УБ -1°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Бидний нэг 0%
Б.Энхцэцэг: Бид хэнийг ч буй байсан хийгээд оршин буй бодит ахуй төрхөөс нь хэт дөвийлгөх, эсвэл хэт муутгах эрхгүй
Бидний нэг
Нүүр хуудас / Бидний нэг / Б.Энхцэцэг: Бид хэнийг ч буй байсан хийгээд оршин буй бодит ахуй төрхөөс нь хэт дөвийлгөх, эсвэл хэт муутгах эрхгүй

Б.Энхцэцэг: Бид хэнийг ч буй байсан хийгээд оршин буй бодит ахуй төрхөөс нь хэт дөвийлгөх, эсвэл хэт муутгах эрхгүй

Б.Урнаа
Б.Урнаа
Сэтгүүлч
2026.11.02 · 5 унших

Монголын сэтгүүл зүйн хөрөг нийтлэлийн төрөлд өнгө төрх бий болгосон сэтгүүлч Батдоржийн Энхцэцэгийн бүтээлүүдээс амьдралын ээдрээ, хувь заяаны эргэлт, сэтгэлийн нандин түүхийг уншиж болно. Түүний Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуайн “Усны тунгалаг”, дуучин Х.Төмөрийн “Амраг минь дуугаа дуулаач”, П.Адарсүрэнгийн “Танхил хонгор түүнд минь танил дууг минь дамжуулаарай...” зэрэг хөрөг нийтлэлүүд урлагийн алдартнуудыг тайз, дэлгэцийн дүрээр нь бус, амьдралынх нь олон өнгө, хүнийх нь мөн чанараар танин мэдэх боломжийг уншигчдад олгосон.  Сэтгүүл зүйн замналаа 1997 онд “Өнөөдөр” сониноос эхлүүлсэн тэрбээр 2016 оноос Ub.life сайт, “Гэрэг” сэтгүүлд ажиллаж, хөрөг нийтлэл, тойм бичлэгээрээ уншигчдад танигдсан юм. 2023 онд хэвлүүлсэн “Хөрөг” номд нь бодит хүмүүсийн давтагдашгүй түүхийг өгүүлсэн 14 бүтээл багтсан. Хүний тухай бичнэ гэдэг зөвхөн намтар, баримтыг жагсаах биш, бусдын амьдралыг ойлгож, түүхийн цаадах хүнийг олж харах ур чадвар билээ. Бусдын амьдралын түүхийг хөрөг болгон бичдэг түүний өөрийн амьдралын нэгэн өнгө, ертөнцөөр аялах гэж хичээсэн ярилцлагыг хүргэж байна.

Бага насны бүдэгхэн атлаа гэрэл гэгээтэй дурсамж, сэтгэлд дулаан үлдсэн амьдралын амттай мөчүүд бидэнд гэнэтхэн харван орж ирдэг дээ. Бага насаа дурсан ярих тэр мөчид түүний харц гэрэлтэн“Би багадаа унтах маш дургүй хүүхэд байсан” хэмээн инээмсэглэснээр бидний яриа хүүхэд насны дурсамжуудаар эхэлсэн юм.

“Цас бударсан аварга том танхимд би ганцаараа зогсож байсан”

cover-18.jpg

“Би цэцэрлэгт байхдаа өдөр унтах маш дургүй хүүхэд байлаа. Бусад хүүхэд унтаж, багш өрөөнөөс түр гарах тэр мөчид заавал ямар нэгэн зүйл хиймээр санагдана. Одоо бодоход, тэр цагийг яг л өөрийнхөө цаг гэж боддог байсан шиг байгаа юм. Ой санамжид минь үлдсэн нэг дурсамж гэвэл, өдөр унтдаг цагаар би босоод, баримлын шавар аваад пааран дээр тавьчихсан. Тэгээд юу болохыг нь, ямар үр дүн гарахыг нь сайн мэдэхгүй ч ямар нэгэн зүйл өөрчлөгдөнө гэсэн бодол толгойд байсан. Нойр огт хүрдэггүй болохоор хажуудаа унтаж байгаа хүүхдийн үсээр оролдох, чих рүү нь үсийг нь хийх ч юм уу, янз бүрийн зүйл хийнэ. Тухайн үедээ энэ маань миний айхтар нууц зүйл шиг санагддаг байлаа. Магадгүй тэр насан дээрээ хүүхэд болгон л өөрийн гэсэн бяцхан нууцтай байсан байх. Гэхдээ би тийм ч сахилгагүй, зэвүүн хүүхэд байгаагүй шүү. Жаахан дүрсгүй хүүхэд байснаас өөрөөр багшийн заасныг сурч, хий гэсэн зүйлийг нь хийдэг хүүхэд байсан.

Хааяа цэцэрлэгтээ яваагүй, эсвэл арай эрт тарсан үедээ ээжийнхээ ажил дээр очно. Их дэлгүүрийн лангуунуудын арын бараа хадгалдаг өрөөнд цагийг өнгөрүүлнэ. Тэр үед манай ээж Улсын их дэлгүүрт ажилладаг байлаа. Нэг тийм л өдрийн орой юм, их дэлгүүр хаалгаа барьж, үйлчлэгч эгч шалыг нь модны нойтон үртсээр үрэн цэвэрлэж байхад нь би хүнгүй танхимаар нааш цааш гүйж байснаа санаж байна. Нэг удаа дээшээ хартал таазанд нь утсанд хөвөн бөөрөнхийлж хийсэн цасан ширхгүүд унжуулчихсан байсан. Тэр аварга том танхимын голд би ганцаараа, тэгээд дээш харахад тааз дүүрэн цасан ширхэг надад яг л үлгэрийн ертөнц шиг мэдрэмж төрүүлсэн. Хүүхдийн нүдээр харсан юм бүхэн гоё. Үнэхээр гоё уу, үзэж харж дасаад одоо бүх зүйл энгийн болчихсон юм уу, бүү мэд. Гудамжаар явах хүмүүсийн хөлд дагтаршин мөлийсөн шил шиг жимээр гулгаад л… Орой нь ээж, аавтайгаа автобусанд суугаад харьдаг байлаа. Автобусны цонх зузаан гэгч цантчихсан байх бөгөөд гудамжны дэнлүү таарах бүрийд мөнөөх зузаан цан хурц гялбалзана. Хүмүүсийн хуруугаараа цоолж хайлуулсан шагайвчаар гадагш юу ч хамаагүй үзэгдэхийг алдалгүй хараад л явмаар тийм л гоё байлаа. Хүүхэд байхад бүх зүйлийг эгэл бусаар хардгийн хэрэг том болсон хойно гардаг юм болов уу.

Намайг арван жилд ороход ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд дундаас манай аав, ээж хоёр л настай хүмүүс шиг санагддаг байлаа. Одоо бодоход, тэд маань миний л насны хүмүүс байж дээ. Гэхдээ тухайн үедээ би аав, ээж хоёроо ингээд л хөгширсөөр, хөгширсөөр удахгүй нас барчихвал яана аа, тэгээд би ганцаараа үлдвэл яах вэ гэж бодоод ганцаараа уйлдаг байсан. Одоогийн залуусын хэлдгээр их эмо хүүхэд байсан байгаа биз.

Хүний бага нас гэдэг хожим эргэн санахад эгэл жирийн л зүйлс хамгийн нандин дурсамж болон үлддэг ажээ. Өдөр унтах дургүй жаахан охины нууцхан туршилт, Их дэлгүүрийн таазыг ширтэн зогсохдоо мэдэрсэн үлгэрийн мэт догдлол, автобусны цантсан цонхны цаана үлдсэн өвлийн гудамж, аав ээжийгээ алдахаас эмээн ганцаараа уйлдаг байсан өдрүүд... Энэ бүхний цаана аливааг өөрийнхөөрөө танин мэдэхийг хүсдэг сониуч зан, эргэн тойрныхоо ертөнцийг гайхан биширдэг гэгээн сэтгэл, хайртай хүмүүсээ гэсэн гүн мэдрэмж оршино.

“Сайн найзтай учирна гэдэг аз”

cover-19.jpg

Ах маань надаас арван зургаан насаар ах, ухаан ороход л Москвад сургуульд явчихсан байсан. Тиймээс би гэртээ ганцаараа өссөн юм. Айлын ганцын эрх танхи, элбэг хангалууныг юм юм хэцүү хатуу байсан социализмын үед үзэж өссөнөө сүүлд ойлгосон. Хүүхдүүдийг өөртөө татахын тулд айл гэр болж тоглохдоо гэрийнхээ чихэр боов, аяга, халбагыг аваад гарахад, нуугдаж байна гээд гэрээ буулгах шахахад хүртэл намайг “Хүүе, байг!” гэж хориглодоггүй байлаа. Гэхдээ би өөрөө л “Ингэх хэрэггүй юм байна” гэдгийг ойлгосон. Бусад хүүхэд ингэж дураар аашлахгүй байгааг, миний гэсэн юм бүхэн бусад хүүхдэд хайран биш байдгийг, тоглоом тоотой нь дээр гэдгийг анзаарсан гэх үү дээ.

Нэг л мэдэхэд надад нэг найз гараад ирсэн. Анх яаж танилцсанаа ч санадаггүй. Анхны найз хэн байсан бэ гэдэг хүний амьдралд их чухал, миний хувьд том аз таарсан. Тэр маань долоон хүүхэдтэй айлын доороосоо гурав дахь охин. Найзын маань гэр бүл намайг өөрсдийнхөө нэг хүүхэд шиг байлгаж, тэдний гэр бүлийн нэг гишүүн шиг байх боломж олгосон юм. Гэрт нь дураараа орж гарна, хоол унднаас нь иднэ. Олон хүүхэдтэй айлын тэр бужигнасан амьдралын дунд би олон зүйлийг сурч авсан. Ээж маань намайг их эрхлүүлж өсгөсөн болохоор гэр орноо цэвэрлэ, ус зөө, түлээ модоо бэлд гэж үүрэг даалгавар өгдөггүй байсан юм болов уу. Манай гэрт аав, ээж хоёр л бүхнээ хийчихдэг. Харин найзын маань гэр бүл олуулаа учраас хүн бүр өөр өөрийн хийх зүйлтэй, бүгдээрээ хамжаад ажлаа амжуулах нь хүртэл их хөгжилтэй сайхан байлаа. Найзынхаа шалаа угааж байгааг хараад гайхдаг байсан минь одоо ч санаанаас гардаггүй. Манай найз шалаа ёстой айхтар гоё угаадаг. Тэднийхээс харсан зүйлээ гэртээ ирээд туршиж үзнэ. Миний шүүрдэнэ ч гэж шүүрээ эргүүлээд л тоглож өгнө. Ээж маань надад “Хогоо ингэж шүүрдвэл сайн байдаг”, “Хивсээ ширхэгийнх нь дагуу шүүрдэж, арчихдаа ширхэгийг нь нэг сөргүүлээд алчуураа буцаахад л өнгө орчихдог” гэж тусгайлан зааж өгөөгүй. Магадгүй надтай хамжаад хийх эгч, дүү байхгүй болохоор тэр бүхнийг ээж минь өөрөө л хийдэг байсан байх. Ээж минь маш цэвэрч хүн байсан. Өлөн тоосгүй орчинд хүн болсон доо. 

Хүүхэд насанд бидэнд зааж сургасан зүйлсээс гадна өдөр бүр харж, мэдэрч өссөн орчин маань ч биднийг төлөвшүүлдэг. Харин өсөж том болохын хэрээр тэр бүхний утга учрыг өөрөөр ойлгож, өөрийн замыг сонгох цаг ирдэг ажээ.

“Шархалсандаа талархах өдөр ирдэг”

cover-9.jpg

Би 50 дугаар сургуульд нэгдүгээр ангиасаа долоодугаар анги төгстөлөө суралцсан. Нэгдүгээр ангид байхдаа уншиж сураагүй гэдгээ маш тод санадаг. Яагаад гэвэл би аливааг маш амархан цээжилчихдэг байсан юм. Тэгээд ч жаахан залхуу. Үсэг цээжилж, үеэр нь нийлүүлж уншина гэдэг надад их залхуутай санагддаг байлаа. Нэгдүгээр ангийн зуны амралтаар би өөртөө “Би чинь уншиж чадахгүй шүү дээ. Одоо л уншиж сурах хэрэгтэй” гэж хэлсэн шиг байгаа юм. Тэгээд найзтайгаа ном үсэглэж, үеэр нь нийлүүлэн уншиж, багшийн заасан зүйлсийг нөхөж сурахаар хичээсэн. Магадгүй тэр үед багш маань намайг тааж уншиж байгааг мэддэг байсан байх. Гэхдээ миний ой тогтоолт сайн байгааг анзаарч, аяндаа суралцах боломжтой хүүхэд гэдэгт итгэдэг байсан юм болов уу. Тэр итгэлийн ачаар би муу дүн авч, олны өмнө эцэг эхээ дуудуулж байгаагүй. Багш хүн шавьдаа итгэх нь хүүхдэд ямар их нөлөөтэй юм бэ.

Ингээд наймдугаар ангидаа 13 дугаар сургуулийн орос хэлний сонгон ангид шилжсэн. Тэнд янз бүрийн сургуулиас ирсэн, орос хэлэнд дуртай, сурлага сайтай хүүхдүүдийн дунд орлоо. Нэгдүгээр ангиасаа долоодугаар анги хүртлээ онц сурч, ангийнхаа ажилд идэвхтэй оролцдог байсан би тэнд очоод жирийн л дундаж сурдаг сурагч болсон. Өсвөр насанд бусад хүүхдийн адил өөрийгөө гоёж гангалмаар, хөвгүүдийн тухай бодмоор мэдрэмж төрж эхэлсэн. Гэхдээ тэр үед би маш их ганцаардсан. Хамгийн том шалтгаан нь гайтай дурлал, дараагийнх нь найз охидын хагарал л даа. Одоо эргээд бодоход, хэрэв тэр ганцаардлыг туулж өнгөрөөгүй бол яг одоогийнх шигээ хүн болж төлөвшихгүй ч байсан байж мэднэ. Залуучуудад хандаж хэлэхэд, хүн гүехэн ч бай, гүнзгий ч бай, янз бүрийн шархыг гэр бүлээсээ, анги хамт олноосоо, найзаасаа ч сэтгэл зүрхэндээ авч болно. Өөрөөр хэлбэл, хамгийн тайван, тав тухтай санагддаг орчноосоо ч шархалж болно. Гэхдээ тэр бүхнийг амсаж өвдсөн хийгээд даван туулсныхаа төлөө хэзээ нэгэн цагт талархах өдөр ирдэг юм байна. Энэ бүх туршлага хүнийг том болгож, өөрчилж, хөгжүүлдэг. Урьд өмнө тохиолдсон, эмзэглүүлсэн, уйлуулж бачууруулж байсан зүйлс нэг өдөр эргээд харахад баярлах шалтгаан болох үе ирдэг нь жам юм байна лээ. 

“Хүний эрхэмсэг оршихуйд сэв суулгах бурангуй үг биччихгүй юм сан гэж боддог”

Би дунд сургуульд байхдаа ч, их сургуульд сурч байхдаа ч ирээдүйд бичдэг хүн болох талаар огт бодож байгаагүй. Их сургуульд хэл шинжлэл, авиа зүй, үгсийн сан гээд монгол, орос хэлийг хэл шинжлэлийн шинжлэх ухааны түвшинд олон талаас нь судалсан болохоор би хэлний талаар нэлээд гүнзгий мэдлэгтэй болсон юм. Ингээд 1996 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөөд, арванхоёрдугаар сараас “Өнөөдөр” сонинд гадаадын хэвлэлээс нийтлэл, ярилцлага орчуулж нийлүүлж яваад удалгүй Гадаад мэдээний албанд орчуулагчаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед намайг бичгийн ур чадвараас илүү орчуулах чадварт минь найдаж ажилд авсан байх. Харин маш сайн хамт олны дунд ажилласнаар цаг хугацааны явцад би бичих ажилдаа дуртай гэдгээ ойлгосон юм. Сэтгүүлчийн ажил өөрөө тусгай мэдлэг, ур чадвар шаарддаг мэргэжил шүү дээ. Би энэ ажлын онцлог, мэргэжлийн цэгцтэй байдлыг олж харсан учраас цаашдаа ажил мэргэжлээ солих тухай бодохоо больсон. Гэхдээ би сайн редакцад байсан учраас сэтгүүлч мэргэжлийн амтыг мэдэрч, ачааллыг ч даах хэмжээний төлөвшсөн байх л даа. Хөрөг найруулал бол сэтгүүлчдийн их дурладаг төрөл. Би ч бас чадах байх гэсэн бяцхан итгэлээр эхэлсэн.

Анх 1993, 1994 оны үед Мадоннагийн намтрыг уншаад их зүйл бодож байсан. Хүнээс нууж болох зүйлсийг ч ил гаргахдаа ямар их гоо зүйтэй хандаж болдгийг тэндээс харсан. Маш гашуун, эвгүй, хүний өөрөө ч яримааргүй зүйлсийг нь хүртэл үнэн байгаагаар нь илэрхийлснээр тухайн хүнийг бүхэлд нь хайрлаж, хүлээн зөвшөөрөхийн сацуу үнэн учраас л хайрлагддаг юм байна гэдгийг надад ойлгуулсан. Түүнээс хойш л бодит хүмүүсийн намтар ном, гадаадын сэтгүүлчдийн бичсэн хөрөг найруулал болон баримтат нэвтрүүлгийн талаар илүү ихийг мэдэхийг хүссэн дээ.

Сайтууд борооны дараах мөөг шиг олшрох чиг хандлага харагдаж эхлэхэд л сэтгүүл зүйд цаашдаа хэн байх вэ гэдэг бодол надад төрдөг байсан л даа. Энэ салбарын надад өгсөн зүйл маш их. Материалтайгаа ноцолдсон он жилүүд, нөлөөлсөн хүмүүс, сайн сэтгүүлчдийн дунд өнгөрүүлсэн хугацаа гээд бодохоор сэтгүүл зүйд хорин жил ажиллачхаад одоо ингээд л дуусах гэж үү гэж бодогддог байсан. Би бүр живээд, хэн нэгэнд дарагдаад алга болчихно гэж бодохоор уур хүрдэг байсан. 2016 он гэхэд сонины зах зээл нэлээд хумигдчихсан үе. Ядаж байхад дунд насны хямрал эхэлчихсэнийг ч хэлэх үү. Тэр үед Ub.life сайтад ажилд орсон юм. Нэг зун Ж.Тэгшжаргал эрхлэгч “Нэг л гоё юм хиймээр байна аа” гэхэд нь би “За, одоо л хөрөг бичье” гэж бодсон. Тэгшээд юу таалагдах бол, би юу хийж чадах бол гэдэг хоёр зүйл их гоё хоршсон юм. Надад цаг хугацаа, итгэл найдварыг хангалттай өгч байсан. Ер нь Тэгшээгийн “Ямар нэгэн гоё юм хиймээр байна аа, Энхээ эгч ээ” гэж хэлсэн нь надад яг цагаа олж ирсэн даалгавар болсон. Би ч бас мөлийж, элэгдээд дуусчихмааргүй байсан юм. Тэгээд “Яг ямар гоё юм хийх вэ?” гэж бодоход миний хувьд тэр гоё зүйл нь “Хөрөг” байсан юм.

cover-8.jpg

Тэгээд би Москвагийн их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн хөрөг найрууллын хичээлийн материалыг олж аваад нэлээд сайн уншиж, өөрийнхөөрөө дэвтэртээ тэмдэглэж байсан. Тэр нь надад цоо шинэ зүйл байгаагүй л дээ. Ер нь өмнө нь харж, ойлгож явсан зүйлсээ баталгаажуулсан гэх үү дээ. Жишээлбэл, хөрөг найруулал гэж ер нь юу юм бэ, нас барсан хүний тухай хөрөг бичиж болдог юм уу гэх мэт ёжилсон асуултууд байдаг. Бүр мэргэжлийн багш асууж байсан гээд л бод. Тэгээд хөрөг найруулал гэдэг өөрийн гэсэн онол, судлагдсан арга зүйтэй сэтгүүл зүйн жанр юм байна гэдгийг өөртөө баталж авахыг хүссэндээ Москвагийн их сургуулийн хичээл, семинар, оюутнуудын бие даалтын ажлыг ухсан юм. 

Хүний амьдралын тухай бичихэд хувь сэтгүүлчийн туршлагаас гадна тухайн редакцын ёс зүй маш чухал. Бид хэнийг ч буй байсан хийгээд оршин буй бодит ахуй төрхөөс нь хэт дөвийлгөх, эсвэл хэт муутгах эрхгүй. Хүний амьдрал, хувь тавиланд өөрийнхөө өнцгөөр, үзэмжээр хандаж болохгүй. Талийгаач хүнийг зөвхөн сайхнаар дурсах нь хүний ёс л доо. Гэхдээ би үнэнийг л мэдмээр байдаг. Тэр үнэн нь таагүй байсан ч хүндэтгэлтэйгээр хөрөгтөө багтааж, хүнийг нь бүрэн дүүрэн гаргаж ирэх үү гэдэг бол үнэндээ бичээчийн мэдрэмж, туршлага, ур чадвартай шууд холбоотой. Амьд байгаа хүн гэдэг чинь мэлтийтэл өөдөөс хараад л амьдарч байна шүү дээ. Тиймээс тухайн хүний амьдрал, үр хүүхдүүдийнх нь эрхэмсэг оршихуйд сэв суулгаж мэдэхээр бурангуй үг, өгүүлбэр биччихгүй юм сан гэж боддог. Гэхдээ үнэнийг нь ч гээж болохгүй. Тэр хүн үнэнтэйгээ цаашид амьдрахад нь төвөг болохооргүйгээр, баримтыг нь гуйвуулахгүй, хүнийг нь гутаахгүй илэрхийлж чадах тийм бичвэр, үг, хэл найруулга, арга зүйг эзэмших ёстой болдог. Тэгэхээр нас барсан хүний тухай бичихэд ч, амьд хүний тухай бичихэд ч өөр өөрийн гэсэн амттай зовлон жаргал байдаг юм.

Заримдаа хүн өөрийн замналаа өөрчлөх шийдвэр олон жилийн турш дотроо тээж явсан бодол, эрэл хайгуулын үр дүнд төрдөг. Б.Энхцэцэгийн хувьд ч хөрөг найруулал бол зүгээр нэг шинэ төрлөөр бичиж үзэх оролдлого байсангүй. Хүний амьдралыг үнэнээр нь өгүүлж, алдаа оноо, эмзэг нандин бүхнийх нь хамт ойлгож хүлээн авах хүсэл, сэтгүүл зүйд өөрийн гэсэн мөр үлдээх эрмэлзэл нь түүнийг энэ төрөл рүү хөтөлжээ. Түүний бичсэн хөрөг бүр өөр өөрийн түүх, хүний амьдралын давтагдашгүй өнгийг агуулна. Тэдгээрээс Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн тухай хөрөг нь уншигчдад бидний мэддэг нэгэн дуучны цаана ямар баялаг, ээдрээтэй амьдрал нуугдаж байдгийг нээж өгдөг. Тэгвэл нэгэн хүний амьдралыг хөрөг найрууллаар дахин нээж харна гэдэг ямар учиртай вэ?

“Хөрөг бол цонх”

cover-5.jpg

Түмэндэмбэрэл гуайн хөргийг бичихэд нэг түүхээс нөгөө түүх ундраад л байсан. Бичиж эхлэхэд яг л нэг хайрцаг нээтэл дотроос нь дахиад нэг хайрцаг гарч ирж байгаа юм шиг санагдсан. Би зүгээр л дуучин гэж боддог байсан шүү дээ. Гэтэл намайг Түмэндэмбэрэл гуайн тухай хөрөг бичихээс хэдэн арван жилийн өмнө түүний амьдралын нэгээхэн хэсгээс сэдэвлэсэн уран сайхны кино хүртэл гарчихсан байж. “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд “Мөн ч их хүлээсэн дээ гэсэн шүү.... Ээж хэлээрэй гэсэн юм...” гэж хэлдэг охин бий. Тэр охины дүрээр гардаг түүх нь Түмэндэмбэрэл гуайн арван нас хүртэлх амьдралтай холбоотой юм билээ. 1970-аад онд нэгэн залуу сурвалжлагч алдартай дуучин Түмэндэмбэрэл гуайтай ярилцлага хийхээр очиход бага насныхаа тухай, ээж аавынхаа тухай ярьчхаад “Гэхдээ үүнийг битгий оруулаарай” гэж захисан юм байна. Хожим Норов гуайд түүний аминчлан хэлснийг сурвалжлагч өгүүлж л дээ. Норов гуай ч уран зохиолын хэлбэрт шилжүүлэн “Мөнхийн дуудлага” нэртэй тууж болгон бичсэн байдаг. Надад хөгжмийн зохиолч Б.Магсаржав, дуучин П.Адарсүрэнгийн талаар бичсэн хөргүүд маань өөрт их таалагддаг. Адарсүрэн гуай шиг амьдарсан хүн дахин гарахгүй ч юм шиг санагддаг. Одоо хөгжмийн зохиолч Пүрэвдорж гуайтай ярилцахаар товлосон ч хэд хоног хүлээзнэх байдалтай байгаа. 

Сүүлийн үед Netflix-ийн контентууд залуучуудын өдөр тутмын амьдралын нэг хэсэг болчихлоо. Тэнд гарч байгаа үйл явдал, дүрүүд бидний эргэн тойронд ч бий. Хүн, юмс, үзэгдэл хаа сайгүй л оршиж байдаг. Хүн бүр өөрийн гэсэн туулсан зам, бүтээсэн түүх, жаргал зовлонтой. Олон хэвлэл мэдээллийн байгууллага хөрөг хэлбэрийн нэвтрүүлэг хийж байгаа нь ч зайлшгүй. Хүний нийгэм гэдэг чинь бие биеийхээ сайн сайхнаас, туршлагаас суралцаж байдаг орчин шүү дээ. Хөрөг найруулал тодорхой дүр, үйл явдлууд, өөрчлөлтүүдээр дамжуулан хүний мөн чанар, амьдарч байсан нийгэм, цаг үеийн онцлог, туулал, тэмцлийн түүх болдог. Бас хүмүүсийг өөр рүүгээ харах, бусдыг ойлгох, хайрлахаар нэгдэн шагайх цонх болдог. Хүн заавал өөрөө бүхнийг туулж, алдаж онож, амьдралаа эргүүлэхгүйгээр өмнөх үеийнхний болон өөртэй нь зэрэгцэн амьдарч байгаа хүмүүсийн түүхээс суралцах боломжтой. Тэр бүхнээр дамжуулан өөрийгөө ч ойлгож эхэлнэ. Өөрийгөө ойлгосон хүн өөрийгөө хайрлаж чаддаг юм. Хөрөг найрууллаар дамжуулан залуучуудыг өөрсдөө очиж үзээгүй газар орноор аялуулж, амьдарч үзээгүй цаг үе рүү аваачиж, бүр үхэл хүртэлх амьдралын үнэнийг бодитоор нь мэдрээсэй гэж хүсдэг. Гэхдээ тэр бүхнийг уншихад таатай, уншууртай үг хэллэг, өгүүлбэрээр илэрхийлж, үнэнийг хэрхэн уран сайхнаар хүргэж болдгийг мэдрээсэй гэж боддог юм.

Нэг хүний түүхээс нөгөө түүх урган гарч, тухайн хүний амьдралаар дамжин бүхэл бүтэн цаг үе, нийгмийн дүр зураг нээгддэг. Хөрөг найруулал бидний өөрсдөө туулж үзээгүй амьдралаас суралцах, бусдыг ойлгохын зэрэгцээ өөрийгөө ч таньж мэдэх боломжийг олгодог аж. Энэхүү үнэ цэнийг өөрийн бүтээл, олон жилийн туршлагаараа харуулж ирсэн Б.Энхцэцэгийн хувьд сэтгүүл зүйн салбар хорин жилийн өмнөхөөс хэрхэн өөрчлөгдсөн бол? Тэрбээр өнөөгийн нийгэм, сэтгүүл зүйн салбарыг хэрхэн харж, залуу сэтгүүлчдэд юу захихыг хүсдэг тухай бидний яриа үргэлжилсэн юм.

“Хорин жилийн дараа өнөөдрийн хорин настай сэтгүүлч “тэр үед итгэл байсан учраас би энэ зэрэгт ирсэн” гэж хэлж ч болно”

cover-16.jpg

2004 оноос эхлээд би сониныхоо Улс төрийн мэдээллийн албаны сэтгүүлч болж, парламентын сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн юм. УИХ-ын хуралдаануудаас олон сайхан төлөвлөгөө сонссоор “тэдэн онд ийм болно, тийм болно” гэсэн үнэмшил надад лав бий болж байлаа. Тухайн үедээ би тархиа угаалгаж байна гэж огт боддоггүй байсан. Харин ч Монгол оронд маш их ирээдүй байгаа гэдэгт итгэдэг байсан юм. Бид сайн сайхан нийгэмд ажиллаж, амьдрах юм байна, тэр нийгэм нь шударга ёс, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг энэрэнгүй болох юм байна аа гээд л. Одоо эргээд харахад, тэр үед итгэх зүйлтэй явсандаа баярладаг. Итгэдэггүй байсан бол би юунд ч хичээхгүй, зорихгүй байсан. Ирээдүйд бий болох тэр нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай байхын тулд чаддаг зүйлтэй, урдах ажлаа сайн хийдэг хүн болж, сайхан амьдарна гэсэн урам зориг надад байсан учраас би ямар ч бэрхшээлд нураагүй юм шиг санагддаг. Одоо би улстөрчдөөс илүү өнөөдрийн залуу үедээ итгэдэг. Магадгүй хорин жилийн дараа өнөөдрийн хорин настай сэтгүүлч “Тэр үед итгэл байсан учраас би өнөөдөр энэ зэрэгт хүрсэн” гэж хэлж ч болох юм. Юм өөрчлөгдөнө, сайжирна гэж итгэдэггүй юм бол сэтгүүлчээр ажиллах ямар утгатай байх вэ?

Хорин жилийн хугацаанд нийгэм, сэтгүүл зүй төдийгүй бидний амьдарч буй хот ч их өөрчлөгджээ. Би ухаан орохдоо л Улаанбаатар хотод байсан. Байгаа зүйлийг байгаагаар нь хайрлаж сурсан. Тэр үеийн Улаанбаатарт миний хүүхэд нас, аав ээжийн минь залуу идэр нас өнгөрсөн учраас надад булан тохой бүр нь ой дурсамжийн тэмдэглэл шүү дээ. Чөлөө завтай газар л харвал “Энд байшин барья” гэсэн шунал төрөх бүү хэл, нүдэнд ч төсөөлөгддөггүй. Гэхдээ одоо бүх юм танигдахын аргагүй өөр болжээ. Хүүхэд, залуу насаа энэ хотод өнгөрүүлээгүй хүмүүст Сүхбаатарын талбай орчимд том газар авах, уулын амыг тэр чигээр нь хашаалах хүсэл төрдөг байж магадгүй. Би Богинын ам, Бага тэнгэрийн амыг ямар байснаар нь мэднэ. Тэнд олон айл зусланд гардаг байлаа. Уулын сэрүүн агаартай, том чулууд дамжин үсчин шуугидаг сэргэлэн горхитой, ямар онгон дагшин газар байв аа. Тэр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, зарж хөлжих тухай бодол тэнд өсөж торниогүй хүнд л төрдөг байх гэж би боддог. Гэр хорооллын гудамж хооронд хүртэл дахиад нэг эгнээ үүсгэн өөрчилж байна. Хүнийрхүү, холын, нэг л өөр сэтгэлээр л хачин зүйлсийг төлөвлөдөг байх.  

cover-14.jpg

Сэтгүүл зүй иргэдийн мэдэх эрхийг бодит мэдээллээр шуурхай хангах үүрэгтэй байсан. Үүний зэрэгцээ нийгмийг сайн сайханд тэмүүлэх чин зориг нь болж ард нь биш урд нь гарч дагуулах ёстой гэж би боддог. Сайханд нүдтэй, сэтгэлтэй хүмүүсийн л үйл хэрэг юм шүү дээ. Бидний эргэн тойронд гэрэл тусгаад харуулчих сайн сайхан нь үгүй бол хүмүүс хулгай худалдаа идэгдэж, амьтан шиг архиралдахаас өөр сэдэвгүй болно. Нийгмийг зөв зүгт чиглүүлэх үүрэг гэдэг маань иргэдэд бодит мэдээллийг хүргэхээр яарахдаа тухайн мэдээлэл нийгэмд сэтгэл зүйн ямар үр дагавар үүсгэж болохыг заавал бодож боловсруулахыг сануулахгүй бол бид яг энэ хэсгээ хасаад зүгээр л хэт шуурхай хүмүүс болж хувираад байна. Сэтгүүл зүйд бас гоо зүйн үүрэг бий. Сэтгүүлчид ёс зүйтэй байхаас гадна гоо зүйн ойлголтыг маш сайн эзэмшсэн байгаасай гэж боддог. Хэчнээн хэцүү, хатуу, бэрхшээлтэй зүйлийн тухай үнэнийг дэлгэж байсан ч түүнийгээ ёс зүйтэй, гоо зүйтэй илэрхийлж болно. 

Сүүлийн үед ёс зүйн тухай яриа олшроод ёс зүйгүй болсон шалтгаан нь гоо зүйг орхисонтой ч холбоотой. Миний хувьд ёс зүйтэй байх нь зарчим мөн бол гоо зүйтэй байх нь ч сэтгүүл зүйн зарчмын асуудал юм. Мэдлэгийн, мэдрэмжийн, хүмүүжил төлөвшлийн асуудал учраас энэ тухайд толгой дараалан шаардах нь зарим дулимаг нэгэнд үнэхээр шударга бус, хүнд хэцүү зүйл л дээ. Мэргэжлийн байх шаардлага мэргэжлийн редакцыг, өндөр боловсролтой эзэн, түүнтэй долгион таарах редакторуудтай ажиллах сэтгүүлчдийн тухай асуудал. Одоогийн энэ олон хувь хүн төвтэй хэвлэл, сэтгүүл зүй цаашид явахааргүй болж байна. Хувь хүний өссөн орчин, эзэмшсэн боловсролын хэмжээгээр ажилладаг, тухайн хувь хүний уур хүрэхээр нэг янз, хайр хүрэхээр өөр янз болж хувирдаг тийм байж таарахгүй нь харагдаж байна шүү дээ.

Нийгэм, сэтгүүл зүйд итгэх итгэл, хүний амьдралд баримтлах зарчмын тухай ярьж суухад түүний туулсан зам, өнөөдрийн үзэл бодол хэрхэн бүрэлдсэнийг илүүтэй сонирхмоор санагдана. Олон жилийн турш ажил, амьдралынхаа янз бүрийн үеийг туулж ирсэн энэхүү замд нь хамгийн их түшиг тулгуур болж, баяр гуниг, сайн муу бүх цаг үед хамт байсан нэгэн бий. Тэгвэл түүний амьдралын хамгийн дотно түүхийг хамт бүтээлцсэн тэр нэгэн хүнтэй танилцъя.

“Манай нөхөр намайг тийм их өнчрөлөөс аварсан юм”

cover-11.jpg

Манай нөхөр намайг зам дээр л зогсож байсан гэдэг юм. Би түүний зам дээр зогсож байсан юм бол тэр ч бас миний зам дээр зогссон байж таарна шүү дээ. Учрах ёстой хүмүүс л учирч, бие биедээ ойлгуулах гэж, аргадах гэж, тэгээд амьдралаа зориулах гэж эхнэр нөхөр, ээж аав болдог байх. 

Би нөхрийнхөө тухай өмнө нь хүргэн ахын найз гэдгээр бага сага сонсоод л явдаг байсан юм. Гэхдээ надад огт хамаагүй хүн байсан учраас тэгтлээ чихээ соотойлгож сэтгэлдээ буулгаж байсан биш. Нэг удаа би машин авах гээд амжихгүй явсаар байтал зээлийнхээ хүүг төлөх хугацаа дөхөөд байдаг. Тэгээд хүргэн ахаа ирэхээр хамт явж машин авна гээд хүлээж байсан чинь ирэхээргүй болчихсон. Харин оронд нь манай нөхөр хүрээд ирсэн юм. Надтай хамт машин үзэж явахдаа юманд хандаж байгаа байдал, яриа хөөрөө нь “Би эрэгтэй хүн байсан бол иймэрхүү л залуу байх байсан болов уу” гэж бодогдуулж амжсан. Миний өмнөөс хамгийн зөв боломжит хувилбарыг сонгох гэж хичээж, шийдвэр гаргахад нөлөөлөхүйц зүйлсийг техник ойлгохгүй надад тайлбарлаж өгч байсан нь маш хариуцлагатай, нягт нямбай хүн шиг санагдсан. Машинаа ч авлаа, “Ах нь дүүгийнхээ машиныг мялаана аа. Дараа уулзъя” гээд салсан юм. Хэд хоногийн дараа над руу залгахаар нь би утсаа авсан чинь “Намайг санаад бүр бэтгэрэхээ шахсан байх шив дээ” гэж авдаг юм. Би ерөөсөө ч санаагүй л дээ. Зүгээр л утсаа аваад “Сайн уу” гэж л мэндэлсэн. “Байна уу” ч гэхгүй шууд л мэнд мэдсэн нь тэгж санагдсан юм байлгүй. Гэхдээ үнэнээ л хэлэхэд тэр доогтой шооч үг нь надад их дотно мэдрэмж төрүүлсэн.

Сүүлийн үед гэр бүл салалт их байгаад би харамсдаг. Бид хоёр ч гэсэн хэдэн сараар салж үзсэн. Салах сайхан байдаггүй юм билээ. Маш их санадаг. Юундаа өөрийгөө хүчирхэг гэдгийг, нөгөө хүнээсээ дутуугүй гэдгээ батлах гэж, яагаад бие биеийхээ өмнө томроод байдаг юм бол гэж боддог. Хүүхдүүдээ голдоо хийгээд өсгөх шиг, үүрнээсээ нисэхэд нь өтөл насаа хамтдаа угтах шиг жам ёсны, сайхан зүйл юу байх вэ. Би түүнийхээ “би”-г, тэр миний “би”-г маш их хайрлаж, хүндэлж байж л бидний доторх эго багассан юм шиг санагддаг. Цаг хугацааны л асуудал. Айл гэдэг нэг л өдөр бий болчихдоггүй шүү дээ. Эхнэр нөхөр ч тийм бэлэн зэлэн байж байх биш. Арван жил, арван таван жилийн дараа л нэг болж ирдэг. Мэдээж бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл санаатайгаар давтагдсаар байдаг бол үтэр түргэн салах хэрэгтэй. “Нэг л сонин мэдрэмж төрөөд байна” гэдэг шалтгаанаар болохгүй ээ. Хоёр өөр хүн нэг гэрт өдөр бүр хамт аж төрөхүй гэдэг өөрөө мэдээж сонин зүйл шүү дээ. Сонин бас сайхан, хүний л жам ёс юм даа.

Би өнчирсөнгүй. Би ээжийгээ үгүйлж, аавыгаа санадаг. Гэр бүлгүй байсан бол гасланд живчихээр туниагүй хүн л дээ. Манай нөхөр намайг тийм их өнчрөлөөс аварсан юм шиг санагддаг. Би ээж, аавынхаа өмнөөс хүртэл энэ хүнийг хайрладаг. Ээж минь байсан бол ингэх байсан болов уу, аав минь байсан бол охинтой нь ханилан амьдарч яваагийнх нь төлөө дээд зэргээр хүндэтгэх байсан болов уу гэж төсөөлдөг. Бас нөхрийнхөө аав, ээжийг ч бодно. “Ээж аав нь байсан бол хүүгээ ингэх л байсан даа” гэж. 

Мэдээж гомдол ч бий. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эмэгтэйчүүдийн дэргэд ичмээр дамшиг гэдэг шиг л юм даа. Их ядарсан үедээ л гомдсон байгаа юм, эргээд бодоход. Хүүгээ хөтөлчихсөн, нялхыгаа үүрээд явж байхад ажил дээрээ юу ч бодохгүй л суусан байх даа, намайг өлсөж байхад амттай юм бариад ирдэггүй л байсан даа гэх мэтээр гомддог байлаа. Би хүүхдүүдээ гадаа их салхилуулдаг байсан юм. Гэртээ ороод хоолоо хийх хооронд гуанзнаас хоол үнэртээд, аймаар өлсөнө. Нөхөр маань цайны цагаараа гүйж ирээд хоолоо хийх ёстой байсан юм уу, боломжгүй шүү дээ. Тэр үед анхаарал халамжгүй гэж гомддог л байсан. Өөрөөр ямар ч байлгах байсан юм. Хөхүүл ээж хүний л зүйл байж. Цаг зуурын гомдол хүүхдүүд өсөхийн хэрээр ор мөргүй арилна. Ээжийн ачаалал багасаж, зовлон гэж бодож байсан зүйлс бүр эсрэгээрээ хамгийн хөөрхөн дурсамж, жаргал болчихдог юм билээ. Залуучууд бие биедээ дургүй болсон, холдож салах шалтгаанаа ярихад тэдгээрийн дийлэнх нь хамтдаа туулж, давж гарах л асуудал шиг санагддаг. Аав, ээж хоёр муудалцаж, маргалдах ч нүдэн дээр нь бие биеэ аргадаж, тайвшруулж, уучилж асуудал шийдэгдэж байхыг, тайван ярилцаж болдог гэдгийг хүүхдүүд харж өсвөл сайхан. Харилцаанд, хандлагад суралцах анхны туршлага гэр орон л байдаг шүү дээ. Юм сайхан болдог, бид хамтдаа л жаргалтай юм байна гэдгийг хүүхэд тогтож боддог тийм л амьдралыг үлгэрлэсэн эцэг эх байгаасай.  

cover1.jpg

Хайр гэдэг анх учирсан мөчийн догдлолоор эхэлдэг ч хамтдаа туулсан он жилүүд, бие биеэ ойлгож, уучилж, хүндэтгэхийн хэрээр улам гүнзгийрдэг ажээ. Энэхүү ярианаас гэр бүл гэдэг нэг л өдөр бүтчихдэг зүйл биш, харин хоёр хүн хамтдаа бүтээж, цаг хугацааны явцад суралцаж, төлөвшдөг орон зай болох нь мэдрэгдэнэ. Түүний хувьд нөхөр нь зөвхөн амьдралын хань төдийгүй эцэг эхээ үгүйлэх сэтгэлийнх нь өнчрөлийг нимгэлж, түшиг тулгуур нь болсон хүн юм. Харин тэдний хамтдаа туулсан он жилүүд өнөөдөр эргэн дурсахад гомдол гуниг нь хүртэл хайр болон үлджээ.

Бидэнд бусдад хэлж амжаагүй нандин дурсамж, даван туулсан бэрхшээл, хайрлаж, алдаж, эргэж олсон бүхний мөр сэтгэлийн хаа нэгтээ үлддэг. Хүний сэтгэлийн нугачаа, амьдралынх нь ээдрээт түүхийг чин үнэнээр нь хийгээд энэрч хайрласан сэтгэлээр өгүүлэх нь Б.Энхцэцэгийн олон жилийн турш эрхэмлэж ирсэн сэтгүүл зүйн зарчим ажээ. Түүнтэй ярилцаад салахдаа хүний амьдралын түүх бүрийн цаана ойлгож ухаарах зүйл, хайрлаж хүндэтгэх учир байдгийг, өнгөрсөн бүхнээсээ суралцан өнөөдрөө хайрлаж, маргаашдаа итгэж амьдрахын үнэ цэнийг тээн үлдлээ. Бүрхэг өдөр дулаахан гэртээ урин, амьдралынхаа дурсамж, үзэл бодол, сэтгэлийн нандин түүхүүдээсээ хуваалцсан Б.Энхцэцэг танд баярлалаа.

Гэрэл зургийг: Д.Занданбат

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Урнаа
Б.Урнаа
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.