Мэргэжил сонгохдоо эдгээр хөтөлбөрүүдийг заавал туршиж үзээрэй!

2026.04.293 минут унших
Мэргэжил сонгохдоо эдгээр хөтөлбөрүүдийг заавал туршиж үзээрэй! - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Posted.mn сайтын редакцаас төгсөх ангийн уншигч нартаа зориулан “мэргэжил сонголт” сэдвийн хүрээнд цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Өмнөх Цуврал №1Цуврал №2-оор өөрсдийн хүсэл сонирхлыг тодорхойлж, өөрт тохирох мэргэжлийг хэрхэн сонгох болон хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй байгаа мэргэжлүүдийн талаар бэлтгэн хүргэсэн. Харин энэ удаагийн дугаарт бид “алдах айдсаас” ангижирч, өөрийн сонирхож буй мэргэжлийг бодитоор туршиж үзэх аргуудаас хуваалцаж байна. 

Мэргэжил сонголт бол амьдралыг шийдэх эцсийн шийдвэр биш  

Мэргэжил сонголт бол өөрийгөө таньж мэдэх урт хугацааны үйл явцын ердөө эхлэл юм. Тиймээс амьдралын эцсийн шийдвэр мэт хүлээж авах хэрэггүй дээ. Аливаа шийдвэр заавал төгс байх албагүй бөгөөд алдаа гаргах нь суралцах үйл явцын нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Мэргэжил сонголтыг уян хатан байдлаар харах нь чухал боловч судалгаагүй, өөрийн төсөөллөөр хийсэн сонголт нь хөдөлмөрийн зах зээл дээр гарахад сөргөөр нөлөөлж байна. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтээс 2025 онд их, дээд сургууль болон МСҮТ төгсөгчдийн ойролцоогоор 28.6 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй байгаа гэж мэдээлжээ. 

Төгсөгчдийн дунд мэргэжлээрээ ажиллахгүй байх тохиолдол нэмэгдэж байгаа нь тэдний хувийн сонголтоос гадна, нийгэм болон хувь хүнд тулгардаг тодорхой бэрхшээлүүдтэй шууд холбоотой юм. Тиймээс мэргэжлээ сонгохоос өмнө бодитоор туршиж үзэх нь ирээдүйд гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг хугацаа, эдийн засгаа зөв зарцуулах, олон талын ур чадвар эзэмших боломжийг олгох юм. 

Мэргэжлээ сонгохоос өмнө өөрийн биеэр туршиж үзэх нь суралцах идэвхийг нэмэгдүүлдэг 

Мэргэжлээ сонгохдоо юун түрүүнд "би хэн бэ?" гэдгээ тодорхойлох хэрэгтэй талаар бид цуврал нийтлэлийн эхний дугаарт хуваалцсан билээ. Тэгвэл дараагийн алхам нь бодит туршлага байх хэрэгтэй юм. Сүүлийн жилүүдэд манай улсад "Career Day", "Job shadowing" зэрэг арга хэмжээнүүд идэвхтэй зохиогдож байгаа нь сурагчдад сонирхож буй салбарынхаа мэргэжилтнүүдтэй уулзаж туршлага хуримтлуулахаас гадна ажлын үйл явцтай бодитоор танилцах боломжийг олгож байна. Жишээлбэл,

  1. ХААН Банк Цалинтай дадлагын хөтөлбөр 2026 

Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдал, өгөгдөл, AI, инноваци болон бизнесийн судалгаа шинжилгээний чиглэлээр бодит ажлын орчинд суралцаж, менторын дэмжлэгтэй цалинтай дадлагажих боломжийг ХААН Банк жил бүр  олгодог юм байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!

  1. AI+CareerDay интерактив өдөрлөг

Та ажил хайх, ажилд орох үйл явцаа AI-ын тусламжтайгаар илүү хөнгөвчилж, өөрийн ур чадварыг бодитоор үнэлэн салбарын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авахыг хүсвэл энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд зохиогдох AI+CareerDay нээлттэй өдөрлөгийг сонирхоод үзээрэй. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!

  1. ЦойлогсоЗ залуусын коммьюнитигийн дадлагын хөтөлбөр

Тус дадлагын хүрээнд ЦойлогсоЗ-оос хэрэгжүүлдэг олон төрлийн төслүүдэд хамтран ажиллаж туршлага хуримтлуулах боломжтой юм байна. Мөн дадлагын үр дүнгээс хамаараад цаашид “Full-time”-аар ажиллах боломжийг ч олгодог ажээ.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу!

Үүний зэрэгцээ өөрийн сонирхож буй салбарын талаар судлахад туслах нээлттэй сурвалжууд ч нэмэгдсээр байна. Жишээлбэл, O*NET OnLine зэрэг нээлттэй сангуудыг ашиглан 900 гаруй ажил мэргэжлийн олон улс дахь үнэлэмж, эрэлт хэрэгцээ, цалин хөлсний төлөвийг судлах боломжтой ажээ. 

Хэрэв та эдгээр туршилтыг хийсэн ч эргэлзсэн хэвээр байвал "Gap year" буюу нэг жилийн завсарлага авах нь зөв шийдвэр байж ч болох юм. Гэхдээ энэ хугацаанд, өөрийгөө танин мэдэж, шинэ зүйлсийг туршин, цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх ёстой гэдгийг санаарай. 

Эцэст нь мэргэжил сонголт бол уралдаан биш, харин таны өөртөө үнэнчээр хандаж, ирээдүйнхээ төлөө гаргаж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт юм. Тиймээс баттай судалгаа, бодит туршлага хоёрыг хослуулан, ирээдүйн зорилгоо тодорхойлоорой. Мөн "төгс" мэргэжил гэж байдаггүй, аливаа  ажил мэргэжилд үргэлж давуу болон сул тал байдаг гэдгийг битгий мартаарай. 

 

Сэтгүүлч А.Дүүрэнбилэг

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд