Монголын XIX зууны шашны дүрслэх урлагийн бүтээл болох “Бурхан багшийн шүтээн зурагт намтар” ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгджээ. Уг шийдвэрийг 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд Индонезийн Жакарта хотод болсон холбогдох чуулганаар гаргасан бөгөөд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс энэ тухай мэдээлсэн байна.
Энэхүү бүтээл нь Бурхан багшийн өмнөх төрлүүдийн түүхийг өгүүлсэн 34 цуврал зургаас бүрддэг. XIX зуунд Монголын нэр нь үл мэдэгдэх бурханч ламын туурвисан уг зургуудыг цаасан дээр шороон будгаар бүтээсэн бөгөөд тус бүр нь 28 × 22 см хэмжээтэй ажээ. Зургуудад энэрэнгүй сэтгэл, үнэнч байдал, ёс суртахуун зэрэг үзэл санааг дүрслэн харуулсан байна.
“Бурхан багшийн шүтээн зурагт намтар” нь Монголын уламжлалт бурхан зургийн урлал, шашны сургаалыг дүрслэлээр дамжуулан өгүүлэх арга барилыг хадгалсан соёлын өв юм. Уг бүтээл одоо Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөр нь хүн төрөлхтний түүх, соёлын ач холбогдолтой баримтат өвийг хамгаалах, олон нийтэд таниулах зорилготой. Энэ удаагийн чуулганаар 10 улсын 21 баримтат өвийг Ази, Номхон далайн бүсийн жагсаалтад шинээр бүртгэжээ. Монголын энэхүү бүтээл бүсийн жагсаалтад багтсан нь үндэсний дүрслэх урлагийн өвийг олон улсын түвшинд таниулах нэгэн чухал үйл явдал боллоо.