УБ 13°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Бидний нэг 0%
Г.Номиндарь: Эргээд харахад өөрийгөө хэдий голдог ч гэсэн би өөртөө хайртай байсан
Бидний нэг
Нүүр хуудас / Бидний нэг / Г.Номиндарь: Эргээд харахад өөрийгөө хэдий голдог ч гэсэн би өөртөө хайртай байсан

Г.Номиндарь: Эргээд харахад өөрийгөө хэдий голдог ч гэсэн би өөртөө хайртай байсан

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.09.21 · 5 унших

Би жаахан байхдаа хээнцэр дэгжин хувцасласан, өндөр гоолиг нуруутай, ааш аяг зөөлөнтэй эмэгтэй хүнийг хараад “ямар гоё эгч вэ” хэмээн өөрийн эрхгүй харц унаган биширдэг байж билээ. Багаас минь сэтгэлд хоногшсон эмэгтэй хүний тэрхүү ховор нандин төрх, мэдрэмж том болохын хэрээр мартагдах дөхсөн ч, 2017 онд яг л тэрхүү дурсамжийг минь амилуулах нэгэн бүсгүйг олж харсан нь Номи байв. Түүний амьдралын нэгэн чухал бүлэг өндөрлөж, дараагийн цоо шинэ хуудас нээгдэх гэж буй энэ л цаг үед бид амьдралынх нь нандин түүхээс хуваалцахаар, дулаахан гэрт нь зочилсон билээ. Анхлан ороход гэрийн эзэд болох Номиндарь, Лола, Диана нар биднийг халуун дотноор угтан авч, амар амгалан ертөнцдөө урин тухлуулснаар бидний яриа эхэлсэн юм.

Берлинд өссөн охин

“Би Улаанбаатар хотын хоёрдугаар төрөхөд мэндэлсэн. Намайг жаахан байхад аав, ээж хоёр маань Берлинд оюутан байсан учраас би нэгдүгээр анги хүртлээ Берлинд аав ээжтэйгээ амьдарсан юм. Тухайн үед аав, ээж хоёр маань хорин нас дөнгөж гарч явсан залуухан хүмүүс байлаа. Аав ээж маань намайг аваад найзуудтайгаа нийлж аяллын машин түрээслээд, Европын олон хотуудаар аялж байсан түүхтэй. Хачирхалтай нь би жаахан байсан болоод ч тэр үү, тэр үеийн дурсамжаа сайн санадаггүй юм. Гэхдээ Парис зэрэг хотуудаар аялж байсан тэрхүү дурсамж гэрэл зурагт маш тод үлдсэн байдаг. Ер нь багадаа хоолонд муу, хоол иддэггүй гэрийнхнээ багагүй зовоодог хүүхэд байсан ч, төрөлхийн маш нээлттэй, нийтэч зантай байсан гэж ярьдаг юм.

Аав, ээж маань оюутан байсан учраас намайг хэсэг хугацаанд Монголд, өвөө эмээ дээр маань үлдээж байсан юм. Хөдөө мал ахуйтай, хашаа байшинд өнгөрүүлсэн тэр үеийн бүдэг бадаг дурсамжууд орж ирдэг. Би өвөө, эмээгээс гадна аав, ээжийнхээ дүү нар гээд л олон хүний гар дээр хүн болсон. Берлинд нэгдүгээр ангиа төгсөөд 7-8 настайдаа Монголд бүр мөсөн ирж, хоёрдугаар ангиасаа монгол сургуульд шууд орж байлаа. Тэр үед монголоор огт уншиж, бичиж чаддаггүй хүүхэд байсан хэр нь би ерөөсөө дотогшоо, бүрэг ичимхий байгаагүй. Бас тэр үеийнхээ дурсамжийг сайн санадаггүй ч гэсэн ээж аав хоёр их зураг авдаг хүмүүс байсан. Тэгээд тэр үеийн зургуудаа харахаар хальт дурсамж орж ирээд олон найзтай, их нийтэч хүүхэд байсан санагдаад байдаг юм.

Нийтэч, хурдан дасан зохицдог зан чанар минь магадгүй гэр бүлийн орчноос, ялангуяа аав, ээжээс минь өвлөгдсөн байх. Манай аав ээж хоёр маш нээлттэй, олон найз нөхөдтэй, олны дунд байж чаддаг хүмүүс. Ялангуяа манай аав маш нийтэч. Найзууд дунд нэг ямар ч хүнтэй гоё ярьчихдаг, амархан танилцаад дотносчихдог, хүмүүсийг хөгжөөдөг, чанга дуутай, хамт олноо манлайлдаг хүн байдаг даа. Тэр нь яг манай аав. Би ч бас тэр занг нь дуурайсан уу, одоог хүртэл хэзээ ч найз нөхдийн дутагдалд орж байсангүй. Хаана ч явсан хүмүүстэй танилцахаас санаа зовдоггүй, үргэлж өөрийнхөөрөө байж чаддаг. Одоогоор миний амьдралд жинхэнэ утгаараа ойлголцож, нөхөрлөж чаддаг гурван өөр группийн үнэ цэнтэй сайн найзууд бий.”

“Намайг хэр сайн найз болохыг миний найзууд л хамгийн сайн дүгнэж хэлэх байх…”

9.jpg

-Хүний амьдралд найз нөхдийн орон зай хэр чухал гэж та боддог вэ? 

-Найз нөхөдгүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй шүү дээ. Цөөхөн найзтай байгааг би муу гэж хэлэхгүй. Найзуудын тоо хэмжээ хамаагүй чанар л илүү чухал байх. Надад бол нэг чанартай 10 найз бол байгаа. Тэгээд 3 өөр төрлийн найзууд. Нэг нь бол яг 10 жилээсээ хойш 20 гаруй жил найзалж байгаа найзууд байна. Тэд нартайгаа дундуур нь зөндөө л муудаж сайндсан гэхдээ одоо бол маш гоё найзууд. Тэр найзууд маань намайг хүн болгосон юм шиг санагддаг. Багаас минь хамт байсан учраас намайг ямар хүүхэд байсныг, тэгээд ямар хүн болж дундуур нь өөрчлөгдсөн гээд бүгдийг нь мэднэ. Миний амьдралын түүхийг бүтэн мэддэг хүмүүс учраас итгэл даадаг. Үнэхээр хэцүү зүйл тулгараад, ярилцах шаардлагатай болбол хамгийн түрүүнд тэр найзууд руугаа ханддаг гэх үү дээ. Дараа нь их сургуульд ороод танилцсан, подкастын хамтрагч Сэндэр болон Тэргэл гэх хоёр найз маань байна. Бид бол яг л хобби, сонирхлоороо нийлсэн. Тэд намайг урлаг, гоо сайхан, мэдрэмжийн ертөнц рүү хөтөлж, миний бүтээлч сэтгэлгээ, урлагийн тархийг маш гоё задалж өгсөн их чухал хүмүүс. Бид гурав их ч зураг дарж гадуур явдаг байлаа.

Гурав дахь нь ажил дээр гараад танилцсан буюу амбиц, хүсэл тэмүүлэл, зорилгоороо нэгдсэн насанд хүрсэн үеийн найзууд маань. Ижилхэн алсын хараатай, өөрөөсөө илүү мундаг гэж хүндэлж, биширдэг хүмүүстэйгээ найзалсан нь надад маш их урам зориг болж , намайг хурцалж өгдөг юм. Ер нь ямар ч төрлийн найз байсан хамаагүй, хамгийн гол нь чамтай чин сэтгэлээ хуваалцаж чаддаг байх нь л яг найзуудын чухал үүрэг байх. Жинхэнэ найз зөвхөн жаргалтай цаг үед л хамт байдаг биш, гунигтай, хэцүү цагт ч хамт байдаг хүнийг хэлэх байх гэж боддог юм. Би өөрөө ч бас бусдын тийм л найз байхыг хичээдэг. Гэхдээ намайг хэр сайн найз болохыг миний найзууд л хамгийн сайн дүгнэж хэлэх байх даа.

Бид л төдийлөн анзаардаггүй болохоос аав, ээж, ах дүүсээс гадна бидний амьдралд маш том орон зай эзэлдэг хүмүүс бол яах аргагүй бидний найзууд. Хүн өөрийгөө ямар хүн бэ гэдгийг толинд бус, найзуудаасаа л олж харах боломжтой ч юм шиг. Номигийн яриаг сонсох зуур "амьдралын үе шат бүрд бид өөр өөр хүмүүстэй учирч, үлдэх нь үлдэж, явах нь явдаг даа" хэмээн эрхгүй эргэцүүллээ. Найзаасаа ихийг хүлээж суухын оронд эхлээд өөрөө сайн найз байх нь хамгаас чухал ажээ. Ийнхүү хайраар өлгийдүүлэн өссөн түүний бага насны дурсамжаас, эрэл хайгуул, өөрчлөлтөөр дүүрэн өсвөр үеийн түүхээр бидний яриа үргэлжилсэн юм.

Бусдын оронд өөрийгөө тавьж сурсан нь

“Өсвөр насандаа би нэг хэсэг найзуудаасаа хөндийрсөн юм. Эргээд бодоход би өөрөө л болохгүй, зан аашны хувьд хурц ширүүн байж дээ. Би өөрөө нэлээн түс тас, ширүүн үгтэй, хүлээцтэй биш, хэлэх гэснээ шууд л хэлчихдэг талдаа. Тэр үед яг тэр зан маань илүү тодорч, "чамтай чамгүй болно" гэсэн сонин ааш бий болж байсан шиг байгаа юм. Тэгээд зарим ярианаасаа болоод найзуудаа гомдоож, хэсэг хугацаанд найзгүй болоод өөрөөсөө тэс ондоо хүүхдүүдтэй ч нийлж үзсэн.

Нэг өдөр багын найзууд маань бүгдээрээ цуглаад надад "чи ингэж аашлаад байна, ийм болоод байна шүү" гээд аягүй хөөрхөн ойлгуулж хэлсэн юм. Тэр үед би өөрийгөө үнэхээр эвдрээд байгаагаа ойлгож, "би ийм хүн байж болохгүй юм байна, бусдад сайхан сэтгэлээр хандаж, гоё хүн байх хэрэгтэй юм байна" гэдгийг ухаарсан үеүдийн нэг. Арван жилдээ анимэ, манга их уншдаг, комик зурах дуртай байсан болохоор өөрийгөө уйлж байгаагаар зураад, "намайг уучлаарай найзууд аа" гээд комикоор дамжуулан найзуудаасаа уучлалт гуйж эвлэрч байлаа. Энэ түүх надад “хүнд хэлж ярих үгээ бодож байх хэрэгтэй, хүн бас гомддог шүү” гэдгийг ойлгуулсан, том сургамж болж үлдсэн юм шиг санагддаг юм. Одоо ч ялгаагүй түс тас зантай ч гэсэн хэлэхээсээ өмнө бодож байгаад дуугардаг, “зарим зүйлийг заавал хэлэх шаардлагагүй шүү дээ” гэж бодох хэмжээнд ирсэн байна.” 

12.jpg

“Бид аав ээж, өвөө эмээ, ах эгч гээд гурван өрөө байранд наймуулаа амьдардаг байлаа. Ганцаараа өсөж үзээгүй болохоор тэр бужигнасан амьдрал надад чухлаар нөлөөлсөн л байх гэж боддог юм. Тэгээд бүгд л надад үнэхээр хайртай байсан.  Олон хүний хайранд өсөх нь бас эргээд хүнийг хайрлах сэтгэл, мэдрэмжийг төрүүлдэг байх. Манай аав ээж, ах эгч гээч бүгдээрээ л залуу хүмүүс байсан. Өвөө эмээ ч гэсэн өөрсдийнхөө байранд хамаг үр хүүхэд, ач зээтэйгээ байх дуртай ч байсан юм уу, үгүй ч юм бил үү, мэдэхгүй шүү дээ. Эмээ найман хүний хоол хийгээд л, ээж гэр орноо цэвэрлээд л хэцүү үеүд бол байсан л байх. Гэхдээ олуулаа өсөхийн давуу тал гэвэл нэг их хүнээс төвөгшөөдөггүй, хүмүүсийг ойлгодог, янз бүрийн амьдрал байдаг шүү гэж мэддэг болж өссөн юм шиг ээ. 

Одоо бодсон чинь тэр амьдрал надад нэг их хүнд санагдаагүй юм шиг байна. Ямар олуулаа байсан юм бэ, гэж бодож байгаа боловч хүүхдийн хувьд бол олуулаа тоглоод л, бужигнаад л гоё л байж. Аав ээжид ямар санагддаг байсан юм бол доо? Хэцүү л байдаг байсан байх даа…” 

-Одоо бүгдээрээ тусдаа амьдарч байна уу? 

-Одоо манай аав ээж хоёр тусдаа, ах эгч хоёр тусдаа сайхан амьдарч байгаа. Би ч бас гоё л байна. Ямар ч байсан энэ бүх амьдралын хэсгүүд одоогийн намайг бүтээхэд ямар нэг байдлаар нөлөөлсөн л байж таараа. Гэхдээ ямар нэгэн зүйлийг өөрчилмөөргүй байна. Эргээд бодоход тэр амьдрал, өссөн орчин минь сайхан байжээ гэж бодогдож байна даа. 

“Би гэртээ л очих дуртай”

5.jpg

“Дүүтэйгээ хаалгагүй нэг өрөөнд амьдардаг байсан болохоор жижигхэн ч гэсэн хамаагүй өөрийн гэсэн өрөөтэй болох нь миний хамгийн том мөрөөдөл байв. 21 насандаа найз залуутай болж нэлээн удаан хамт амьдарсан. Тэр үед бас л өөрийн гэсэн орон зай үгүйлэгддэг байлаа. Тэгээд олон жилийн үерхлээ дуусгаж, 28 насандаа анх удаа тусдаа гарч гурван найзтайгаа байр түрээсэлж, анх удаа жижигхэн ч гэсэн өөрийн гэсэн өрөөтэй болж билээ. Тэнд л би ханан дээрээ дуртай зургаа нааж, өөрийн гэсэн орон зайгаа бүтээхийн сайхныг мэдэрсэн. Найзуудтайгаа инээлдэж, муудалцаж, эвлэрч өнгөрүүлсэн тэр хоёр жил надад ихийг сургаж илүү том зорилго өөд хөтөлсөн юм. 

Энэ хугацаанд би хичээнгүйлэн ажиллаж, азаар ипотекийн зээлд хамрагдан одоогийн байрандаа орж, дуртай өнгө будгаараа шал, тааз, плита гээд л гэрээ 100 хувь өөрийнхөөрөө тохижуулж чадсан. Миний хувьд гэр бол маш чухал байр суурь эзэлдэг миний хамгийн их цагаа өнгөрүүлдэг хайртай газар минь. Тиймээс ч ихэнх цагаа өнгөрөөдөг орон зайгаа хүмүүс тэгсхийгээд хаячхаж болохгүй юм шиг санагдаад байдаг юм. Чиний гэр чамд аз жаргал өгдөг орон зай байх ёстой шүү дээ. Хүмүүс “таны хамгийн очих дуртай газар хаана вэ” гэдэг л юм. Би гэртээ л очих дуртай. Би гэрийнхээ өнцөг булан бүрээс бяцхан аз жаргал мэдэрч, допамин ялгарч байгаа юм шиг санагддаг. Чамд ямар өнгө таалагддаг, ямар зураг, ургамал аз жаргал өгдөг гээд л түүгээрээ гэртээ өөрийгөө хүрээлүүлж, өөрөө өөрийнхөө орон зайг бүтээх хэрэгтэй юм билээ.”

Гэр бол бидний өөрийнхөөрөө байж, амарч, дотоод эрч хүчээ цэнэглэж чаддаг хамгийн нандин орон зай билээ. Тэр ч утгаараа хувийн орон зайдаа хэн нэгнийг урина гэдэг нэг талаар маш зоригтой алхам мэт. Гэвч бид Номигийн тэрхүү өнгөлөг бөгөөд амар амгалан ертөнцөд ярилцан сууна.

Орц руу ороход л үлгэрийн кинон дээр гардаг шиг ногоон өнгөтэй лифт, хуучны 9 давхар байрны дотно мэдрэмж биднийг угтав. Лифтээ хүртэл тусгайлан будчихсан юм уу гэлтэй дэндүү чамин, өнгөлөг уур амьсгалтай. Түүний хувьд гэр нь маш чухал байр суурь эзэлдэг атлаа хоёр хөөрхөн мууртайгаа хамт биднийг дэндүү халуун дулаанаар угтан авч, үнэ цэнтэй орон зайдаа нээлттэй урьж ярилцсанд нь гүнээ талархнам.

Ярианы дундуур орчин тойрноо ажин харвал яг л жижигхэн уран зургийн галерейд зочилсон мэт өвөрмөц зураг, постерууд ханаар дүүрэн өлгөөтэй харагдана. "Монгол уран бүтээлчдээ дэмжих дуртай" хэмээн ярих түүний гэрээс Монголын олон авьяаслаг уран бүтээлчдийн бүтээлийг олж харж болохоор байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Монголын урлаг, дизайны түүхийг өгүүлэх ховор нандин олон бүтээл түүний гэрт  хадгалагдан үлдэнэ гэдэгт би лав хувьдаа эргэлзэхгүй байна.

“Гэрт минь байх бүх зүйл өөрийн гэсэн түүхтэй, утга учиртай. Магадгүй одоо л би энэхүү нандин орон зайгаа, өөрийнхөө ертөнцийг бусадтай хуваалцахад бэлэн болсон байх. Эсвэл үгүй ч байж магадгүй…”. “Бидний нууц 300” сэтгүүлийн хэсгээс.

18-1.jpg

Аливаа зүйл эхэлсэн бол дуусах жамтай…

Нэг газартаа дөрвөн жил ажилласны дараа “чи одоо нэг шинэ зүйл туршиж үзэх хэрэгтэй юм биш үү?” гэх дотоод дуу хоолойгоо даган, зоригтой алхам хийсэн тэр л мөчөөс түүний амьдралын цоо шинэ хуудас эхэлжээ. Тэрхүү шийдвэр бол “Бидний нууц подкаст” байлаа. Кофе шопын жижигхэн уулзалтын өрөөнд анхны дугаараа бичиж суухдаа Монголд подкастын шинэ соёлыг түгээж, залуусын сонсох дуртай подкастын эзэд болно гэдгээ хэн нь ч төсөөлөөгүй явлаа.

Ямар нэгэн зүйл эхэлсэн бол зохих цагтаа дуусах ёстой гэж би боддог. Подкаст бол яг хүрэх ёстой оргилдоо хүрчихсэн юм шиг санагдаад, дуусгахаар  шийдсэн. Хэн ч сонсохоо болиод, мартагдсан хойно нь дуусгаснаас "өө, яагаад больж байгаа юм бэ?" гэж харамсах хүнтэй байгаа дээр нь өндөрлөх нь бидэнд илүү утга учиртай санагдсан юм. Тиймээс бид хоёр бараг жилийн өмнөөс "300 дахь дугаараа хийгээд подкастаа дуусгая" гэж ярилцаад, зарласан. 

6.jpg

“Анх бид хоёр 20, 21-тэй жоохон байхдаа подкастаа эхлүүлж байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам бид том болж, төлөвшсөн ч подкаст маань илүү залуу, хүүхэд шиг илэрхийлэмжтэй хэвээр байсан гэх үү дээ. Тэгэхээр миний одоо байгаа төрх, подкаст дээрх Номитой зөрчилдөөд эхэлсэн. Сүүлдээ хуучин өөртэйгөө тааруулах гэж өөрийгөө хүчлээд байгаа мэт санагдах болсон нь подкастаа өндөрлөх томоохон шалтгаануудын нэг болсон. Сүүлдээ үзэлт ч багассан. Сэндэр бид хоёрын нөхөрлөлийн хувьд ямар ч асуудал байхгүй, бид найзуудаараа л үлдэнэ. Гагцхүү цаг хугацааны хувьд дуусгах ёстой, өөртөө цаг гаргах ёстой яг зөв үе нь ирсэн гэж бодож байна.

Подкаст эхлүүлснээс хойш миний амьдралд маш олон шинэ боломжууд нээгдсэн. "Daily Show" хөтөлж, "20 минутын хот" зэрэг төслүүд дээр ажилласан маань бүгд л подкасттай ямар нэг байдлаар холбоотой байж таараа. Долоон жилийн өмнө "подкаст хийе" гэж зориглосон тэр шийдвэрээс энэ бүхэн эхэлсэн гэж бодохоор үнэхээр итгэмээргүй санагддаг юм. Тиймээс ямар нэгэн зүйл хийх үү, яах вэ гэж эргэлзэж суугаа хүн байвал би "зүгээр шууд эхэл” л гэж хэлнэ. Заавал эхнээс нь төгс юм хийх гэж хүчлэх хэрэггүй түүнийг чинь дундуур нь сайжруулах боложтой байхгүй юу. Подкаст хийх шийдвэр гаргасан нь миний амьдралын хамгийн зөв, чухал алхмуудын нэг байсан. Энэ хүртэл сонсож, дэмжиж ирсэн бүх хүмүүстээ үргэлж баярлаж, талархаж явдаг даа.”

Архитектор Номи гэж хэн бэ? 

17.jpg

Түүний олон жилийн подкастын аялал өндөрлөж, халгиж цалгим их дурсамж, олдсон боломж бүрээ ашиглаж чадсан гайхалтай он жилүүд ийнхүү ард үлдлээ. Гэвч тэр бол контент бүтээгч биш, харин 10 гаруй жил архитектур, зураг төслийн салбарт хүч сорьж яваа чадварлаг архитектор юм. Түүний мэдлэг, чадвар зөвхөн подкастаар хязгаарлагдахгүй ээ. Мэргэжилдээ чин сэтгэлээсээ хайртай, цаашид Улаанбаатар хотын архитектурын салбарт томоохон өөрчлөлт хийхээр зорьж буй тэрбээр амьдралаа архитектор хэмээх үндсэн мэргэжлээрээ дахин шинээр эхлэхээр зэхэж байх шиг санагдав.

“Анх би Pixar-т анимэйшн хийдэг хүн болно гэж том мөрөөддөг байлаа. Гэтэл аав ээж хоёр маань барилгын инженер хүмүүс болохоор “архитектоур гэж гоё мэргэжил байдаг юм, зураг зурдаг” гээд хэлчихгүй юу, надад. Тэгээд л би жаахан судалж үзээд “зураг зурдаг, байшин барьдаг хүн юм байна” гэж бодоод сонгосон ч сурч байх явцдаа л мэргэжлээ илүү ойлгож эхэлсэн. Азаар мэргэжил минь надад таалагдаад мэргэжилдээ дурлаж төгссөн дөө. Зураг зурах бол манай мэргэжлийн өчүүхэн хэсэг нь. Яг инженер суурьтай, урлагийн гоо зүйн мэдрэмжтэй байхыг шаарддаг. Монголд бас дутуу үнэлэгддэг мэргэжил юм шиг санагддаг л юм. Гэхдээ би архитектор гэдгээрээ маш их бахархдаг. 

Сургуулиа төгсөөд нэг хувийн компанид долоон жил ажилласан болохоор тухтай бүсдээ хэтэрхий дасаад зоригтой алхам хийж чадахгүй болсон юм шиг санагдсан. Тиймээс өөрийгөө шинэ зүйлд сорихоор шийдэж, улсын байгууллага буюу "20 минутын хот" төслийн Үндэсний хороонд ажиллаж үзэхээр шийдсэн юм. Барилгын зураг төсөл хийдэг, архитектор хүн гэнэт хот төлөвлөлт, бодлогын түвшинд ажиллах маш шинэлэг бас сонирхолтой байсан. Удалгүй төсөл маань зогсож, “дахиж улсад ажиллахгүй” гэж бодож байтал "COP17" хурлын төсөл дээр ажиллах санал ирсэн юм. Бас л оролдоод үзье гэж бодоод орсон чинь төслийн менежмент гээд цоо шинэ салбар луу яваад орчихсон. Тэгээд тэндээс “би үүнийг чадна, үүнийг чадахгүй юм байна, тиймээс сурмаар юм байна” гэдгээ ойлгож эхэлсэн. “20 минутын хот” дээр ажиллаж байхдаа “хот төлөвлөлтөөр сурах хэрэгтэй юм байна” гэж бодсон бол "COP17"-д ажиллаад ер нь “төслийн менежерээр сурвал бас сонирхолтой юм байна” ч гэж бодсон. Сурвал нэгэнт 2-3 жил зарцуулахаас хойш архитектур, хот төлөвлөлт, эсвэл төслийн менежмент гэсэн гурван чиглэлийн аль нэгээр нь заавал суралцана гэж төлөвлөж байна даа.

Одоогоор бүх төслүүдээ дуусгаад, хоёр найзтайгаа хамтран "Steppe Futurism" студиэ байгуулаад байна. Бид том хэмжээний хот төлөвлөлтийн асуудал ярихаас илүү, жижиг боловч нийгэмдээ бодит үр дүн үзүүлэх, утга учиртай архитектурын шийдлүүд дээр анхаарна гэж зорьж байгаа юм. Жишээлбэл, Монгол архитектур гэж юу вэ? хөдөө орон нутгийн ариун цэврийн байгууламжийг хэрхэн шийдэх боломжтой вэ? гэх мэт амьдарч буй  орчноо илүү сайжруулах, Улаанбаатар хотоо илүү гоё болгох тал руугаа төвлөрнө. Нэг сар амарчхаад арван сараас энэ ажилдаа ханцуй шамлан орно доо.” 

9.jpg

-Олон хотоор аялж үзсэн хүний хувьд манай хотын бусдаас ялгарах онцлог нь юу гэж та хардаг вэ?

-Өндөр шилэн барилга бол архитектур биш шүү дээ. Бид хуучин барилгуудаа үнэ цэнгүйд тооцож, шууд нураачихдаг нь харамсалтай. Хот бүр өөр өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрхтэй байдаг. Жишээлбэл, Камбож гэхэд л цахилгааны утаснууд нь орооцолдож, хүмүүс бужигнасан асар замбараагүй хэр нь, тэр нь өөрийнх нь характер болчихсон байдаг. Харин Шанхай өндөр өндөр барилга, гүүрнүүдээс нь л өндөр хөгжилтэй хот гэдэг нь харагддаг бол Токио хөл хөдөлгөөн ихтэй, завгүй амьдрал буцалсан хот байдаг. Харин Улаанбаатар хот маань ямар характертай, ямар онцлогтой хот вэ гэдэг нь жаахан тодорхойгүй. Нэг өнцгөөс нь харахад Солонгос ч юм шиг, нөгөө талаас нь харахаар Орос ч юм шиг харагдах жишээний. Бид хотынхоо мөн чанарыг олж, яг ямар хот вэ гэдгийг зөв тодорхойлох нь хамгийн чухал.

Миний бодлоор бидний онцлог бол "гэр хороолол". Өөр хаана ч байхгүй энэ дүр төрхийг бид сул тал гэж харахаасаа илүүтэй, хэрхэн давуу тал, боломж болгож болох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй байх. Мэдээж утаа, цэвэр, бохир усны асуудлууд байгаа ч, тэдгээрийг шийдэж чадвал гэр хороолол нь Улаанбаатарын хамгийн онцгой, дахин давтагдашгүй мөн чанар болох боломжтой. Би Бразилын Рио де Жанейрогийн ядуусын хорооллыг харж байсан. Уулын бэлээс эхлээд орой хүртэл битүү баригдсан тэр хороололд хэцүү амьдрал байгаа л байх, гэхдээ харагдах байдлаараа бол үнэхээр гайхалтай, маш хүчтэй характертай хот байсан. Бид ч гэсэн гэр хорооллоо илүү үнэ цэнтэй орчин болгох боломжтой гэж хардаг.

-Архитектор болсноор таны аливааг харах өнцөг, хувь хүний хувьд ямар өөрчлөлт гарсан гэж боддог вэ?

-Архитектор болсноос хойш аливаа зүйлийн царай зүс, өнгө төрх, деталь хэсгүүдийг нь илүүтэй анзаарч хардаг болсон гэж боддог юм. Энд тэнд очихдоо "Үүнийг яаж хийсэн юм бол? Юугаар, яаж барьсан юм бол?" гэж сонирхоод л, материалд нь өөрийн эрхгүй хүрч, барьж үзээд л, нэг тийм сониуч зан суучихдаг юм билээ.

Хүмүүсийг ер нь гоо зүйн өндөр мэдрэмжтэй байгаасай гэж хүсдэг юм. Сайхан зүйлийг хараад гоо зүйг нь мэдэрч чаддаг, дизайн гэдэг зүйл бидний амьдралд ямар чухал үнэ цэнтэйг үнэлдэг хүмүүс олон болоосой. Аливаа барилга, бүтээн байгуулалтад зүгээр л "нурахгүй л байвал болоо" гэсэн хайхрамжгүй өнцгөөс битгий хандаасай л гэж хүсдэг дээ.

Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь

3.jpg

“Олон жилийн дараа эргээд харахад амжилттай хүмүүсийн хажууд би тийм ч мундаг хүн биш ч гэлээ, өөрийнхөө хэмжээнд боломжийн л явж байгаа гэж боддог юм. Харин одоо өөртөө жаахан цаг зав гаргаж, юу ч хийхгүйгээр дэмий суух цаг гаргах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Байнга завгүй гүйгээд байхаар юм бодох, мөрөөдөх ч завгүй болчихдог юм билээ. Би одоо ингээд яриад сууж байгаа нь хүртэл зүгээр л бодож суудаг болохоор гарч байгаа гэх юм уу даа. Ингээд эргээд амьдралаа дүгнээд ярихаар "овоо их зүйл хийж амжуулжээ" гэж бодогдох ч, нөгөө талаараа "юу ч хийж амжаагүй юм биш үү" гэх эргэлзээ ч төрдөг юм. Подкаст хийдэг байсан маань өөрийгөө илүү сайн ойлгож, өөр өөртэйгөө ярилцаж сурахад минь бас их нөлөөлсөн.

Одоогийн байдлаар бүх ажлаасаа гарчихсан байгаа болохоор ирээдүйнхээ талаар их л бодож байна. Ярьж байгаа зорилго, төслүүдээ ажил хэрэг болгохгүй бол болохгүй гэдгийг маш сайн ойлгож байгаа. Тиймээс цаашдаа өөрийнхөө үндсэн мэргэжилд илүү төвлөрч, хотдоо, нийгэмдээ тустай ажлуудыг бодитоор хийнэ дээ л гэж зорьж байна даа. 

-Та ер нь өөртөө хэр хатуу ханддаг хүн бэ, одоо өөрөө өөрийгөө хангалттай хүлээн зөвшөөрч сурсан биз дээ?

-Англи хэлний "insecure" гэдэг үгийг би монгол руу яг таг орчуулж чаддаггүй юм аа. Яг "өөртөө итгэлгүй байх” бол бас биш. Цаанаасаа нэг өөрийгөө мөнхийн дутуу гэж мэдэрдэг эмзэглэлийг хэлээд байх шиг санагддаг. Би 18 настай байхдаа яг л тийм мэдрэмжтэй байсан. Түүнийгээ нуухын тулд хэн нэгэн намайг шоолох ч юм уу, тиймэрхүү үйлдэл гаргавал их хурц хариу үйлдэл үзүүлдэг. Өөртөө итгэлтэй мөртөө “бусад хүмүүс намайг юу ч чадахгүй гээд бодчих вий дээ” гэдэг дарамттай явсан үе бий.

Ялангуяа эмэгтэй хүний хувьд царай зүс, биеийн галбир гээд гадаад төрхтэй холбоотой энэ дутуугийн мэдрэмж асар их нөлөөлдөг шүү дээ. "Би тарган байна, эсвэл хэт туранхай байна, царай муутай байна" гэх мэт эдгээр мэдрэмжүүд эмэгтэй хүнийг байнгын тайван бус байлгадаг юм шиг санагддаг. Би ч гэсэн тийм асуудалтай л байсан. Гэхдээ эргээд харахаар өөрийгөө хэдий голдог ч гэсэн би өөртөө хайртай байсан. 

Хамгийн хачин нь би өөрөөсөө илүү мундаг эмэгтэй хүн харахаар "би энэ хүнээс бүх юмаараа дутуу” гэсэн нэг тийм ялагдчихсан юм шиг мэдрэмж төрдөг байж билээ. Одоо бол харьцангуй тайван болсон шүү. Нас ахиад, төлөвших тусам тэр бүхнээс үнэхээр залхдаг юм байна. Сүүлдээ "миний байгаа нь л энэ шүү дээ" гэж бусдын бодол хийгээд өөртөө тавьсан хэт өндөр шаардлагуудаа хаяж өөрийгөө хангалттай хүлээн зөвшөөрч сурчээ.

16.jpg

Номиндарь гэх хувь хүн өдгөө бидний сайн мэдэх нэгэн болж хувирчээ. Гэхдээ түүний бодол мэдрэмж хэн нэгнээс хамааралтай байж, нэгэн хэв шинжид үл хүлэгдэнэ. Ярилцах тусам тэр туулсан бүхнээ нухацтай дүгнэж “одоо яана даа” эсвэл “мэдэх юм алга” гэж эргэлзэж тээнэгэлзсэнгүй. Үргэлж дараагийн алхмаа тооцоолж, шинэ зүйлд тэмүүлж яваа нь илэрхий харагдана. Тэрбээр амьдралынхаа нэгэн бүлгийг төгсгөж, дахин шинэ бүлэг эхлэх гэж буй маш чухал мөчдөө бидэнтэй ярилцан суух шиг санагдлаа. Ийм нэгэн өөрийгөө хайж яваа мэт болов ч, аль хэдийн өөрийгөө олж, хэн хүнээс илүү өөрийгөө сайтар таньж мэдсэн нэгэн өвөрмөц ертөнц энэ удаа бидний нэг боллоо. Ярилцлагыг уншиж мөн бидний нэг болсон уншигч танд талархъя!

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.