Урлаг хүний амьдралд хөг аялгуу, өнгө бас тайвшрал, түр ч гэсэн амрах боломж өгдөг байх. Сонгодог хөгжим сонсохоороо хүн яагаад ч юм өөрийгөө илүү эрхэмсэг, өндөр түвшинд мэдэрдэг гэдэг шүү дээ. Магадгүй сонгодог урлаг гэдэг урлагийн хамгийн дээд түвшний илэрхийлэл ч байж мэднэ. Харин түүнийг хүмүүст ойлгуулах, бүр бага наснаас нь мэдрүүлж өсгөх үйлд шамдаж яваа нэгнийг бид энэ удаагийн ярилцлагадаа урив. Товлосон цагтаа бүжгийн танхимын үүдээр орохуйд л хотын дуу чимээ, түгжрэл, стресс арчигдан алга болох шиг болсон юм. Харин үүдэнд нь өнөөдөр бидний нэг болж буй балетын багш Ч.Ганзул инээд цацруулан угтлаа.
Бидний ярилцлага түүний бага наснаас эхэлсэн юм. Уйтгартай эхлэл байж мэдэх ч үнэндээ түүний бага нас, бүжигчин болсон түүх нь сонирхол татаж байв. Хүүхдүүдтэйгээ ярилцахдаа дагаад хүүхэд болчих шиг, яг л үеийн хоёр хүн хоорондоо хууч хөөрөх шиг санагдуулсан нь түүний бага нас одоо ч дотор нь нуугдаад үе үе гарч ирдэг юм шиг санагдана.
Би бүжигчин болно…

“Өөрийнхөөрөө л шийд” гэдэг үг амар юм шиг мөртлөө их хариуцлага хүлээлгэдэг үг шиг санагддаг юм. Аав ээж минь намайг мэргэжлээ сонгоход тэр үеийн бусад аав ээжүүд шиг оролцож, “тэг, ингэ” гэж тулгалгүй яг тэр л үгийг хэлсэн. Тиймээс л би өнөөдөр хүссэн мэргэжлээрээ ажиллан, өөрөө өөртөө хариуцлага оноож, алдаа оноотой ч эрх дураараа амьдарч яваа байх.
Би айлын отгон охин. Аав минь сийлбэр хийдэг гарын ур дүйтэй хүн байсан юм. Харин ээж минь цэцэрлэгийн багш мэргэжилтэй ч оёдол үйл хийдэг учраас би урлагт дуртай болсон юм болов уу. Багаасаа урлагийн үзлэг болохоор уран уншлага, дуу, бүжиг гээд л төрөл бүрээр авьяасаа “нээж” байлаа шүү дээ. Яг ахлах ангид орох дөхөөд бүжигт илүү дурлах болсон. Тэгээд төгсөхдөө Соёл Урлагийн Их Сургуульд дуулаач, бүжигчин гэсэн мэргэжлээр шалгалт өгөөд бүжигт нь тэнцсэн. Уг нь би зурдаг болохоор Урлах-Эрдэм дээд сургуулийн урилга ирсэн ч СУИС-ийг сонгож байсан юм.
СУИС-д орсон эхний жил үнэндээ хэцүү байсан. Бүх зүйл шинэ, сонин. Мэргэжлийн хичээлүүд дээр чадахгүй, мэдэхгүй зүйлс их гарна. Заримдаа өөртөө эргэлзэнэ. “Би үнэхээр зөв сонголт хийсэн юм болов уу” гэж хүртэл боддог байлаа. Манай сургуулийн хуваарь их шахуу. Нэгдүгээр курст долоо хоногийн зургаан өдөр хичээллэдэг байсан. Амралтын өдрүүдээр ч урлагийн тоглолт, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох гээд завгүй. Би ч ер нь тийм үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүүхэд байсан л даа. Гурав, дөрөвдүгээр курс рүүгээ ороод төгсөх дөхөх тусам мэргэжилдээ улам хайртай болж “энэ л миний сонгох ёстой мэргэжил байж” гэж бодож эхэлсэн.
СУИС-д сурч байхдаа Б.Жамъяндагва багшийн “Балетын өв уламжлал” гэдэг хичээлд сууж, тэр хүнээс номын дуу сонссондоо их баярладаг юм. Багшийнхаа ярианаас Монголд балетын урлаг дөнгөж хөгжиж эхэлсэн үе, Дуурийн театрт бүжгэн жүжгүүдийг хэрхэн тайзнаа тавьж эхэлсэн түүхийг сонсох надад үнэхээр сонирхолтой байлаа.
Тухайн үед санхүүгийн боломж хомс, үзэгч цөөн байсан ч уран бүтээлчид тайзаа орхилгүй, тоглолтоо үргэлжлүүлсээр ирсэн тухай сонсоход мэргэжилдээ үнэнч, дуртай зүйлдээ тууштай ханддаг хүмүүсийн сэтгэлийн хүчийг мэдэрдэг байсан. Тэдний туулсан зам, гаргасан хичээл зүтгэл надад ч бас өөрийн дуртай зүйлд үнэнч байж, ямар ч нөхцөлд тууштай хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн бодол төрүүлсэн юм. Хүн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулж, тууштай хөдөлмөрлөж чадвал бэрхшээлийг даван туулж, зорьсон ажлаа үргэлжлүүлэх хүчтэй байдаг гэж би боддог.”
Дуртай зүйл нь хэнд ч далавч ургуулах шидтэй гэдэг. Бүжигчин болох, тайзнаа тоглох гэдэг мэдээж амар биш. Гэхдээ зориод ирсэн зам нь хойно ухрах зам үгүй гээд бүдэрч, боссоор туулсан оюутны өдрүүд одоо дурсамж болон үлджээ. Хүн хориодхон насандаа төрсөн мэдрэмж, зөнгөөрөө ирээдүйгээ сонгодог. Түүний хувьд ч тэр үеийнх нь бодол, мэдрэмж ирээдүйн замд нь хөтөлж. Гэхдээ зөв замаар хөтөлсөн гэдгийг өнөөдрийн ажил, амьдрал нь харуулж байх шиг.
“Сурагчид минь надаас, би ч хүүхдүүдээсээ суралцдаг”

“Сургуулиа төгсөөд эхний хоёр жил би бүжигчнээр ажилласан юм. Эхний жил ӨМӨЗО руу явж, тоглолтод Монголын үндэсний бүжиг бүжиглэдэг байлаа. Дараа нь Турк руу явж ажилласан. Тэнд арван хүний бүрэлдэхүүнтэй баг нэг цагийн турш тасралтгүй тоглолт хийдэг байлаа. Тэр үед бүжиглэж байна гэж боддог байсан ч үнэндээ үгүй байж дээ гэдгийг ойлгож билээ. Цалин авахуйц хэмжээнд бүжиглэх, мэргэжлийн стандарт хангах, гадаад оронд очоод тайзан дээр болон энгийн үед өөрийгөө зөв авч явж, сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэг их хичээл зүтгэл шаарддаг юм байна лээ. Тэгээд л өөрийгөө илүү их хөгжүүлэх шаардлагатайгаа ойлгосон. Хоёр жил бүжиглэж үзээд ер нь багшлах дуртай, хүнтэй харилцах ажил илүү тохирдог гэдгээ мэдэж авсан гэх үү дээ. Одоо би найм дахь жилдээ багшилж байна.
Би хамгийн түрүүнд хүүхдүүдэд хичээл зааж эхэлсэн. Хоёр жил бүжигчнээр ажиллах хугацаандаа хүнтэй харилцах, зааж сургах талдаа илүү тохирдог гэдгээ мэдэж авсан гэх үү дээ. Одоо би долоо дахь жилдээ багшилж байна.
Би хамгийн түрүүнд хүүхдүүдэд хичээл зааж эхэлсэн. Хүүхдүүдтэй ажиллахын хамгийн сайхан нь тэд багшийгаа яг л БАГШ гэж хүлээж авдаг. Тэр багш хэр их туршлагатай, хэдэн жил ажилласан, эсвэл ямар гавьяа, шагнал авсан нь тийм ч чухал биш.
Бас өөрсдөд нь сонин санагдсан зүйлээ шууд л асуудаг. “Багш аа, энэ яагаад ингэж байгаа юм бэ”, “ингэх нь зөв үү”, “яагаад заавал ийм байх ёстой юм бэ?” гээд л асууна. Заримдаа их жижигхэн зүйл асуудаг ч тэр асуултад нь хариулахын тулд би өөрөө ч дахин судлах хэрэгтэй болдог юм. Зүгээр л “ингэдэг юм” гэж хэлэх биш, яагаад тийм байдаг, ингэвэл ямар үр дүн гарахыг суурьтай, зөв тайлбарлах шаардлагатай. Хүүхдүүд надаас өөрийнхөө мэдэхгүй, хараахан сураагүй зүйлсийг асууж болно. Харин тэр бүрд нь би өөрийгөө хөгжүүлж, илүү их суралцах хэрэгтэй болдог юм.
Хүүхдүүд багшдаа их хурдан дасдаг. Хоёр, гуравхан удаа хичээллэсний дараа л “багш аа, хайртай шүү”, “манай багш ирсэн үү?” гээд л асууна. Гэртээ очоод “манай багш тэгж хэлсэн”, “балетын охин чинь биеэ зөв авч явдаг байх ёстой” гэх мэтээр ярьдаг юм билээ. Ээж аав нь хүүхдийнхээ ярьсныг надад хэлнэ. Миний хэлсэн үгийг хүүхдүүд чин сэтгэлээсээ хүлээж авч, өдөр тутмын амьдралдаа санадаг нь их хөөрхөн.”.
Балетаар хүмүүжүүлэхүй
Бага насны хүүхдэд аливааг зааж сургана гэдэг амаргүй билээ. Тэр тусмаа бүжиг, бүжиг бүжигтээ дэлхийн сонгодог балетыг заана гэдэг тэсвэр шаардсан, бас бахархам үйл юм. Хүүхэд бүр балерина, балетмастер болох албагүй. Гэхдээ хүний дотор сонгодог урлагийг ойлгох, мэдрэх бага ч болов хэрэгцээ буй. Тиймдээ ч тэр өөрийнхөө ажлыг бүжигчин бэлтгэх гэхээсээ илүү хүүхдүүдийг бүжгээр дамжуулан хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх, мөн сонгодог урлагт хайртай хүмүүсийг бүтээж байна хэмээн онцолсон юм.
“Балетын хичээл дээр сурсан зүйл нь зөвхөн зааландаа үлдэхгүй, хүмүүжилд нь хүртэл нөлөөлж байгааг харахаар багш хүний хувьд сайхан санагддаг. Би хүүхдүүдээ өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай болоосой гэж хүсдэг. Тийм учраас балетаар дамжуулж тэдэнд тэсвэр тэвчээр, тууштай байдал, өөрийгөө удирдах чадвар суулгахыг хичээдэг юм.

Балетын дасгал угаасаа амархан эд биш ээ. Ялангуяа хүүхдүүдэд нэг хөдөлгөөнийг олон дахин давтаж хийх уйтгартай санагдана. Тэгэхээр хүүхдүүдийг яаж уйдаахгүй, сонирхолтой байлгаж, хичээлдээ дуртай хэвээр нь байлгах вэ гэдэг багшийн ажлын нэг чухал хэсэг байдаг юм. Сургалтын төлөвлөгөөгөө зөв боловсруулах, хүүхэд хичээлдээ дахин дахин дуртайяа ирэх нөхцөлийг бүрдүүлэх нь багшаас шалтгаалдаг. Хүүхдүүд дасгал сурахын зэрэгцээ биеэ зөв авч явж сурна. Хүнтэй мэндлэх, хувцсаа сольж сурах, ангийнхаа хүүхдүүдтэй зөв боловсон харилцах, хичээл эхэлсэн үед анхаарлаа төвлөрүүлэх, багшийгаа сонсох гээд олон зүйл сурдаг. Зааланд орсон бол багшийнхаа яриаг таслахгүй, хөдөлгөөнөө анхааралтай сонсож хийх хэрэгтэй. Ингэж сурах нь хүүхдийн анхаарал төвлөрөл, өөрийгөө удирдах чадварт нөлөөлдөг.
Жишээлбэл, гурван настай хүүхдүүд маань ээж аавыгаа ирэхийг хүлээх зуураа хувцсаа өөрсдөө сольж сурна. Дараа жил нь арай том болоод ирэхээрээ биеэ авч явах байдал нь өөрчлөгдөнө. Алхалт, нурууны байрлал, зогсолт гээд олон зүйл аажмаар сайжирдаг. Өөрийнхөө сургасан хүүхэд жилээс жилд өөрчлөгдөж байгааг харахад их урамтай. Гурваас таван настай хүүхдүүдтэй ихэвчлэн тоглоомын хэлбэрээр ажилладаг. Гэхдээ тоглож байна гээд зүгээр тоглуулах биш, сунгалт хийлгэж, дасгал зааж, хөгжмийн сонсголыг нь сайжруулж, балетын анхан шатны мэдэгдэхүүн өгдөг. Зургаагаас найман нас хүрэхээр хүүхдүүдийн хичээлд тавих шаардлага нэмэгдэнэ. Дасгалаа нямбай хийх, зөв зогсох, эгнээ байраа эзлэх, хөгжмийн ая сонсоод хөдөлгөөнөө хийх, инээмсэглэж сурах гээд илүү нарийн зүйлс орж ирдэг. Энэ үеэс классик балетын стандарт, хөдөлгөөнийг зөв хийх шаардлага илүү тодорхой тавигдана. Тэгэхээр хүүхдүүд эхэндээ жаахан шантарч болно. Өмнө нь тоглоом шиг санагддаг байсан хичээл нь илүү нямбай, хичээл зүтгэл шаардсан зүйл болж эхэлнэ. Сунгалт хийхэд өвдөх, хөдөлгөөнөө зөв хийж чадахгүй байх үе ч гарна. Тэр үед хүүхдэд урам өгөх нь их чухал. Өнөөдөр дасгалаа сайн хийсэн, энэ хөдөлгөөнийг өмнөхөөсөө сайжруулсан, хичээлийн турш идэвхтэй байсан гэдгийг нь хэлэхэд хүүхэд “би чадах юм байна” гэсэн бодолтой болж, нүд нь сэргэдэг.”
Онлайн хичээлээр 1,700 гаруй суралцагчтай болсон нь

Балетыг алсаас заана гэдэг хэний ч санаанд оромгүй. Гэхдээ үнэхээр тийм зүйл болсон аж. Хүн бүр гэртээ хөдөлгөөнгүй, хийх ажилгүй байсан цар тахлын үед тэр алсын зайн балетын хичээлийг боловсруулан хоёр мянга шахуу шавьтай болж. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, бусдад бүжгийн гайхамшгийг түгээх ажил цар тахлаар ч хязгаарлагдаагүй байх нь.
“КОВИД-ын үед би балетын онлайн хичээл зохион байгуулж, давхардсан тоогоор 1,700 гаруй суралцагчтай болсон. Тэр үед онлайн балетын хичээл гэж юу байх вэ, яаж заах вэ гэдгийг шинээр бодож, анхан шатны мэдлэг олгох хөтөлбөрүүд боловсруулж байлаа. Балетыг онлайнаар сурах амаргүй. Багш хөдөлгөөнийг сурагчийнхаа хажууд зогсоод засаж өгөх боломжгүй, сурагч ч багшийн хөдөлгөөнийг бодитоор мэдэрч харахгүй. Тиймээс хичээлээ аль болох ойлгомжтой, хүүхдэд сонирхолтой байлгах хэрэгтэй байсан. Би хичээл бүрээр нь хүүхдүүдэд даалгавар өгдөг байлаа. Тэр нь зүгээр нэг хөдөлгөөн давтах даалгавар биш. Жишээлбэл, цаасаар цэцэг урлуулж болно. Тэгээд тэр цэцгийг ашиглаад ямар дасгал хийж болох вэ гэж бодно. Цэцгэн дээгүүр үсрэх, цэцгээ бариад гараа дээш өргөн бүжиглэх гэх мэтээр хичээлтэйгээ холбодог байсан. Ингэхэд хүүхдүүдийн ээж аав ч даалгаварт нь оролцоно. Би эцэг эхчүүдэд энэ даалгавар хичээлд нь хэрэг болох зүйл учраас хүүхэдтэйгээ хамт хийгээрэй гэж хэлдэг байлаа. Тэгээд гэр бүлээрээ суугаад цаасаар цэцэг урладаг.
Хүүхэд ээж аавтайгаа хамтдаа цагийг өнгөрүүлж, нэг зүйл хийж байгаа болохоор гэр бүлийн уур амьсгал хүртэл дулаан болж байгааг анзаарсан. Хүмүүс коммент дээр “Багш аа, таны өгсөн даалгаврыг хүүхэдтэйгээ хамт хийж үзлээ. Ямар хөөрхөн юм бэ, маш их баярлалаа” гэж бичдэг байсан. Тийм сэтгэгдэл олон ирсэн. 1,700 гаруй суралцагчтай ажиллахдаа сэтгэл гонсойлгосон шүүмжлэлтэй сэтгэгдэл нэг ч авч байгаагүй нь миний хувьд их баяртай зүйл. Хүүхдүүдэд нэг зүйл зааж өгөх, тэдэнд ямар нэгэн мэдлэг үлдээх гэсэн хүсэл маань хүмүүст хүрч байгааг мэдрэх сайхан байсан.
КОВИД-ын дараа онлайн хичээлд сууж байсан хүмүүс танхимаар үргэлжлүүлэн хичээллэх хүсэлтэй ирдэг болсон. Тэр нь ч надад их урам өгсөн. Онлайн хичээлээр эхэлсэн суралцагчид маань танхимын хичээлд үргэлжлүүлэн суралцахаар ирж байгаа нь тухайн үед хийж байсан ажлын минь үр дүн байсан гэж боддог”.
Бүжигт далд үнэ цэн бий

Бүжгээр амьсгалж, бас амьдарч яваа түүний хэлэх дуртай үг нь “Бүжигт далд утга учир бий”. Үнэхээр ч бүжиггүй орчлон хорвоог төсөөлөхөд бэрх, төсөөллөө гэхэд дэндүү уйтгартай юм. Үг хэлэхгүй мөртөө үйл явдлыг ойлгуулж, хагацлын харууслыг мэдрүүлж чаддаг нь балетийн гайхамшиг билээ. Бидний хамгийн сайн мэддэг “Хунт нуур” түүний хамгийн дуртай жүжиг нь.
“Бүжиг гэдэг гаднаас харахад гоо зүйтэй сайхан урлаг. Харин дотроо бүр ч их утга учир, үнэ цэнтэй. Хүн үе мөчөө идэвхтэй хөдөлгөж, булчингаа ажиллуулж байх нь амьдралын чанарт нөлөөлдөг. Хөгжим сонсоод хөдөлгөөн хийхэд хүний сэтгэл зүй ч тайвширдаг. Хүмүүс хөгжим сонсоод л толгой дохиж, хөдөлж эхэлдэг шүү дээ. Тэр бол дотроо мэдэрч байгаа сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа хэлбэр. Бүжиглэх үед булчин ажиллаж, хөлс гарч, энерги зарцуулна. Дасгалаа хийж дуусаад хүн сэтгэл ханамжтай, сайхан мэдрэмж авдаг.
Балет бол сонгодог урлагийн нэг том төлөөлөл, олон төрлийн бүжгийн суурь гэж би хэлнэ. Балетын нэг онцлог нь хөдөлгөөнийг хийхдээ биеийн олон хэсэгт зэрэг анхаарах шаардлагатай. Хөлөө ямар байрлалд байлгах вэ, хөлийн эргэлтээ яаж хийх вэ, хэвлий буюу кор булчингаа хэрхэн ажиллуулах вэ, өгзөгний булчингаа яаж чангалах вэ, мөрөө буулгаж, хүзүүгээ урт байлгаж, гараа яаж зөөлөн хөдөлгөх вэ гээд олон зүйл бодно. Гаднаас харахад хөдөлгөөн нь тэгтлээ хүчтэй харагдахгүй ч дотроо олон булчин ажиллаж байдаг. Хөдөлгөөн бүрийг зөв хийхийн тулд биеэ мэдэрч, булчингаа зөв ажиллуулж, оюун санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ утгаараа балет нь оюуны ажил юм. Балетаар хичээллэдэг хүмүүсийн хөдөлгөөн их уян налархай, цэгцтэй харагддаг. Хуруун дээрээ гарч бүжиглэнэ гэдэг асар их тэвчээр, биеэ зөв удирдах чадвар, булчингаа зөв ажиллуулах дадал юм шүү дээ.
Мөн балетын дасгал хийхэд сонгодог хөгжим чухал нөлөөтэй. Хөгжим сонсоод дасгал хийхэд сэтгэл санаа тайвширч, анхаарал өөр зүйлд сарнихаа больдог. “Одоо гараа яах ёстой билээ, хөлөө яаж хөдөлгөх вэ?” гэж бодож байгаа учраас оюун санаа дасгалдаа л төвлөрнө”.
“Балетыг үзэх тусам өөр өөр зүйлийг олж хардаг”

Балет үзэж байгаагүй, ойлгодоггүй хүмүүс маш олон. Харин үзсэн нэг нь бүр дотор нь орчихдог, үзвэр алгасалгүй үздэг болчихдог ч гэж хүмүүс ярьдаг. Юуг нь үздэг юм бэ гэж гайхдаг ч балетийг нэг ойлгоод үзчихвэл салахаа больдог гэдэг нь олон хүний яриагаар батлагдах аж. Учир нь улаан хөшиг нээгдэхүйд тэр жижигхэн театр, хэдхэн бүжигчин, буйдхан тайз хүний ертөнцийн элдэв бухимдлаас ангид, тайвшралын бяцхан чөлөө болдог байна.
“Балет үзэхэд наад зах нь гурван зүйл хүний анхаарлыг татдаг. Нэгдүгээрт, гоо зүйн таашаал өгнө. Бүжигчдийн хөдөлгөөн, уян налархай байдал, тайзны чимэглэл, хувцас гээд нүдэнд сайхан харагдах олон зүйл бий шүү дээ. Хоёрдугаарт, хөгжим нь хүнийг тайвшруулна. Гуравдугаарт, ямар ч үг хэлэлгүйгээр бүжгийн хэлээр үйл явдлыг илэрхийлдэг нь сонирхолтой.
Эхний удаа үзэхэд бүх зүйлийг ойлгохгүй байж болно. Зарим хүн бүр унтчихдаг шүү дээ. Манай насанд хүрэгчдийн ангийнхан тоглолт үзээд ирэхдээ “Багш аа, хоёрдугаар хэсэг дээр унтчихсан байна лээ” гээд байдаг юм. Тэр бол өдөр тутамдаа маш завгүй, яарсан хүмүүс хэсэг хугацаанд тайван сууж, сонгодог хөгжим сонсоод амарч байгаа хэрэг юм л даа. Харин дараагийн удаа үзэхдээ “энэ удаа сайн үзнэ, ойлгоно” гээд л ордог. Тэгээд олон удаа үзэх тусам үйл явдал, хөдөлгөөн, дүрүүдийн ялгааг анзаарч эхэлдэг дээ. Балетаар хичээллэдэг хүмүүс бүр хөдөлгөөн дундаас өөрсдийн сурсан дасгалыг таньдаг. “Энэ бидний хийдэг хөдөлгөөн байна”, “энэ эргэлт байна”, “энэ үсрэлт байна” гээд олж харна. Тэгэхээр үзэхэд илүү сонирхолтой болдог. Нэг балетыг олон хүн бүжиглэж болно. Хөгжим, тавилт, хөдөлгөөн нь ижил байлаа ч хүн бүрийн илэрхийлэл өөр. Тухайн бүжигчнийг олон удаа харж, таньж мэдэх тусам тэр хүний бүжиглэх арга барил, дүрээ гаргаж байгаа байдал нь таалагдаж эхэлдэг. Тэгээд гол дүрд нь дуртай бүжигчин тоглож байгаа өдөр тоглолт үзэх гэж очдог болдог.”
Классик балет ба контемпорари балет

Балетийн эхлэл тэртээ 1581 онд Францын хааны ордонд болсон "Хатан хааны инээдмийн балет” буюу “Цирцея” тоглолтоор тавигдсан гэж үздэг. Харин Монголд 1956 онд А.В.Хабаевагийн дэглэлтээр тавигдсан Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балет монгол түмнийг дэлхийн сонгодог урлагтай танилцуулсан юм байна. Балетийг бүжгийн хаан гэдэг. Яах аргагүй эртний сонгодог, хуучирч хувиршгүй урлаг ч сүүлийн үед контемпорари төрлөөр хүрээгээ тэлэх болжээ.
“Орчин үед контемпорари балет хөгжиж, алдаршиж байгаа. Би ч контемпорари балетад дуртай. Гэхдээ классик балет хэзээ ч хоцрогдохгүй гээд хэлчихсэн ч буруудахгүй болов уу. Ялангуяа хүүхдэд бол классик балетын арга барил сайн тохирдог. Классик балет хэдэн зууны турш уламжлагдан ирсэн нарийн стандарт, тавилт, хөдөлгөөнтэй. Энэ нь хүүхдэд сахилга бат суулгахад чухал нөлөө үзүүлдэг санагддаг.
Харин орчин үеийн насанд хүрсэн хүмүүс өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй байх, бусдын тогтоосон хэв маягт баригдахгүй байхыг хүсдэг шүү дээ. Контемпорари бүжигт яг тэр мэдрэмжийг хөдөлгөөнөөр илэрхийлэх боломж байдаг гэж хардаг. Монголд ч энэ төрлөөр ажиллаж байгаа продакшн, уран бүтээлчид бий, балет сонирхдог, хичээллэдэг хүмүүс тэдгээрийн тоглолтыг үзэх дуртай байдаг.
Хүүхдүүд болон насанд хүрэгчдэд балетын анхан шатны мэдлэгээс ахисан түвшин хүртэл зааж байгаа нь зөвхөн дасгал сургах ажил биш гэж боддог. Энэ нь сонгодог урлагийг хүмүүст таниулах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа. Нөгөө талаас дуурийн театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэж байгаа хэрэг. Балетыг өөрөө үзэж, ойлгож, сонирхож эхэлсэн хүн цаашдаа сонгодог урлагтай илүү ойр болно. Хүүхэд багаасаа балеттай ойр өсөх тусам хөгжмийн сонсгол, хөдөлгөөний мэдрэмж, биеийн суурь чадвар нь аажмаар хөгждөг. Хэрэв мэргэжлийн сонгодог бүжигчин болох зорилготой бол энэ суурийг эртнээс тавих нь зүйтэй. Гэхдээ сонгодог урлагийн бэлтгэл гэдэг урт хугацааны үйл явц. Хүүхдийг хоёр, гурван жил хичээллүүлээд шууд тэмцээнд оруулна, тайзан дээр гаргана гэж бодож болохгүй. Нэг хүүхдийг тэмцээнд оролцох хэмжээнд хүргэхэд хэдэн ч жил зарцуулагдаж болно. Тэр хугацаанд хүүхэд, багш хоёрын ойлголцлоос гадна эцэг эхийн дэмжлэг их чухал.
Хүүхэд балетад дуртай байлаа ч эцэг эх нь тухайн хичээлийн зорилго, шаардлага, удаан хугацаанд үргэлжлэх үйл явцыг ойлгохгүй бол хэцүү. Хүүхэд өөрөө бүрэн бие дааж шийдвэр гаргах насанд хүрээгүй учраас хичээлээ үргэлжлүүлэх эсэхийг эцэг эх нь шийддэг. Тиймээс багш, сурагч, эцэг эх гурвын хамтын ажиллагаа чухал. Тиймээс тэмцээнд оролцож, шагнал хүртэх хэмжээнд хүрэхийг хүсэж байгаа бол энэ бол богино хугацаанд үр дүн гардаг ажил биш гэдгийг эцэг эхчүүд ойлгоосой гэж хүсдэг. Бэлтгэлээ сайн хийдэг, багшийнхаа хэлсэн зүйлийг авч хэрэгжүүлдэг хүүхэд тайзан дээр гарахдаа ч өөрийгөө харуулдаг. Тийм шавь нараа харах үнэхээр сайхан.”
“Ажлынхаа хэцүүг биш сайхан талыг нь олж харах хэрэгтэй”

Багш хүн ядарч өвдсөн ч ажлаасаа түр завсарлах боломж гарахгүй. Учир нь хаалганы цаана түүнийг хувийн асуудал нь биш, олон шавь нар нь хүлээж байдаг. Тиймдээ ч энэ ажлыг мэргэжилдээ хайртай хүмүүс л хийдэг байх. Ганзул багшийн хувьд ч мөн адил. Гэхдээ тэр ажлынхаа хэцүүгээс илүү сайхныг нь олж харах, бусдад ярих дуртай аж. “Би цаг завгүй байна даа” гэхийн оронд “намайг ийм олон хүн хүлээж, би тэдэнд мэддэг чаддагаа сургаж байна шүү дээ” гэсэн бодол бүхнийг өөрчлөх аж.
“Би мэргэжилдээ дуртай учраас ажлаасаа их сэтгэл ханамж авдаг. Ядарсан байсан ч маргааш нь сурагчдаа хүлээж авах ёстой. Учир нь намайг хүлээж байгаа хүмүүс бий. Зарим сурагч зөвхөн долоо хоногийн тодорхой өдрүүдэд л хичээллэх боломжтой. Тухайлбал, нэг, гурав, тав дахь өдөр ирдэг хүүхэд хоёр, дөрөв дэх өдөр ирэх боломжгүй байж болно. Тэгэхээр би өөрийнхөө хичээлийн цагт бэлэн байж, сурагчдаа хүлээж аваад, заах ёстой зүйлээ заана. Багш хүн байнгын бэлэн байдалд байх шаардлагатай. “Өнөөдөр ядарч байна, долоо хоногийн долоон өдөр ажиллаж байна” гээд ажлаа хойш тавих боломж байхгүй. Тиймээс багш болохоор бодож байгаа хүн энэ ажилдаа сэтгэл зүрхээ зориулах хүсэлтэй байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Мөн танд өвдөх эрх ч олдохгүй байж мэднэ гэж хэлмээр байна.
Би ажлынхаа эхний хоёр, гурван жилд долоо хоногийн зургаан өдөр ажилладаг байсан. Өглөөний зургаан цагаас оройн есөн цаг хүртэл үндсэн сургалтын төвдөө хуваарийн дагуу ажиллаж, дундуур нь цэцэрлэг, сургууль дээр очиж хичээл заадаг байлаа. Өөр өөр газар гэрээгээр ажиллаж, цагийн хуваариа тааруулах шаардлагатай үе олон байсан.
Тэр үед ажлынхаа хэцүүг л бодоод байвал үнэхээр хэцүү санагдана. Харин “Би олон хүнд мэдлэг өгч байна, намайг багшлуулах хүсэлтэй газрууд олон байна” гэж бодохоор өөр мэдрэмж төрнө. Сурагчид маань дасгалаа зөв хийж, биеийн ерөнхий байрлал нь сайжирч, сунгалт нь ахиж байгааг харах бүрд урам авдаг. Ер нь энэ ажлын сайхан нь үр дүнгээ нүдээрээ харах боломжтойд байдаг.
“Бие даасан эмэгтэй байх нь миний мөрөөдөл байсан”

Алдсан ч оносон ч чиний л амьдрал гэх зөөлөн ч юм шиг, хатуу ч юм шиг үгс хариуцлагатай, бие даасан эмэгтэй болохын суурийг л тавиад байж. Үнэхээр ч тэр өөр өөрийнхөө өмнө хариуцлага хүлээсэн, бие даасан эмэгтэй байх зарчимтай болж. Энэ зан чанар ихэнхдээ хатуу, ширүүн зан төлөвтэй хүмүүсийнх байдаг даа гэсэн бодол энэ удаа няцаагдав. Нүүрэндээ байнга инээмсэглэл тодруулсан уян зөөлөн харагдах эмэгтэйн цаана ч тийм хүчирхэг ертөнц байж болдог юм байна.
“Би багаасаа л бие даасан хүн байхыг их хүсдэг байсан. Айлын бага хүүхэд ч гэсэн бусдаас хараат байхыг хүсдэггүй, өөрөө шийдвэр гаргаж, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө хүлээхийг хүсдэг. Зөв шийдвэр гаргасан ч бай, буруу шийдвэр гаргасан ч бай өөрөө хариуцлагаа хүлээх ёстой гэдэг зарчимтай.
Хүн өөрийнхөө амьдралыг авч явах хэмжээний чадвартай болохын тулд их хөдөлмөрлөх шаардлагатай. Ялангуяа урлагийн чиглэлээр ажиллаж байгаа хүн хүссэн хэмжээндээ хүрэхийн тулд цаг хугацаа, хүч хөдөлмөр их зарцуулдаг. Ажлаа хааяа хийгээд, хааяа орхиод байвал зорьсон зорилгоосоо хазайх гээд байдаг учраас би багшилж эхлэхдээ л мэргэжлээ сайн эзэмшиж, сайн ажиллаж, өөрийнхөө хийж бүтээсэн зүйлтэй болохын төлөө хичээхээр шийдсэн.
Тийм болохоор хувийн амьдралын хувьд ч би яардаггүй юм. Хүнтэй танилцаж, хааяа болзолгүй л яах вэ. Гэхдээ тэр бүр хоорондоо тохироод байна гэж байхгүй шүү дээ. Би эхлээд өөрийнхөө ажлыг сайн хийж, мэргэжлээрээ хөгжиж, өөрийн гэсэн амьдралын суурийг бий болгохыг л зорьсон. Энэ хүртэл хичээсэн болохоор одоо ч гэсэн хариуцлагатай байх ёстой шүү дээ.
Би ер нь амьдралыг гэгээлэг өнцгөөс харахыг хичээдэг. Хүйтэн хөндий хүн биш, байнга инээдэг, дулаахан хүн байхыг хүсдэг. Инээмсэглэх нь өөрийгөө ч стрессгүй, амар амгалан байлгахад тусалдаг юм шиг санагддаг. Улаанбаатарын гудамжаар алхахад хүмүүс ихэнхдээ хөмсгөө зангидаж, ядарсан, уйтгартай царайтай явж байх шиг харагддаг. Ялангуяа залуу хүмүүс жаахан инээмсэглэж, нүүрээ тэнийлгээсэй гэж боддог. Би багадаа гудамжаар явж байхад өөдөөс хараад инээмсэглэдэг гоё эгч нар олон байдаг байсан сан. Одоо өөрөө тэр насанд хүрчихсэн болохоор бусдад тийм гоё мэдрэмж төрүүлдэг хүн баймаар санагддаг.
Хүн рүү хараад инээмсэглэхэд л нөгөө хүнээс өөрт нь сайхан энерги ирж байгаа юм шиг санагддаг шүү дээ. Би хүмүүст урам зориг өгч, өөрийнхөө байгаагаар бусдад сайхан мэдрэмж төрүүлдэг хүн байхыг хүсдэг. Мэдээж амьдралд асуудал тулгарна, хэцүү зүйл тохиолдоно. Гэхдээ тэр бүхэн мөнх биш. Асуудал арилж, шийдэл олдоно. Алдаа гаргасан бол түүндээ стрессдээд суухын оронд “Одоо яах вэ, үүнийг яаж шийдэх вэ, дараагийн удаа яах хэрэгтэй вэ?” гэж бодох нь чухал. Нэгэнт болсон зүйлийг өөрчилж чадахгүй ч дараагийн алхмаа зөв сонгож болно”.
Балетыг амьдралын хэв маяг болгох нь

“Ер нь би боломжгүй зүйл гэж байдаггүй гэж боддог. Хүн өөртөө итгэлтэй байж, хичээж, дахин дахин оролдвол олон зүйлд хүрч чадна. Өөртөө итгэх итгэл их чухал. Тиймээс би балетын дасгалаар дамжуулан хүмүүст өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийг хүсдэг. Хүүхэд ч бай, насанд хүрсэн хүн ч бай “Би үүнийг хийж чадахгүй” гэж бодох үе байдаг. Гэхдээ анхнаасаа бүгдийг төгс хийх албагүй. Сурч байгаа процесс учраас алдаа гаргана, зарим хөдөлгөөнийг удаан сурна. Хамгийн гол нь оролдож үзэх, тууштай байх, өөртөө боломж өгөх хэрэгтэй.
Миний хувьд одоо хамгийн чухал зүйл бол балетын тухай зөв ойлголтыг олон хүнд хүргэх. Балет гэдэг зөвхөн тайзан дээр бүжиглэдэг мэргэжлийн урлаг биш, хүний амьдралын хэв маягт багтаж болох дасгалын нэг төрөл гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Балетын хичээлд суух гэж байгаа хүмүүст хамгийн түрүүнд хэлэх зүйл маань “би чадах болов уу?” гэсэн айдсаасаа битгий ичээрэй. Эхний алхмаа хийгээд үз. Нэг удаагийн хичээлд сууж үзээд энэ надад тохирох уу, үгүй юү гэдгээ шийдэж болно. Хэрэв эхэлсэн бол шууд шантрах хэрэггүй. Анхнаасаа бүхнийг гоё хийх албагүй. Сурч байгаа учраас бага багаар сайжирна. Хүлээцтэй, тэвчээртэй, тууштай байгаарай. Хэрэв өөрөө балетаар хичээллэхэд хэцүү санагдаж байвал эхлээд балетын бүжгэн жүжиг үзэж болно. Сонирхож үзэх тусам энэ урлагийн гоо сайхан, хөгжим, хөдөлгөөн, дүрийн илэрхийллийг өөрөөр анзаарч эхэлнэ. Балетыг ойлгохын тулд заавал мэргэжлийн бүжигчин байх шаардлагагүй. Хамгийн гол нь та дуртай, бас сонирхдог байхад л хангалттай. Өөртөө боломж олгоорой.”
Бидний олон хүмүүс дунд гэрэл түгээгчид гэж бий. Ганзул тэдний л нэг юм. Өнөөдөр ажилдаа бухимдсан, бусдад гомдсон, яарч тэвдсэн олон хүн гудамжаар зөрөх ч тэр тэдний өөдөөс инээмсэглэн алхаж жаахан ч гэсэн тайвшрал, дулаан мэдрэмж төрүүлэхийг хүсдэг аж. Урсан өнгөрөх, холилдон орших олон өнгө зүйлийн сайныг хардаг нүд, хэцүүг тэвчдэг сэтгэлийг хайртай балет нь түүнд суулгасан ч байж мэднэ. Нийгэмд ийм дүр олон байдаг. Бид сайн анзаардаггүй ч тэдний түгээсэн гэрэлд замаа олон, цацруулсан инээмсэглэлд нь гунигаа мартан хамтдаа амьдарсаар.