

Posted.mn-ийн редакцаас төгсөх ангийн уншигч нартаа зориулан “мэргэжил сонголт” сэдвийн хүрээнд цуврал нийтлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. Өмнөх дугаарт бид өөрсдийн хүсэл сонирхлыг тодорхойлж, өөрт тохирох мэргэжлээ хэрхэн сонгох талаар хамтдаа эргэцүүлсэн. Ингэхдээ хатуу, зөөлөн ур чадварын талаар тодорхой хэмжээний ойлголттой болж өөрийн ур чадварыг хэрхэн давуу тал болгож ашиглахыг мэдэж авсан билээ. Ийнхүү хүсэл сонирхол, ур чадвараа тодорхойлсон бол одоо тэрхүү ойлголтоо хөдөлмөрийн зах зээлийн бодит байдалтай хэрхэн уялдуулж болохыг хамтдаа олж мэдэцгээе.
Хөдөлмөрийн зах зээлийн бодит байдал
“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт"-ээс гаргасан "Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал (2025-2035 он)” судалгааны үр дүнгээс харахад сүүлийн жилүүдэд зарим мэргэжлийн төгсөгчдийн тоо хэт их, харин зах зээл дээрх хэрэгцээ харьцангуй бага байгаа ажээ. Тодруулбал, бизнесийн удирдлага, багш, олон улсын харилцаа, эрх зүйч зэрэг мэргэжлээр төгсөгчид олширсон ч зах зээлийн нийлүүлэлт харьцангуй бага байгаа юм.

2035 он хүртэл эрэлттэй байх мэргэжлүүд
Судалгааны үр дүнд ойрын 5-10 жилд дараах мэргэжлүүд тогтвортой байх төлөвтэй байна.
1. Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур салбарууд
- Инженер, үйлдвэрлэл
- Барилгын инженер, архитектор
- Эрчим хүчний инженер
- Механик, цахилгааны инженер зэрэг мэргэжлүүд эрэлттэй хэвээр байна.
2. Мэдээллийн технологи ба дижитал салбар
- Программ хангамжийн инженер
- Өгөгдөл судлаач (data analyst, data scientist)
- Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн
- Системийн инженер
3. Эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ
- Эмч, сувилагч
- Сэтгэл зүйч
- Нийгмийн ажилтан
- Нөхөн сэргээх эмчилгээний мэргэжилтэн зэрэг мэргэжлүүдийн хэрэгцээ өсөх төлөвтэй байна.
4. Хөдөө аж ахуй, байгаль орчин
- Мал аж ахуйн мэргэжилтэн
- Агрономич
- Байгаль орчин судлаач, хамгаалагч
- Ус, хөрс хамгааллын мэргэжилтэн
5. Боловсрол ба ур чадвар хөгжүүлэлт
- Багш, сургуулийн өмнөх боловсрол
- Багш, тусгай хэрэгцээт боловсрол
- Онлайн сургалтын мэргэшсэн багш
Дээрх мэргэжлүүдээс гадна Монгол Улсын Засгийн газрын Тогтоолоор баталсан дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэлтэй дэлгэрэнгүй танилцах бол ЭНД дарна уу.
Ийнхүү бид цуврал нийтлэлийнхээ хоёр дахь дугаарт манай улсад ойрын хэдэн жилдээ эрэлттэй байх мэргэжлүүдийг онцоллоо. Гэхдээ таны явах замыг зах зээл биш, харин та өөрөө шийднэ гэдгийг битгий мартаарай. Дараагийн нийтлэлээр бүгдээрээ эрэлттэй мэргэжлүүдийн цалин хөлс, үнэлэмж, онцлогийн талаар ярилцацгаая.
Сэтгэгдэл