Д.Номиндарь: Гоо үзэсгэлэн гэдэг бол гадаад төрх төдийгүй эрүүл мэнд, сэтгэл зүйн тусгал


Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй. Эхээс заяасан унаган төрхөө улам тодруулж, өөртөө итгэх итгэлээ нэмэхийн тулд амьдралынхаа хамгийн нандин, баярт мөчүүдэд бид гоо сайхныг бүтээгч уран бүтээлчдийг зорьдог билээ.
Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй. Эхээс заяасан унаган төрхөө улам тодруулж, өөртөө итгэх итгэлээ нэмэхийн тулд амьдралынхаа хамгийн нандин, баярт мөчүүдэд бид гоо сайхныг бүтээгч уран бүтээлчдийг зорьдог билээ.
Бидний ярилцлага түүний бага наснаас эхэлсэн юм. Тэр багаасаа л урлагт сонирхолтой, гоё сайхан зүйлст нүд унадаг хүүхэд байжээ.
Би гүнж болмоор байна…
Манайх Нарантуул худалдааны төвд оо, сойз гэх мэт ахуйн хэрэглээний бараа зардаг лангуутай байсан юм. Би 5 наснаасаа л тэнд аав ээждээ туслаад хамт байдаг байлаа. Арай том болоод өдөрт багахан хэмжээний цалин хүртэл авдаг болов. Багаасаа наймаа хийсэн болохоор ер нь юм зарж борлуулах дуртай, бизнес сэтгэлгээтэй болоод өсчихсөн юм.
Манайх ам бүл зургуулаа, би чинь хоёр ах, нэг эгчтэй айлын бага охин. Хамгийн бага ахаасаа арван насны зөрүүтэй болохоор ч тэр үү зан чанар, байгаа байдал маань нөгөө хэдээсээ арай өөр юм шиг байгаа юм. Илүү нээлттэй, урлаг, уран сайханд дуртай бас дураараа гэх үү дээ. Аав ээж хоёр дандаа тэгдэг юм.
Зурагтаар гүнжтэй хүүхэлдэйн кино үзэх миний хамгийн дуртай мөч байлаа. Тэр гүнжүүдийн уран гоё хөдөлгөөнд нь дурлаад, дагаж хийгээд л. Магадгүй тэр үеийн хүүхэлдэйн кинонууд намайг бүжигт дурлуулсан байх. Үеийн найзуудтайгаа нийлээд л урлагийн үзлэгтээ дуулна, бүжиглэнэ. Ер нь дуу, бүжиг л намайг их аз жаргалтай болгодог байсан.
Дүр бүтээн, амилуулах хүсэл…

Би өөрийгөө янз бүрийн дүрд хувиргаж үзэх дуртай. Дунд ангид байхаасаа интернэтээс нүүр хувиргалтын бичлэг үзээд, нүүрний будаг байхгүй ч хар харандаагаар зураад л суудаг байсан. Гэхдээ үүнийг мэргэжлээ болгож, энэ зүйлээр хоолоо олж идье гэж бодсон нь сүүлд л дээ.
Ахлах ангиа төгсөх үед манай эгч надад энэ мэргэжлийг анх санал болгож байлаа. Гэхдээ би тэр үед жүжигчний мэргэжил сонгосон юм. Яагаад гэвэл жүжигчин хүн нүүр будах, хувиргах урлагтай маш ойрхон, их уялдаа холбоотой ажилладаг шүү дээ. Тиймээс дуртай зүйлээсээ хол хазайхгүй гэж бодож сонгосон. Сургуулиа төгсөөд ч миний төсөөлөл хол зөрөөгүй ээ. Урлагийн хүнд нүүр будалт өдөр тутамд хэрэг болдог юм билээ.
Харин сонирхолтой нь, би өөрийгөө өөр өөр дүр төрхөөр харах л дуртай болохоос биш жүжигчин гэдэг мэргэжилд тэгтлээ татагдаагүй юм л даа. Тиймээс сургуулиа төгсөөд хайртай зүйлээ барьж аваад, үргэлжлүүлэн ажиллаж байгаа нь энэ.
Балет бол эрхэмсэг оршихуй

Гүнжтэй хүүхэлдэй үзээд зурагтын өмнө гайхан биширч, гоё сайхныг нь чин сэтгэлээсээ хайрлан ширтэж зогсохдоо тэр бяцхан охин байж. Харин одоо балетын өмсгөл өмссөн өөрийгөө толинд хараад сэтгэл хангалуун инээж зогсоно. Энэ ч бас түүний хувирах дуртай бас нэгэн дүр нь байх. Дунд ангийн жаахан охин байхдаа хүртэл “би одоо оройтсон байх даа” гээд зориглож чадаагүй балет гэдэг урлагтай оюутан нас нь түүнийг уулзуулжээ.
Жүжигчний ангийн оюутнууд их сургуулийн эхний жил бүжгийн суурь болгож балетын хичээл үздэг юм. Тэр хичээл, бүжгийн ая, хөдөлгөөн, уур амьсгал гээд бүгд надад маш их таалагдаж, магадгүй насаараа орхиж чадахгүй хобби минь болж үлдсэн байна. Би уг нь балетын урлагт багаасаа л дуртай байсан ч багадаа бондгор хүүхэд байсан болохоор хичээллэж зүрхлээгүй юм. Тэгээд хорь гарсан хойноо зориглон бүжиглэж эхлээд одоо дөрвөн жил болж байна.
Миний бодлоор балет бол цэх нуруу, урт нарийн хүзүү, уян хатан гар хөл гээд л эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хамгийн сайхнаар тодотгодог урлаг. Фитнесээр хичээллэсэн шиг өгзөг томруулж, зургаан булчин гаргаж ирэхгүй ч биеийг уран галбирлаг болгоно. Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй, ялдам тансаг байдлыг эндээс л жинхэнэ утгаар нь мэдэрдэг гэх үү дээ. Иог хийгээд тайвшралыг мэдэрдэг шиг балет бол дотоод нандин эрхэмсэг эмэгтэйг сэрээж, оюун санааг цэгцлэх хүчтэй. Тиймээс сэтгэл санаагаар унасан үедээ хүртэл бүжиглээд, хөлсөө гаргачих юм бол хамаагүй дээр болчих шиг санагддаг.
Би хэдий мэргэжлийн бүжигчин болохгүй ч гэсэн энэ урлагаар хичээллэж сэтгэл зүйн амар амгалан, аз жаргалыг мэдэрч байгаадаа үргэлж талархдаг. Зурагтын өмнө гүнжийн хөдөлгөөн бүрийг алмайран харж зогссон арван нас ч хүрээгүй жижигхэн Номиндарь баярлаж байгаа даа гэж бодох төдийд л бүжиглэж эхэлсэн өөртөө талархдаг юм.
Гоо үзэсгэлэн гэдэг бол өөр хоорондоо ялгаатай дүр төрх
Гоо үзэсгэлэнг хүн бүр өөрийнхөөрөө тодорхойлдог. Заримынх нь хувьд гоо үзэсгэлэн бол гадаад дүр төрх. Харин заримд нь дотоод сэтгэлийн илэрхийлэл гэгддэг. Номиндарь энэ бүхнээс гадна эрүүл мэндийн тусгал гэж хэлсэн нь сонирхолтой бөгөөд яг л байгаа оносон илэрхийлэл шиг санагдаж байлаа.

Би гоо үзэсгэлэнг царай төрхөөс гадна эрүүл мэнд, сэтгэл зүйн тусгал гэж боддог. Хүн бүр өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй. Бид өөрсдийгөө давхраагүй нүд, том нүүр, жижиг уруултай гэж голдог ч тэр бол хүний бусдаас ялгарах өөрийн гэсэн дүр төрх шүү дээ. Тиймээс эхээс заяасан биеэ арчилж, гол нь эрүүл, хамгийн сайн хувилбарт нь хүргэж авч явах нь л чухал гэж боддог юм. Өөрийгөө хайрлаж, эрүүл, тайван байх юм бол арьс толигор, нүд гал цогтой байна.
Давхраа оёулаад, уруул хийлгээд нэг л ижил дүр төрхийг бүтээхээс илүү өөр өөрийн гоо үзэсгэлэнгээр гэрэлтэх нь сайхан. Гэхдээ өөрчлөлт хийгээд үнэхээр сэтгэл ханамжтай байвал тэр хүний л дур шүү дээ. Хүний хүсэл сонирхлыг шүүмжлэх, хориглох эрх хэнд ч байхгүй. Гол нь давхраатай нүд, бумбагар уруул, шөвгөр нүүртэй хүн л хөөрхөн гэж туйлшрах нь буруу гэж бодож байна.
- Таны хувьд ямар төрлийн арьс, царай төрхийг будахад хамгийн урамтай байдаг вэ?
- Арчилж торддог, эрүүл сайхан арьстай хүнийг будах л хамгийн урамтай байдаг. Тэр хүн өөрийгөө хэр хайрлаж байна, эрүүл хооллож, хөлсөө гаргаж байна уу гэдэг нь арьс, нүдний өнгө зэргээс илт мэдрэгддэг. Тийм учраас арьсаа маш сайн цэвэрлэж, оношлуулж, өөрт тохирсон, дутагдалтай байгаа орц найрлагыг хэрэглэх нь маш чухал.
Өө сэвээ нуух биш давуу талаа тодотгох урлаг

Нүүр будалт бол байгаа гоо үзэсгэлэнгээ тодотгох урлаг гэж би хэлэх дуртай. Хүмүүс гадаад төрх хүнийг тодорхойлохгүй гэж их ярьдаг л даа. Гэхдээ анхны сэтгэгдэл маш чухал шүү дээ. Бусадтай анх уулзаад ямар сэтгэгдэл үлдээх нь хүний царай төрх, өөртөө итгэх итгэлээс хамаардаг. Тийм учраас гадаад үзэмж бол хүмүүст үзүүлэх анхны нэрийн хуудас гэж боддог юм. Тэглээ гээд нүүрнийхээ өө сэвийг далдлаад бай гэсэн үг биш л дээ. Хүн хүнд заяагдсан давуу тал, гоо үзэсгэлэн гэж байгаа шүү дээ. Сайхан инээмсэглэлтэй бол түүнийгээ тодотгох, гоё уруултай бол тэр давуу талаа ашиглаад маш гоё будах нь л нүүр будалтын урлагийн гол утга учир юм. Хүний унаган төрхийг тэс өөр болгоод, хоорондоо ижил төстэй төрхийг бүтээгээд байх нь нүүр будалтын зорилго, зарчим биш л дээ. Ер нь нүүр будалтын салбарын чиг хандлага жилээс жилд байгалийн, унаган төрхийг л тодруулах руу чиглэж байна.
Гэхдээ хүн бүрийн гоо зүйн мэдрэмж өөр болохоор зарим будалт үйлчлүүлэгчид таалагдахгүй байх үе бишгүй л байдаг. Тэр тохиолдолд нууж, хаалгүй шууд хэлээд, тэр дор нь засуулбал хэн хэндээ амар байдаг. Хэлж чадахгүй өнгөрөөгөөд тэр өдөржин өөртөө итгэлгүй, сэтгэл дундуур явбал муухай шүү дээ.
Сайшаалтай нь, ихэнх хүмүүс өөрт тохирсон будалт, өнгөө мэддэг болж байна. Ер нь өөрт тохирох өнгөө олж мэдэх их хэрэгтэй юм билээ. Би хүний царайг хараад тохирох өнгийг нь багцаалдана уу гэхээс хувийн өнгө тодорхойлогч шиг мэргэжлийн түвшинд тодорхойлж чадахгүй л дээ. Тиймээс хувийн өнгөө мэргэжлийн хүнээр тодорхойлуулчихвал нүүрний будгаас гадна хувцас худалдан авахад хүртэл дэмий мөнгө үрэхээ больчихдог юм байна лээ.
Амьдралд ахиад ирэхгүй баярт мөчүүд гэж байдаг. Тэр мөчөө хамгийн сайхнаар өнгөрөөж, залуу насаа тамгалан үлдээхээр түүнийг зорин ирсэн үйлчлүүлэгчдийг будах нь бахдам сайхан ч асар хариуцлагатай ажил аж.
“Хуримын будалт дээр тренд дагахаас зайлсхийдэг”

Хүний нүүрийг будаж, хөөрхөн болгоно гэдэг сайхан ажил шүү. Хүн жил бүр төгсөлтийн баяр хийхгүй, өдөр бүр баярын үдэшлэгт орохгүй шүү дээ. Баярласан, догдолсон тэр л сайхан мөчүүдийг нь хуваалцаж, үйлчлүүлэгч нүүрээ будуулсны дараа толинд хараад инээмсэглэх тэр мөчийг харах бүрдээ л ажилдаа улам бүр дурладаг. Гэхдээ нэг талаасаа маш их хариуцлага үүрдэг юм. Хумсаа хэдэн өдрийн өмнө будуулж болно, сормуусаа ч бас урьдчилаад хийлгэж болно. Харин нүүр будалтыг бол яг тухайн өдрөө, үйл ажиллагаанаасаа 1-2 цагийн өмнө будуулахаас өөр аргагүй. Тийм ч учраас хүмүүс үйл ажиллагааныхаа өмнөхөн будуулах сонирхолтой байдаг.
Энэ дундаас хуримын будалт надад хамгийн хариуцлага өндөртэй санагддаг юм. Амьдралынхаа хамгийн чухал мөчийг надад даатгасан тэр хүн хурим дээрээ хамгийн хөөрхөн байх ёстой. Тэр ганцхан өдөр өнгөрөвч зураг нь мөнхөд үлдэнэ шүү дээ. 10 эсвэл 20 жилийн дараа хуримын зургаа хараад “би хөөрхөн байна” гэж бодсоор л байгаасай гэж хүсдэг. Тэгэхийн тулд юун түрүүнд би хуримын будалт дээр тренд дагахаас аль болох зайлсхийн, төрөлх гоо үзэсгэлэнг нь тодотгохыг хичээдэг юм. Гэхдээ үйлчлүүлэгч өөрөө хүсэж байвал мэдээж хүслээр нь будаж өгнө л дөө.
“Би үнэхээр жаргаж ажилладаг”

Манай ажил шинэ жил, төгсөлтийн баяраар хамгийн их ачаалалтай байдаг. Уг нь миний хамгийн дуртай баяр шинэ жил. Гэхдээ сүүлийн хэдэн жил хүмүүсийг хөөрхөн болгох гээд завгүй байгаа болохоор шинэ жилийн өмнөх догдлол дүүрэн өдрүүдийг урьдынх шигээ гэгэлзэл дүүрэн өнгөрөөж амжихгүй л байна. Магадгүй удахгүй миний шинэ он угтсан энэ завгүй өдрүүд шинэ жилийн хамгийн нандин дурсамж болж үлдэх байх л даа.
Мөн хавар төгсөлтийн баяраар бол бүр их ачаалалтай. Үүрийн дөрвөн цагаас эхлээд л цаг захиалчихдаг учраас хэсэгтээ л нойр муутай явна. Яг энэ ачаалалтай өдрүүдэд л их ядардаг болохоос биш, угтаа үнэхээр жаргаж ажилладаг юм шүү. Бүр ажил хийж байгаа юм шиг санагддаггүй гэхэд л болно. Охид нэгнийхээ нүүрийг будаж үзээд л, хоорондоо хөгжилддөг дөө. Надад ажлаа хийж байхад яг л тэгж санагддаг. Ажлын цаг дуусах, цайны цаг болохыг хүлээж чилэхгүй. Хайртай ажлаа хийхийн хамгийн сайхан зүйлсийн нэг нь энэ. Би нэгэн хэвийн, баригдмал хэв маягт дургүй л дээ. Тиймдээ ч ийм ажил хийхийг сонгосон байж магадгүй. Цагаа зохицуулж аваад, нүүр будалтаа хийчхээд бусад цагт нь бүжгийн сургалт, дасгал хөдөлгөөн, гэр бүлдээ цаг гаргах эрх чөлөөтэй байдаг.
Дуртай зүйлээ ажил болгосон хүмүүс хамгийн азтай гэдэг. Сонирхож дурласан зүйлээ өдөр бүр хийж, ур чадвараа сайжруулахаар жаргалтай нь аргагүй ажиллах түүний хэмнэл аядуу тайван хэдий ч зогсох нь үгүй үргэлжилсээр.
“Шинэ чиг хандлагаас холдох л юм бол хоцрогдоно”
Гоо сайхны салбарт өөрчлөлт, шинэ хэв маяг үргэлж дэлгэрч байдаг учраас энэ салбарын уран бүтээлч хүн түүнээс хоцорч болохгүй. Тиймээс би контент бүтээхийн сацуу байнга Tiktok бичлэг үзэж, шинэ арга барил туршин, техникээ шинэчлэхийг зорьдог. Жишээ нь, манай Бэлла багш гэхэд нэг техникийг хоёр сараас дээш хэрэглэдэггүй. Мөн сурсан, туршсан зүйлээ контент болгоод хүмүүст хүргэх дуртай. Цаашид ажиллаж буй энэ салбараа солих бодолгүй ч контентын чанараа илүү сайжруулан өөр түвшинд хүргэхийг зорьж байна. Одоо хүмүүс өөгүй төгс зүйлс биш энгийн бодит байдлыг тусгасан контентыг илүүтэй таашааж, сайн хүлээж авдаг болсон шиг санагддаг.
- “Asoka make up” бичлэг тренд болон давлагаалж байхад та хамгийн анх Монголоос тэр бичлэгээр мэндчилсэн шүү дээ. Тэр бичлэг хэрхэн бүтэж байсан бэ?
- Тэр бичлэг ажиллагаа ихтэй, будалт нь олон удаа солигддог байсан учраас анх хийх үү, яах вэ гэж багагүй эргэлзсэн. Гэвч нийтэлсний дараа олон хүн намайг дагаж, дэмжих болсон. Бараг миний хамгийн өндөр хандалттай бичлэг байх. Будалтаа хийгээд, дүрсээ аваад л шууд дүрс эвлүүлэгч программ дээрээ эвлүүлж тавиад байсан. Тиймэрхүү бүтээлч контент хийх дуртай болохоор тийм ч хэцүү санагдаагүй ээ.
Өнөөдрийн өөртөө хайртай…

Би ямар ч зүйлийн тэнцвэрийг алдагдуулахгүй, тунг нь тааруулж явахыг л эрхэмлэдэг. Үргэлж гоё сайхан бүхнийг хүртээд, дандаа сайхан байгаад байх нь тийм ч таатай биш санагдаад байдаг юм. Гуниглах, гутрах, сэтгэлээр унах үе ч гэсэн амьдралын нэг хэсэг мөн учраас алдаа, оноотой нь л мэдэрч амьдрахыг хүсдэг дээ. Гунигласан үедээ бүжгээ давтана, мөн чимээгүй орчинд утасныхаа сүлжээг хааж байгаад тайван унтдаг.
Би тийм ч олон найзтай биш л дээ. Хүнтэй тийм хурдан дотносож, нөхөрлөж чаддаггүй болохоор цөөн хэдэн дотнын найзууд минь болоод л байдаг юм. Харин хэнд ч муу санаж, өс өвөрлөхгүй гэдэг зарчимтай. Яг энэ цаг мөчид амьдарч байгаа өөртөө, энэ амьдралдаа би хайртай. Ажил хөдөлмөр, амралт, зугаа цэнгэлээ тохируулаад одоо цагтаа л аз жаргалтай оршихыг хүсдэг. Өмнөх ажлаа сэтгэлээсээ сайн хийж байхад үр шимийг нь хүртэх л байх гэж итгэдэг юм.
Гоо үзэсгэлэн бол гадаад төрх, эрүүл мэнд, сэтгэл зүйн нийлэмж гэж тэр боддог. Үнэндээ түүний цацарсан инээмсэглэл, гэрэлтсэн төрхөөс эхлээд үйлдэл, хөдөлгөөн бүр нь өөрөө гоо үзэсгэлэн ажээ. Байгаадаа талархаж, өөрт нь илгээсэн бүхнийг хайрласаар урагшлах түүний зүрх сэтгэл ч үзэсгэлэнтэй. Магадгүй тэр өөрөө л дотроосоо ч, гаднаасаа ч ийм үзэсгэлэнтэй болохоороо олон эмэгтэйн гоо үзэмжийг тодруулан, хөөрхөн болгох энэ л ажилд дурладаг юм болов уу. Багс бийрээ бариад таныг, намайг ч гоо сайхнаар гэрэлтүүлэх увдистай Д.Номиндарь энэ удаа бидний нэг боллоо. Бидний ярилцлагыг уншин мөн л бидний нэг болсон уншигч та бүхэнд баярлалаа.
Сэтгэгдэл