Монголын даатгалын салбарт 30 гаруй жилийн түүхийг бүтээсэн “Бодь Даатгал” ХК брэндийн шинэчлэл хийн, албан ёсоор “Богд Даатгал” нэртэйгээр дараагийн хөгжлийн үе шатаа эхлүүлж байна. Энэхүү өөрчлөлт нь өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, үнэт зүйлдээ тулгуурлан ирээдүйн урт хугацааны стратегийн зорилго руу чиглэсэн хөгжлийн шинэ шат болж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Монголын даатгалын зах зээлд ердийн даатгалын 20 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн дундаас “Бодь Даатгал” нь 1995 онд анхны арилжааны даатгалын компанийн нэг болон байгуулагдсан ууган байгууллага юм. Зах зээлийн шилжилтийн цаг үед эрсдэлийн удирдлага, даатгалын соёлыг эх орондоо нэвтрүүлж байсан тус компани өдгөө 21 аймаг, 330 сум, 22 салбар, 200 гаруй ажилтан, 1,000 гаруй төлөөлөгчөөр дамжуулан 250 мянга гаруй харилцагчид үйлчилгээгээ хүргэж байна.
Тус компани нь салбартаа шинэ стандарт, бүтээгдэхүүн нэвтрүүлсэн анхдагчдын нэг байсаар иржээ. Тухайлбал, 2006 онд Засгийн газар, Дэлхийн банктай хамтран малын индексжүүлсэн даатгалын төслийг орон нутагт анхлан хэрэгжүүлэгчээр ажиллаж, малчдын амьжиргааг эрсдэлээс хамгаалах суурийг тавилцсан байна. Мөн “МИАТ” ТӨХК-ийн агаарын тээврийн даатгал, газрын тос болон усыг гүн цэвэршүүлэх үйлдвэр, салхин парк, ус хангамжийн гэх мэт улс орны стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн эрсдэлийг дэлхийн шилдэг брокеруудаар дамжуулан олон улсын давхар даатгалын зах зээлд амжилттай байршуулж ирсэн байна.
Түүнчлэн, 2015 оноос дэлхийн даатгалын салбарт тэргүүлэгч “AXA” групптэй хамтран ажиллаж, “BODI+Global Healthcare” олон улсын эрүүл мэндийн даатгалыг зах зээлд нэвтрүүлсэн билээ. Улмаар 2019 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан анхдагч зах зээлд IPO хийж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон юм.
Энэхүү брэндийн шинэчлэл нь компанийн 30 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, харилцагчдын итгэл, салбартаа бий болгосон үнэ цэнэд тулгуурлан цаашдын хөгжлөө тодорхойлж буй алхам юм. Энэ хүрээнд дотоод үйл ажиллагаа, андеррайтингийн бодлогоо олон улсын стандартад нийцүүлж, цаашид технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх замаар үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ингэснээр компанийн олон жилийн турш бүрдүүлсэн туршлагыг шинэ хөгжлийн чиглэлтэй уялдуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэх аж.