УБ 3°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Бидний нэг 0%
Ж.Анунаран: Бид өөрийгөө бүтээдэг юм биш, аль хэдийн дотор байсан зүйлээ л хайдаг
Бидний нэг
Нүүр хуудас / Бидний нэг / Ж.Анунаран: Бид өөрийгөө бүтээдэг юм биш, аль хэдийн дотор байсан зүйлээ л хайдаг

Ж.Анунаран: Бид өөрийгөө бүтээдэг юм биш, аль хэдийн дотор байсан зүйлээ л хайдаг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.10.05 · 7 унших

Хүн өөрийгөө танихын тулд насан туршдаа өөртэйгөө ярилцаж явдаг ч байж мэднэ. Өдөр тутмын амьдралын дунд бид өөрийнхөө тухай олон хариултыг олдог боловч хэсэг хугацааны дараа дахиад л “Би яг хэн юм бэ?” гэсэн асуултын өмнө ирдэг. Магадгүй өөрийгөө танина гэдэг амьдралын турш үргэлжлэх хайгуул байх.

Уран бүтээлч зам үүнтэй адил. Материал, техник, өнгө, хэлбэрийн цаана өөрийгөө таних, өөрийн доторхыг ойлгох гэсэн урт аялал үргэлжилж байдаг аж. Заримдаа хүн өөрийгөө зургаар, заримдаа хөдөлгөөнөөр, үгүй ядаж л бусдын нүдэнд тэр бүр үл үзэгдэх нарийн мэдрэмжүүдээрээ дамжуулан таньж эхэлдэг байна. Иймд энэ удаагийн “Бидний нэг” буландаа бид уран бүтээлч, куратор Ж.Анунаранг урьж, урлаг хүний өмнө цоо шинэ цонх нээж, ертөнцийг өмнө нь хэзээ ч харж байгаагүй өнцгөөс харах боломжийг хэрхэн олгодог талаар, түүний дотоод ертөнц ба уран бүтээлийн эрэл хайгуулынх нь тухай ярилцлаа.

Уран бүтээлчийн тухай ярихдаа бид ихэвчлэн түүний бүтээл, ашигладаг материал, ур чадвар, туулсан замыг нь түрүүлж хардаг. Харин тэр бүхний цаана “би өөрийгөө уран ямар бүтээлч гэж тодорхойлох вэ?” хэмээн өөрөөсөө асууж явдаг нэгэн ч байдгийг тэр бүр анзаардаггүй. Уран бүтээл нь өөрийн дотоод ертөнцийг таних, мэдрэмжээ ажиглах, хэлэх гэсэн зүйлтэйгээ дахин дахин нүүр тулах үйл явц болсон хүний хувьд энэ асуулт нэг удаагийн хариултаар дуусахгүй нь ойлгомжтой.

Ж.Анунарантай ярилцахад ч энэ асуулт бидний ярианы эхний зангилаа болсон юм. Өөрийгөө уран бүтээлч хэмээн тодорхойлохын зэрэгцээ уран бүтээлч байх нь чухам юу хэн болох, өөрийнхөө дотоод дуу хоолойг хэрхэн таньж, түүндээ үнэнч үлдэх вэ гэдэг асуултууд түүний уран бүтээлийн эрэл хайгуултай салшгүй холбоотой аж. Тиймээс бидний яриа  “уран бүтээлч хүн гэж яг ямар хүнийг хэлэх вэ?” гэсэн асуултаар эхэлсэн юм.

“Уран бүтээлч байна гэдэг өөрийгөө нэг мөр тодорхойлоод дуусчихдаг зүйл биш”

cover-12.jpg

"Сургуулиа төгссөний дараа “би ер нь өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ, ямар уран бүтээлч байх вэ?” гэж их боддог байлаа. Тэр үедээ өөрийгөө таньж мэдэх гэж оролдож, янз бүрийн материал, арга барил туршиж, өөрийнхөө юуг хэлэхийг хүсэж байгааг хайж явсан юм. Магадгүй уран бүтээлч байна гэдэг өөрийгөө нэг мөр тодорхойлоод дуусчихдаг зүйл биш. Харин хугацаанд дахь үйл явцыг нэрлэх болов уу.

Сүүлийн үед энэ асуулт куратороор ажиллаж эхэлсэнтэй мөн холбогдож байна. Нэг нь “таны ертөнц юу вэ?” гэж асуудаг бол нөгөө нь “миний ертөнц юу вэ?” гэж асуудаг. Энэ хоёр ажил хоёулаа урлагийн чухал хэсгүүд боловч надад хоёр өөр мэдрэмжийг төрүүлдэг.

Хамгийн сорилттой нь дундын тэнцвэрийг олох. Кураторын ажил давамгайлахад зохион байгуулах, бодож төлөвлөх тал хүчтэй болж, уран бүтээлчийн хувьд гацах үе байдаг. Бүтээл хийхийг хүсэвч оюун санаа өөр зүйл дээр ажиллаж байгаа учир бүтээл гарахгүй, хийсэн зүйл маань механик шинжтэй болоод байдаг. Харин уран бүтээлч талаа нээхэд хамгийн сайхан нь эрх чөлөө. Тиймээс өөр өөрийнх нь байр суурийг ойлгож, тэнцвэрийг нь олох нь чухал санагдах болсон.

Гал тогооны өрөөнд гарсан анхны үзэсгэлэн

Уран бүтээлчийн өнөөдрийн арга барил, үзэл бодлыг ойлгохын тулд түүний бүтээж буй зүйлээс гадна урлагтай анх хэрхэн учирсан замыг нь эргэн харах хэрэгтэй мэт. Хүний аливааг мэдрэх, ажиглах, өөрийнхөөрөө хүлээж авах хандлага хамгийн эхэнд хаанаас бүрэлдэж эхэлснийг нь хүүхэд ахуйн дурсамжаас нь олж харж болох билээ. Анунарангийн хувьд ч уран бүтээлтэйгээ харилцах тэр орон зай нь амьдралынх нь бага наснаас эхэлжээ.

cover-18.jpg

“Би ер нь багаасаа л зураг зурдаг хүүхэд байсан. Ээжийн хэлдгээр, нэг нас гаруйтай байхдаа анх туулай зурж байсан гэдэг юм. Тэр үед цаас ховор байсан болохоор хэвлэсэн юмны ард, дэвтрийн цаасан дээр л зурна. Ээж миний зурсан бүхнийг хадгалж, гал тогооны өрөөний хананд жирийтэл нь наачихдаг байлаа. Би өөрөө зурсан зургаа нэг их анхаарч үзэхгүй байхад ээж маань бүгдийг нь нандигнаж хадгална. Тэгэхээр миний анхны үзэсгэлэн гэрийн маань гал тогооны өрөөнд гарч байсан хэрэг.

Нэг удаа ээж “миний охин гэрээ цэвэрлээд байж байгаарай” гээд даалгавар өгөөд явсны дараа би зураг зурж суугаад дөрөв, таван цаг өнгөрөөчихсөн байсан. Шүр сувдтай, их л гоё эмэгтэй зурж байснаа санадаг юм. Яг тэр үедээ цаг хугацаа, орон зайнаас тасарчихсан зургаа л зурсан. Орой нь ээж ирээд гэрээ цэвэрлээгүйд их зэмлэж билээ. Харин дараа нь ширээн дээр үлдээсэн зургийг минь хараад “Миний охин ийм гоё зүйл зурчхаад ээждээ яагаад хэлээгүй юм бэ, ээжийгээ уучлаарай” гээд их л харамссан байсан.. Тэр үеэс зураг зурах нь надад өөрийнхөөрөө байх хэл, өөрийн гэсэн орон зайн хэлбэр болсон.

Би багадаа ер нь их дотогшоо, дуугүй хүүхэд байсан. Миний мэдэрдэг байсан зүйлс тэс  хөндлөн, өөрийн гэсэн өөр ертөнцдөө л байдаг байсан санагддаг. Тэр мэдэрч байгаа зүйлээ бусдад нэг их ярьж тайлбарлаад байдаггүй хүүхэд байсан.

Бусдын төлөөх хариуцлага ба доторх ертөнцөө хамгаалах хэрэгцээ

cover-24.jpg

Хүүхэд насанд урлагтай хэрхэн учирсан нь тухайн хүний гэр бүл, өссөн орчинтой ч салшгүй холбоотой. Түүний яриаг сонсох тусам уран бүтээлтэй харилцах харилцаа ганцхан зураг зурах дур сонирхлоор тогтоогүй, харин өдөр тутмын амьдрал, гэр бүлийн орчин, өөрийнх нь туулсан мэдрэмжүүдтэй хамт аажмаар бүрэлдсэн нь анзаарагдана. Тиймээс түүний хүүхэд нас, гэр бүлийн тухай яриа уран бүтээлчийнх нь замыг ойлгох бас нэгэн чухал цэг болж байлаа.

“Манайх гэдэг айл олуулаа. Би айлын том эгч болохоор багаасаа л дүү нараа харах, аав ээждээ ачаа болохгүй байх гээд л өөртөө нэг үүрэг хүлээчихсэн хүүхэд байлаа. Өдөр тутмын амьдралд “би ингэх ёстой” гэсэн үүрэг хариуцлага олон байсан ч зураг зурах үедээ л тэр бүхнээс түр холдож, хэн нэгний эгч, хэн нэгний хүүхэд байхаас түр холдож өөрийнхөө ертөнцөд ордог байв.

Ээж миний тэр сонирхлыг маш их дэмждэг байлаа. Жаахан байхад зурсан зургуудыг маань нэг бүрчлэн хадгална. Бас намайг дагуулж яваад л үзэсгэлэн үзүүлнэ. Ээж  урлагийн хүн болохоор анхны үзэсгэлэнг үзүүлж, театр, урлагийн орчин, зураачид гээд бүхнийг надад танилцуулсан. Одоо бодоход ээж минь миний дурлаж яваа тэр нарийн мэдрэмжийг надаас ч илүү хайрлаж, хамгаалж, урлагийн тухай анхны ойлголтуудыг өгсөн хүн юм билээ.

Харин аавын хувьд уран бүтээлч хүний амьдрал тийм ч баталгаатай зам шиг харагдаагүй хэрэг. Уран бүтээлч хүн юугаараа амьдралаа авч явах вэ гэдэгт их санаа зовдог байсан болохоор намайг өөр мэргэжил сонгоосой гэж хүссэн ч би зургаа л сонгоно гээд энэ мэргэжлийг сонгож байсан. Аав минь миний сонголтыг үгүйсгэсэндээ бус, амьдрал дээр хөл дээрээ бат зогсож чадах чадвартай болоосой гэж л хүссэн хэрэг.

СУИС-д мэргэжлийн багш нартайгаа учирч, улмаар Нидерландаас ирсэн Ж.Гэрэл багш, О.Энхтайван, Д.Баярцэцэг багш нартай учирсан нь миний урлагийг харах нүд, материалтайгаа ажиллах сэтгэлгээг өөр түвшинд нээж өгсөн. Өөр өөр арга барилтай, содон сэтгэлгээтэй гурван багшийн гараар дамжиж, уран бүтээлчийн сууриа тавиулсан маань миний амьдралын чухал үеийн нэг. Хүн амьдралдаа юу хүсэж байгаагаа, өөртөө ямар зүйл хэрэгтэйг олж мэдэх шиг чухал зүйл үгүй. Би тэр л үед өөрийнхөө хамгийн үнэ цэнтэй зүйлийг олж, шийдвэр гаргасандаа одоо ч баяртай байдаг.

Урлаг бол хүнийг өөртэй нь уулзуулдаг орон зай…

Хүүхэд наснаас нь эхэлсэн тэрхүү харилцаа өнөөдөр түүний урлагийг хэрхэн ойлгож, уран бүтээлээ ямар байр сууринаас бүтээхтэй нь ч холбогдоно. Анунарангийн хувьд урлаг гэдэг нь өөрийн мэдэрсэн зүйлээ илэрхийлэх нэг хэлбэрээс илүү өргөн утгатай ойлголт аж. Тэр урлаг хүний өдөр тутмын амьдралд ямар орон зай эзэлдэг, уран бүтээл үзэгчтэйгээ учрах үед ямар утга бий болдог талаар өөрийн ойлголтоо хуваалцсан юм.

cover-7.jpg

“Би урлагийг хүний амьдралд байдаг өөр нэг нүд гэж боддог юм. Бид өдөр тутамдаа маш олон зүйлийн дунд яарч, нэгээс нөгөө рүү шилжиж, өөрийнхөө тухай бодох завгүй явдаг. Харин урлагийн бүтээлийн өмнө зогсох үед тэр хэмнэлээс түр гарч, өөр зүйл рүү анхаарлаа чиглүүлэх боломж бий болдог. Заримдаа бүр бясалгал шиг санагддаг. Уран бүтээлчийн бодож бүтээсэн ертөнц үзэгчийн өмнө очихдоо дахиад өөр утгатай болж хувирна. Хүн өөрийнхөө мэдрэмж, дурсамж, бодолтойгоо холбож хүлээж авна. Тиймээс би уран бүтээлийг хүнийг өөртэй нь уулзуулдаг орон зай гэж ойлгохоос гадна түүгээр дамжуулан шинэ утга, мэдрэмжийг бий болгодог гэж хардаг.

Магадгүй тийм ч болохоор би уран бүтээлээрээ дамжуулан хэн нэгэнд “яг энэ зүйлийг л ойлгуулах, мэдрүүлэх гэж зорьдог” гэж хэлж бас болдоггүй. Тэр нь өөр хүнд очоод ямар мэдрэмж төрүүлэхийг би бүрэн шийдэж чадахгүй учраас. .Харин өөрийнхөө мэдэрсэн зүйлийг үнэнээр нь гаргаж ирэхийг хүсдэг. Харин хүн бүр өөрийнхөөрөө хүлээн авч, өөрийн ертөнцтэй холбож чадвал тэр бүтээл өөрийн гэсэн амьдралаар үргэлжилж байгаа хэрэг.

Тийм болохоор би уран бүтээлчийн хувьд аливаа зүйлийг нэг л өнцгөөс харахыг хүсдэггүй. Материал, хэлбэр, арга барил өөрчлөгдөх бүрд мэдрэмж ч бас өөрөөр нээгддэг. Нэг материалаар өөрийгөө хязгаарлахыг хүсдэггүй маань ч үүнтэй холбоотой байх. Би нэг зүйлийг олон талаас нь харж, тэр бүрийнх нь цаана өөр мэдрэмж олж харахыг хүсдэг.”

“Материал бүр янз бүрийн зан ааштай хүмүүс шиг”

Аливааг нэг өнцгөөр хязгаарлахгүй байх гэсэн энэ хандлага нь түүний уран бүтээлийн явцаас ч тодорхой харагдана. Нэг санааг өөр өөр хэлбэрээр ажиглаж, тухайн зүйл өөрөө ямар боломж нээж байгааг дагаж ажиллах нь түүний бүтээл хийх арга барилын нэг хэсэг аж. Энэ эрэл нь түүний сонгодог материал, тэдгээртэй харилцах аргаас эхлээд бүтээлийнх нь хэлбэрт хүртэл үргэлжилдэг байна.

cover-28.jpg

“Би нэг зүйлийг дагаад явахаас илүү өөр арга барил, шинж чанарыг танин мэдэх сонирхолтой. Энэ хайгуул, байгальтай харилцах, байгаль дээр бүтээл хийх сонирхол магадгүй ээжээс минь эхтэй болов уу. Ээж минь томоо гэдэстэй, дунд дүүг минь тээж байхдаа Жуковын тэндээс Туул голын эрэг рүү алхаж очоод, өмнөө Занабазарын Цагаан дарь эхийг залан тавиад аниргүй бясалгаж суудаг сан. Голын урсгал, байгалийн анир болон нандин гоо зүй нэгэн хэмнэлд ууссан ээжийн минь дүр зураг миний сэтгэлд тод үлдсэн юм. Тэгээд 19 настайдаа Хөвсгөл рүү анх явснаас хойш бараг жил бүр тэнд очиж, уран бүтээлийнхээ эрч хүч, дотоод анир аниргүйг тэндээс, байгалиас л авдаг болсон.

Сургуулиа төгсөөд эхлээд тосон будгаар ажиллаж байсан бол дараа нь тосыг нүүрстэй хольж үзсэн. Тэр хольц маань аажмаар нарийн зураас болж, зураас маань цаашлаад үзгийн нарийн мөр, дараа нь утсаар илэрхийлэгдэх хэлбэр рүү шилжсэн. Утас нь сүүлдээ хатгамал болж, түүн дээр даавуу, торго, цаас, торон материал, ноос, ноолуур зэрэг өөр өөр зүйлс нэмэгдээд явсан. Нэг материал нөгөөгөө дагуулж, өмнөх зүйлээсээ дараагийн зүйл рүү шилжих байдлаар миний ажил өөрөө аажмаар баяжсан юм шиг санагддаг.

Учир нь материал бүр өөрийн гэсэн шинж чанар, өөрийн гэсэн төлөвтэй. Хүнээр зүйрлэвэл янз бүрийн зан ааштай хүмүүс шиг. Зарим материалтай яаж ажиллахаа олоход хэцүү, зарим нь өөрийн гэсэн техник бий болгох боломж өгдөг. Жишээлбэл, алтан мөнгөн утас амархан орооцолддог учраас түүнийг яаж татаж, яаж ажиллахаа олох өөрөө нэг процесс. Зарим даавуу сунадаг, зарим материал наахад салж унадаг. Тэгэхээр би эхлээд тухайн материалыг яаж ашиглах вэ гэж бодохоосоо өмнө өөрийг нь ойлгох хэрэгтэй болдог.

Тэгээд явсаар байгаад тэр материалуудын “аашийг” нь олж эхэлдэг. Материалын шинж чанарыг танина гэдэг миний хувьд нэг зүйлтэй учраа олж байгаа мэт санагддаг. Тэр утгаараа олон янзын ааштай хүмүүстэй харилцаж, бие биеэ ойлгохтой ч адилхан гэж боддог юм. Ер нь бид дандаа ямар нэгэн зүйлтэй харилцан оршиж байдаг. Тиймээс миний хувьд олон материалыг зэрэгцүүлж, тэдгээрийн хоорондын зүй тогтол, харилцааг нь олж харах нь чухал. Би материалуудыг зүгээр нэг хооронд нь нийлүүлээд байгаа биш, тус бүрийнх нь мөн чанарыг ойлгож, тэр хооронд ямар харилцаа үүсэж болохыг хайж буй хэрэг юм.”

“Аль хэдийн байсан зүйлээ л хайгаад байх шиг”

cover-9.jpg

Материал бүрийн онцлогийг таньж, тэдгээрийн хоорондын харилцааг ажиглах энэ үйл явц нь эцэстээ бүтээл хэрхэн төрдөг тухай өөр нэг асуултад хөтлөх аж. Учир нь түүний ярианаас уран бүтээл нь урьдчилан тогтоосон төлөвлөгөө байж болох ч  түүнээс илүүтэй, ажиллах явцдаа шинэ зүйл олж харах, өмнө нь төсөөлөөгүй чиглэл рүү шилжих боломжийг өөртөө үлдээдэг нь анзаарагдаж байлаа. Тэгвэл нэг бүтээл санаанаас бодит хэлбэрт шилжихдээ яг ямар замыг туулдаг бол?

“Би бүтээлээ хийхдээ эхнээс нь бүх зүйлийг яг таг төлөвлөхөөс илүү ерөнхий агуулгыг гаргадаг. Заримдаа нэг мэдрэмж, нэг дүр зураг, эсвэл материалын шинж чанар л эхлэл нь болдог. Тэгээд ажиллаж эхлэхээр тэр зүйл маань өөрөө дараагийн алхмаа чиглүүлж эхэлдэг. Нэг материалыг барьж үзэхэд дараа нь ямар материалаар хийх санаа нь орж ирнэ. Тэгэхээр би зөвхөн өөрийнхөө бодсон зүйлийг хэрэгжүүлээд байгаа биш, материалтайгаа хамт ажиллаж байгаа мэт мэдрэмж төрдөг. Заримдаа бүр бүтээл өөрөө намайг хаашаа явахыг хэлээд байгаа юм шиг.

Тийм болохоор би бүтээл хийхийг зөвхөн ямар нэгэн зүйл бүтээж байгаа үйл явц гэж боддоггүй. Харин өөрийнхөө анзаараагүй байсан зүйлсийг олж харах, материалын мөн чанарыг ойлгох, тэдгээрийн хоорондын холбоог мэдрэх нэг төрлийн танин мэдэхүйн ажил шиг зарим талаараа санагддаг. Нэг өнцгөөс харахад харагдахгүй байсан зүйл өөр материалаар ажиллахад нээгддэг. Нэг мэдрэмж өөр хэлбэрээр илэрдэг. Эргээд бодоход уран бүтээл туурвих нь миний хувьд ямар нэгэн эцсийн хариулт олох тухай биш юм байна. Харин асуулттайгаа хамт амьдарч, тэр асуултуудынхаа дундуур өөрийгөө, ертөнцийг, бусадтай харилцах харилцаагаа таньж мэдэх урт процесс юм шиг санагддаг.”

Өнгөрсөн, одоо, ирээдүйг холбох “мөчир”

Уран бүтээлийн явцад асуулттайгаа хамт байж, түүгээр дамжуулан өөрийгөө таних тухай яриа цаашлаад уран бүтээлчийн өөрийнх нь тухай нэгэн чухал асуулт руу хөтөлнө. Бид өөрсдийгөө хэр удаан олж нээдэг вэ, бас амьдралынхаа явцад өөрийгөө шинээр бий болгодог уу, эсвэл аль хэдийн дотор маань байсан зүйлээ таньж эхэлдэг үү? Энэ талаар Анунаран өөрийн туулсан эрэл хайгуул, өнөөдөр өөрийгөө хэрхэн ойлгодог болсон тухай ийн ярьсан юм.

cover-11.jpg

“Би өөрийгөө хайж явсан үе байсан. Сургуулиа төгссөний дараа “би хэн юм бэ?” гэж их бодож, өөрийгөө эрсэн. Харин одоо бодоход, магадгүй бид өөрийгөө шинээр бий болгоод байгаа юм биш, аль хэдийн байсан зүйлээ л хайгаад байдаг шиг санагдсан. Хүүхэд байхдаа хүн өөрийнхөө дотор байгаа тэр зүйлийг ямар нэгэн байдлаар мэдчихсэн байдаг.. Гэхдээ том болох тусам “үүнийг хөгжүүлэх хэрэгтэй”, “илүү сайжрах хэрэгтэй”, “илүү мундаг болох хэрэгтэй” гэсэн олон зүйлд хөтлөгдөөд явчихдаг. Карьер, амжилт, өөрийгөө улам сайжруулах гэсэн тэр бүх сэдэл биднийг урагшлуулдаг ч заримдаа анх байсан тэр цэвэр зүйлээсээ холдоход хүргэдэг..

Гэхдээ тэр зүйл ерөөсөө алга болчихдоггүй болов уу. Мөн чанар нь дотроо байж л байдаг. Харин түүнийг хаашаа чиглүүлж, яаж хөгжүүлж, ямар замаар авч явах вэ гэдэг нь бидний хэрхэн амьдарч, хэрхэн бүтээж байгаагаас хамаардаг байх. Тийм болохоор өөрийгөө танина гэдэг нэг өдөр гэнэт “энэ л би юм байна” гээд дуусчихдаг зүйл биш.

Намайг өнөөдрийн Анунаран болгож байгаа зүйл ч нэг л зүйлээр хязгаарлагдахгүй. Би өөрийгөө зөвхөн өөрийнхөө хүрээнд харах боломжгүй. Магадгүй тийм ч учраас би өөрийгөө нэг том модны жижигхэн мөчир шиг төсөөлдөг. Тэр модны дээр өвөг дээдэс минь, доор нь үр удам минь үргэлжилж байгаа. Би тэр бүхний дунд байгаа нэг жижигхэн хэсэг. Өнгөрсөн, одоо, ирээдүй бүгд хоорондоо холбоотой.”

Амьдрал болон уран бүтээлийн тэнцвэр

cover-17.jpg

Өөрийгөө танина гэдэг дотоод ертөнцөө ойлгохоор хязгаарлагдахгүй, амьдралдаа юунд хэр их зай гаргаж, юуг хэрхэн авч явж байгаагаа анзаарахтай ч холбоотой бололтой. Уран бүтээлч хүний хувьд энэ асуудал бүр ч нарийн. Бүтээлдээ үнэнч байхын зэрэгцээ өөрийнхөө амьдралын бусад хэсгийг хэрхэн авч явах вэ гэдэг асуулт үе үеийнхээ сонголтыг эргэн харахад хүргэнэ…

“Нөхөр маань ч бас уран бүтээлч хүн. Тийм болохоор бидний амьдралд урлаг гэдэг зүйл хоёулангийнх нь хувьд маш том байр суурь эзэлдэг. Уран бүтээлч байна гэдэг цагийн хуваарьтай, ажлаа дуусгаад гэртээ харьдаг оффис ажил шиг биш. Өөрийнхөө дотор байгаа зүйлтэй ажиллаж байгаа учраас заримдаа бүх анхаарал тийшээ чиглээд явчихдаг. Тэгээд эргээд харахаар амьдралынхаа нэг талд илүү их анхаарал хандуулчихсан байгаагаа анзаардаг.

Бид бүгд энэ амьдралд анх удаагаа л амьдарч байгаа хүмүүс. Тиймээс алдаа оноотой, заримдаа нэг тал руугаа хазайсан ч тэр дундаа амьдарч, суралцаад явж байгаа. Харин хамгийн чухал нь өөрийнхөө амьдралыг хааяа эргээд харах хэрэгтэй. Би яаж амьдарч байна вэ, юунд хэт их анхаараад, юуг орхигдуулж байна вэ гэдгээ үе үе өөрөөсөө асуух хэрэгтэй юм шиг. Хүний амьдрал богинохон. Тийм болохоор хожим эргээд харахад хэтэрхий их харамсахгүй байхаар замаа өөрөө анзаарч явах нь чухал байх.”

“Уран бүтээлч хүн хамгийн эхлээд хүн байх ёстой”

cover-16.jpg

Өмнөх бүтээлүүдээ эргэн харах тухай яриа цаашлаад уран бүтээлчийн өөрийнх нь тухай бодоход хүргэнэ. Бүтээл өөрчлөгдөхийн хэрээр түүнийг бүтээж байгаа хүн ч бас өөрийнхөө тухай шинэ зүйл олж харж, өмнө нь байсан ойлголтуудаа дахин эргэцүүлдэг. Тэгэхээр уран бүтээлч гэдэг ойлголтыг нэг тодорхойлолтоор тогтоох боломжтой юу гэдэг асуулт төрж байлаа.

“Миний хувьд уран бүтээлч хүн гэдэг нь хамгийн эхлээд хүн байх ёстой юм байна гэж боддог. Өнөө цагт уран бүтээлч ч гэхгүйгээр бид эхлээд хүн байж сурах нь чухал юм шиг. “Хүн байна” гэдэг нь нэг удаа очоод хүрчихдэг зүйл биш. Байнгын процесс дунд байж, өөрийнхөө оршихуй, бусадтайгаа харилцах харилцаа, ер нь хүн байх тухайгаа бодож явах зүйл байх. 

Уран бүтээлч хүнд хамгийн чухал зүйл юу вэ гэж бодохоор тууштай байдал, үнэнч байдал юм болов уу. Гэхдээ тэр нь өөрийгөө хүчээр “би тууштай байх ёстой”, “би үнэнч байх ёстой” гэж хурцалж байгаа зүйл биш. Хэрвээ хүн өөрийнхөө тэр зүйлийг зөв таньж, зөв мэдэрч чадвал аяндаа л тэр зүйлтэйгээ хамт явна. Тийм болохоор би өөрийгөө уран бүтээлч мөн үү, биш үү гэж нэг тодорхойлолтоор хэмжихээс илүү, тэр зүйлээ дотроо тээж байна уу гэдгээр нь ойлгохыг хичээдэг."

“Эмээ болсон ч уран бүтээлээ хиймээр байна”

cover-10.jpg

Ингээд харахад уран бүтээлийн замд “энэ нь сайн, тэр нь муу” гэж ялгаж үлдээхээс илүү хийсэн бүхэн нь дараагийн бүтээл рүү хөтөлдөг холбоос болж үлддэг бололтой. Өнгөрсөн бүтээлүүдээ тэрбээр өнөөдөр хэрхэн хардаг, тэдгээрээс юу авч үлдсэн нь түүний уран бүтээлийн замналын бас нэгэн сонирхолтой хэсэг байлаа.

“Нэг бүтээл дуусаад дараагийнх руугаа ордог тэр циклээс харахад би өөрийнхөө бүтээлүүдийг нэгийг нь онцолж, нөгөөг нь үгүйсгэж харах боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. Урьд нь би өөрөө бүтээлүүдээ сайн, муу гэж ангилж, эрэмбэлж харах тохиолдол байлаа. Гэхдээ тухайн бүтээл ямар нөхцөлд, ямар үед хийгдсэнээс шалтгаалаад түүний үнэ цэн өөрчлөгдөнө. Заримдаа нэг бүтээл тийм ч сайн биш юм шиг санагдаж болно. Гэхдээ тэр бүтээл дараагийн сайн бүтээлийг төрүүлэхэд түлхэц болж байдаг. Тэгэхээр юуг ч үгүйсгэж болохгүй. Өнөөдөр хийж байгаа зүйл маань дараагийн хийх зүйлийнхээ суурь болж үлддэг болохоор тэр.

Тиймээс хүн өөрийнхөө түүхийг зөвхөн хамгийн сайн болсон зүйлсээр нь товчилж болохгүй байх. Өмнө хийсэн зүйл бүр өнөөдрийн хаана ирэхэд ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Уран бүтээлчийн зам гэдэг нэг бүтээлээрээ өөрийгөө батлаад дуусчихдаг зүйл биш. Харин хийсэн зүйл бүрээсээ ямар нэгэн юм ойлгож, дараагийн асуулттайгаа хамт цааш явдаг процесс юм шиг санагддаг. Би эмээ  болсон ч бүтээлээ хийж байгаасай гэж боддог.”

Хариулт үргэлж бидний дотор бий…

cover-6.jpg

“Эрх чөлөө гэдэг ойлголтыг би өмнө нь арай өөрөөр ойлгодог байж. Гадагшаа явах, хүссэн зүйлээ хийх, өөрийнхөөрөө байх тухай л боддог байсан. Харин одоо бол эрх чөлөө гэдэг нь заавал тусдаа байх тухай биш юм байна гэдгийг ойлгосон. Ялангуяа уран бүтээлч хүний хувьд эрх чөлөө гэдэг нь бүтээх эрх чөлөө юм. Ямар нэгэн орон зай, формат дотор ч бай, эсвэл оюун санаандаа ч бай тухайн зүйлийг өөрийнхөөрөө төсөөлж, өөрийнхөөрөө мэдэрч, өөрийнхөөрөө гаргаж ирэх боломж.

Эцэст нь уран бүтээл, гэр бүл, материал, өөрийгөө хайх тэр бүх замын цаана нэг л зүйл рүү буцаж очдог юм шиг. Өөрийгөө сонсох…

“Эцэст нь, хүн өөрөөсөө өөрийгөө сонсож сурах хэрэгтэй юм шиг санагддаг. Магадгүй бүх хариултыг гаднаас хайгаад байх шаардлагагүй байх. Өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийг үнэхээр зөв таньж чадвал тэр мэдрэмж өөрөө юу зөв, юу буруу болохыг хэлээд өгдөг шиг. Тийм болохоор өөрийгөө сонсох хэрэгтэй. Өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийг анзаарах хэрэгтэй. Магадгүй бидний хайж байгаа олон хариулт угаасаа өөрсдийн маань дотор оршдог болов уу…”

Уран бүтээлч хүн гэж хэн бэ гэсэн асуултад тэрбээр өнөөдөр ч эцсийн хариулт өгөөгүй явна. Харин хүн байх, өөрийнхөө мөн чанарыг таних, түүндээ үнэнч үлдэх тухай эрэл нь түүний уран бүтээлтэй хамт үргэлжилж байна. Магадгүй түүний хувьд уран бүтээлч байх гэдэг нь өөрийгөө нэг нэрээр тодорхойлохоос илүү, тэр эрлийг насан туршдаа үргэлжлүүлэхийн нэр ажээ. Ийнхүү өөрийн доторх орон зайгаа хадгалж, ертөнцийг өөрийнхөөрөө мэдэрч, бүтээсээр явах хүсэлтэй уран бүтээлч Ж.Анунаран энэ удаа “Бидний нэг” боллоо. Нийтлэлийг уншиж мөн бидний нэг болсон уншигч танд талархъя. 

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.