Сүүлийн үед TikTok хэрэглэгчдийн дунд “lock in” буюу зорилгодоо бүрэн төвлөрч, анхаарал сарниулах зүйлсээ хязгаарлан, өөртөө тавьсан зорилгоо тууштай хэрэгжүүлэх хандлага дэлгэрч байна. Хичээлдээ шамдах, тогтмол дасгал хийх, мөнгөө хуримтлуулах, шинэ ур чадвар эзэмших зэрэг өдөр тутмын зорилгоо тодорхойлж, ахиц дэвшлээ цахим орчинд хуваалцах нь уг трендийн гол хэлбэр юм. TikTok компани 2026 оны чиг хандлагын тайланд #lockedin хаштагтай 648 мянган контент байгааг дурджээ. Тус тайланд хэрэглэгчид зорилгодоо хүрэх явцаа бусадтай хуваалцаж, ижил хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээс урам зориг, дэмжлэг авах болсон гэж онцолсон байна.
“Lock in” хандлага 2025 оны наймдугаар сараас “The Great Lock In” нэртэй чалленжаар илүү өргөн хүрээнд тархсан. Оролцогчид есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл өөртөө тодорхой зорилго тавьж, жилийн үлдсэн хугацаанд түүнийгээ хэрэгжүүлэхийг уриалж байв. The New York Times сонины 2025 оны есдүгээр сарын 5-ны сурвалжилгад Висконсин-Мэдисоны их сургуулийн хэл шинжлэлийн дэд профессор Келли Элизабет Райт энэ хэллэгийг хүмүүс анхаарал сарниулах зүйл ихтэй орчинд төвлөрөх хэрэгцээгээ илэрхийлэхэд ашиглаж байгааг тайлбарлажээ. Мөн Америкийн аялга, хэлний нийгэмлэг “lock in” хэллэгийг 2024 оны “хамгийн хэрэгцээтэй” үгээр нэрлэж, гүн төвлөрөлд шилжих гэсэн утгаар тодорхойлсон байна.
Харин энэ хандлагыг хэрэгжүүлэхдээ зорилгоо бодитой тодорхойлж, тогтвортой дадал бий болгох нь чухал гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Associated Press агентлагийн 2025 оны аравдугаар сарын 8-ны нийтлэлд санхүүгийн мэргэжилтнүүд “The Great Lock In” чалленжийн хүрээнд хуримтлал үүсгэх, өр төлбөрөө бууруулах зэрэг зорилго тавьж болох ч амьдралын хэв маяг, орлоготойгоо нийцсэн бодит төлөвлөгөө гаргах шаардлагатайг онцолжээ. Мөн богино хугацаанд олон өөрчлөлт хийх гэж хэт шахах нь зорилгоо орхиход хүргэж болзошгүйг анхааруулсан байна.