Монгол Улсын Их Сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр, БНХАУ-ын Цинхуа их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр Шварцманы тэтгэлгээр суралцсан, яг одоо Их Британийн Оксфордын их сургуульд Чевнингийн тэтгэлгээр хоёр дахь магистрын зэргээ хамгаалах гэж буй Э.Хишигжаргалтай ярилцлаа. Гадаадын тэтгэлэгт хэрхэн бэлдэх тухай чухал зөвлөмж, хувь хүний хөгжлийн үнэ цэнтэй агуулгыг багтаасан ярилцлагыг хүлээн авна уу.
- Хишгээг олон тэтгэлгээр гадаадад суралцаж, сургалтад хамрагдаж байсныг нь мэднэ. Багаасаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байв уу, өөрийгөө манай уншигчдад товч танилцуулбал?
- Би 10-р ангиасаа нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг Ротаракт олон улсын сайн дурын байгууллагад гишүүнээр ажилласан. Тэр үед нийгмийн олон асуудлыг хараад “энэ хүмүүст яаж тусалж болох вэ?” гэж боддог байлаа. Тэгээд МУИС-ийн нийгмийн ажилтны ангийг сонгон суралцаж байсан юм. Харин удалгүй сэтгүүлчийн мэргэжил хөрвөх чадвартай санагдаад олон улсын сэтгүүлч гэдэг мэргэжлийг сонгон сургууль дотроо шилжиж байв. Магистраа Шварцманы нэрэмжит тэтгэлгээр Цинхуа их сургуульд хамгаалсан. Шварцманы магистрын хөтөлбөр нь 21-р зууны манлайлагчдыг бүтээнэ гэсэн зорилготой. Манлайллын ур чадвар өндөр оюутнуудыг сонгон шалгаруулж авдаг. Тэгэхэд Харвард, Иель, Оксфорд зэрэг томоохон сургууль төгссөн оюутнуудтай зэрэгцэн суралцаж, тэдний аливаад хандаж байгаа хандлага, хичээлдээ оролцож байгаа байдалтай өөрийгөө харьцуулсан. Ингээд дахиад өөрийгөө хөгжүүлье, шүүмжлэлт сэтгэлгээ, харах өнцгөө өөрчилье гэж шийдээд Оксфордын их сургуульд шалгуулж, тэнцсэн. Тэнд ч мөн олон орны оюутан, эрдэмтэн багш нараас үнэ цэнтэй олон хичээлийг сурлаа. Хичээлийнхээ хажуугаар манлайллын сургалтуудад хамрагдаж, ёс зүйн философийн семинаруудад оролцдог байсан. Оксфордод олон улсын харилцааны чиглэлээр суралцаад эх орондоо саяхан ирлээ.
- Олон жил сурсан ч ажилласан туршлага нь түүнээс дутахгүй зузаан байх. Хаана, хаана ажилласан бэ?

- Сурагч байхаасаа сайн дурын ажил идэвхтэй хийж байгаад НҮБ-ын үндэсний болон олон улсын залуучуудын хэмжээний зөвлөлүүдэд нэгдсэн. Мөн хувийн хэвшил, төрийн болон олон улсын байгууллагуудад ажиллаж үзсэн. Нэг нь бол НҮБ-ын Хүүхдийн санд залуучуудын оролцооны чиглэлээр ажиллаж байгаад гадаад явсан юм. Нөгөө нь Монгол Улс дахь НҮБ-ын нийгэмлэг гэж төрийн бус байгууллага бий. Энэ байгууллагаа ажиллуулаад залуус, эмэгтэйчүүдийн оролцооны талаарх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үндэсний болон бүс нутгийн хэмжээний цар хүрээтэй төслүүд бий. Нэгдүгээр дамжааны оюутан байхдаа Австрали, АНУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид 7 хоногийн 20 цагаар ажиллаж, сургалтын төлбөрөө төлдөг байлаа. Дараа нь Ерөнхийлөгчийн тэтгэлэг, Голомт банкны тэтгэлэг зэргийг авч төлбөрөө төлсөн. Ингээд олон улсын төслүүд дээр ажилласан. Боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуусын оролцооны олон гоё төсөлд ажиллаж байгаад сурахаар явсан. Ерөнхийдөө 2014 оноос эхлээд НҮБ-тай холбогдож, тэдний үйл ажиллагаануудад идэвхтэй ажилласаар ажил мэргэжлээ болгон үргэлжлүүлжээ.
- Бага залуу үедээ нийгмээ манлайлъя, түүчээлье гэж бодох нь харьцангуй бага шүү дээ. Гэтэл таны хувьд сурагч байхаасаа нийгмээ өөрчилье, бусдад нөлөөлье гэж “том” шийдвэр гаргасан нь онцгой сонсогдож байна. Тийм сэдэл хаанаас, хэзээ төрөв?

- Манай гэр бүлийн хүмүүжил нөлөөлсөн. Бид гэртээ байсан ч ямар нэг юм хийгээд сууж байдаг төрлийн хүмүүс л дээ. Би 9-р ангидаа гэртээ ном уншиж байгаад “би уйдаад байна аа” гээд хэлсэн чинь ээж хажуугаар явж өнгөрөхдөө, “би амьдралынхаа нэг ч хоромд уйдаж үзээгүй” гэсэн байхгүй юу. Яах вэ, хүн бас уйдаж байж бүтээлч шинэ санаа гарах нь илүү гэж үздэг л дээ. Гэхдээ ээжийн санаа нь бол хүн өөрийнхөө амьдралыг идэвхтэй байлгах нь өөрийнх нь хариуцлага гэж хэлж байгаа юм л даа. Энэ үг их нөлөөлсөн. Тэгээд ангийн найз маань Ротаракт клубийг санал болгоод янз янзын ажил хийж үзсэнээр бодол санаа маань өргөжин тэлсэн гэж боддог.
Би өсвөр үеийн залуустай сүүлийн 10 гаруй жил төслүүд дээр ажиллаж байна. Хүүхдүүд эхлээд сонирхоод орж ирдэг. Гэхдээ тэр зүйлээ тууштай, сайн хийхэд л гол утга учир нь байдаг юм шүү дээ. Тэгж байж өөрийнхөө дуртай, дургүй юмыг олж харна. Чадамжаа нээж илрүүлнэ. Тэр ертөнцийг нээж илрүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Улмаар алдаа гаргаж, түүнээсээ олон зүйлийг ухамсарлана. Миний хувьд яг энэ үйл явцыг олон удаа, тууштай давтаж хийсэн.
- Орос сургууль төгссөн тийм ээ? Гадаад хэлний өндөр мэдлэгтэй, дэлхийн шилдэг их сургуульд боловсрол эзэмшсэн хүн хүссэн байгууллагадаа хангалттай цалинтай ажиллаж болно шүү дээ. Гэтэл ямар зорилгын төлөө тийм боломжийг үл тоон бусдын төлөө ажиллах болов?
- Монгол Улс 3,5 сая л хүн амтай. Хүн бүрийн хариуцлага, оролцоо Монгол Улсын хөгжилд маш чухал. Иргэнийхээ хариуцлагыг сайн ухамсарласан гэж өөрийгөө бодож байна. Сурагч байхдаа нийгмийн асуудлуудыг хараад сэтгэл эмзэглэдэг байлаа. Гуйлга гуйж байгаа хүүхдэд өнөөдөр би 1,000 төгрөг өглөө гэж бодоход маргааш энэ хүүхэд тэнд байж л байна. Тэгэхээр би юу хийвэл энэ асуудлыг үндсээр нь өөрчлөх юм бол гэж бодсон. Манай ээж бас нийгмийн сайн сайхны төлөө үргэлж санаа зовдог хүн бий. Одоо ч орон нутгаар явж ээж нарт лекц уншдаг. Ээжүүд хүүхдийн хүмүүжлийн гол нөлөөлөгч учраас тэдэнд өөрийнхөө туршлагаас хуваалцаж, урам зориг өгөхийг хүсдэг. Тэгэхээр энэ бүхэн манай ээжээс эхтэй.
Мөнгө босгоод хэцүү амьдралтай байгаа хүмүүст тусалдаг ажил их хийж байсан. Гэхдээ туслах ёстой, тэр систем өөрчлөгдөхийг хүлээж байтал хугацаа алдана. Гэхдээ давхар үндсээр нь өөрчлөх арга, шийдлийг эрэлхийлэх ёстой гэж боддог. Манай боловсролын систем багш орж ирээд лекц уншаад хүүхдүүд жаахан бие даалт хийгээд өнгөрдөг байдалтай л байна. Гэтэл барууны орнуудад бол хүүхдээр өөрөөр нь бодуулах, гаргалгаа шийдэл гаргуулах, шүүмжлэлт сэтгэлгээг нь хөгжүүлэх тал дээр илүү анхаарч ажилладаг. Шинэ санаа гаргаж ирэх хүртэл нь явуулж байгаа юм. Залуучуудаа тийм л болгох гэж энэ төрийн бус байгууллагаараа дамжуулан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг. Миний хийж чадах зүйл энэ байсан.
- Та энэ зорилгодоо хүрэхийн тулд олон бэрхшээл, сорилтыг туулсан байх. Харин таны араас алхаж буй залууст урьдчилаад хэлэх зөвлөмж юу байх бол?

- Залуучуудын гадаад хэл сайжирч байгаа нь маш сайшаалтай. Харин одоо шүүмжлэлт сэтгэгэлгээг л хөгжүүлэх хэрэгтэй санагддаг. Орон нутагт байгаа залуус, хүүхдүүд маань аливаад шүүмжлэлт сэтгэгэлгээгээр хандах, хөгжих боломж нь арай хомс байна. Дээрээс нь хүүхдүүдэд дүүгээ харах, гэрээ цэвэрлэх гэх мэт ахуйн асуудал байгаа нь том зорилгод хүрэхэд тодорхой хэмжээний асуудал үүсгэдэг. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ нийгмийн оролцоог нь дэмжих хэрэгтэй.
Ер нь ямар нэг асуудалд “5 яагаад” гэдэг асуулт тавихыг зөвлөдөг. Хариултаас нь ургуулаад яагаад гэж асуугаад л бай. Ингээд яг үндсэн асуудал нь гарч ирнэ. Ийм гүнзгий сэтгэлгээг сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Өөрийн гэсэн үзэл бодолтой болох нь чухал шүү дээ. Бид багшийн шууд зөв, аав ээжийн угаасаа зөв гэдэг хүмүүжилтэй хүмүүс. Хэдий тийм ч өөрөө бодох ёстой. Бие даасан сэтгэгэлгээг давхар хөгжүүлэхгүй бол дарга юу гэж хэлнэ тэрийг хийдэг хүн л болно шүү дээ.
Манлайлал гэдэг үг олон хэлбэртэй. Дагах гэдэг нь нэг төрлийн манлайлал. Нэг хүн санаачилга гаргалаа гэхэд түүнийг дагах эхний хүн нь та байх хэрэгтэй. Тэр дэмжлэггүйгээр энэ санаа явахгүй учраас бусдын гаргасан санааг дэмждэг байх нь нэг төрлийн манлайлал гэж үздэг. Тэгэхээр заавал урд нь гарч алхаж байж, хамгийн мундаг манлайлагч болж байна гэсэн үг биш байх нь. Энэ сэдвийг гүнзгийрүүлээд судлаарай.
- Ийм амжилтад хүрэхийн тулд өндөр сахилга баттай, зарчимч охин байсан байх, тийм үү? Өнөөдөр баримталдаг зарчим нь юу вэ?
- Elvis Presley-ийн “My way” гээд дуу байдаг даа. Би амьдралдаа харамсаж байсан гэхдээ тийм их биш ээ гэсэн утгатай мөр байдаг. Тэрийг сонсоод яагаад харамсаж байгаа юм бол, эцэст нь юунд ч харамсахгүйгээр амьдарч чадах ёстой юм байна шд ээ гэж бодсон. Нөгөөтээгүүр манай эмээ “ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэж их хэлдэг байлаа. Тийм болохоор хийнэ гэсэн ажлаа хийж байж санаа амардаг болчихсон. Орос сургуульд сурч төгссөн маань ч надад их нөлөөлсөн.
“Хүн өөрийгөө бусадтай харьцуулснаар аз жаргалаа үгүй хийдэг” гэж үг бий. Хүн өөрийн эрхгүй л харьцуулдаг л даа. Гэхдээ эрүүл харьцуулалт хийх ёстой гэж боддог. Оксфордод сурахдаа олон оюутантай өөрийгөө харьцуулсан. Тэд гүн гүнзгий сэтгэдэг, аливааг өөр өнцгөөс хардаг, өргөн мэдлэг, туршлагатай мундаг хүмүүс байлаа. Тэр үед өөрийнхөө болоогүй байгааг мэдэрсэн. Их хүнд мэдрэмж л дээ. Гэхдээ эрүүлээр, зөвөөр харьцуулж харвал надад л хэрэгтэй.
Хүн бүр улс орныхоо төлөө аль чадлаараа эерэг өөрчлөлтийг бий болгож байвал сайхан. Монголчууд цөөхүүлээ учраас нэг хүн маш том өөрчлөлт хийх боломжтой шүү дээ. Хүн эхлээд өөрийнхөө аягыг дүүргэх хэрэгтэй. Тэгж байж бусдын аягыг дүүргэнэ. Тэгэхийн тулд амрах үедээ амраад, шинэ хүнтэй танилцаж, хэрэгтэй мэдээллийг авч, өөрийнхөө аягыг дүүргэвэл сайн. Мөн өөртэйгөө яаж ярьж, харьцаж байгаагаа анзаараарай гэж хэлмээр байна. Ямар өнгөөр, ямар үг хэллэг хэрэглэж, харьцаж байна тэрийгээ анхаарч байгаарай. Сайхан юм хэлж чадахгүй бол муухай юм ярихгүй байж чадах хэрэгтэй. Бодлоо бас ажиглаж байх нь чухал. Би оюутан байхдаа их алхдаг байлаа. Өдөрт болсон процессоо бодож, бодлоо цэгцэлдэг байсан.
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг гэж сонссон. Энэ сэдвийг сонирхож байгаа уншигчид маань хаанаас, яаж эхэлбэл зүгээр вэ?

- Шварцманы хөтөлбөр төгсгөгч дараагийн тэтгэлэг горилогчдын материалыг уншиж, сонголт хийдэг болсон. Тиймээс би олон улсын нэр хүндтэй тэтгэлгийн сонгон шалгаруулах комисст зургаан жил ажиллаж байна. Монгол болон гадаад хүмүүсийн өргөдлийг уншиж, дараагийн шатанд тэнцэх эсэхийг шийддэг гэсэн үг. Тэтгэлгийн тухайд, өөрийн туршлагаас 10 гаруй жил хуваалцаж байгаа. Бакалавр, магистр, доктор өөр, өөр системтэй байдаг.
- Бакалаврын тэтгэлгийн тухай дэлгэрүүлж зөвлөбөл?
- Тэтгэлэг горилж байгаа бол 5-р ангиасаа эхлэн бэлдэх хэрэгтэй. Энэ үед асран хамгаалагчдын оролцоо их чухал л даа. Хүүхдүүдтэйгээ хамт мод тарьж, музей үзэж ярилцан мэдлэгийг нь тэлж өгөх ёстой. Сургууль болгонд урлаг, спорт зэрэг сонирхлыг нь дэмжих клубүүд бий. Өөрийгөө олтлоо тэнд тууштай яв. Сүүлийн үеийн хүүхдүүд маш их мэдээлэл дунд өсөж байгаа учраас юунд ч дуртай биш, дургүй ч биш байх болж. Урсгалаараа. Ямартай ч хичээлдээ суугаад дүнгээ гаргуулна даа гэдэг хандлага ажиглагдсан. Тэгэхээр зорилгоо хайж, өөрийгөө олох аяллаа эрт эхлээрэй гэж хэлмээр байна. Нэг охин гар урлалд дуртай, тэрнийхээ тухай бичлэг хийдэг гээд бичээд материалдаа хавсаргачихсан байсан нь түүний өргөдлийн хамгийн гоё чимэг болсон. Тэгэхээр дуртай зүйлээ давуу тал болгон ашиглах, хөгжүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Тэтгэлэг хүсэж байгаа хүүхдүүд бүгд л онц сурдаг, англи хэлтэй. Тэднээс яаж онцгойрох вэ гэдгээ сайн бодоорой гэж зөвлөе.
Дараа нь ямар нэг ажил дээр тодорхой зорилго тавиад үр дүнг нь заавал хар. Тэр үр дүнд хүрэхийн тулд өрнөж байгаа үйл явц хамгийн үнэ цэнтэй байдаг юм шүү. Тэр үедээ ямар асуудлуудыг даван туулсан, юу сурсан, тэр сурсан зүйлээ юунд ашигласан гэдэг нь тодорхой байх ёстой. Тэтгэлгийн эссе ийм л бүтэцтэй байдаг юм шүү дээ.
Гадаадад сурах гэж байгаа бол ямар мэргэжил сонгох вэ, тэр мэргэжлийг аль улсад илүү сайн мэргэшүүлж байна гэдгийг судал. Тэрэнд хангалттай цаг зарцуулах ёстой. Хэн нэгэн “тэр сайн шүү” гэж хэлэхийг хүлээх нь гол биш шүү.
- Харин магистрын хөтөлбөрийн тэтгэлгийн тухайд?
- Магистрын түвшинд бол яагаад магистрын зэрэг хамгаалмаар байгаагаа оновчтой тодорхойлох ёстой. “Гадаадад сурах мөрөөдөл байсан юм аа” гэдэг ерөнхий бодлоо нарийвчлах хэрэгтэй гэсэн үг. Гадаад л бол гадаад биш. Тэтгэлгийн өргөдөл гаргах бол тэр чигээрээ өөртэйгөө ажиллах процесс байдаг. “Би хэн бэ?” гэдгийг тэр комисст харуулахын тулд өөрийгөө таних нь хамгийн чухал.
Таны түүх тухайн тэтгэлэг өгч байгаа газрынх нь зорилготой авцалдаж байх ёстой. Ихэнх тэтгэлгүүд тухайн хүнд тэтгэлэг өгснөөр тэр хүн нь амжилтад хүрээд нийгэмд нөлөөлөх ёстой гэж үздэг. Тэгэхээр өмнө нь хийсэн туршлагаараа тийм боломжтой хүн гэдгээ баталж, харуулах хэрэгтэй гэсэн үг.
- Тэтгэлгийн мэдээллийг хаанаас авдаг байсан бэ?

- Засгийн газрын тэтгэлгүүд Боловсролын яамны веб сайт дээр байгаа. Энэ тэтгэлэг босго өндөр учраас хэд хэдэн газар луу давхар илгээх хэрэгтэй. Төрийн байгууллагуудын фэйсбүүк бас сайн ажиллаж байгаа учраас тогтмол хянаж байгаарай. Тэгээд https://opportunitydesk.org/ гэж сайт байгаа. Тэрийг үзээрэй. Мөн тэтгэлгээс гадна хурал, семинар, сургалт, тэмцээний зарууд их ордог. Тийм арга хэмжээнд оролцож, гадаад явж үзвэл олон талын эерэг ач холбогдолтой шүү.
- Тэтгэлэг горилогчдын хамгийн түгээмэл алдаа юу байна вэ?
- Монгол, гадаад залууст дутагдаж байгаа бөгөөд засчихвал хамгийн их өөрчлөлт авч ирж болох зүйл нэг зүйл байна. Таны гаргасан санаачилга тэр салбар, газартаа тодорхой хэмжээний өөрчлөлт бий болгоод тэр өөрчлөлт нь таныг байхгүй ч үргэлжилж байгаа тийм тогтвортой манлайллын түүхийг бичих хэрэгтэй байна.
Чевнингийн тэтгэлэгт намайг явсан жилд гэхэд 2000 хүн өргөдөл өгөөд 20 хүнийг л авсан. Нэг хувь нь л тэнцдэг. Тэндээс яаж ялгарах вэ гэхээр, гаргасан санаачилга, шийдэл тань тогтвортой, үр дүнтэй байгааг баталсан түүх бүтээх явдал юм. Цаашлаад сурах гэж байгаа чиглэл нь энэ ажил, санаачилгатай нь холбоотой, авцалдаатай байвал маш сайн.
- Цагийн менежментээ хэрхэн хийдгийг нь сонирхож болох уу?
- Миний энэ хийх гэж байгаа ажлаас бусад хүний ажил шууд хамаарч байгаа бол би түүнийг түрүүлж хийдэг. Бусдын болоод өөрийнхөө цагийг хүндлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, цаг тулчихсан ажлуудаа барьж авна. Гуравдугаарт, яг надаас хамаарах ажлаа хийнэ. Ийм зарчмыг дагадаг. Мөн энерги, эрч хүчний менежментийг сайн зохицуулахыг хичээдэг. Би өглөө болон орой унтахын өмнө эрч хүчтэй байдаг учраас тэр үедээ илүү хэцүү ажлуудаа хуваарилна. Мөн төлөвлөгөөг маш сайн гаргадаг. Ажил орж ирмэгц календарьтаа зоогоод хариуцлагатай байх ёстой.
- Ажлаас, хичээлээсээ халшрах шинж илэрч байв уу? Хэрхэн даван туулсан бол?
- Шууд л нөүтбүүкээ дэлгээд ая тавьдаг. Тэгэхээр миний тархи “аан ажлаа хийж эхлэх цаг болсон байна” гэж хүлээж авдаг. Бас амархан, энгийн, 5, 10 минутийн ажлаас эхэлчихээр дараагийн ажлуудаа амархан хийчихдэг дүр зураг бий. Мөн тэр зүйлийг хийчихвэл ямар гоё үр дүнд хүрэх гээд байна, ямар мэдрэмж авах гээд байгаагаа санах зүгээр. Ажлаа дуусгах хугацааг яг таг товлочихоор түүнээсээ сэдэлждэг тал бас бий. Сүүлийн үед залуучууд шөнө сууж ажиллах болжээ. Тэр буруу шүү. Хүн унтаж байж тархи цэвэрлэгээгээ хийдэг. Тэр процесс явагдахгүй бол стресстэж, ядарна. Бүгдээрээ эрүүл саруул, эрч хүчтэй байж гэмээнэ зорилгодоо хүрнэ шүү дээ.
- Хишгээтэй уулзсаных, гадаад хэл сурах арга барилын талаар асуухгүй өнгөрч болохгүй. Гадаад хэл сурах хүсэлтэй хэн бүхэнд зөвлөгөө өгөөч?

- 50 орчим гадаад хэлээр ярьдаг хүн гиннесийн амжилт эзэмшиж байна. Тэгэхээр хүнд тийм нөөц боломж байна аа гэсэн үг. Нэгдүгээрт, зорилгодоо хүрчихвэл ямар үр дүнд хүрэхээ бодох, нөгөө талаас сурахгүй бол ямар сөрөг үр дүнд хүрэх вэ гэдгийг бас тооцоолчих хэрэгтэй. Хоёрдугаарт, жижигхэн milestone бий болго. Заа, би 12-р сар гэхэд францаар нэг шүлэг уншиж өгнө гэж гэр бүлийнхэндээ одоо амлах ёстой. Хавар гэхэд би найзтайгаа 10 минут францаар ярина шүү гэх мэтээр бодит амлалт өгөөд хичээх хэрэгтэй. Гарцаагүй байдалд өөрийгөө оруулна гэсэн үг л дээ. Тэгээд аль болох олон цагийг гадаад хэл сурахад зарцуулаарай. Өдөрт багадаа гурван цагийг зарцуулах хэрэгтэй. Заавал хичээл давтаж биш кино үзэж, дуу сонсох гэх мэт олон хэлбэрээр суралцаж болно. Хүүхэлдэйн киноны үг хэллэг тод, энгийн байдаг учраас сайн үзэж байгаарай. Гадаад хэл дээр ном уншихдаа бүх үгийг нь орчуулах хэрэггүй, зүгээр л унш. Би хуучин номын дэлгүүр орох дуртай. Эхний гурван хуудас дээр бөөн орчуулга, цаашаа орчуулгагүй болчихсон байдаг. Хэрвээ тухайн үг маш их давтагдаад, үнэхээр тэр үгийг орчуулахгүй л бол болохгүй байвал толь ашиглаарай. Ер нь хэл бол хэрэгсэл шүү дээ. Өөрийнхөө санааг хүнд ойлгуулах, нөгөө хүнээ ойлгоход тусална. Тэгэхээр заавал тэр хэл төгс байж ойлголцох албагүй. Айх хэрэггүй. Сайхан ирээдүйд хүрэхэд туслах хэрэгсэл, найз чинь гэж л бодоорой.