Хүүхэд шуугьсан сургуулийн үүдээр ороход ажил амьдралын стресс бухимдал мартагдах шиг дулаан мэдрэмж төрнө. Сургуулийн хонх тачигнатал жингэнэхийн оронд сонгодог хөгжмөөр эгшиглэх нь урьд хожид үзээгүй содон дүр зураг байлаа. Юунд ч юм яарах, бухимдах шаардлага байхгүй зөвхөн үг бүтээж, тоо бодож л сурахын төлөө бүгд хичээх энэ орчинд бидний ээлжит нэгэн зочин хүлээн суугаа. Тэр бол 161 дүгээр сургуулийн 4в ангийн багш Ч.Отгонцэцэг. Бидний нэг булангийнхаа энэ удаагийн дугаарт бид 200 гаруй хүүхдэд А үсэг заасан бага ангийн багшийг онцоллоо.
“Шавь нараа хараад л цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг болохыг ойлгодог”
“Би бага ангийн багш мэргэжлээр ажиллаад 16 дахь жилтэйгээ золгож байна. Би багаасаа л багш болно гэж боддог байсан. Намайг бага ангид сурч байхад манай ангийг шинээр ирсэн залуухан багш авч байсан юм. Тэр багшийгаа хараад “би ч гэсэн нэг л өдөр ийм багш болно доо” гэж мөрөөддөг байлаа. Хүүхдүүдтэй тоглохдоо хүртэл дандаа багш болж тоглодог. Тиймээс ч бага насныхаа мөрөөдлийг биелүүлж багш болсон гэж боддог юм.
Одоогийн анги маань миний дааж авсан дөрөв дэх анги. Анхны шавь нар минь одоо 26 настай, харин дараагийн төгсгөсөн ангийнхан маань их сургуулийн хоёрдугаар түвшинд сурч байна. Үүний дараах шавь нар маань дунд, ахлах ангийн сурагчид болжээ. Шавь нараа хараад л цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг болохыг сайн ойлгодог юм. Манай багшийн анхны шавь нар нь бид байсан юм. Бид ангиараа одоо хүртэл уулзаж, холбоотой байдаг. Багадаа багшийнхаа хүүхдийн төрсөн өдөрт хүртэл ангиараа очдог, гэр бүл шиг дотно байлаа. Багш минь бусдын хүүхдийг өөрийн хүүхэд шиг хайрладаг, сайхан сэтгэлтэй хүн бий.”
Түүний багш болох мөрөөдөл бага наснаас нь эхэлжээ. Харин тэр мөрөөдлийг тээж явсан даруу төлөв зантай жаахан охин ямар орчинд өсөж, ямар хүүхэд байсан бол гэдэг асуултад хөтлөгдөн бидний ярилцлага цааш үргэлжиллээ.
Аавын эрх охин
“Би Төв аймгийн Заамар суманд, тухайн үеийн Заамар цогцолбор сургуулийн харьяа Хайлаастын сургуульд бага ангиа төгссөн. Намайг сурч байх үед нэгээс дөрөвдүгээр анги хүртэл бага анги гэж тооцогддог байсан үе л дээ. Манайх эхээс наймуулаа, гурван охин, таван хүүтэй айл. Би доороо ганц эрэгтэй дүүтэй, айлын 7 дахь хүүхэд. Багадаа их дуугүй, даруухан хүүхэд байсан юм. Олуулаа болохоор би хоолноосоо хоцорчихдог, ээж маань надад тусад нь хоол хийж өгдөг байсан гэж манайхан ярьдаг юм.

Зан аашны хувьд би ээжийгээ илүү дуурайсан байх гэж боддог. Аав минь намайг найман настай байхад бурхан болсон. Гэхдээ аавтайгаа өнгөрүүлсэн бага насны дурсамжууд сэтгэлд минь их тод үлджээ. Би аавтайгаа их дотно байсан л даа. Аавтайгаа хамт хониндоо явна. Тэр үед аав надад янз бүрийн ургамал зааж өгнө. “Энэ ямар өвс вэ, ямар ургамал вэ” гэдгийг тайлбарлаж өгдөг байсан тэр мөч миний хамгийн нандин дурсамжийн нэг болон үлдсэн байна.
Дунд, ахлах ангидаа ч даруухан, нөхөрсөг, цөөн хэдхэн л дотнын найзтай хүүхэд байсан. Бага ангид байхдаа математикийн хичээлдээ их дуртай байлаа. Харин дунд ангид ороод хэл, уран зохиолын хичээлдээ илүү сонирхолтой болсон.”
Ах, дүү олуулаа бужигнаж өссөн түүний бага нас хөдөө нутгийн хүүхэд багачуудын нэгэн адил хонины бэлчээр, сургуулийн ширээнд дурсамжаар дүүрэн өнгөрчээ. Монгол хэл, уран зохиолын хичээлдээ онц сонирхолтой түүний эрдэм сурахаар хотыг зорих өдөр нэгэнт ирлээ.
“Анх 2007 онд оюутан болж Улаанбаатар хотод ирж байлаа. Тэр үед надад бүх зүйл шинэ санагдаж билээ. Азаар надаас гурван насаар илүү эгч минь түрүүлж оюутан болсон учраас автобусанд хэрхэн суух, хотод яаж зорчих гээд олон зүйлд тусалж, шинэ орчиндоо дасахад минь чиглүүлж өгсөн. Мөн монгол бичигтээ сайн байсан учраас их сургуулийн дөрөвдүгээр курстээ монгол хэл, уран зохиолын чиглэлийн хичээлүүдийг сонгон, гүнзгийрүүлж судалсан. Их сургуулийн багш нараасаа ч их үлгэр дуурайл авсан гэж боддог. Оюутан байхдаа анхны хүүхдээ өлгийдөн ээж болж байлаа. Миний хувьд оюутны 4 жил юу юугүй л өнгөрчихсөн дөө. Дөнгөж төрсөн нялх биетэй л шалгалтаа өгч байлаа.”
“Багш хүн хүүхдэд хайртай байх ёстой”
Шинэ төгссөн залуу багшийн ажил эхэндээ амар байсангүй. Их сургуульд багшлах дадлага хийдэг ч бодит амьдрал дээр өөрийн гэсэн ангитай, олон хүүхдийн өмнө өдөр бүр зогсож хичээл заах нь огт өөр зүйл байсан аж.
“Их сургуулиа төгсөөд би 3, 4 дүгээр хорооллын “Оюуны-Ундраа” цогцолбор сургуульд анх ажлын гараагаа эхэлж байсан юм. Тэнд 12 жил багшилж, гурван анги төгсгөсөн. Тухайн үед бага ангийн сургалт хөндлөн тогтолцоотой байсан учраас би ормогцоо дөрөвдүгээр анги авч, дараа жил нь төгсгөж байлаа.

Ажил дээр гараад би зөвхөн онолын мэдлэгтэй байх нь хангалтгүй юм байна гэдгийг ойлгосон. Хүүхдэд мэддэг зүйлээ яаж ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх вэ гэдэг хамгийн чухал юм байна лээ. Өөрөө маш их мэдлэгтэй атлаа хүүхдүүддээ өгөөжтэй байдлаар заан ойлгуулж чаддаггүй багш байдаг. Би тийм багш болохгүй байхыг л хичээсэн юм. Аз болоход тухайн үед залуу багш нарыг ахмад багш нар зөвлөн чиглүүлдэг байлаа. Надад Сүглэгмаа гэдэг багш минь их тусалж, намайг их дэмждэг байв. Ахмад багш нараасаа ажлын талбар дээр багшлах арга барилын олон арга ухааныг сурсан даа.
Багш хүн юун түрүүнд хүүхдэд хайртай байх ёстой гэж би хэлмээр байна. Миний бодлоор хүүхэдтэй ажиллахын хамгийн сайхан зүйл бол тэдний энерги. Өнөөдөр багшдаа гомдсон, зэмлүүлсэн хүүхэд маргааш нь инээгээд л орж ирдэг. Том хүмүүс шиг өчигдрийн асуудлаа удаан хадгалаад байхгүй шүү дээ. Бага ангийн багш нар хүүхдүүдийн энэ энергиэс их эрч хүч авдаг. Үеийнхэнтэйгээ уулзахад хүртэл биднийг арай залуу харагддаг гэж ярьдаг нь ч мэргэжлийн онцлогтой л холбоотой байх.
Гэхдээ таван жил хамт байсан хүүхдүүдээ төгсгөх үнэхээр амаргүй. Тавдугаар анги төгсгөсөн хүүхдүүд маань том хүмүүс шиг санагдаж байхад дараагийн нэгдүгээр ангийн хүүхдүүд маш балчир харагддаг юм. Бас шавь нараа их санана. Хүүхдүүд ч дунд ангид дөнгөж орчхоод “Багшаа санаад байна” гээд гүйгээд ирнэ шүү дээ. Шавь нар минь “Багш аа, би тань шиг хүн болно” гэж хэлэхийг сонсохоор маш их баярладаг. Тиймээс би илүү хичээж, үнэхээр сайн хүн болох ёстой юм байна гэсэн бодол төрдөг.
Гэртээ очоод би хүүхдүүдийнхээ багш болчихдог юм. Ялангуяа нэг, хоёрдугаар ангид байхад нь хүүхдүүдийнхээ хичээлд маш их оролцоно. Энэ үед хүүхдэд суурь дадлыг нь сайн хэвшүүлж чадвал гуравдугаар ангиасаа эхлээд өөрөө бие дааж эхэлдэг. Харин эхний хоёр жилд нь огт анхаарахгүй орхичихвол хүүхэд хожим бусдын тусламжид хэт найдах хандлагатай байдаг.
Тиймээс бага ангид эцэг эхийн оролцоо маш чухал. Хүүхдийнхээ хичээл, хүмүүжилд анхаардаг эсвэл анхаарал багатай айлын хүүхэд хоёрын хооронд асар том ялгаа гарна шүү дээ. Гэхдээ эцэг эхийн оролцоо гэдэг хүүхдийн өмнөөс бүхнийг хийж өгөхийг хэлэхгүй. Харин хүүхдээ зөв чиглүүлж, хариуцлагатай байх дадалд суулгах юм. Миний бодлоор хүүхдийн хүмүүжлийн суурь гэр бүлээс л тавигддаг. Хүүхэд сургуульд орохоосоо өмнө гутлаа үдэх, бие засах, хувцасныхаа товчийг товчлох зэрэг энгийн чадвартай болсон байх нь зөв. Мөн замын хөдөлгөөний дүрэм, өөрийгөө хамгаалах энгийн дадлуудыг багаас нь зааж өгөх маш чухал.”
“Багш хүн суралцахаа зогсоовол хүүхдүүдээсээ хоцорно”
Хүүхдүүдтэй ажиллах сайхан ч багшийн ажил амаргүй. Өдөр бүр олон арван хүүхэдтэй ажиллаж, хичээл заана гэдэг хүнээс зэрэг зэрэг олон ур чадвар шаардах аж. Ялангуяа хүүхдүүд багаасаа мэдээллийг олон янзаар авах боломжтой болсон энэ цаг үед багш ч бас тэр хэрээр хурдтай суралцаж, сурагчдаасаа нэг алхам түрүүлж алхах шаардлагатай тулгардаг аж.

“Одоо манай анги 42 хүүхэдтэй. Үндсэн ангийн багш нь ганцаараа ажиллана. Харин биеийн тамир, хөгжим, англи хэл зэрэг хичээлийг мэргэжлийн багш нар нь ордог. Бусад хичээлийг ангийн багш өөрөө заана. 40 гаруй хүүхэдтэй тав, зургаан цаг ажиллана гэдэг мэдээж амаргүй. Англи хэл, хөгжим зэрэг хичээлд өөр багш орсон нэг цаг бол ангийн багшийн хувьд багахан ч гэсэн амсхийх боломж болдог юм. Бүтэн өдөр тасралтгүй хичээл орохоор хоолой хатаж, ядарсан байдаг.
Харин хүүхдүүд томрох тусам зарим талаар ажил арай хялбар болдог. Шавь нар өөрсдөө бие даагаад бүр багшдаа тусална. Гэхдээ нөгөө талаасаа хичээлийн агуулга улам хүндэрдэг. Бага ангийн багш олон хичээл заадаг учраас өөрөө байнга мэдлэг, мэдээллээ шинэчилж байх шаардлагатай. Миний хувьд монгол хэлний чиглэлдээ илүү сонирхолтой. Гэхдээ бага ангийн багш бүх хичээлийг заадаг учраас зөвхөн нэг чиглэлээр дагнах боломж хомс байдаг. Шаардлагатай олимпиад, уралдаан тэмцээнд хүүхдүүдээ оролцуулж, амжилт гаргахын төлөө ажилладаг.
Багшийн мэргэжил байнга өөрчлөгдөж, хөгжиж байна. Бид ажлын байран дээрээ болон сурагчдын амралтаар янз бүрийн сургалтад хамрагдах болсон. Мөн интернэтээр ч бусад багшийн туршлагаас суралцах боломж их болсон байна. Ер нь багш хүн өөрөө суралцахаа зогсоовол хүүхдүүдээсээ хоцорно. Тиймээс би ч өөрийгөө ажлын байран дээрээ төдийгүй цахим орчин, янз бүрийн сургалтаар хөгжүүлэхийг хичээдэг юм.
Нэгдүгээр ангид хүүхдүүд нэрээ ч бичиж чадахгүй л орж ирнэ. Зарим нь анх удаа анги, хамт олон гэдэг шинэ орчинд орж байгаа. Гэхдээ өдөр бүр бага багаар зааж, давтуулж, алдааг нь зассаар байхад хүүхдүүд маш хурдан суралцдаг. Хичээлийн эхний нэг сарыг дасан зохицох хугацаа гэж үздэг юм. Тэр хугацаанд хүүхдүүд сургууль, багш, хичээлийн орчиндоо аажмаар дасдаг. Одоогийн хүүхдүүд цэцэрлэгтээ тоо, үсэгтэй тодорхой хэмжээнд танилцчихсан ирдэг учраас түүнээс хурдан дасах нь ч бий.

Миний ажигласнаар одоогийн зургаан настай хүүхдүүдийн сурах чадвар маш хурдан. Намайг анх багшилж эхлэхэд долоон настай хүүхдүүд нэгдүгээр ангид ордог байсан юм. Ерөнхийдөө 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжих дөхсөн үе л дээ. Тэр үед “зургаан настай сургуульд орох нь арай эртдэх юм биш үү” гэж хэн хүнгүй л бодсон байх. Гэхдээ надад зургаан настай хүүхдүүдийн суралцах чадвар үнэхээр хурдан юм шиг санагддаг.
Нэрээ ч бичиж чадахгүй орж ирсэн хүүхэд хэдхэн жилийн дараа бие даасан, өөрийн гэсэн бодолтой болж төлөвшихийг харах нь багшийн ажлын хамгийн том баяр баясал гэлтэй. Есдүгээр сарын 1, багш нарын баяр бол тэдний хамгийн бахархалт өдөр байдаг болов уу.
“Сүүлийн үед ажлын ачаалал их, хүүхдийн тоо олон, цалин бага зэрэг шалтгаанаар багшийн ажлаа орхих хүмүүс олон байна. Харин миний хувьд энэ ажилдаа үлдсэн хамгийн гол шалтгаан нь би ажилдаа дуртай, бүр хайртай. Би дөрвөн хүүхдийн ээж. Энэ амьдралын бүх хэрэгцээг зөвхөн багшийн цалингаар хангана гэвэл хангалтгүй л дээ. Манай гэр бүлийн амьдралд нөхрийн орлого хамгийн их нэмэр болдог. Гэхдээ би зөвхөн цалингийн төлөө энэ ажлыг хийгээгүй. Зуны амралтаар өөр хэд хэдэн ажил хийж үзэж байлаа. Дэлгүүрт худалдагч хийж үзсэн, уурхайд ч ажиллаж үзсэн. Гэхдээ ямар ч ажил хийсэн эцэст нь “Би угаасаа багшаа л хийх хүн юм байна” гэх бодол төрсөн. Тиймээс ч өнөөдрийг хүртэл багшийн ажлаа хийсээр байгаа байх.”
Шинэхэн ээж багш болсон нь
Багшийн ажлаа хайрлах болсон шалтгааныг нь сонсохын зэрэгцээ түүний амьдралын өөр нэг чухал хэсэг сонирхол татав. Тэр яг л нэгэн цаг хугацаанд зэрэг шинэ багш бас шинэ ээж болжээ. Гэхдээ түүний ажил мэргэжилдээ тэмүүлэх сэтгэл удаан гэрт нь суулгалгүй, сургуулийн зүг хөтөлсөн аж.
“Би 21 настайдаа ээж болсон. Манай нөхөр бид хоёр арван жилийн нэг ангийн хоёр. Арван жилд байхдаа үерхэж, их сургуулийн гуравдугаар курсээсээ хамт амьдарч эхэлсэн юм. Тэгээд дөрөвдүгээр курст байхдаа анхныхаа охиныг төрүүлсэн. Охин маань найман сартай байхад би ажилдаа орж байлаа. Тэр үед хүүхдээ хөхнөөс нь гаргаагүй байсан учраас ажил хийх амаргүй шүү дээ. Хүүхдээ хэсэг хугацаанд хөдөө явуулж, дараа нь есөн сар гаруйтай байхад нь цэцэрлэгт хүртэл өгсөн.

Шинээр ажилд орсон болохоор хөхүүл гэдгээ хүмүүст хэлэхээс хүртэл санаа зовдог байв. Өглөө хүүхдээ орхиод ажилдаа ирнэ. Орой очиж хөхүүлтэл хөх чинэрч, маш хэцүү үеийг туулсан даа. Харин дараа нь хамт олонтойгоо дотносож, бие биеэ ойлгодог болсноор ажил арай хялбар болсон.
Миний ажил дээрх болон гэрийн амьдрал дээрх зан чанарын хооронд нэг их ялгаа байхгүй дээ. Би гэртээ ч, ажил дээрээ ч хүүхдүүдтэй өдөр бүр харилцдаг болохоор энэ хоёр орчин хоорондоо их төстэй санагддаг. Би ажилдаа орохгүй, декретийн хугацаагаа дуустал гэртээ сууж болох л байсан. Гэхдээ би ажилдаа үнэхээр дуртай болохоор гэртээ удаан сууж чадаагүй. КОВИД-19-ийн цар тахлын үеэр хүүхэдтэйгээ гэртээ удаан байхдаа үүнийг бүр илүү мэдэрсэн. Есдүгээр сарын 1 болохоор л ажилдаа явмаар санагдаж, хичээлийн шинэ жил эхлэхийг догдлон хүлээдэг байлаа.
Харин зуны амралтаар жинхэнэ амармаар санагддаг. Хүүхдүүд бүтэн есөн сар хичээллэсэн учраас зун нь амраах хэрэгтэй гэж боддог. Тиймээс өөрийнхөө хүүхдүүдийг ч мөн амраадаг юм. Би гэр бүлээрээ аялах их дуртай. Манайх зундаа ч, өвөлдөө ч эх орноороо болон гадаад орноор аялах дуртай. Багшийн урт амралт энэ хоббитой минь ч их зохицдог юм.”
“Хүүхдийн зан төлөв байгаа орчноос хамааран өөрөөр илэрдэг”
Хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл, сонирхлын талаар ярилцаж, сонсохгүйгээр бүгдийг багшид нь даатгадаг хэр нь эргээд сургууль, багшаас илүү ихийг хүсэн, хариуцлага нэхдэг аав ээжүүд олон харагддаг. Гэвч хүүхдийн хамгийн их цаг өнгөрөөж, анхны хүмүүжлээ авах газар нь үнэндээ гэр бүл юм.
“Хүүхэд гэртээ нэг өөр, сургууль дээрээ нэг өөр байдаг. Гэртээ их хөдөлгөөнтэй хүүхэд ангид маш нам гүм байдаг бол эсрэгээрээ гэртээ томоотой хүүхэд сургууль дээрээ их үймүүлдэг байх нь бий. Тиймээс эцэг эх хүүхдээ зөвхөн гэрийн орчинд нь хараад бүрэн дүгнэх боломжгүй л дээ. Хүүхдийн зан төлөв байгаа орчноос хамааран өөрөөр илэрдэг.
Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ гэртээ ч, гадуур ч аль болох нээлттэй, тогтвортой харилцах хэрэгтэй гэж боддог юм. Гэртээ нэг өөрөөр харьцаж, гадуур өөр дүр эсгэх нь хүүхдэд хоёр өөр ойлголт төрүүлдэг. Бидний үеийн хүүхдүүдийн хүмүүжил өнөөдрийнхөөс өөр байсан шүү дээ. Ээж аав нь хөмсгөө зангидахад л хүүхдүүд чимээгүй болдог байлаа. Харин өнөөдрийн хүүхдүүд өөр орчин, өөр нийгэмд өсөж байна. Тиймээс хүүхэдтэйгээ харилцахдаа тэдний үгийг сонсож, нээлттэй байх нь илүү чухал болжээ. Би өөрөө дөрвөн хүүхэдтэй учраас хүүхдүүдийнхээ насны онцлог бүртэй хамт өөрөө ч суралцаж явна даа.

Мөн гэрийн даалгаврын талаар хүмүүс янз бүрийн байр суурьтай байдаг л даа. Зарим нь хүүхдэд гэрийн даалгавар өгөх хэрэггүй, хичээлийн дараа амрах ёстой гэж үздэг. Харин миний хувьд гэрийн даалгавар хэрэгтэй. Гэхдээ их хэмжээний даалгавар өгөх шаардлага байхгүй. Хүүхэд тухайн өдөр сурсан зүйлээ гэртээ багахан давтах хэрэгтэй л гэж боддог.
Өнөөдөр зуугийн дотор нэмэх үйлдэл үзсэн бол гэртээ мөн тухайн сэдвийн хүрээнд цөөн хэдэн бодлого бодох хэмжээний даалгавар өгнө. Хамгийн гол нь даалгаврын их бага биш чанар чухал. Хүүхэд сурсан зүйлээ давтахгүй бол маргааш нь мартаж, багш дахин эхнээс нь заах шаардлагатай болдог юм.
Нөгөө талаас гэрийн даалгавар хүүхэд, эцэг эхийн харилцаанд ч хэрэгтэй. Аав ээжтэйгээ ярилцах, гэр бүлээрээ ямар нэгэн зүйл хийх заавар бүхий даалгавар нь хүүхдийг гэр бүлийнхэнтэй нь хамт цаг өнгөрүүлэх боломж олгодог.”
Хүнлэг хүн болоорой…
“Би хүүхдүүддээ “хүнлэг байгаарай” гэж хамгийн их захидаг. Эелдэг, эерэг, бусдыг хүндэлдэг хүн байх нь хүний хамгийн чухал чанаруудын нэг гэж боддог юм. Ангид даруухан хүүхэд ч бий, маш хөдөлгөөнтэй хүүхэд ч бий. Онц сурдаг хүүхэд ч байна, илүү их дэмжлэг шаарддаг хүүхэд ч байна. Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой. Заримдаа хамгийн их үймүүлдэг хүүхэд дотроо маш эмзэг, мэдрэмтгий байх нь бий. Харин онц сурдаг хүүхэд бусдыг бодох нь бага байх тохиолдол ч байна. Тиймээс сурлагын амжилтаас илүү хүн чанарыг нь төлөвшүүлэхийг чухалчилдаг юм.

Хүүхдүүд багшийгаа их дуурайдаг гэдэг. Заримдаа шавь нарыг маань дунд ангид орсны дараа “багш шигээ намбалаг юм” гэж хүмүүс хэлдэг. Тиймээс багш өөрөө ямар хүн байх нь хүүхдүүдэд шууд нөлөөлнө. Би хүүхдүүддээ өөрийнхөөрөө байж болно гэж хэлдэг. Гэхдээ өөрийнхөөрөө байна гэдэг нь бусдыг үл тоох, бусдын эрхийг зөрчих гэсэн үг биш юм шүү. Бид хэзээ ч ганцаараа амьдардаггүй учраас бусдыг хүндэлж, бусдын эрхийг бодох ёстой.
Таван жилийн хугацаанд хүүхдүүд маш их өөрчлөгддөг. Нэгдүгээр ангид даруухан байсан хүүхэд тавдугаар ангид маш нээлттэй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болдог. Зарим нь эсрэгээрээ томрох тусам илүү даруу, дуу цөөнтэй болж өөрчлөгдөнө.
Хүүхэд бүрийн өсөлт хөгжил өөр өөрөөр явагддаг нь энэ мэргэжлийн хамгийн сонирхолтой талуудын нэг. Таван жилийн турш өдөр бүр хамт байснаар хүүхэд бүрийн энэ өөрчлөлтийг нүдэн дээрээ хардаг.Сүүлийн жилүүдэд хөгжлийн о нцлогтой хүүхдүүдийг эрт илрүүлэх, тэдэнд шаардлагатай дэмжлэг үзүүлэх боломж ч харьцангуй нэмэгдсэн. Эцэг эхчүүд ч хүүхдийнхээ хөгжил, аюулгүй байдалд өмнөхөөсөө илүү анхаардаг болсон.”
Анхны шавь нар ба өнөөдрийн хүүхдүүд
Багш хүн хүүхдүүдийн бага насыг дэргэдээс нь ажиж, анзаарч байдгаараа онцлог юм. Тэр бүү хэл үе үеийн хүүхдүүдийн зан төлөвийн онцлогийг мэдэрч, ирээдүйн монгол хүнийг бүтээх нь сайхан.
“16 дахь жилдээ багшилж яваа хүний хувьд анхны шавь нар болон өнөөдрийн хүүхдүүдийн хоорондох ялгаа надад тод харагддаг.
Одоогийн хүүхдүүд илүү сэргэлэн, мэдлэг мэдээлэл ихтэй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болсон байх. “Би ингэмээр байна, тэгмээр байна” гэж санаа бодлоо шууд хэлдэг. Заримдаа шавь нар маань над руу шууд дуу хоолойгоороо зурвас явуулаад “Багш аа, та хаана байна, хурдан ирээч” гэж хэлнэ шүү дээ. Миний анхны шавь нарын үед ийм зүйл бараг төсөөлөгдөхөөргүй байсан.

Энэ өөрчлөлт сайн, муу хоёр талтай. Хүүхдүүд нээлттэй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болсон нь сайн. Харин заримдаа хэт эрх чөлөөтэй болж байна уу гэж харах өнцөг ч бий. Аль талаас нь хүлээж авах нь тухайн хүний байр сууринаас шалтгаална. Харин миний хувьд хүүхдүүд өөрчлөгдөж, нийгэм өөрчлөгдөж байгаа учраас багш хүн ч мөн өөрчлөгдөж, тэдэнтэйгээ хамт суралцаж байх ёстой л гэж боддог.
Өнөөдөр би өдөр бүр 40 гаруй хүүхдийн өмнө зогсож, тэдэнд үсэг, тоо зааж байна. Гэхдээ багшийн ажил зөвхөн хичээл заагаад л болчихдог юм биш ээ. Хүүхэд бүрийн өөр өөр ертөнцтэй танилцаж, тэднийг ойлгож, бага багаар зөв хүн болж төлөвшихөд нь хамт байдаг ажил юм.
Цалин, ажлын ачаалал, амьдралын олон асуудал бий ч би бага насны мөрөөдлөөрөө 16 жил амьдарч байна. Миний өмнө сууж байсан бяцхан хүүхдүүд том болж, зарим нь аль хэдийн насанд хүрсэн. Гэхдээ багш хүнийг сургуулийн танхимд ахиад л шинэ хүүхдүүд хүлээж байдаг нь сайхан. Таван жилийн дараа тэд ч бас том болж, өөр өөрийн замаар алхана. Багш нь эндээ шинэ шавь нартайгаа ахиад уншиж, бичиж сурна шүү дээ.”
Тэр 16 жилийн хугацаанд 200 гаруй хүүхдэд үсэг холбож үг хэлхэх эрдмийг заажээ. Танил дасал болсон энэ л ангидаа таван жил нэгэн гэр бүл шиг хамтдаа ном сурсан бяцхан шавь нар нь удахгүй дунд сургуулийн босго өөд үүрээ охин ниснэ. Харин тэр яг энэ саруулхан танхимдаа намрын сартай уралдан шинэ сурагчдаа хөтлөөд эрдмийн далайд гарна.