УБ -12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Бидний нэг 0%
Л.Жаргалсайхан: Шувууг ажиглах тусам тэдний амьдрал хүний амьдралаас тийм ч хол биш юм шиг санагддаг
Бидний нэг
Нүүр хуудас / Бидний нэг / Л.Жаргалсайхан: Шувууг ажиглах тусам тэдний амьдрал хүний амьдралаас тийм ч хол биш юм шиг санагддаг

Л.Жаргалсайхан: Шувууг ажиглах тусам тэдний амьдрал хүний амьдралаас тийм ч хол биш юм шиг санагддаг

Б.Нарангэрэл
Б.Нарангэрэл
Сэтгүүлч
2026.11.16 · 5 унших

Ертөнцийн хамгийн эрх чөлөөтэй амьтан юу вэ гэвэл дийлэнх нь шувуу гэж хариулах байх. Эрх чөлөөтэй, хүний нүдэнд ил оршдог болоод ч тэр үү шинжлэх ухаанд хамгийн их судлагдсан амьтдын нэг бол шувуу аж. Энэ удаагийн Бидний нэг буландаа шувуудын хөдөлгөөн бүрийг ажиж, хүлээж, дүрийг нь гэрэл зурагт буулгах сонирхолдоо хөтлөгдөн яваа шувуудын гэрэл зурагчин Л.Жаргалсайханыг онцолж байна. 

Шувуудын гэрэл зурагчин болсон нь

cover-25.jpg

“Миний бага нас бусад хүүхдийн л адил өнгөрсөн. Оюутан нас минь харин ОХУ-д өнгөрсөн. Би Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд сурч дипломат мэргэжил эзэмшээд эх орондоо ирсэн юм. Би өмнө нь Гадаад харилцааны яаманд 15 жил ажиллаж, дараа нь уул уурхайн салбарт 20 орчим жил ажилласан хүн. Гэрэл зураг бол миний мэргэжил биш, сонирхол байгаа юм. Аав, ах хоёр маань зураг авдаг байсан болохоор багаасаа гэрэл зурагтай ойр байлаа. Анх шувуудын гэрэл зураг авах хүсэл уул уурхайн салбарт ажиллаж байх үед төрсөн юм. Уурхайн ажил гэдэг амаргүй шүү дээ. Дэг журамтай, хариуцлага өндөр ажилд хүн их ядардаг. Ийм ажлын хажуугаар тархиа амрааж, анхаарлаа өөр зүйлд хандуулмаар санагдаад зураг авч эхэлсэн юм. Уурхайд ажилладаг байхдаа ан гөрөөнд бишгүй явдаг, багаасаа амьтан шувуунд сонирхолтой байсан болохоор л энэ хоббигоо олсон болов уу. Уг нь арван жилд байхдаа найз нөхдийнхөө, за тэгээд таарсан болгоны л зургийг дардаг байлаа. Яг дагнаж зураг авах сэдвээ олоогүй үед сонирхол буурчихдаг юм байна лээ. Нэг өдөр ажлаа тараад нэг камер аваад ойрхон Уу булан гэдэг газар очиж, 1-2 цаг шувуудын зураг дарж, камераа туршиж үзэж байлаа. Тэр цагаас хойш 15 жил болжээ. 

Одоо би Монголын 400 гаруй зүйлийн шувууны зургийг аваад байна. Монголд 500 гаруй зүйл шувуу бий гэж үздэг. Тэгэхээр надад зургийг нь авч амжаагүй 100 гаруй зүйл үлдсэн байх. Тэдний дунд шөнийн идэвхтэй шувууд, зэгсэн дотор амьдардаг, тэр бүр ил гарч ирдэггүй шувууд ч бий. Бас Монголд хааяа нэг тохиолддог ховор шувууд ч байна. Тиймээс би одоо ч зургийг нь авахыг хүсдэг, хайж явдаг шувуудтай хэвээрээ. 

Шувууны зураг авахад хамгийн чухал нь хаана ямар шувуу байдгийг мэдэх юм. Би олон жил явж, ажигласан л даа. Гэхдээ энэ бүхнийг зөвхөн өөрөө олж мэдсэн гэж хэлж болохгүй. Судлаачидтай хамтарч ажиллаж, тэдний зөвлөгөө, тайлбараас их зүйл сурсан. Би арваад лавлах, судалгааны бүтээлд гэрэл зургаар хувь нэмрээ оруулсан. Тийм ном, лавлах нэг хоёрхон сарын дотор бүтдэггүй. Зарим нь гурваас зургаан жил үргэлжилдэг юм.”

Шувуудын амьдрах орчинд гарч буй өөрчлөлт

cover-3.jpg

Шувуудын уран хөдөлгөөнийг ганц ч хором алдалгүй буулган авах хүсэлдээ хөтлөгдсөн гэрэл зурагчны дуран байгалийн өнгө зүсийг өвөл зунгүй тольдоно. Тэнгэрийн хязгааргүй мандалдаа дүүрэн эрх чөлөөгөөр дүүлэн нисэлдэх шувуудын оршихуйг ажиглан явахад тэдний бас бидний гэр болсон эх байгалийн хувирал ч нүдэнд тодордог аж.

“Хоттой ойрхон болохоор Сонгинохайрхан уулын бэл дэх Хун нуурт зураг авахаар их очдог. Мөн Гүн Галуутай, Булганы Цагаан нуур, Дорнод, Ховдын Булган гээд зураг авахад тохиромжтой олон сайхан газар бий. Зургаа авах гээд хөдөө явдаг хоногуудаа тоолбол жилдээ гурван сар шахуу явна шүү. Энэ жил би 60 орчим өдөр аялжээ. Шувуу дурандаад суух ч бас сайхан шүү дээ.

Монгол орон шувууны нүүдлийн чухал замуудын уулзварт байрладаг. Шувууны төрөл зүйлээр ч баялаг орон. Асар том газар нутагтай ОХУ 800 гаруй, АНУ бас 700-800 зүйл шувуутай байхад манай орон 500 гаруй гэдэг бол их тоо шүү дээ. Өмнөд болон Зүүн Азийн нутгаас Сибирь рүү чиглэсэн, Төв Азийг дамжин хойд зүгийг зорьсон хэд хэдэн томоохон нүүдэл манай орныг дайран өнгөрнө. Тийм болохоор хавар, намрын нүүдлийн үеэр манай оронд олон төрлийн шувуу ирж, бууж амардаг. Энэ нь шувуу сонирхдог, гэрэл зураг авдаг хүний хувьд маш сайхан боломж шүү дээ. Өнгөрсөн хавар ойд аялагчдын зам дээр сойр шувуу хосоо дуудаж, бүжиглэж байгаа бичлэг, зураг олон нийтийн сүлжээнд тарсан. Тэр шувууг хүний зам дээр байна гэж буруутгаж болохгүй. Тэр өөрийнхөө сонгосон, үржлийн зан үйлээ хийдэг газартаа л байсан хэрэг. Харин олон хүн очиж, ойртож, хөөцөлдөж зураг авах нь шувуунд дарамт болно. Амьтад хүнээс айж, өөрийгөө хамгаалах гэж оролдох нь тодорхой шүү дээ. Ер нь амьтныг бага орон зайд хашиж, түгжээд байхаар зан араншин нь харгис хэрцгийн болдог гэж онол ч бий шүү дээ. Тиймээс бид байгальд очихдоо өөрсдийнхөө хүсэл сонирхлоос илүү тухайн амьтны тайван байдлыг бодох ёстой гэж хэлмээр санагддаг юм. 

cover-27.jpg

Гэхдээ олон жил явж, нэг газраа давтан ажиглахад шувуудын амьдрах орчинд өөрчлөлт гарч байгааг анзаардаг. Жишээлбэл, Хун нуур орчим бол өмнө нь шувууд бууж, амардаг усархаг газар байсан. Харин тэнд бүтээн байгуулалт, үйл ажиллагаа нэмэгдэж, усан орчин хумигдсанаар шувуудын тоо цөөрсөн мэт надад санагддаг юм. Гүн галуутай нууранд бол шувуу үүрээ засах газар байхгүй, зэгс шагшуургыг нь тойруулаад идчихсэн л байна. Зэгс бол олон шувууны үүрлэх, нуугдах чухал орчин шүү дээ. 

Гэхдээ би судлаач хүн биш л дээ. Тиймээс шувуудын тоо толгой яг хэдээр буурсан, ямар шалтгаанаар өөрчлөгдсөн гэж шууд дүгнэх боломжгүй. Үүнийг олон жилийн судалгаа, тогтмол ажиглалт, тооллогоор л тогтооно. Миний хувьд олон жил явж байхдаа харсан зүйлээ л ярьж байна. Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа аль аль нь амьдрах орчинд нөлөөлж байгаа нь анзаарагддаг.”

“Хаврын шувууд хайрын дуу дуулдаг”

Үүрээ засах газар, хоол тэжээл, үр төлөө өсгөх аюулгүй орчин нь шувуудын амьд үлдэх үндсэн нөхцөл юм. Харин эдгээрийг нь ажиглаж, судлах тусам шувуудын амьдрал бидний төсөөлдгөөс илүү нарийн зохион байгуулалттай, сонирхолтой болохыг Жаргалсайханы ярьсан жишээнүүд харуулна. Үр төлөө хамгаалах нь амьд амьтан бүрийн байгалийн зөн аж. Өндөгөө аюулгүй даран, хооллох, гэр бүлээ тэжээх, өөрийн орон зайг хамгаалахаас эхлээд шувуудын амьдралын хэв маяг өргөн хүрээтэй.

cover-21.jpg

“Шувууг ажиглах тусам тэдний амьдрал хүний амьдралаас тийм ч хол биш юм шиг санагддаг. Би өөрийнхөө цахим хуудсанд шувуудын тухай бичихдээ аль болох хүншүүлэн тайлбарлахыг хичээдэг юм. Нэг шувуу хэдэн өндөг гаргадаг, ямар газар амьдардаг гэдгийг бичихээс гадна тэдний хооронд болж байгаа үйл явдлыг хүний амьдралтай харьцуулж ойлгуулахыг хүсдэг. Залуу шувууд том болсон хойноо өөрсдөө хоолоо олж идэж, тусдаа амьдрах ёстой. Тэр үед аав ээж нь тэднийг өөрийн нутаг дэвсгэрээс холдуулдаг. Эр хун нь үүр, нутаг орноо хамгаалж, ойртож ирсэн бусад шувууг хөөж тууна. Эм нь өндгөө дарж, дараа нь хоёулаа дэгдээхэйнүүдээ хооллож сургана.

Хун дэгдээхэйгээ хооллохдоо усны ёроолын ургамал, ялзмагийг гаргаж өгдөг. Жижиг дэгдээхэйнүүд өөрсдөө хүрч чадахгүй учраас аав, ээж нь хоолыг нь ойртуулж өгнө. Бас жаахан дэгдээхэйнүүд ээжийнхээ далавчин дор орж унтдаг. Том хунгийн далавчин дор бяцхан үрс нь хоргодоод, дулаан, аюулгүй орчинд амарна. Үүнийг хүний амьдралтай зүйрлэж бичихээр хүмүүс илүү сонирхон, ойлгож авдаг гэж боддог.

Шувуудын зан авирыг ажиглахдаа аюулгүй орон зайд нь халдахгүй байх ёстой. Хүмүүс бид танихгүй хүн хэт ойртоход эвгүйрхдэгтэй адил шувууд ч хүний хөдөлгөөн, ойртолтоос айдаг. Ялангуяа үүрлэж, өндгөө дарж байгаа үед нь ойртох, хөөх, үргээх нь маш буруу. Зарим хүн гоё зураг авахын тулд амьтны араас хөөж, дроноор үргээж, амьтныг ер тайван байлгадаггүй. Баавгай, тогоруу гээд ямар ч амьтныг машинаар хөөж зураг авах гэж оролдох нь зохисгүй шүү дээ.

cover-5.jpgШувуудын гэр бүлийн харилцаа, үр төлөө хамгаалах зан үйл нь их сонирхолтой. Ангир гэхэд дэгдээхэйнүүдээ цуглуулаад “цэцэрлэг” байгуулчихна шүү дээ. Нэг хоёр хосын дэгдээхэйг өөр шувууд хамт хамгаалж, заримдаа хэдэн арваар нь дагуулан явдаг. Эцэг эх нь урд, хойно нь явж, аюул ойртвол дохио өгнө. Дэгдээхэйнүүд тэр дохиог сонсоод ус руу орох, бутанд нуугдах зэргээр өөрсдийгөө хамгаалдаг. Тогоруу ч мөн үр төлөө хамгаалахдаа шархадсан мэт дүр үзүүлж, махчин амьтны анхаарлыг өөр тийш татах тохиолдол бий. 

Европын орнуудад ой мод, цэцэрлэгт хүрээлэн маш их учраас шувуу ч мөн олон. Хавар, намар шувууд хайрын дуугаа дуулна. Эрэгчин шувууд нь “за, би энд байна, одоо тэглээ шүү” гээд л дуулж байх шиг байгаа юм. Амьд амьтан гэдэг чинь үр удмаа үлдээх, үр төлөө хамгаалах гайхалтай зөнтэй. Тэр дуугаар эмэгчин нь бие чалх эрүүл, үр удам сайтай хосоо олж мэддэг байх нь. Би тэнд долоо хоног суугаад арваад шувууны дуулахыг бичиж байсан юм. 

Хэрээг хүмүүс ихэвчлэн муугаар ярьдаг ч миний ажигласнаар маш ухаалаг, сэргэлэн шувуу. Хэрээ бол хүний орчинд дасан зохицсон, элдэв идэштэн учраас хот суурин газарт ч элбэг байдаг. Нэг удаа би нэг хэрээг хэд хоног хооллож, дасгасан юм. Тэгсэн чинь намайг харахаараа өөрөө хүрч ирдэг болсон. Гутлын үдээс, өмднөөс зулгааж тоглоно. Хурууг минь ч зөөлөн тоншиж байсан. Амьтантай харилцахдаа огцом хөдөлгөөн хийхгүй, тайван, аядуу хандах хэрэгтэйг тэр үед бүр сайн ойлгосон.”

“Тогорууны хөдөлгөөн урлаг ч юм шиг санагддаг”

cover-10.jpg

Олон зүйлийн шувууг ажиглаж, зурагт буулгасан түүний харж баясдаг хамгийн хайртай шувуу нь та бидний сайн танил тогоруу шувуу аж. Биеийн хэлэмж, хосын харилцаа, бүжиглэх хөдөлгөөнөөрөө бусдаас уран, гоо энэ шувууг тэр олон жил ажиглаж, зургийг нь авахын тулд Монгол төдийгүй гадаадын орнуудад ч зорьж очжээ. 

“Миний хамгийн дуртай шувуу бол тогоруу гэж ямар ч эргэлзээгүйгээр хэлнэ. Тогоруу их сэтгэл хөдлөлтэй, биеийн хэлэмж сайтай шувуу л даа. Уурласан, хосоо дуудсан, баярласан үедээ өөр өөр хөдөлгөөн гаргана. Хорь гаруй позоор өөрийгөө илэрхийлнэ шүү. Ялангуяа хавар хосоо дуудан бүжиглэх нь ямар гайхалтай гэж санана. Тогорууны хөдөлгөөн нэг ёсондоо урлаг юм шиг л санагддаг. Харахад ч хэлбэр галбир нь сайхан. 

Монголд тогорууны зургаан зүйл байдгийн зарим нь дэлхийд ховордсон зүйл гэдэг.  Дорнодын Нөмрөгт япон буюу алаг тогоруу ирдэг юм. Би холоос дурандсан ч намагтай учраас ойртож чадаагүй. Тэгээд тэр шувууг авах гэж Японы Хоккайдо арал руу 2 удаа явсан. Зөвхөн тэр шувууг аваад л буцаад ирсэн дээ. Тогоруу их гоё шувуу. 

cover-26.jpg

Монголын дорно нутгийн Онон, Улз, Хурх голын хөндий бол тогоруу олноороо цуглардаг гайхалтай нутаг. Би тэр газрыг тогорууны “дэлхийн нийслэл” гэж хүртэл бичиж байсан. Тэнд зүйл зүйлийн тогоруу мянга мянгаараа цугларна. Хаврын сүүлч тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын дунд үе хүртэл тогорууны зураг авахад хамгийн сонирхолтой үе. Энэ үед тэд хосоо дуудан бүжиглэж, янз бүрийн хөдөлгөөн хийдэг юм. Харин намрын нүүдлийн үеэр арай удаан хугацаанд ажиглах боломжтой ч хаврынх шиг идэвхтэй, сонирхолтой хөдөлгөөн харьцангуй бага.”

Танин мэдэхүйн гэрэл зураг ба байгаль орчны боловсрол

Шувуудын амьдралын ийм нарийн онцлогийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Дийлэнх хүмүүсийн шувууны талаарх мэдлэг нь “шувуу нисдэг, жиргэдэг”. Гэтэл шувууны зан төлөв, амьдрах хэв маяг, хооллолт, экосистемийн ач холбогдол гээд мэдэх шаардлагатай, сонирхож судлууштай олон мэдээлэл бий. Тиймээс шувууг ажиглаж, судалдаг хүмүүс бодит ажиглалт, шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан мэдлэг түгээх шаардлагатай. Жаргалсайхан ч гэрэл зургаа дүрслэл төдий үлдээх бус, танин мэдэхүйн агуулгатай мэдээлэл байлгахыг зорьдог аж. 

cover-6.jpg

“Би шувуудын тухай бичихдээ танин мэдэхүйн мэдээлэл өгөхийг зорьдог юм. Өөрийгөө танин мэдэхүйн гэрэл зураг түгээдэг гэж тодорхойлдог. Зураг аваад тавих нь нэг хэрэг. Харин тэр зургийнхаа хамт тухайн шувуу ямар амьдралтай, ямар онцлогтой, хүмүүсийн ойлголтод байдаг ямар ташаа мэдээллийг залруулах хэрэгтэй вэ гэдэг нь надад илүү чухал. Жишээлбэл, бүргэд хөгшрөхөөрөө уулын оройд гарч өд сөдөө зулгааж, хошуу, хумсаа өөрөө хугалаад залууждаг гэсэн домог маягийн эндүү яриа байдаг. Гэтэл амьд амьтан өөрийнхөө өдийг зулгааж, хумсаа хугалах нь ямар их өвдөлттэй байх вэ? Хүн өөрөө үсээ зулгааж, хумсаа хугалж үзвэл ямар байхыг төсөөлөхөд ч бэрх шүү дээ. Ийм үндэслэлгүй яриаг баримт мэт түгээх нь буруу.

Сүүлийн үед хиймэл оюунаар амьтдын тухай хуурамч дүрс бичлэг их хийх болсон. Жишээ нь, шувуу дэгдээхэйгээ үүрээд нисэж байгаа мэт бичлэг гарна. Гэтэл энэ нь бодит амьдралд нийцэхгүй, шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй зүйл. Шувуу гэдэг амьтан юм үүрэх нь битгий хэл сангас, шээс, нулимс бүх юмаа хаяаад, илүү нэг ч граммгүй болж байж нисдэг шүү дээ. Ийм дүрс бичлэг хүмүүсийн ойлголтыг төөрөгдүүлэх магадлалтай. Тиймээс бодит гэрэл зураг, баримттай бичлэг, судалгаанд тулгуурласан мэдээлэл илүү үнэ цэнтэй.

cover-2.jpg

Монголчуудын шувуудын талаарх мэдлэг ч бас анхаарах ёстой л асуудал гэж боддог. Хөдөө өссөн хүүхдүүд бол малдаа явж байхдаа элээ, бүргэд, тарвага, зурам гээд байгаль дээрх амьтдыг нүдээрээ харж өсдөг. Харин хотод өсөж байгаа хүүхдүүдийн хувьд байгальтайгаа шууд харилцах боломж харьцангуй бага. Нэг удаа би амьжиргааны түвшин доогуур, сургуульд хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд шувуудын тухай танин мэдэхүйн илтгэл тавьсан юм. Зураг үзүүлж, шувуудын тухай ярьж өгөхөд зарим хүүхэд “Би шувуу судлаач болмоор байна” гэж хэлж байсан. Тэр үед хүүхдүүдэд байгальтайгаа танилцах боломж ямар их хэрэгтэйг ойлгосон юм.

Сургуулийн биологийн хичээлийн агуулгыг ч анзаарах хэрэгтэй. Хүүхдүүд хэдэн жил биологийн хичээл үзчихээд Монгол орны шувуудаас цөөн хэдхэнийг нь л нэрлэж сурсан байх юм. Уг нь манай оронд байдаг шувууд, хөхтөн амьтад, ургамлыг зурагтай нь танилцуулж, нэрийг нь мэдүүлж, байгаль дээр харж ажиглах боломж олгох нь чухал баймаар. Хүүхэд өөрийнхөө амьдарч байгаа орчныг таньж мэдэх хэрэгтэй шүү дээ.”

“Хээр ганцаархнаа байж, шувуугаа дагаад л явна”

cover-15.jpg

Үргэлж хөдөлгөөн хийж байдаг амьтдыг гэрэл зурагт буулгахад сайн камер, техник хэрэгсэл төдий хангалтгүй аж. Тухайн шувууны онцлог, хөдөлгөөнийг нь урьдчилан таамаглах, хамгийн гол нь үргээж цочоолгүй ажиглах тэвчээр шаардлагатай. Энэ нь ерөөсөө шувууны гэрэл зураг авахад баримтлах ёстой хамгийн чухал зарчмуудын нэг юм. 

“Шувууны зураг авахад мэдрэмж маш чухал. Шувууны хараа маш хурдтай учраас хүнийг түрүүлж л харна. Тиймээс ойртохдоо огцом хөдөлж болохгүй. Эхлээд зогсоод ажиглана. Шувуу тайван идээшилж эхэлбэл аажмаар ойртож болно. Харин айж түгшсэн шинж гаргавал холдох хэрэгтэй. Шувуу нисэхийнхээ өмнө биеэ хөнгөлж, нисэхэд бэлддэг. Тэр жижигхэн хөдөлгөөнүүдийг анзаарч сурах нь зурагчны туршлагын нэг хэсэг. Шувууны зураг авдаг хүмүүсийн нийтлэг нэг зан чанар бол тэвчээр юм л даа. Зарим нь өдөржин нэг газраа хүлээнэ, заримдаа хэдэн өдөр ч саатна. Шувууны зан авирыг ажиглаж, урьд өмнө хараагүй үйлдлийг нь олж харах гэж тэр. Бас шувууны зурагчид ихэвчлэн ганцаараа явах дуртай. Хүн хүлээлгэхгүй, өөрийн хүссэн газраа очиж, хүссэн хугацаагаараа ажиглаж болно. Миний хувьд энэ ажлыг хийх нь хамгийн сайхан эрх чөлөө. Өөрөө өөртэйгөө байж, шувуугаа дагаад л явна. Гадаадын шувуу сонирхогч, судлаачидтай ч уулзаж, туршлага солилцох боломж гардаг. Англи, Австрали, Орос зэрэг орноос хүмүүс ирж байсан. Тэдэнтэй шувууны байршил, ажиглалт, зураг авалтын талаар ярилцаж, мэдэхгүй зүйлээ асууж, өөрийн туршлагаас хуваалцана. Хаана ч очсон тухайн газрын шувуу сонирхогчдын цахим хуудас, мэдээллийг урьдчилан судалж, ямар шувуу хаана байгааг мэдэж болно.

cover-18.jpg

Одоо би 69 настай. Өмнөх шигээ өндөр ууланд авирч, хол газар олон хоногоор явах биеийн тэнхээ бага болсон. Гэхдээ шувуу ажиглах сонирхол минь хэвээрээ. Зургийг нь авч амжаагүй 100 гаруй зүйл байсаар байна. Тэдгээрээс ганц нэгийг нь ч гэсэн өөрийн нүдээр харж, хөдөлгөөнийг нь ажиглаж, зурагтаа буулгах юм сан гэж боддог юм. Намар, ялангуяа аравдугаар сарын сүүлээр хөдөө хээр гарахад нэг л хоосон болчихсон харагддаг шүү дээ. Шувуудын хөдөлгөөн багасаж, нүүдлийн шувууд буцчихна. Тэр үед жаахан гунигтай байдаг аа. Хаврын улирал бүх зүйл шинээр эхэлж байгаа мэт, байгаль дахин сэргэж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Харин намар нэг жилийн тойрог дуусаж, дахиад нэг жил өнгөрч байгааг сануулдаг юм.”

Шувуутай нөхөрлөсөн 15 жилийн аялалдаа тэр олон зүйл шувуудын дүрийг гэрэл зургийн хальснаа мөнхлөхөөс гадна тэдний гэр бүл, хайр дурлал, нүүдэл болгоныг ажиглан, хүний түүх хүүрнэж буй мэт дотно тайлбарлан бичиж, өөрийн “Jargal’s wildlife photography” хуудаснаа түгээсээр иржээ. Түүний түгээсэн мэдээлэл олон хүнд байгаль, амьтны тухай мэдлэг өгч, мөн амьтны “хорхойтнуудын” нүдийг баясгах эх сурвалж болдог аж. Тэр амьтныг амгалан тайван байх үеийн зургийг дарах дуртай. Амьтдыг үргээхгүй, орон зайд нь халдахгүйгээр зураг дарах нь түүний гол зорилго юм. Шувуудынхаа тухай ярихдаа үр хүүхдийнхээ хөгтэй паянг өхөөрдөн ярих шиг л дүрслэн үзүүлж, баясан байх нь шувуутайгаа хэдийнээ дасан ижилсэж дээ гэмээр…

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Нарангэрэл
Б.Нарангэрэл
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.