Мэргэжлээ сонгохдоо өөрийн хийх дуртай зүйлээ хэзээ ч бүү орхигдуулаарай!


Бид цуврал сурвалжилгынхаа өмнөх дугааруудад унших дадал, эко хэрэглээ сэдвийг онцолсон билээ. Харин энэ удаагийн мини цувралаа их сургуулийн босго алхахаар бэлдэж буй төгсөх ангийн уншигч нартаа зориулан бэлтгэлээ.
Манай улсын хэмжээнд жилд дунджаар 40,000 орчим хүүхэд Ерөнхий Боловсролын Сургууль төгсдөг байна. Сурагчийн ширээнээс их сургуулийн амьдралд хөл тавина гэдэг хүний амьдралын гайхалтай үйл явдлуудын нэг билээ. Гэвч түүнээс өмнө “би ямар мэргэжилтэй хүн болж, юу хийж бүтээх вэ?” гэх асуулттай хүн бүр нүүр тулдаг шүү дээ. Тэгвэл өөрийн сонирхол, ур чадвар, үнэт зүйлийг хэрхэн таних талаар хамтдаа олж мэдэцгээе.
Би юу хийж байхдаа цаг хугацаа өнгөрснийг ч анзаардаггүй билээ?
Дуртай зүйлээ хийх нь хүнд сэтгэлийн амар амгалан, тав тух, эрч хүчийг өгдөг байна. Тиймээс өөрийн хүсэл сонирхолд нийцсэн мэргэжил таныг чин сэтгэлээсээ аз жаргалтай, идэвхтэй ажиллахад туслах юм. Ерөнхий Боловсролын Сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар мэргэжил сонголтод нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэгдүгээрт “хүсэл сонирхол” бичигджээ. Тэгэхээр мэргэжлээ сонгохдоо өөрийн хийх дуртай зүйлийг хэзээ ч орхигдуулж болохгүй байх нь. Юунд дуртай гэдгээ мэдэхгүй гацсан байдалтай байгаа бол дараах асуултанд хариулснаар та хүсэл сонирхлоо тодорхойлох боломжтой ажээ.
- Та юу хийж байхдаа цаг хугацаа өнгөрснийг ч анзаардаггүй вэ?
- Багадаа та юуг хамгийн их сонирхдог байсан бэ?
- Удаан хугацаа зарцуулсан ч ядарснаа үл ажран, энерги, эрч хүч авдаг зүйл тань юу вэ?
Хатуу ур чадвар ба зөөлөн ур чадвар
Дуртай зүйлээ олж мэдсэн бол одоо хамтдаа ур чадвараа тодорхойлцгооё. Ажил мэргэжлийн салбарт ур чадварыг хатуу (hard skill), зөөлөн (soft skill) гэж ангилах нь бий. Хатуу ур чадвар нь хүний мэдлэг болон техник чадварыг тодорхойлдог. Харин зөөлөн ур чадвар нь хүний зан төлөв, харилцаатай холбоотой юм. Тухайлбал, багаар ажиллах, шүүмжлэлийг хүлээн авах, шийдвэр гаргах, цагаа зөв хуваарилах зэрэг нь зөөлөн ур чадварт багтдаг ажээ. Энэ төрлийн ур чадвар нь үнэлэгддэггүй мэт боловч ажлын байранд хамгийн чухалд тооцогддог байна.

Дээрх ур чадвараас аль ур чадвар танд илүү байгааг олж мэдсэний дараа хооронд нь харьцуулан тохирох мэргэжлээ томьёолон олох боломжтой юм байна. Жишээлбэл, дижитал программ дээр ажиллах чадвар (hard skill) + Бусдад зааж чиглүүлэх чадвар (soft skill) = Мэдээлэл технологийн багш, техникийн зөвлөх.
Гадаад хэл сурах чадвар (hard skill) + Шинэ хүмүүстэй хурдан ойлголцох, харилцах чадвар (soft skill) = Гадаад харилцааны мэргэжилтэн, орчуулагч гэх мэт.
Таны үнэт зүйл юу вэ?
Хүн бүрд утга учиртай санагддаг үнэт зүйл гэж бий. Гэвч мөнгө, эрх чөлөө, аливааг хайрлах сэтгэл гээд хүн бүрийн үнэт зүйл харилцан адилгүй байдаг. Хэрвээ та үнэт зүйлээ мэдэхгүй байвал дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.
- Би ямар амьдрал хүсэж байгаа билээ?
- Хэзээ ч золиослохгүй авч үлдэх зүйл минь юу вэ?
- Амьдралд минь утга учиртай санагддаг, хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ?
Ирээдүйн мэргэжлээ сонгохдоо өөрийн үнэт зүйлийг хүндлэн, түүнийгээ зөрчихгүй байх нь хамгийн чухал юм. Жишээлбэл, өндөр цалин эсвэл цагийн уян хатан байдлыг чухалчилж байна гээд өөрийн үнэт зүйлийг орхигдуулж бусдыг даган дуурайх нь ажлын талбарт гараад шантрах, ажлаас халшрах гол шалтгаан болдог ажээ. Тиймээс хэрвээ таны үнэт зүйл эрх чөлөө бол зайнаас ажиллах боломжтой, ачаалал багатай мэргэжлүүдийг судлах хэрэгтэй. Харин санхүүгийн тогтвортой байдал чухал бол өндөр цалинтай ажил мэргэжил сонгох нь зөв юм.
Ингээд бид хүсэл сонирхол, ур чадвараа тодорхойлон, үнэт зүйлсээ олж мэдлээ. Цуврал нийтлэлийнхээ дараагийн дугаарт хамгийн эрэлттэй мэргэжил болон зах зээлийн бодит байдлыг уншигч та бүхэндээ дэлгэрэнгүй хүргэх болно.
Сэтгүүлч Б.Нарангэрэл
Сэтгэгдэл