Монголын залуусын амьдралын хэв маяг, үнэт зүйл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо зэрэг сэдвийг бодит өгөгдөлд тулгуурлан судлах DATA QUEST уралдааны бүртгэл эхэллээ. Бакалавр, магистрын түвшний оюутнуудад зориулсан тус уралдаанаас шилдэг таван багийг шалгаруулж, судалгааны грант, мэргэжлийн зөвлөгөө, менторын дэмжлэг үзүүлэх ажээ.
Уралдааны гол зорилго нь оюутнуудын судалгааны санааг бодит өгөгдөл, шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан, нийгэмд хэрэглэх боломжтой бүтээл болгоход оршино. Өөрөөр хэлбэл, оролцогчид судалгааны сэдэв дэвшүүлэхээс гадна өөрсдөө мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийн, үр дүнгээ бодит шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж болохыг тодорхойлох юм.
Хэн, хэрхэн оролцох боломжтой вэ?
DATA QUEST уралдаанд бакалавр болон магистрын түвшинд суралцаж буй оюутнууд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулан оролцох боломжтой. Баг бүр ахлагчтай байх бөгөөд нэг оролцогч зөвхөн нэг багт харьяалагдах нөхцөлтэй. Мөн судалгааны явцад арга зүйн зөвлөгөө өгөх нэг багштай хамтран ажиллаж болох аж.
Судалгааны сэдвийн хувьд залуусын үнэт зүйл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, нийгмийн оролцоо, хиймэл оюун ухаан, сошиал медиагийн хэрэглээ зэрэг өргөн хүрээний асуудлаас сонголт хийх боломжтой юм.
Багууд сонгосон асуудалдаа тохируулан тоон, чанарын эсвэл холимог судалгааны арга зүй ашиглаж болно. Харин ямар арга сонгосноос үл хамааран судалгаанд оролцогчидтой биечлэн уулзаж, зөвшөөрлийг нь авсны үндсэн дээр мэдээлэл цуглуулах шаардлагатай. Ингэхдээ оролцогчдын хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалж, судалгааны ёс зүйн зарчмыг баримтлах учиртай.
Шилдэг таван багийг хоёр үе шаттай шалгаруулна
Уралдааны бүртгэл 2026 оны арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Оролцох хүсэлтэй багууд бүртгэлийн маягтад гишүүдийнхээ мэдээлэл, судлах асуудал, тухайн сэдвийг яагаад одоо судлах шаардлагатай гэж үзэж буй үндэслэл, судалгааны арга зүй, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө тусгах хэрэгтэй.

Түүнчлэн судалгааны үр дүнг хэн, ямар шийдвэр гаргах эсвэл үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд ашиглаж болохыг тодорхой тайлбарлах нь чухал аж.
Эхний шатанд шүүгчид багуудын нэр, харьяалагдах сургуулийн мэдээллийг нууцалсан материалыг үнэлж, 20 багийг шалгаруулна. Энэ шатны дүн арванхоёрдугаар сарын 17-нд гарах юм байна.
Харин хоёрдугаар шат арванхоёрдугаар сарын 20-нд болох бөгөөд шалгарсан багууд судалгааны асуулт, арга зүй, түүвэр, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө таван минутад танилцуулж, дараагийн таван минутад шүүгчдийн асуултад хариулах юм. Энэ шатнаас судалгааны грант авах таван баг тодрох ажээ.
Шалгарсан багууд нэг сарын хугацаанд судалгаагаа хэрэгжүүлж, 2027 оны нэгдүгээр сарын 30-нд эцсийн үр дүнгээ хамгаална. Хамгаалалтын үеэр баг бүр судалгааныхаа явц, арга зүй, гол үр дүнг 15 минутад танилцуулж, 10 минутын турш асуултад хариулах хуваарьтай байна.
Судалгааны грант болон эцсийн шагналыг хэрхэн олгох вэ?
DATA QUEST уралдааны хүрээнд нийт 92 сая төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэг олгохоор төлөвлөжээ. Үүнээс 50 сая төгрөгийг судалгааны грантад, үлдсэн 42 сая төгрөгийг эцсийн шалгаруулалтын шагналд зориулах юм.
Хоёрдугаар шатнаас шалгарсан таван баг судалгаагаа хэрэгжүүлэхэд зориулсан грант, арга зүйн зөвлөгөө, менторын дэмжлэг авах боломжтой. Санхүүжилтийн хэмжээ, хэлбэр, зориулалтыг зохион байгуулагчид баг тус бүртэй тохиролцон батлах бөгөөд судалгааны зорилго, хэрэгжүүлэх хугацаа, төсөв, хүлээгдэж буй үр дүн, тайлагнал болон өгөгдөл хамгаалах нөхцөлийг харгалзан үзэх аж.
Мөнгөн санхүүжилтийг судалгаатай шууд холбоотой зардалд зарцуулах боломжтой. Тухайлбал, талбарын мэдээлэл цуглуулах, тээвэр, судалгааны материал, программ хангамж, өгөгдөл боловсруулахтай холбоотой зардлыг батлагдсан төсөвт тусгаж болно. Харин багууд санхүүжилтийн зарцуулалтаа баримтаар нотолж, тайлангаа зохион байгуулагчдад хүргүүлэх үүрэг хүлээх юм.
Судалгааны грант авсан таван баг 2027 оны нэгдүгээр сарын 30-нд болох эцсийн шалгаруулалт буюу Final Pitch-д судалгааныхаа үр дүнг танилцуулна. Энэ шатанд нийт 42 сая төгрөгийн шагналын сан төлөвлөсөн бөгөөд грант авсан багууд эцсийн шалгаруулалтаас нэмэлт мөнгөн шагнал хүртэх боломжтой юм.
Уралдааны эцсийн шалгаруулалтын дүн болон шилдэг таван багийн судалгааны бүтээлийг Datamon.mn цахим хуудсаар дамжуулан олон нийтэд танилцуулах ажээ.
Ийнхүү DATA QUEST нь оюутнуудад судалгааныхаа санааг бодит ажил болгох, өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх, үр дүнгээ хамгаалах туршлага хуримтлуулахын зэрэгцээ залуусын амьдралд тулгамдаж буй асуудлыг баримтад тулгуурлан судлах боломж олгож байна.
Бүртгэлийн хугацаа: 2026 оны арванхоёрдугаар сарын 10 хүртэл
Бүртгүүлэх холбоос: https://www.posted.mn/dataquest