Энэ удаагийн Hunting булангаар өөрсдийн дуртай зүйлийг бусадтай хуваалцахаар эхлүүлсэн “Nookie Bakery”-г онцолж байна. “Ажлаасаа гарч, кофе шоп нээсэн нь” хэмээх бичлэгийг нь үзээгүй хүн ховор биз ээ. Өөрсдийн мөрөөдлийг ажил хэрэг болгож, кофе шопынхоо өнцөг булан бүрийг сэтгэлээ шингээн бүтээж буй хүсэл тэмүүлэл нь тэдний инээмсэглэл, эрч хүчнээс илт мэдрэгдэнэ.
Шинэхэн жигнэсэн жигнэмэгийн үнэр, амт бүрд мэдрэгдэх шоколад, дулаахан уур амьсгал, 13 төрлийн амттай жигнэмэг, сэтгэл шингээн бэлтгэсэн кофегоороо тэд үйлчлүүлэгчдээ угтдаг. Энд нэг л мэдэхэд дахин ирмээр санагдах ямар нэгэн дулаан мэдрэмж оршино. “Nookie Bakery”-ийн нэг онцлог нь бүтээгдэхүүнийхээ шинэлэг байдал, орц найрлагад онцгой анхаардаг ажээ. Тэд жигнэмэгээ хугацаа уртасгагчгүй, сахар багатайгаар бэлтгэж, ямар нэг амт орлуулагчгүйгээр жимсийг өөрийнх нь хэлбэр, амтаар шууд ашигладаг. Өглөө эртлэн зуурмагаа бэлдэж, шинэхэн жигнэсэн жигнэмэгээ өдөр бүр 12:00 цагаас эхлэн худалдаалдаг бөгөөд хэдхэн цагийн дотор зарагдаж дуусдаг гэнэ шүү… Тиймээс өмнөх өдрийн үлдсэн бүтээгдэхүүнээр үйлчилдэггүй, харин өдөр бүр шинэхэн жигнэмэгээр үйлчлүүлэгчдээ угтдаг аж.
М.Золзаяа: Энд нэг тийм дулаахан, гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрдөг
“Миний хамгийн дуртай жигнэмэг бол лимонтой, кремтэй төрөл нь. Исгэлэн амт нь кремний зөөлөн амттай хосолдог болохоор их гоё санагддаг. Бас хааяа халуун сүүтэй хамт энгийн шоколадны үйрмэгтэй жигнэмэг идэхэд маш гоё хоршдог. Хүйтэнд даарч яваад энд орж ирэхээр нэг тийм дулаахан, гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрдөг юм. Би буйдантай ширээн дээр нь суух дуртай. Тэнд суухаар бүр унтчихмаар ч юм шиг санагддаг шүү” (үйлчлүүлэгч маань зургийг нь оруулахгүй байхыг хүссэн юм)

Үйлчлүүлэгчид нь “Nookie Bakery”-г гэр шигээ тухтай газар хэмээн ярьж байгаа нь энд ямар дулаахан уур амьсгал бүрдсэнийг илтгэх биз ээ. Намрын сэрүүн салхи хацар хайрах энэ өдрүүдэд халуун кофе, шинэхэн жигнэмэгээр өөрийгөө дулаацуулах зуураа энэ орон зайг бүтээсэн хүмүүсийн түүхийг сонирхмоор санагдлаа. Ингээд “Nookie Bakery”-гийн үүсгэн байгуулагчдын нэг Ө.Эгшиглэнтэй цөөн хором ярилцлаа.
Ө.Эгшиглэн: Бидний хүсэл бол хайртай хүмүүстэйгээ дуртай хоолоо идэж, дуртай зүйлээ ууж, тэдэнтэйгээ амьдрах
Би өмнө нь банканд маркетингийн менежерээр ажилладаг байсан юм. Эхэндээ үндсэн ажлынхаа хажуугаар хоёр ажил давхар хийдэг байлаа. Манай найз Намуунаа маань ч үндсэн ажлынхаа хажуугаар гурван ажил хийдэг байсан. Олон ажил зэрэг хийж сурсан маань бидэнд давуу тал болсон юм болов уу гэж боддог. Энэ бизнесийн хувьд бидний хийсэн хамгийн зөв зүйл гэвэл ачаалалтай байна гээд орхихын оронд улам дуртай болж эхэлсэн явдал байх.

Энэ бүх ажлын дундаас олж авсан хамгийн сонирхолтой зүйл маань жигнэмэг байсан. Бидний хэн нь ч нарийн боовны салбарын хүн биш. Гэхдээ сонирхол маань хоорондоо огтлолцдог. Би хоолны тал руугаа, Намуунаа маань нарийн боовны тал руугаа илүү сонирхолтой. 2026 оны нэгдүгээр сараас бид гэртээ жигнэмэг хийж туршиж эхэлсэн. Тэр хугацаанд түлхүү жор дээрээ ажилласан. Жороо нэг сар орчим туршсаны дараа “За, энэ л бидний үндсэн, суурь амт юм байна” гэж ойлгоод гуравдугаар сарын эхээр жигнэмэгээ онлайнаар зарж эхэлсэн дээ. Ажлын өдрүүдэд захиалгаа авч, гэртээ ирээд зуурмагаа зуурч, жигнэмэгээ чимэглэн бэлддэг. Харин амралтын өдрүүдээр өөрсдөө хүргэж өгдөг. Энэ янзаараа амралтын өдөр гэж байхаа больж, долоо хоног бүтэн ажилладаг болсон. Тэгээд энэ хавар бидэнд поп-ап худалдаа хийж, хүмүүс хэр сонирхохыг туршиж үзье гэсэн санаа төрсөн юм. Гэтэл төсөөлж байснаас илүү олон хүнд таалагдаж, ачааллаа дийлэхээ больсон.
Бидний дотроо тээж явдаг нэг хүсэл бол хайртай хүмүүстэйгээ дуртай хоолоо идэж, дуртай зүйлээ ууж, тэдэнтэйгээ амьдрах байхгүй юу. Тэр мөрөөдлийн маань нэг хэсэг нь кофе шоп нээх байсан юм. Тэгээд “Юу ч гэсэн залуу байгаа дээрээ оролдоод үзье” гэж бодоод хоёулаа үндсэн ажлаасаа гарч кофе шоп нээхээр шийдсэн. Зургаадугаар сард байршлаа судалж, нэг сар орчим үргэлжилсэн засварын дараа наймдугаар сарын 1-нд энэ кофе шопоо нээсэн дээ.
Манайд ирдэг хүмүүсийн ихэнх нь залуучууд. Залуучуудын юмсыг харах өнцөг, бусадтай харилцах хандлага их өөр болсон санагддаг. Бидний жижигхэн бизнесийг ийм зоригтой алхам хийх хүртэл дэмжсэн хүмүүстээ маш их баярладаг. Тэдний дэмжлэг бид хоёрт өөрсдийнхөө хүсэл мөрөөдлийг ажил хэрэг болгож, зоригтойгоор эхлүүлэх урам зоригийг өгсөн юм. Бид хүмүүст аль болох чин сэтгэлээсээ үйлчлэхийг хичээдэг. Баримтаа өгөхдөө ч, кофегоо эсвэл жигнэмэгээ өгөхдөө ч өөрсдийн гараар, сэтгэлээсээ бэлдэж өгч байгаа гэдгээ мэдрүүлэхийг хүсдэг.
Сэтгүүлчийн тэмдэглэл
Даарч хөрсөөр дотогш ороход “Халуун юм уугаад тухлаарай” хэмээн угтсан нь анхнаасаа л дотно мэдрэмж төрүүлэв. Эргэн тойронд тухлан сууж, инээлдэн ярилцах үйлчлүүлэгчдийг харахад “Nookie Bakery”-д хүмүүс зөвхөн амттай зүйл идэхээр биш, хэсэгхэн ч болов хайртай дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэхээр ирдэг болов уу гэж бодогдоно. Цас хаялсан бүрхэг өдөр карамель латтегаа шимэн суухад тэр мөчид үүнээс илүү тохирох зүйл үгүй мэт. Nookie Bakery-гийн тухайд зөвхөн амттай жигнэмэг, кофегоор хязгаарлагдахгүй, харин өөрсдийн дуртай зүйлсийг бусадтай хуваалцах гэсэн үүсгэн байгуулагчдын хүсэл энэ газрын уур амьсгалд шингэжээ.

Hunting Rating:
Уур амьсгал: 5/5 Намрын хүйтэн салхинд туугдсаар дотогш зочлоход халуун кофе санал болгосон нь гэртээ зочилж буй мэт танил дулаахан мэдрэмж төрүүлэхийн зэрэгцээ энд тухлан суух хүмүүсийн ихэнх нь нүүрэндээ инээмсэглэл тодруулсан нь бүрхэг өдрийн дундах хамгийн аз жаргалтай хүмүүс шиг санагдсан. Гадаах хүйтэн, доторх дулаан уур амьсгалын ялгаа энэ газрын дотно мэдрэмжийг улам тодотгоно.

Мэдрэмж: 5/5 Гэртээ хэрэглэж байсан пянз тоглуулагч, дуртай хамтлагуудынхаа пянз, ном гээд хамгийн хайртай цуглуулгаа кофе шопдоо байрлуулсан нь их дотно мэдрэмж төрүүлнэ. Ялангуяа буйдантай хэсэг, ширээнийх нь загвар их чамин, зураг авахад ч үнэхээр гоё гарахаар орчинтой. Бас үйлчлүүлэгчдэдээ чин сэтгэлээсээ үйлчилж, жижиг сажиг гэлтгүй бүх зүйлээ өөрсдөө бэлддэг нь илт мэдрэгдэнэ. Энэ бүх жижигхэн зүйлсээс тэд зүгээр кофе шоп нээгээд өнгөрөх биш, өөрийн гэсэн өнгө төрхтэй, дулаахан орон зайг бүтээхийг хүссэн мэт санагдсан юм.

Онцлог: 5/5 “Nookie Bakery” өөр өөрийн онцлог амттай 13 төрлийн шинэхэн жигнэмэгээр үйлчилдэг. Гэхдээ арвин сонголтоос амжиж авахын тулд үдээс өмнө эсвэл 15:00 цагаас өмнө очихыг зөвлөе. Учир нь өдөр өнгөрөхөд жигнэмэгийн ихэнх төрөл зарагдаж дууссан байх нь бий. Жимсний амттай жигнэмэгээ цэвэр жимсээр амталж, орц найрлага бүрээ өөрсдөө бэлтгэдэг нь энэ газрын хамгийн том онцлог юм. Харин уух зүйлсийн цэснээс цайны сонголт арвин байсан бөгөөд кофейнд мэдрэг эсвэл кофе уухыг хүсдэггүй хүмүүс ч өөрт тохирох цайгаа сонгон, тухтай орчинд халуун зүйл шимэн суух боломжтой.


