Аравдугаар сар бол хөхний хорт хавдрын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний ач холбогдлыг таниулах сар юм. Хөхний хорт хавдартай нүүр тулсан хүн бүрийн түүх өөр. Харин тэднийг нэгтгэдэг зүйл нь амьдралынх нь нэг хэсэг гэнэт тодорхойгүй болж, өмнө нь энгийн санагддаг байсан өдөр тутмын зүйлс хүртэл өөр утгатай болох явдал юм. Хөхний хорт хавдрын тухай бид ихэвчлэн урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, эмчилгээний талаар л ярьдаг. Гэвч статистикийн цаана өөр өөр амьдрал, хүлээлт, айдас, итгэл найдвар бий. Энэхүү нийтлэлээрээ бид хөхний хорт хавдар гэж юу болох, түгээмэл тохиолддог ташаа ойлголтуудыг залруулах, ямар шинж тэмдгийг анхаарах, эрсдэлийг бууруулах болон сэжигтэй өөрчлөлт илэрсэн үед ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл хүргэж байна.
Тоон үзүүлэлтийн цаана олон өөр түүх бий
Хөхний хорт хавдар гэдэг нь хөхний эд дэх эсүүд хэвийн бус өөрчлөгдөн, хяналтгүй өсөж үржиж хавдар үүсгэдэг өвчин юм. Эдгээр эс цааш тархаж, ойр орчмын эд болон биеийн бусад эрхтнийг гэмтээх боломжтой. Хөхний хорт хавдар ихэвчлэн сүүний сувгийн эсвэл сүү үүсгэдэг булчирхайн эдээс эхэлдэг байна. Энэ өвчин зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог гэх түгээмэл ойлголт бий. Гэвч эрэгтэйчүүдэд ч мөн тохиолддог байна. Хөхний хорт хавдрын нийт тохиолдлын ойролцоогоор 0.5-1 хувийг эрэгтэйчүүдийн хөхний хорт хавдар эзэлдэг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээллээр, 2024 онд дэлхий даяар 2.4 сая эмэгтэй хөхний хорт хавдартай гэж оношлогдож, 694 мянган хүн уг өвчний улмаас нас баржээ. Хөхний хорт хавдар тухайн жил дэлхийн 186 улсын 164 оронд эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл оношлогдсон хорт хавдар байв.

Монгол Улсад ч хөхний хорт хавдар эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог хорт хавдрын нэг юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрүүл мэндийн үзүүлэлт 2024 тайланд дурдсанаар, 2024 онд 100 мянган эмэгтэй тутамд 23 хөхний хорт хавдрын тохиолдол ногджээ. Тус онд бүртгэгдсэн хөхний хорт хавдрын 65.8 хувь 0-II үе шатандаа, үлдсэн хэсэг III-IV үе шатандаа оношлогдсон байна.
ДЭМБ 2021 онд хөхний хорт хавдрын нас баралтыг 2040 он гэхэд жил бүр 2.5 хувиар бууруулах зорилготой “Global Breast Cancer Initiative” санаачилгыг эхлүүлсэн. Уг санаачилга эрт илрүүлэг, цаг алдалгүй оношилгоо, цогц эмчилгээг харилцан уялдаатай хөгжүүлэхэд чиглэж байна. Учир нь өвчнийг эрт илрүүлсэн ч оношилгоо удаашрах, шаардлагатай эмчилгээнд хүрэхэд хүндрэл гарах тохиолдолд эрт илрүүлгийн боломж бүрэн хэрэгжихгүй. Иймээс хөхний хорт хавдрын тухай мэдээлэл түгээхдээ зөвхөн шинж тэмдгийг танилцуулах бус, хаана хандах, ямар тусламж авах боломжтойг ойлгомжтой хүргэх нь чухал аж. Монголын хувьд эрт илрүүлгийн хамрагдалт, онош баталгаажуулах хугацаа, өвчний үе шат, эмчилгээнд хамрагдсан байдлын мэдээллийг хамтад нь авч үзэх нь нөхцөл байдлыг илүү бодитой ойлгоход туслах юм.
Хөхөндөө зангилаа үүссэнийг анзаарсан Дианагийн түүх
Узбекистаны Ташкент хотод амьдардаг Диана Бакман инстаграм хуудсаа хөхний хорт хавдартай тэмцэж буй өөрийн түүхээ хуваалцах талбар болно гэж өмнө нь огт төсөөлөөгүй байв. Өмнө нь аялал, загварын тухай зураг нийтэлдэг байсан тэрбээр өдгөө 32 настай, хоёр хүүхдийн ээж бөгөөд хөхний хорт хавдрын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Түүний хувьд 2024 онд оношлогдсон бөгөөд өвчинтэй тэмцэх нь зөвхөн бие махбодын төдийгүй сэтгэл санааны сорилт болжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өгсөн ярилцлагадаа, “Хөхөндөө зангилаа байгааг анзаарсан юм. Тэгээд эмчид үзүүлэх хэрэгтэй гэж бодсон” хэмээн Диана ярьжээ. Гэвч эхэндээ аюултай шинж тэмдэг гэж үзээгүй тул хэд хоног ажлаа үргэлжлүүлсний дараа Ташкент хотын хавдрын эмнэлэгт хандсан байна. Шинжилгээ, эмчийн үзлэгийн дараа хөхний хорт хавдартай, өвчин хоёрдугаар үе шатандаа хүрснийг мэджээ. Хавдрын зангилааны тоо нэмэгдсэн тул эмчилгээг яаралтай эхлүүлэх шаардлагатай болсон байна.
Хими эмчилгээ Дианагийн хавдрын хэмжээг багасгахад тусалсан ч элэгний үйл ажиллагаанд нь ноцтой нөлөөлөх зэрэг хүнд гаж нөлөө үзүүлжээ. Гэсэн ч тэрбээр өөрийн туршлагыг бусадтай хуваалцахаа зогсоосонгүй. “Яагаад гэдгийг нь сайн мэдэхгүй ч оношоо сонссоноос хойш би илүү идэвхтэй болсон. Амьдралыг минь эрс өөрчилсөн, өвчинтэйгөө дасан зохицоход тусалсан олон шинэ зүйл хийж эхэлсэн” гэж тэр ярьсан байна. Диана хорт хавдартай тэмцэх нь зөвхөн бие махбодын асуудал биш, сэтгэл санаатай ч салшгүй холбоотойг онцолжээ. Түүний хоёр хүүхэд амьдралаа үргэлжлүүлэх урам зориг, сэтгэлийн хүч өгдөг аж. “Бага хүүхэд маань сургуульд орох гэж байна. Би хорт хавдарт эдгээр нандин мөчийг надаас булаахыг зөвшөөрч болохгүй” хэмээсэн юм. Гэвч өвчний онош зөвхөн Дианад төдийгүй гэр бүлийнхэнд нь ч хүндээр туссан байна. Тэд хамтдаа сэтгэл санааны дарамтыг даван туулах арга зам хайж, өвчтөн болон гэр бүлийнхэнд нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийн чухлыг ойлгожээ. Тиймээс Диана хими эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ сэтгэл судлалын чиглэлээр суралцаж эхэлжээ. Тэрбээр хөхний хорт хавдартай гэж оношлогдсон бусад эмэгтэйчүүдэд айдас, бэрхшээлийнхээ талаар нээлттэй ярилцаж, хүнд үеэ даван туулах хүч, итгэл найдвар олоход нь туслахыг хүсдэг аж. Өвчинтэй тэмцэж эхэлсэн үеэсээ Диана инстаграм хуудсаараа дамжуулан өөрийн түүхийг хуваалцаж, хөхний хорт хавдрын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарах болжээ. Мөн хөхөндөө хэвийн бус өөрчлөлт анзаарсан хүмүүсийг эмчид хандахыг уриалдаг байна. Тэрбээр эдгээр үйлдлээрээ хорт хавдрыг зөвхөн ахимаг насныханд тохиолддог өвчин гэх буруу ойлголтыг өөрчлөхийг зорьдог аж. Өөрийн түүхээрээ дамжуулан өвчний талаар нээлттэй ярилцах нь айдас, ташаа ойлголтыг багасгаж, бусдыг эрт оношилгоо, эмчилгээнд хамрагдахад түлхэц болно гэж үзжээ.
Дианагийн бусдад хүргэхийг хүссэн дөрвөн санаа
“Хорт хавдар нас, цаг хугацаа, газар орныг ялгадаггүй” гэж Диана дагагчдадаа байнга сануулдаг аж. Өөрийн туулсан хүнд замналаа бусадтай хуваалцахдаа тэрбээр дараах зүйлсийг онцолж байв.
- Өөрчлөлтийг эрт анзаарч, эмчид цаг алдалгүй хандах: Диана эмэгтэйчүүдэд хөхөндөө өөрчлөлт байгаа эсэхийг анзаарч, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл хүлээлгүй эмчид үзүүлэхийг зөвлөдөг байна. Учир нь өөрийгөө ажиглах нь эмчийн үзлэг, шаардлагатай оношилгоог орлохгүй юм.
- Оношилгооноос эмчилгээ хүртэлх зам ойлгомжтой, хүртээмжтэй байх: Хөхний хорт хавдрыг эрт илрүүлсэн тохиолдолд эмчилгээ үр дүнтэй байх боломж өндөр аж. Харин Диана өөрт тохирох эмчилгээг олохын тулд улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудын хооронд явж, цаг хугацаа их зарцуулжээ. Тиймээс өвчтөн бүр шаардлагатай тусламж үйлчилгээнд саадгүй хүрэх тогтолцоо хэрэгтэйг тэр онцолж байна.
- Хорт хавдрын талаар нээлттэй ярилцах: Өвчний талаар мэдээлэл түгээж, туршлагаа хуваалцах нь бусдыг эрт оношилгоо, эмчилгээнд хандахад дэмжлэг болж, хавдартай холбоотой айдас, гутаан доромжлолыг бууруулахад тусална.
- Өвчтөн болон гэр бүлийнхэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх: Хорт хавдартай нүүр тулсан хүн бүр энэ замыг ганцаараа туулах ёсгүй. Гэр бүл, ойр дотнын хүмүүсийн дэмжлэг нь эмчилгээний явцад төдийгүй дараа нь ч чухал байдаг аж.
Хөхөндөө өөрчлөлт анзаарвал хаана хандах вэ?

Хөхөнд шинээр зангилаа үүсэх, хэлбэр хэмжээ өөрчлөгдөх, арьс хонхойх, хөхний толгой өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрөө онош тавих эсвэл удаан хүлээхийн оронд эмчид хандах нь чухал алхам юм. Өвдөлтгүй байсан ч үзлэг хийлгэх шаардлагатай байж болно.
Тиймээс эхний алхам бол харьяа эрүүл мэндийн байгууллагад хандах. Өөрчлөлт гарвал нэн түрүүнд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв эсвэл дүүргийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай. Сэжигтэй тохиолдолд хавдрын эмч болон нарийн мэргэжлийн оношилгоонд шилжүүлдэг байна. Иймд эхлээд харьяа байгууллагаасаа ямар үзлэг, шинжилгээ авах боломжтойг тодруулах нь зүйтэй юм. Эмчийн үзлэгийн дараа шаардлагатай гэж үзвэл хөхний хэт авиан шинжилгээ, маммографи зэрэг дүрс оношилгоо хийж болно. Бүх хүнд ижил шинжилгээ хийдэггүй бөгөөд ямар шинжилгээ тохирохыг эмч тухайн хүний нас, шинж тэмдэг, эрсдэл болон үзлэгийн үр дүнд үндэслэн шийддэг аж.
Харин хорт хавдар байх магадлалтай гэж үзвэл эсвэл нэмэлт нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай бол Хавдар судлалын үндэсний төвд (ХСҮТ) хандаж болно. Тус төвийн мэдээллээр, анх удаа үйлчлүүлэх хүн бүртгэлээ өөрийн биеэр хийлгэх шаардлагатай бөгөөд цаг авах, бүртгэлийн нөхцөлийг урьдчилан лавлах боломжтой 7272-4000 дугаарыг бүртгэлийн утсаар дурдсан байна.
Эмнэлэгт очих шийдвэр гаргасны дараа ч оношилгоо, эмчилгээний зам үргэлжилнэ
Хүн бүрийн туулж буй зам өөр. Зарим хүний хувьд эмнэлэгт анх хандсан өдөр нь хамгийн хэцүү мөч байж болох бол өөр нэгний хувьд оношоо гэр бүлийнхэндээ хэлэх, эмчилгээний дараа өдөр тутмын амьдралдаа эргэн дасах нь илүү том сорилт байж болох юм. Зарим хүн ойр дотнын хүмүүсийнхээ дэмжлэгийг авдаг бол заримд нь юу мэдэрч байгаагаа бусдад тайлбарлахад ч амаргүй байдаг. Өвчтөний ойр дотны хүмүүсийн хувьд заримдаа зөвлөгөө өгөхөөс илүү сонсох, хүсээгүй асуулт тавихгүй байх, хэрэгтэй үед нь хамт эмнэлэг явах санал тавих нь илүү бодит дэмжлэг болж болно шүү дээ.
Аравдугаар сард хөхний хорт хавдрын тухай мэдээлэл түгээхдээ зөвхөн өвчний шинж тэмдэг, тоон үзүүлэлтийг яриад зогсохгүй, өвчинтэй нүүр тулсан хүмүүсийн бодит туршлагыг ч сонсох нь чухал. Тэдний түүхийг сонсох нь өвчнийг зөвхөн статистик, оношны нэрээр харахгүй байхад туслах юм.