Монголын оюутны лигийн 2026-2027 оны улирлын нээлт аравдугаар сарын 24-нд Steppe Arena-д боллоо. Энэ улиралд 26 их, дээд сургуулийн 45 багийн 650 гаруй оюутан тамирчин оролцож байна.
Энэ улирал лигт оролцож буй бүх багийн тамирчдад тоглолтын хоёр ээлжийн хувцас, баг тус бүрийн дасгалжуулагч болон арын албаны ажилтнуудад хоёр ширхэг поло цамцыг үнэ төлбөргүй олгожээ.
Шинэ улирал, шинэ өмсгөл

Өмнөх улирлуудад зарим сургуулийн баг санхүүгийн боломж хязгаарлагдмал байснаас ганц ээлжийн тоглолтын хувцастай оролцох, нэг хувцсаа хэд хэдэн улирал дараалан ашиглах тохиолдол гардаг байжээ. Мөн сургуулиудын санхүүгийн чадавх харилцан адилгүйгээс шалтгаалан багуудын хувцас хэрэгслийн хангамж ялгаатай байсан байна.
Иймд сургуулиудын санхүүгийн ачааллыг бууруулж, багуудын хувцас хэрэгслийн хангамжийг жигдрүүлэх зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны (МОСБХ) ерөнхийлөгчийн санаачилгаар уг ажлыг хэрэгжүүлжээ.
Тодруулбал, тус холбоо TG SPORT брэндийн “Тод Гялалз” ХХК-тай хамтран 45 багийн тамирчид болон арын албаны ажилтнуудад зориулсан хувцас хэрэгслийг 10 хоногийн дотор бэлтгэж, улирлын нээлтээс өмнө хүлээлгэн өгсөн байна.

МОСБХ-ны мэдээлснээр, энэхүү санаачилга нь сургуулиудын санхүүгийн ачааллыг бууруулахын зэрэгцээ оюутны спортын хүртээмжийг нэмэгдүүлэх, тамирчдын тоглох орчин нөхцөлийг сайжруулах, лигийн зохион байгуулалтын стандартыг ахиулах зорилготой аж.
Ийнхүү 2026-2027 оны улиралд оролцож буй 45 багийн тамирчид сургуулийнхаа санхүүгийн боломжоос үл хамааран тоглолтын хоёр ээлжийн хувцсаар хангагдан, шинэ улирлын тэмцээнээ эхлүүлж байна.
