Дэлхийгээс 5,000 гаруй гэрлийн жилийн зайд орших хос одны системээс найман минут тутамд давтагдах радио дохио илрүүлж, эх үүсвэрийг нь тогтоожээ. GPM J071507-114153 нэртэй уг систем нь нэгэн цагт нар шиг байсан одны нягт үлдэгдэл буюу цагаан одой (white dwarf), мөн нарны төрлийн од (Sun-like star)-оос бүрддэг байна. Судалгааны үр дүнг Nature Astronomy сэтгүүлд 2026 оны арваннэгдүгээр сарын 12-нд нийтэлжээ.
Энэ нь нарны төрлийн одтой хосолсон цагаан одойноос радио дохио илрүүлсэн анхны тохиолдол юм. Өмнө нь ийм давтамжтай радио дохио ихэвчлэн жижиг, харьцангуй сэрүүн улаан одой (red dwarf) одтой хосолсон системүүдээс ажиглагдаж байжээ. Харин энэ удаа радио дохио илгээж буй одны хөдөлгөөнийг ажигласнаар дохио цагаан одойн ойролцоох орчноос, эсвэл өөрөөс нь үүсэж байгааг тогтоох боломж бүрдсэн байна.
Судлаачид радио дохиог ашиглан хамтрагч одны гаднах орчинд үүсэх хүчтэй идэвхжил, соронзон орчны өөрчлөлтийг мөн ажиглажээ. Тухайлбал, радио долгион одны гадаргуугаас дээш хөөрсөн халуун плазмын том бүтэц дундуур нэвтрэх үед өөрчлөгдөж байгааг илрүүлсэн нь одны соронзон орчны талаар мэдээлэл өгч байна. Гэхдээ радио импульс үүсэх механизм бүрэн тайлагдаагүй хэвээр байна.
Австралийн Murchison Widefield Array, Өмнөд Африкийн MeerKAT радио дуран болон Хавайн Keck Observatory-ийн ажиглалтыг нэгтгэснээр уг системийг тодорхойлжээ. Энэхүү нээлт нь алс холын оддын орчныг радио дохиогоор судлах шинэ боломж нээж, цаашид ийм төрлийн оддын системийг илүү олон илрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.