УБ 0°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Олон зуун жилийн өмнө хүмүүс хэрхэн хайраа илэрхийлдэг байв?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Олон зуун жилийн өмнө хүмүүс хэрхэн хайраа илэрхийлдэг байв?

Олон зуун жилийн өмнө хүмүүс хэрхэн хайраа илэрхийлдэг байв?

Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор
2026.11.12 · 5 унших

Өнөөдөр бид хайртай хүндээ зурвас бичиж, хамтдаа авхуулсан зургаа хадгалж, төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар нь бэлэг өгдөг шүү дээ. Харин хэдэн зууны өмнө хүмүүс сэтгэлээ илэрхийлэхийн тулд заримдаа тун өвөрмөц аргуудыг хэрэглэдэг байжээ.

Тэд хайртай хүнийхээ зөвхөн нүдийг зурж бөгжиндөө хадгалж, эрдэнийн чулуугаар нууц үг бүтээж, захидлаа онцгой аргаар эвхэн илгээдэг байж. Зарим бэлэг нь хайр дурлалын илэрхийлэл байсан бол зарим нь холын аянд мордсон, эсвэл эргэж уулзах эсэх нь тодорхойгүй хүмүүсийн дурсгал болон үлджээ.

Тэгвэл өнгөрсөн зуунуудад хүмүүс хайраа хэрхэн илэрхийлдэг байсан бол?

1. Хайртай хүнийхээ харцыг үргэлж дэргэдээ авч явах

fin.jpg

XVIII зууны сүүлчээр Европт Lover's Eye буюу хайртай хүний нүдний хөрөг хэмээх жижигхэн гоёл дэлгэрчээ. Энэ нь хайртай хүнийхээ зөвхөн нэг нүдийг зургаар буулгаж, бөгж, энгэрийн зүүлт зэрэг гоёлд байрлуулсан бүтээл юм. Бүтэн царайг нь дүрслээгүй учраас хөрөг дээрх нүд хэнийх болохыг бусад хүн тэр бүр мэдэх боломжгүй байв.

Ингэснээр хүмүүс хайр дурлалын харилцаагаа бусдаас нууцлахын зэрэгцээ хайртай хүнийхээ харцыг үргэлж дэргэдээ авч явдаг байжээ. Ийм хөрөг нь зөвхөн хайр дурлалын бэлгэдэл байгаагүй. Нас барсан дотнын хүнээ дурсах зориулалтаар ч хэрэглэгддэг байсан байна.

Нью-Йоркийн Метрополитен урлагийн музейд 1794 онд бүтээсэн, зааны ясан дээр усан будгаар зурсан нүдний хөрөг бүхий ийм алтан бөгж хадгалагддаг юм байна.

2. Дэлгэх бүрд хайрын үгс гарч ирэх оригами

fin-3.jpg

XIX зууны Англид хайртай хүндээ илгээх захидлыг энгийнээр нугалж дугтуйлахын оронд онцгой хэлбэрт оруулан эвхдэг байжээ. Puzzle Purse Valentine хэмээх эдгээр захидал нь өнөөгийн оригамиг санагдуулам бүтэцтэй. Нэг хуудсыг олон хэсэгт хувааж, хэсэг бүрд нь шүлэг, зураг, хайрын үг бичээд эвхдэг байсан байна. Захидлыг хүлээн авсан хүн эвхээсийг тодорхой дарааллаар дэлгэхэд бичсэн үгс нь нэг нэгээрээ ил гардаг байв. 

Метрополитен музейд 1826 оны хоёрдугаар сарын 14-ний өдөртэй ийм захидал хадгалагддаг. Түүний хэсэг бүрд зураг, шүлэг байрлуулж, унших дарааллыг тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хайрын захидлыг нээж дэлгэх явц нь хүртэл өөрөө бэлгийн нэг хэсэг байжээ.

3. Эрдэнийн чулуугаар нууц үг бүтээх

fin-4.jpg

XIX зуунд хүмүүс эрдэнийн чулууны нэрийн эхний үсгийг ашиглан нууц зурвас бүтээдэг байжээ. Ийм гоёлыг Acrostic Jewelry гэж нэрлэдэг. Тухайлбал, Diamond (алмааз), Emerald (маргад), Amethyst (ягаан болор), Ruby (бадмаараг), Emerald (маргад), Sapphire (индранил), Topaz (молор) гэсэн долоон чулууг дараалуулан шигтгэвэл нэрийн эхний үсгүүд нь DEAREST буюу «хамгийн эрхэм хүн» гэсэн үгийг бүтээнэ.

Гаднаас нь харахад өнгө өнгийн чулуугаар чимэглэсэн бөгж боловч утгыг нь мэддэг хоёр хүний хувьд нууц зурвас байжээ. Ийнхүү хүмүүс заримдаа ганц ч үг бичилгүйгээр гоёл чимэглэлээрээ сэтгэлээ илэрхийлдэг байв.

4. Хайртай хүнийхээ үсээр гоёл хийх

finб.jpg

XIX зуунд хайртай хүнийхээ үсийг хадгалах нь дурсамжаа нандигнах нэг хэлбэр байжээ. Хүмүүс үсний жижиг хэсгийг сүлжиж, бугуйвч, бөгж, зүүлт хийлгэдэг байсан бөгөөд заримдаа шилэн тагтай гоёлын дотор байрлуулдаг байв. Өнөөдөр хачирхалтай санагдаж болох ч гэрэл зураг түгээмэл болохоос өмнө хүний үс нь тухайн хүний биеэс үлдсэн, хадгалж болох онцгой дурсгалын нэг байжээ.

Үсээр хийсэн гоёлыг дурлалт хосуудаас гадна гэр бүлийн гишүүд, дотнын хүмүүс бие биедээ бэлэглэдэг байсан бөгөөд мөн нас барсан хүнийг дурсах зориулалтаар бүтээдэг байв. Ийм бэлэг нь хайртай хүнтэйгээ хамт байх боломжгүй үед түүнийг санагдуулах бодит зүйл болон үлддэг байжээ.

5. Цээжиндээ ойрхон хадгалдаг хайрын шүлэг

fin-1.jpg

XVII зууны Францад эмэгтэйчүүдийн хувцасны цээж хэсгийг хэлбэржүүлэх зориулалттай урт, нарийн, хатуу хавтгай эдлэл хэрэглэдэг байжээ. Зарим хавтгайг хээ угалз, дүрс, хайр дурлалын үгээр чимэглэдэг байсан байна.

Метрополитен музейд XVII зууны Францад бүтээсэн, хайрын шүлэг сийлсэн металл хавтгай хадгалагддаг. Түүн дээрх шүлэгт уг эдлэл хатагтайн цээжинд ойрхон байрлах хувьтай төрсөн тухай өгүүлж, түүний оронд байхыг хүссэн санааг дүрсэлжээ. Энэ нь хайрын үгийг өдөр тутам өмсдөг хувцасны эдлэлд хүртэл шингээдэг байсны сонирхолтой жишээ юм.

6. Эргэж уулзах хүслээ зоосон дээр сийлдэг байжээ

fin-5.jpg

XVIII-XIX зууны Их Британид зоосны гадаргуу дээрх дүрсийг арилгаж, оронд нь нэр, зүрх, он сар өдөр, дурсгалын үг сийлдэг уламжлал байжээ. Эдгээрийг Love Tokens буюу хайрын дурсгалт зоос гэж нэрлэдэг.

Ялангуяа удаан хугацаагаар хол явах гэж буй хүмүүс, Австрали руу цөлөгдөхөөр шийтгүүлсэн хоригдлууд ийм зоосыг дотнын хүмүүстээ үлдээдэг байсан байна. Лондоны музейд хадгалагдаж буй нэгэн дурсгалт зоосон дээр эрх чөлөөгөө олж авбал хамгийн түрүүнд хайртай хүн рүүгээ очих тухай үг сийлсэн байдаг.

Эдгээр жижигхэн зоос нь хайр дурлалын илэрхийлэл төдийгүй эргэж уулзах хүсэл, хагацлын дурсамжийг хадгалсан эд зүйлс болон үлджээ.

7. Далайн хясаагаар бүтээсэн хайрын бэлэг

fin-2.jpg

XIX зуунд далайчид Карибын тэнгисийн Барбадос арлаас найман талт модон хайрцагт байрлуулсан хясаан шигтгэмэл дурсгал худалдан авч, гэртээ авчирдаг байжээ. Эдгээрийг Sailor's Valentine гэж нэрлэдэг байна.

Жижиг хясаануудыг зүрх, цэцэг, геометрийн хээ болгон өрж, заримд нь «Үүрд чинийх», «Намайг дурсаарай» гэх мэт үгсийг дүрсэлдэг байсан байна. Удаан хугацаанд эдгээр бэлгийг далайчид өөрсдөө аяллынхаа үеэр хийдэг байсан гэж үздэг байв.

Гэвч түүхийн судалгаагаар ийм бүтээлүүдийг Барбадосын нутгийн эмэгтэй урчууд хийж, аялагчид болон далайчдад худалдаалдаг байсан нь тогтоогджээ. Ийнхүү далайчдын хайрын бэлэг хэмээн алдаршсан эдгээр бүтээл нь хайр дурлалын түүхээс гадна Барбадосын эмэгтэй урчуудын хөдөлмөр, гар урлалын өвийг хадгалан үлдсэн байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Г.Цэнд-Аюуш
Г.Цэнд-Аюуш
Ерөнхий редактор · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.