“Нутаг”, “хийморь”, “зуд” зэрэг үгийг англи хэлэнд ойролцоо утгаар буулгаж болох ч ганц үгээр нь бүрэн тайлбарлахад төвөгтэй байдаг аж. Учир нь эдгээр үг нь нэр үг, нэр томьёо гэхээс илүү монголчуудын байгаль, ахуй, итгэл үнэмшилтэй холбогдсон олон салаа утга агуулдаг учир нэг үгээр орчуулан буулгахад хүндрэлтэй байдаг хэмээн судлаачид тайлбарлажээ.
Тухайлбал, “нутаг” гэх үгийг англи хэлэнд “homeland” буюу эх орон, төрсөн газар гэж орчуулж болох ч нүүдэлчин ахуйн хувьд улирлын бэлчээр, амьдарч ирсэн газар, түүнийг хуваалцдаг хүн малын холбоог ч тус үгээр илэрхийлдэг. Харин “хийморь” нь “wind horse”, “freedom” гэх үгтэй утга дүйлгэж болох ч хүний дотоод эрч хүч, тэнхээ, аз хийморийг хамтад нь илтгэдэг ойлголт тул дан ганц үгээр илэрхийлэх боломжгүй юм.
“Зуд” ч мөн англи хэлэнд “хахир өвөл” гэж ойролцоогоор буудаг ч мал бэлчээрт хүрч чадахгүй болох цас, мөс, хүйтний нөхцөлөөс үүдэн мал олноор хорогдох байгалийн гамшигт үзэгдлийг ч тодорхойлдог. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар энэхүү үгийг монгол нэр томьёо хэмээн тайлбарлаж, өвлийн цаг агаар болон бэлчээрийн нөхцөлтэй холбоотой тусгай үзэгдэл гэж тодорхойлжээ. Үүнээс гадна аймаг, айраг, гэр, дээл зэрэг үгсийг орчуулахад ч нэмэлт тайлбар шаардлагатай байдаг аж.
Тиймээс өөр хэлэнд нэг үгээр орчуулахад хүндрэлтэй гэдэг нь эдгээр үгийг өөр хэлээр хэлэх, орчуулах боломжгүй гэсэн үг биш, харин утгыг нь бүрэн илэрхийлэхийн тулд давхар соёлын тайлбар хэрэгтэй гэсэн санаа юм.
Эх сурвалж: Орчуулга зүй Х, 2022