл мэнд, хооллолт, бие махбодын дотоод үйл ажиллагаа ч арьсны байдалд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, бид хэрэглэгчдэд бүтээгдэхүүн сонгох, худалдан авах үйл явцыг нь хялбарчилж өгч байсан ч анх тавьсан зорилго болох арьсны асуудлыг нь бодитоор шийдвэрлэх боломжгүй бизнес загвар хөгжүүлж байгаагаа ойлгосон. 

Нөгөө талаас, хэрэглэгчдэд тохирохгүй бүтээгдэхүүн санал болгоод, хэрэглэсний дараа харшил зэрэг сөрөг нөлөө илэрвэл тэд дахин манай платформд итгэж, бүтээгдэхүүн худалдан авахгүй шүү дээ. Ингээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад бидний эрүүл мэндийг дотроос нь дэмжих, амин дэм, нэмэлт тэжээлийн чиглэлээр бизнес хийх санаа төрсөн. Хүн дасгал хөдөлгөөн хийж, эрүүл амьдралын хэв маяг баримтлахын зэрэгцээ өөрийн хэрэгцээ, насны онцлогт тохирсон шим тэжээл авах нь чухал. Тэгээд л дэлхийн нэр хүндтэй брэндүүдийг судалж, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй хүргэх боломж хайсан. Судалгааны явцад Сингапурын LAC брэндтэй танилцсан. Тус брэнд нь V3 Group-т харьяалагддаг бөгөөд Bacha Coffee, TWG Tea зэрэг дээд зэрэглэлийн, чанартай брэндүүдтэй нэг группэд багтдаг. Би энэхүү брэндийн эрүүл мэнд, нэмэлт тэжээлийн бизнесийг Монголд оруулж ирэх зорилгоор шууд холбогдох гэж оролдсон ч эхэндээ огт хариу авч чадаагүй. Гэхдээ зорилгоосоо буцахыг хүсээгүй учир янз бүрийн сувгаар холбогдох арга хайгаад л байлаа. Малайз, Сингапурт очиж, танилын танилаар дамжуулан холбоо тогтоохыг хичээж, бүр Хавайн их сургуулийн нэгэн профессороос ч тусламж хүсэж байлаа. Ингэж олон хүний тусламжтайгаар холбоо тогтоож чадсаны эцэст гэрээний нөхцөлөө тохиролцож, LAC брэндийг Монголд оруулж ирэх боломж бүрдсэн дээ. 

- Бизнесийн замнал тань алдаа оноогоор дүүрэн байжээ. Монголд олон гарааны бизнес эхлээд удалгүй үйл ажиллагаагаа зогсоох нь бий. Таны хувьд өмнөх туршлагаасаа юуг ойлгож, энэ удаад юуг өөрөөр хийсэн бэ?

33.jpg

- Миний бодлоор аливаа гарааны бизнесийг эхлүүлэх, цааш хөгжүүлэхэд ментор маш чухал үүрэгтэй юм шиг санагддаг. Бизнес эрхлэгч хүн өөрийн санаа, зорилгодоо хэт автаад анзааралгүй өнгөрөөж байгаа зүйлсийг хөндлөнгийн хүн харсан байдаг. Мэдээж ментор бүх асуудлыг шийдэж өгөхгүй. Эцсийн шийдвэрээ өөрөө гаргаж, үр дагаврыг нь ч өөрөө хариуцна. Гэхдээ туршлагатай хүнээс зөвлөгөө авч, асуудлыг өөр өнцгөөс харж сурах нь бизнесээ зөв чиглэлд хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг болдог. Миний хувьд бизнесийнхээ суурийг тавьж, хөгжүүлэхээр ажиллаж байсан үедээ YPG-ийн менторшип хөтөлбөрт хамрагдсан нь маш их тус болсон. Бизнесээ босгох чухал үедээ туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авч байсандаа одоо ч баярладаг. Түүнээс хойш ч хөтөлбөрийн бусад ментортой холбоотой байж, шаардлагатай үед зөвлөгөө авсаар ирсэн дээ.

Миний ментор В.Ганзориг гэж хүн бий. Бид нэлээд сонирхолтой, хөгжилтэй байдлаар уулздаг байсан. Тухайн үед “Трио” МУСК нээлтээ хийж, Ганзориг ах тус киноны продюсероор ажилласан юм. Тиймээс хамтдаа киногоо үзэж, дараа нь Ганданд ч уулзаж байлаа. Зөвхөн албан ёсоор уулзаж, бизнесийн талаар ярилцахаас илүү өөр орчинд уулзан, чөлөөтэй ярилцдаг байсан нь надад сайхан дурсамж болон үлдсэн байна. Гэхдээ менторын хамгийн чухал үүрэг нь зүгээр л урам өгөх биш гэж боддог. Ялангуяа гарааны бизнес эрхэлж байгаа хүнд өөрийнх нь анзаарахгүй байгаа алдааг шууд хэлж, заримдаа сонсоход хэцүү байсан ч үнэнийг нь ойлгуулах хүн хэрэгтэй. 

В.Ганзориг ментортой бизнесийнхээ талаар ярилцаж суухад “Ингэж болохгүй шүү дээ” гээд алдааг минь шууд хэлдэг байлаа. Би ч хэд хэдэн удаа өөрийнхөө үнэнийг нүүрэн дээрээ хэлүүлж, өөрөө өөртэйгөө эргэж тулахаас өөр аргагүйд хүрж байлаа. Одоо ч гэсэн бизнесийнхээ талаар чухал шийдвэр гаргахын өмнө эргэлзэх, эсвэл буруу алхам хийх гэж байгаа юм шиг санагдах үедээ Ганзориг ахтай холбогддог. “Тантай уулзаж ярилцмаар байна, зөвлөгөө авмаар байна” гээд онлайнаар ч хамаагүй уулзалт товлодог. Хөтөлбөр дууссан ч бидний харилцаа үргэлжилж, шаардлагатай үедээ зөвлөгөө авч чаддаг нь энэ хөтөлбөрийн хамгийн чухал үр дүн гэж боддог.

Залуу бизнес эрхлэгчдэд зориулсан “Боломжийг бүтээгчид” арга хэмжээ 2026 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. LendMN болон YPG (Залуу мэргэжилтнүүдийн групп) хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээ нь бизнес эрхлэгч залууст мэдлэг, туршлагаа солилцох, шинэ боломж нээх, цаашдын хамтын ажиллагааны эхлэл тавихад чиглэх юм.

Оролцогчдын тоо хязгаартай тул та энд дарж бүртгүүлнэ үү.

Ажилтнуудаа ажилдаа дуртай, хамт олонтойгоо холбоотой байлгах үүднээс дижитал тоглоом нэвтрүүлсэн

1.jpg

- Байгууллагын өөрийн гэсэн соёлыг бүрдүүлэх, ажилтнуудаа сэтгэл хангалуун, урам зоригтой ажиллуулах асуудал бизнес эрхлэгчдийн хувьд чухал сэдэв болоод байна. Залуу бизнес эрхлэгчийн хувьд та ажилтнууддаа эерэг, бүтээлч ажлын орчин бүрдүүлэхийн тулд ямар арга барилаар ажилладаг вэ?

- Бид аливаа зүйлийг хийхдээ хүн биш, асуудлыг нь ярьж сурах ёстой юм шиг санагддаг. Хэн нэгэн ажлаа хийхгүй байна гэх биш аль процесс, систем, ажлын хэсэг нь асуудалтай байгааг илрүүлж үүнийг технологи болон бусад боломжид тулгуурлан дахин загварчилж, сайжруулах нь маш чухал. Нэг хүн ажилд орж ирээд удалгүй гарах тохиолдол ч бий. Сайн ажилтан олж авах нэг асуудал бол түүнийг зөв сургаж, бэлтгэх бас нэг том сорилт юм. Бид ажилтнуудаа сайн сургахгүй бол эцсийн дүндээ хэрэглэгч хохирно шүү дээ. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцаж байгаад технологи ашиглахаар шийдсэн. Бид өөрсдөө сургалтын танилцуулга, материалуудаа бэлтгэж, LMS буюу сургалтын удирдлагын систем хөгжүүлсэн юм. Ингэснээр шинэ ажилтан орж ирэх бүрд өөр хүн биечлэн сургах шаардлага багассан. Өөрөөр хэлбэл, ажилтан маань системээр дамжуулан хичээлээ бие даан үзэж, шалгалтаа өгч, анхан шатны мэдлэгээс шаардлагатай ур чадвар хүртлээ шат дараатай суралцах боломжтой гэсэн үг. 

Мөн ажилтнуудаа ажилдаа дуртай, хамт олонтойгоо холбоотой байлгах үүднээс “Charlie Walker”-тай ижил дижитал тоглоом нэвтрүүлсэн. Жишээлбэл, сургалтаа үзэх, хэрэглэгчидтэйгээ мэндлэх, дэлгүүрээ цэвэр цэмцгэр байлгах зэрэг үйлдэл бүрд оноо авдаг. Цуглуулсан оноогоороо кофе уух эрх, бэлэг, цалинтай чөлөө зэрэг урамшуулал авах боломжтой. 

Манай байгууллага хорь гаруй ажилтантай, таван дэлгүүртэй. Дэлгүүр бүрд нэг ажилтан ажилладаг учраас зарим ажилтантайгаа нэг, хоёр сар уулзахгүй байх тохиолдол ч бий. Ийм нөхцөлд ажилтнууд маань хамт олноосоо тасарч, ганцаардмал мэдрэмжтэй ажиллах вий гэж эмээсэн юм. Тиймээс энэ тоглоомыг зөвхөн урамшууллын хэрэгсэл болгохоос гадна ажилтнууд хоорондоо холбогдож, нэг хамт олон гэдгээ мэдрэх боломж болгон хөгжүүлсэн. Системийг нэвтрүүлээд хэдхэн сарын дотор ажилтнуудын хандлага, хоорондын харилцаанд эерэг өөрчлөлтүүд ажиглагдсан. Ер нь ажиллах орчин сонирхолтой байх тусам ажилтнуудын урам зориг, ажилдаа хандах хандлага эерэг болдог юм билээ. 

Бизнес бол хобби биш, хүний амьдрал, амьжиргаатай холбоотой зүйл

22.jpg

- Ажилтнуудынхаа сэтгэл ханамжтай ажиллах орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ тэднийг зөв удирдаж, нэг зорилгын төлөө чиглүүлэх нь удирдагчийн чухал үүрэг байх. Та ямар удирдагч байхыг хүсдэг вэ. Цаашлаад компаниа урт хугацаанд тогтвортой хөгжүүлж, ямар түвшинд хүргэхийг зорьж байна вэ?

- Хүмүүс бизнес хийнэ гэхээр кофе шоп эсвэл цэцгийн дэлгүүр нээх тухай их ярьдаг. Яагаад ийм санаа олон хүнд давтагдаад байдгийг би сайн ойлгодоггүй. Гэхдээ үнэндээ бизнес эхлүүлэх нь маш их эрсдэлтэй. Бизнес бол хобби биш, хүний амьдрал, амьжиргаатай холбоотой зүйл. Ажилтнууддаа цалин тавьж эхлэхээр бизнесийн хариуцлага гэдэг зүйл бүр ч тодорхой мэдрэгддэг. Тэр хүмүүсийн зээлийн төлбөр, хүүхдийнх нь хоол хүнс, гэр бүлийнх нь зардал гээд олон зүйл таны гаргаж байгаа шийдвэрээс хамаарч байдаг. Хэн нэгний цалинг тавьж чадахгүй бол яана, гэж бодохоор маш хүнд санагддаг юм билээ. Нөгөө талаар, удирдах албан тушаалд ажиллахад тодорхой хэмжээнд ганцаардмал мэдрэмж төрдөг. Заримдаа хүмүүс надтай чин сэтгэлээсээ харилцахгүй байгаа юм шиг санагдана. Удирдлагын түвшинд хүрэхээр хүмүүс санал зөрөлдөх, шүүмжлэл хэлэхээс зайлсхийх тохиолдол байдаг. Гэтэл байгууллага зөв ажиллахын тулд хүмүүс санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, асуудлыг нээлттэй ярилцдаг байх нь маш чухал.

Миний бодлоор аливаа бизнес өөрийгөө тэтгэж, цаашлаад өөрөөсөө шинэ бизнес, шинэ боломж төрүүлж, өөрийгөө идэж байх ёстой. Ингэж байж л урт хугацаанд өсөж, дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэнэ. Ерөнхийдөө компанийг тодорхой зарчмаар ажилладаг, өөрөө өөрийгөө авч явж чаддаг механизм болгох хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт би урт хугацааны чөлөө аваад бизнесээсээ холдлоо гэхэд намайг байнга оролцохгүй байсан ч компани хэвийн, эрүүл харилцаатайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг байх ёстой. Систем нь өөрөө зөв харилцаа, зөв дадлыг бий болгож, тэдгээрийг урамшуулдаг байвал зохино. Мөн бүтээмжийг байнга анхаарч, ажлаа хэрхэн илүү үр дүнтэй гүйцэтгэх боломжтойг эрэлхийлдэг. Жишээлбэл, Сингапур дахь толгой компани руугаа илгээдэг тайланг би өмнө нь зургаан цаг орчим сууж бэлтгэдэг байсан. Харин тайлагналын үйл явцыг автоматжуулсны дараа энэ ажилд гараар цаг зарцуулах шаардлагагүй болсон. Энэ бол бүтээмжийг нэмэгдүүлэх нэг жишээ. Бизнесийн амжилтыг зөвхөн хэдэн төгрөгийн орлого олж байгаагаар хэмжих нь хангалтгүй. Бид ажлаа хэр үр бүтээмжтэй хийж байна, ижил үр дүнд хүрэхийн тулд зарцуулж буй цаг хугацаа, нөөцөө хэрхэн багасгаж болох вэ гэдгийг ч хэмжих хэрэгтэй. 

- Ярилцлагын төгсгөлд та бизнес эхлүүлэхээр зорьж буй залууст өөрийн алдаа, туршлагаасаа юуг хамгийн түрүүнд хэлж зөвлөх вэ?

- Бүтэлгүйтлээ гээд яах вэ дээ, дахиад л босоод ирнэ шүү дээ. Надад буддын шашны философи, амьдралыг харах үзэл илүү таалагддаг. Хүн амьдарч л байгаа бол зовлон бэрхшээл зайлшгүй тохиолдоно. Тэгэхээр тэр бүхнийг хүлээн зөвшөөрч, хэрхэн даван туулах вэ, гэдгээ ухамсартайгаар шийдэх нь л чухал. Марк Аврелийн “Бясалгал” номыг хүмүүс уншаасай гэж хүсэж байна. Би өөрөө ч байнга эргүүлж уншдаг, бараг л ширээний ном минь болсон. 

Залуу бизнес эрхлэгчдэд өөрийн гэсэн ментортой болохыг зөвлөх байна. Өөрийнхөө анзаараагүй өнгөрөөж буй алдаа, сул талаа олж харахад чинь тусалж, заримдаа сонсоход хэцүү ч хэрэгтэй үнэнийг хэлж өгдөг хүнтэй байна гэдэг маш үнэ цэнтэй зүйл юм шүү. 

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Урнаа
Б.Урнаа
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.