Ц.Галбадрах: Хүн өөрийн дурлаж, сонирхсон тэр уран бүтээлтэйгээ учрах мөчдөө л хамгийн жаргалтай байдаг


“Хөгжмийн урлагийн төлөө амьдардаг хүмүүс ер нь их даруухан байдаг юм. Илүү дутуу эго, элдэв авиргүйгээр зөвхөн урдхаа л хийж амьдардаг. Би ч бас тэдний адил өөрийгөө бусдаас онцгой гэж бодож явсангүй. Хийх ёстойгоо хийж, сурч хөгжиж явах үедээ анх Дашка ахтайгаа уулзсан юм. Надад асар том итгэл хүлээлгэж, урагшлах найдвар төрүүлэн миний дотор байсан галыг асаасан хүмүүсийн нэг бол яах аргагүй ах минь.”
Энэ бол монгол үндэсний язгуур хөгжмийг рок хэмнэлтэй хослуулан олон улсыг шуугиулж, урлагийн түүхэнд “хүннү рок” хэмээх шинэ хуудас нээж яваа “The HU” хамтлагийн ахлагч, морин хуурч Ц.Галбадрахын дотоод ертөнц. Хүн төрөлхтнийг соронзон мэт татаж буй бахархам амжилтын цаана ийм эгэл бөгөөд даруу зан, эв эеийг эрхэмлэсэн тууштай мөн чанар оршдог ажээ. Үндэсний өв соёлоороо дэлхийн тайзнаа түүх бүтээж, урлагийн төлөөх дотоод галаа бадрааж яваа энэ эрхмийг бид “Бидний нэг” буландаа урьж, түүний сэтгэлийн гүн дэх нандин дурсамжуудыг хуваалцлаа.
Бид энэхүү ярилцлагаараа олон улсын тайзнаа дуурьсах алдар нэрээс урьтаж, Ц.Галбадрах хэмээх уран бүтээлчийн хувь хүний мөн чанар, дотоод ертөнцийг хуваалцахыг хүссэн юм. Иймд түүний амьдралыг морин хуур хөгжимтэй эргэлт буцалтгүй холбосон хүүхэд насных нь дурсамж болон гэр бүлийнх нь халуун дулаан түүхийн талаар бидний яриа эхэлсэн юм.
Урлагт хөтөлсөн хүүхэд нас

“Анхнаасаа миний сурч, дурласан хөгжим бол морин хуур. Одоо эргээд бодоход монгол үндэстнийг илэрхийлэх хамгийн тод томруун хөгжим бол яах аргагүй морин хуур юм билээ. Учир нь энэ өөрөө амьтай хөгжим. Морины сүүлийг морины сүүлээр хөрөөдөж, ая эгшиг гаргадаг ийм нандин өв цөөхөн үндэстэнд бий. Энэхүү гайхамшигт өвийг биеэрээ тээж, олон улсад таниулж, түгээн дэлгэрүүлж яваадаа би маш их бахархдаг.
Харин миний амьдрал морин хууртай холбогдсон түүх гэр бүл, тэр дундаа ах нартай минь салшгүй холбоотой. Манай аав, ээж хоёр цэргийн хүмүүс болохоор маш завгүй, заримдаа шөнө ээлжээр хононо. Би айлын бага, дээрээ дөрвөн ахтай учраас ах нар маань л намайг хүн болгосон доо. Багадаа бусдын л адил найзуудтайгаа тоглож наадах дуртай хүү байлаа.
Намайг бүр жоохон байхад зурагтаар “Мандухай сэцэн хатан” кино гарч, би үлээвэр хөгжмийнх нь аяыг (фанфар) дагаж аялаад байсныг Баяраа ах маань анзаарсан юм билээ. Ах нар маань өөрсдөө гитар тоглодог, рок, метал хөгжим сонирхдог байсан болохоор надад хөгжмийн авьяас байж магадгүй гэж олж харсан хэрэг. Тэгээд бага ангиа төгсөх жил ах нарынхаа зөвлөснөөр Хүүхдийн ордны морин хуурын дугуйланд анх хөл тавьсан. Тухайн үед морин хуур гэж яг ямар хөгжим байдгийг ч сайн мэдэхгүй, зүгээр л хөгжимд сонирхолтой зангаараа хөтлөгдөн орж байв. Тэнд миний анхны багш Л.Хүрэлбаатар гэж мундаг хүн байсан бөгөөд морин хуурын суурь мэдлэгийг маань зааж, хөгжмийн их замд зөв чиглүүлж өгсөн дөө.”
“Хана ширтэж, хэдэн цагаар ч хамаагүй хөгжмөө давтдаг байлаа”

Хөгжмийн сууриа зөв заалгаж авсан бяцхан хүүгийн амьдралд удалгүй шинэ зууны соёл, технологийн давлагаа хүч түрэн орж иржээ. Тэрбээр морин хуурынхаа нарийн техникийг сурахын зэрэгцээ өсвөр насны сониуч зангаар рок, метал хөгжмийн хүнд хэмнэлд татагдаж эхэлсэн байна. Сэтгэлд нь асаж эхэлсэн энэхүү шинэ сонирхол нь түүнийг мэргэжлийн урлагийн зам руу хэрхэн хөтөлж, Хөгжим бүжгийн коллежийн хатуу дэг сургуультай хэрхэн нүүр тулсан талаар бидний яриа үргэлжилсэн юм.
“Биднийг хүүхэд байхад компьютер дөнгөж л айл өрхүүдийн хэрэглээ болж эхэлж байлаа шүү дээ. Гэртээ анх “Пентиум-3” компьютертай болчхоод, үеийнхнийхээ адил “Counter-Strike”, “Warcraft” тоглохын зэрэгцээ аянгын логотой “Winamp” гэх программ руу их орно. Тэр программ дээрх дууны жагсаалтаас рок, метал урсгалын хүчтэй хэмнэлүүдийг сонирхож сонсдог байв. Тухайн үед яг ямар хамтлаг гэдгийг нь сайн мэдэхгүй ч эргээд харахад Sepultura, Pantera, Metallica, Slipknot зэрэг хамтлагийн алдартай цомгууд дарааллаараа байж. Зарим нь их хүнд хөгжим хэр нь сонирхол татаад байдаг учраас өдөржингөө л “энэ ямар сонин хөгжим бэ” гээд сонсоод сууна.
Ингэж рок хөгжмийн урсгалд автахын зэрэгцээ Хүүхдийн ордондоо морин хуураа хичээнгүйлэн давтсаар хоёр жил өнгөрөв. Энэ хугацаанд улсын хэмжээний “Ая эгшгийн зургаан жигүүр” уралдаанд оролцож, дунд насны ангилалд хоёрдугаар байр эзэлсэн юм. Энэ амжилтын дараа манай гэрийнхэн “Энэ нөхөр хөгжимдөө илүү сонирхолтой, авьяастай юм байна. Илүү мэргэжлийн болгоё” гэж шийдсэн. Ингээд Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч ороод, морин хуурын ангид арай өөр түвшинд, яг мэргэжлийн чиглэлээрээ сурч эхэлсэн дээ.”

“Урлагийн сургуулийн хүүхдүүдийн амьдрал бусдаас арай өөр, хатуу дэг журам дунд өрнөдөг. Байрны найзууд хичээлээ тарчхаад гадаа тоглож байхад бидэнд тийм цаг гардаггүй байлаа. Дандаа л сургуулийнхаа коридорт хана ширтэж, хэдэн цагаар ч хамаагүй хөгжмөө давтаж сууна. Сургууль маань маш хатуу шалгууртай, урлагт ямар ч “арын хаалга” байхгүй гэдэг шиг жилд 8-10 шалгалт өгч, үргэлж бэлтгэлтэй байхыг шаардана. Үндсэн мэргэжилдээ хичээхгүй л бол болохгүй гэх тэр хариуцлагыг хүүхэд байхдаа л мэдэрч эхэлсэн.
Гэвч хүүхдийн сониуч зангаар өөрийгөө хайж, шинэ урсгалд татагдах орон зай байсаар байсан юм. 2000-аад оны эхээр манай сургуульд амьд хөгжим, рок металлын давлагаа нэлээд хүчтэй түрж, хамтлагууд ч олноор байгуулагдаж байлаа. Ангийнхан маань “Linkin Park” хамтлагийг их сонсдог байсан бөгөөд үүндээ хөглөгдөн “бүгдээрээ дуунуудыг нь коверлож үзье” гээд хамтлаг байгуулсан юм. Би тэр хамтлагтаа басс гитар тоглодог байлаа. Тэр үеэс л амьд хөгжимд маш их дурлаж, сонирхож эхэлсэн. Үндсэн мэргэжил, чиг шугамаасаа хазайхгүйгээр өөрийн сонирхол, хоббигоо хамтад нь хөгжүүлж болдог байсан үе маань тэр.”
“Хүний нутагт анх удаа “хэн ч биш” юм шиг мэдрэмжийг мэдэрсэн”
Өөрийн сонирхлыг олж, хөгжмийн ертөнцдөө дурлаж явсан түүний амьдралд нэгэн шинэ эргэлтийн цэг гарч ирэв. Хичээлдээ сургуульдаа сайн, хөгжимдөө ч чамгүй амжилттай явсан залуу хүү өөрийгөө сорихоор алс холын Япон улсыг зорьжээ. Гэвч хэл мэдэхгүй, таних хүнгүй харь орны хатуу чанд амьдрал түүнд огт өөр ухаарлыг өгсөн юм. Хүний нутагт ганцаараа асуудалтайгаа нүүр тулж, бие сэтгэлийн шалгуур дунд суухдаа өөрийнхөө ирээдүйг, тэр дундаа морин хуурынхаа үнэ цэнийг хэрхэн олж харсан тухай түүний түүх ийнхүү үргэлжилжээ.

“Хөгжим бүжгийн коллежоо төгсөөд гэрийнхэнтэйгээ зөвлөлдөж, өөр мэргэжил эзэмшихээр Япон улсыг зорьсон юм. Осака хотын ойролцоох Итами Ши хэмээх жижиг хотод япон айлд амьдарч, зургаан сарын хугацаанд хэлний бэлтгэлд суралцлаа. Тэнд ямар ч монгол хүн байгаагүй учраас япон хэлийг сурахаас өөр аргагүй орчинд очсон хэрэг. Эхний хоёр сар “сайн байна уу”, “баяртай”-гаа ч ойлгохгүй, харь орны соёл, хатуу чанд дүрэм журам дунд ганцаараа асуудалтайгаа нүүр тулах үедээ өөрийгөө ямар бэлтгэгдээгүй, болоогүй байсныг ойлгож, өөртөө дүгнэлт хийсэн цаг хугацаа байсан. Хичээлдээ сайн, хуурандаа лаг гээд өөрийгөө их өндөрт бодож явсан хүн чинь ээж аавынхаа гараас гарч, хүний нутагт анх удаа “хэн ч биш” мэт мэдрэмжийг мэдэрсэн нь тэр.
Тэгтэл хоёр сарын дараагаас гэнэт л “хэлд орж”, хүмүүсийн яриа төдийгүй зурагтаар гарч буй хошин шог, улс төрийн сэдвүүдийг ч зах зухаас нь ойлгодог боллоо. Хөгжмийн дадал, сонсгол маань хэлийг хурдтай хүлээж авахад нөлөөлсөн болов уу гэж боддог юм. Ингээд хэлээ сайн сурч байсан ч харамсалтай нь бие маань өвдөж, хэд хэдээрээ хатги гараад хүний нутагт маш хэцүү байсан тул гэрийнхэндээ хэлж буцахаар шийдсэн юм. Энэ бүхэн надад морин хуураасаа холдож болохгүй гэдгийг сануулсан дохио байж дээ гэж боддог юм.

Японоос ирээд сургуулийнхаа бакалаврын түвшинд суралцаж, Хөгжим бүжгийн коллеж Консерватор болох үеийн анхны төгсөгчдийн нэг болсон. Оюутан байхдаа сурахын хажуугаар "Алтайн оргил", "Нүүдэлчид" зэрэг ардын урлагийн хамтлагуудтай хамтран тоглоно. Ер нь эргээд бодоход долоодугаар ангиасаа л зуны амралтаараа жуулчдад зориулсан тоглолтуудад оролцож, ажил хийж эхэлжээ. Тэр үед Чойжин ламын сүм музейд тоглож байсан бичлэгүүд маань одоо ч YouTube-д байдаг юм. Ингэж багаасаа тасралтгүй ажилласны хүчинд том асуудлуудаас бусдаар жижиг сажиг хэрэгцээгээ өөрөө дааж сурсан. Түүнээс хойш оюутан байхдаа Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу одоогийн Үндэсний урлагийн их театрт гурван сар дагалдангаар ажиллаад, үргэлжлүүлэн үндсэн оркестрын хөгжимчнөөр долоон жил тууштай ажилласан даа.”
Сонсоод үзтэл урьд нь хэзээ ч сонсож байгаагүй асар сонин содон хөгжим…
Театрын оркестрт хөгжмөө тоглон суусан он жилүүд түүнийг илүү том, цоо шинэ ертөнцөд алхан ороход чимээгүйхэн бэлдэж байсан мэт. Үндэсний өв соёл, рок хөгжим хоёрыг зүрхэндээ зэрэгцүүлэн тээж явсан түүний амьдралд дэлхийн тайзнаа Монголын нэрийг тамгалсан “The HU” хамтлагийн нэгэн эд эс болон ургах түүхэн агшин ийнхүү арваад жилийн өмнө тохиожээ.
“The HU” хамтлаг хэрхэн үүссэн тухай ярихад яалт ч үгүй продюсер Дашка (Б.Дашдондог) ахыгаа дурдах хэрэгтэй. Ах маань энэ төслийг өөрөө санаачлан, маш олон жил судалж, бодож боловсруулсан байдаг. Тухайн үед манай хамтлагийн Жааяа (Г.Нямжанцан) Хөгжим бүжгийн сургуульдаа багшилж байв. Бид хоёр багш шавийн харилцаатай ч амьдрал дээр ах дүүс шиг дотно, дээр нь “Алтайн оргил” хамтлагт хамт тоглодог байсан болохоор бие биеийнхээ ур чадвар, аливааг сурах хурд, ардын урлагт зүтгэсэн он жилүүдийг маш сайн мэднэ. Тэгээд Дашка ах Жааяад “Морин хуур тоглодог, давхар хөөмийлдөг хүн хэрэгтэй байна” гэж ярихад нь намайг санал болгосноор анх Дашка ахтайгаа уулзсан юм.

Тэр уулзалтаар “За, чи одоо ийм юм тоглоодхооч, ингээд хөөмийлөөдхөөч” гээд л намайг шууд шалгаж эхэллээ. Тэгэхэд Дашка ах “Би нэг ийм төсөл хийх гэж байгаа. Хүннү рок гэдэг юм” хэмээн өөрийн санааг танилцуулсан. Надад сонсгосон дуунууд нь хараахан бүрэн бүтээл болж амжаагүй, хөгжмийн найруулгынх нь үндсэн санаанууд гарчихсан дэмо (туршилтын) хувилбарууд байсан юм. Сонсоод үзтэл миний урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй асар сонин содон хөгжим. Монгол үндэсний хэмнэлтэй мэт боловч барууны рок, металлын элементүүд ч давхар мэдрэгдээд явчихсан. Тэр агшинд л “аан, энэ үнэхээр онцгой зүйл байна” гэдгийг ухаарч, Дашка ахтайгаа хамтран зүтгэх тэрхүү эхлэл тавигдсан даа.”
“Хүннү рокыг дэлхийн хөгжмийн түүхэнд үүрд тамгалах нь бидний зорилго”
Хуураа дарах тэр агшинд түүнд төрсөн зөн совин дэлхийн хөгжмийн түүхийг шинэчлэх агуу түүхийн эхлэл байв. Хүннү рок бол нэг хамтлагийн өвөрмөц өнгө аяс, эсвэл цаг хугацааны уртад үзэгдээд өнгөрөх төдий урсгал биш аж. Энэ бол хөгжмийн түүхэнд бие даасан шинэ урсгал болон тамгалагдах, түүнийгээ дагаад Монгол хэмээх нэрийг дэлхийн соёлын газрын зурагт мөнхлөх асар том алсын хараа байлаа. Өрнө дорныг сүлсэн тэрхүү хөгжмийн гүн гүнзгий ухагдахуун, тэдний тээж яваа агуу зорилгын тухай уншигч та бүхэндээ хүргэе.
“Хүннү рок бол хөгжмийн ертөнц дэх цоо шинэ урсгал юм. Дэлхийн хөгжмийн түүхийг харвал хард рок, хэви металл, классик болон софт рок гээд тодорхой чиглэлүүд байдаг бөгөөд хамтлагууд ч үүгээрээ ялгардаг шүү дээ. Тэгвэл бидний хамгийн том тэмүүлэл бол Хүннү рокыг тэдгээр урсгалууд шиг дэлхийн хөгжмийн түүхэнд үүрд мандуулж, туг хатган тамгалах явдал. Энэ нь зөвхөн “The HU” хамтлагийн амжилтыг ярих биш, түүний ард “Монгол гэх нэр, нүүдэлчдийн өв соёл байнга хамт оршино гэсэн үг. Монголоос гаралтай энэ урсгал хөгжмийн урлагт байр сууриа мөнхөлж, дэлхий дахинаа мандан бадарна гэдэг л бидний тээж яваа агуу зорилго шүү дээ.

Бид Хүннү рокоор дамжуулж өнгөрсөн ба ирээдүй, өрнө ба дорныг хослуулан дэлхий дахинд танилцуулж байгаа юм. Хүн төрөлхтөн эндээс маш язгуурын хэр нь маш орчин үеийн ер бусын зохицлыг мэдэрдэг. Манай хамтлаг энэ замын анхдагч нь учраас ирээдүйд дэлхийн олон улс орноос Хүннү рок чиглэлээр тоглох хамтлагууд төрөн гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр хөгжимчид Хүннү рокийн жинхэнэ мөн чанарыг гаргахын тулд заавал Монголд ирж морин хуур, хөөмий, товшуур, цуур зэрэг үндэсний өв соёлыг маань сурч, судлах шаардлагатай болно шүү дээ. Тиймээс Монгол өв соёлоо хөг, эгшгээр дамжин дэлхийн өнцөг булан бүрд дэлгэрүүлэх нь бидний хамгийн том зорилго.”
Нүүдэлчдийн цусанд орших ондоошил ба дотоод хүч
Дэлхийн тайзыг эзэгнэх тэрхүү агуу зорилгын цаана нүүдэлчдийн хэдэн зуунаар тээж ирсэн түүх, соёл бий. Магадгүй Хүннү рок дэлхий дахиныг байлдан дагуулж буйн нууц нь ердөө л монгол үндэсний хөгжмийн дотоод хүч, түүний цаана орших ер бусын увдистай холбоотой биз ээ. Хүн төрөлхтний сэтгэлийг хөдөлгөх тэрхүү язгуур аялгууны мөн чанар, морин хуурын эгшигт нуугдах амьд энергийг тэрбээр ийнхүү тайлбарласан юм.
“Манай үндэсний хөгжим, өв соёл бол үнэхээр гайхамшигтай. Дэлхийн хаана ч очсон нүүр бардам, сэтгэл дүүрэн алхах хүчийг надад өгдөг юм. Өмнө нь хэлсэнчлэн, монгол хөгжмийн аялгуу амьд байдаг. Тухайлбал, морин хуур хаана эгшиглэнэ, тэр газарт үргэлж сайн сайхан энерги хуримтлагдаж, муу муухай бүхэн алга болдог увдистай. Монголчууд үүнийг "жавар үргээнэ" гэж ярьдаг шүү дээ. Сайн сайхныг хурайлан дуудаж, ажил үйлсээ дэвжээн дээшлүүлэхийн тулд өргөө гэртээ хуураа залж, хуурч урин жавар үргээлгэдэг зан заншилтай. Энэхүү гайхалтай аялгуу, амьд энергийг ямар ч орны хүн шууд мэдэрдэг болов уу. Хэн ч сонссон сэтгэл нь уясаж, маш гоё эрч хүч авдаг.

Энэхүү авьяас билэг, өвөрмөц сэтгэлгээний ундарга нь ерөөсөө л бидний цусанд байдаг монгол хүний ондоошилтой холбоотой. Монголчууд бол өвөрмөц байгаль, хатуу ширүүн цаг уур, нүүдлийн өв соёлын хүйн холбоон дундаас төрөн гарч, өнөөдрийг хүртэл түүнийгээ хадгалж үлдсэн үндэстэн. Бид дэлхийн түүхийг өөрчилж, агуу эзэнт гүрнүүдийг цогцлоож явсан өвөг дээдсийн үр удам шүү дээ. Тийм учраас залуус маань тэрхүү уг үндэс, түүх соёлоо маш сайн тунгааж, хүндэтгэж, судлаасай гэж хүсдэг юм. Бидэнд уудам нутаг, онгон байгаль байна. Яах вэ, хот бол хот л байх. Гэхдээ төвөөс аравхан километр гарахад л цэнгэг ус, цэвэр агаар, нүүдлийн амьдралын тэр хэмнэл бий шүү дээ. Суурин иргэншил, нүүдлийн соёл хоёр зэрэгцэн оршиж байгаа нь өнөөгийн дэлхий ертөнцөд маш ховорхон зохицол. Монгол хүний оюун ухаан, авьяас билэг, тэсвэр хатуужил энэ л хөрснөөс ургасан бөгөөд нүүдэлчдийн ахуйд бидний дотоод хүчний нууц нуугдаж байдаг.
Бидний ихэнх нь багадаа хөдөө өвөө, эмээ дээрээ тоглож өссөн, эсвэл малтай ойрхон байж, байгалийн аясыг мэдэрч үзсэн байдаг. Бусад улс үндэстнээс өөр энэ амьдралын хэмнэл, байгальтайгаа ойр байх ахуй л монгол хүний дотоод мөн чанарыг бүтээдэг хэрэг. Тиймээс өвөг дээдсийнхээ түүх, өв соёлыг гүн гүнзгий судалж байж л монгол хүн жинхэнэ утгаараа өөрийгөө олж авах болов уу.”
Тэсрэлтийн эхлэл: “Бүсгүйн дуу” хэрхэн бүтсэн бэ?
Өв соёлынхоо тэрхүү гүн гүнзгий мөн чанарыг хөгжмийн хэлээр илэрхийлэх анхны алхам, бүтээлч эрэлхийллүүд студид эхэлсэн юм. Санаагаа амилуулж, цоо шинэ урсгалын анхны чимээг гаргана гэдэг хөгжимчдөөс асар их тэвчээр, маш нарийн хөдөлмөрийг шаардаж байлаа. Өмнө нь олон зуун дуу бичлэгт орж байсан мэргэжлийн хөгжимчний хувьд ч энэ үйл явц урьд өмнө туулж байгаагүй цоо шинэ сорилт, тэгсэн хэр нь уран бүтээлч хүний хувиар хамгийн том кайф, жаргалыг мэдрүүлсэн “The HU” хамтлагийн анхны уран бүтээлийн түүх хэрхэн эхэлсэн бол?

“Манай "The HU" хамтлагийн хамгийн анхны бүтээл бол "Гэрэгэ" цомогт багтсан "Бүсгүйн дуу" юм. Тухайн үед энэ дууг бүтээхийн тулд студид маш олон цагийг өнгөрүүлж байлаа. "Морин хуураараа ингэж тогловол яах вэ, хөөмий нь ингэж дуугарвал ямар вэ, өөр ямар сонин содон дуугаралт гаргаж болох вэ" гээд л тасралтгүй шинэ содон зүйлийг эрэлхийлнэ. Би Хөгжим бүжигт сурч байхдаа ч, Үндэсний урлагийн их театрт ажиллаж байхдаа ч янз бүрийн хөгжмийн дуу бичлэгт маш олон удаа орж байсан хүн. Гэхдээ яг "The HU" хамтлагийнхаа анхны дуунуудыг бүтээж байх үе шиг тийм олон цагаар, тэгтлээ туйлдаж ядартлаа бичлэг хийлгэж үзээгүй байхгүй юу.
Гэхдээ хамгийн гоё нь, бие маань тэгж их ядарч байсан ч дотоод сэтгэлд "сүнс баярлана" гэдэг шиг маш баяртай байсан. Морин хуурыг тийм чанга хэмнэлээр тасралтгүй тоглохоор хурууны өндөг зулгарч, тэр үед хуруунаас цус хүртэл гарч байлаа. Тэгээд гэртээ харихад эхнэр маань "Өө, миний хайр ядарчихжээ, гэхдээ нүд чинь асаад байна" гэж хэлж билээ. Тэгэхээр хүн өөрийнхөө дурлаж, сонирхсон, өөрт нь хамгийн гоё мэдрэмж төрүүлсэн тэр уран бүтээлтэйгээ учрах мөчдөө л хамгийн жаргалтай байдаг юм шиг байна. Үнэхээр тийм их кайф, сэтгэл ханамж дунд уран бүтээлүүд ар араасаа төрсөн.”
“Гадаадынхан биднээс ‘та нар хоолойндоо металл хийчихсэн юм уу’ гэж асуудаг”
Энэхүү тасралтгүй эрэлхийлэл, бүтээлч хөдөлмөрөөс төрсөн уран бүтээлүүд хамтлагийн өвөрмөц өнгө төрхийг дэлхийд тамгалж чадсан юм. Тэр дундаа хамтлагийн хөгжмийн хэмнэл, хүнд дуугаралтыг тодорхойлдог бас нэгэн гол цөм нь нүүдэлчдийн язгуур хөөмийн урлаг билээ. Рок металл урсгалын хэв маягийг үндэсний тусгай техник, хоолойн өнгөтэй яг таг хослуулж чадсан нь уран бүтээлчдийн хувьд өндөр түвшний хөгжил, тайзны асар том хувирлыг авчирчээ.

“Хөөмий бол хүн болон байгалийн харилцан шүтэлцээнээс үүссэн урлаг юм. Хүн байгалийн дуу чимээг буюу хүрхрээ, усны урсгал, араатан амьтны архирах чимээ зэргийг даган дуурайж оролдсоор анх хөөмий үүссэн гэж үздэг. Энэ бол Монгол Алтайг даган суурьшсан нүүдэлчин ард түмнээс үүдэлтэй, хүний нэг хоолойноос хоёр өөр авиа зэрэг эгшиглэдгээрээ дэлхийд маш ховор урлаг.
"The HU" хамтлагийн гол дуулах арга барил яагаад хөөмий байдаг вэ гэхээр, ер нь рок металл урсгал маань өөрөө хүнд дуугаралт гаргахын тулд хүний хоолойг бага зэрэг өөрчилж, хашхирах (scream) зэрэг янз бүрийн техник ашигладаг шүү дээ. Түүнтэй адилхан хөөмий ч бас манай язгуур техник учраас рок хөгжмийн хэмнэлтэй яг таг гоё зохицдог. Үүнийг Дашка ах маань “Манай өвөг дээдэс чинь угаасаа рок хүмүүс байсан юм биш үү? Дуулж, хөгжимдөж байгаа нь ийм эрч хүчтэй, хоолой нь хүртэл ийм харгиатай” гэж их гоёор хэлдэг юм. Учир нь хөөмийлөхөд цаанаасаа л нэг сонин металл дуугаралт сонсогддог юм шиг байгаа юм. Гадаадынхан их сониуч болохоор биднээс “та нар хоолойндоо металл хийчихсэн юм уу?” гэж хүртэл асууж байсан. Ийм мэдрэмж төртөл сонсогдож байна гэдэг чинь хөөмий бол үнэхээр гүн гүнзгий, хүний дотоод сүнс нь дуулаад ч байгаа юм шиг, эсвэл өвөг дээдсийн онгод тэнгэр нь ороод ирсэн ч юм шиг тийм л увдистай соёл юм болов уу гэж боддог.”
“Энгийн амьдралд эгэл даруу сайхан бай”
“Миний хувьд хөгжмийн урлагт хөл тавьснаас хойш хэдийн 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд яг л хагас цэрэгжилтийн байдалтай мэт хатуу дэглэмийг өөртөө суулгаж, хөгжмөө тасралтгүй давтаж, шинэ шинэ аялгуу, дуу бүрийг сурахын төлөө өөрийгөө үргэлж хөгжүүлж ирж. Гэхдээ мэргэжлийн урлагийн байгууллага, ардын урлагийн хамтлагт тоглож байсан үеэс "The HU" хамтлаг эхэлснээс хойших хугацаа надад хувь хүний хувьд асар том хөгжил, тэсрэлтийг авчирсан юм. Ардын урлагийн уламжлалт арга барилаар хуураа татаж, хөөмийлдөг байсан бол одоо рок урсгалаар стилээр хөгжимдөж, рок өнгө аясаар хөөмийлөх болсон маань шал өөр түвшний хөгжил байлаа. Үүнээс гадна, зөвхөн хөгжмөө тоглоод зогсохгүй, түүнийгээ хүмүүст хэрхэн хүргэх, дотоод эмоцио яаж илэрхийлэх тал дээр маш их задарсан. Энэ бүхэн арай өөр, шинэ Галааг бий болгосон мэт санагддаг юм.

Энгийн амьдрал дээр бид өөрийнхөөрөө, эгэл даруухан хүмүүс. Харин тоглолтын хувцсаа өмсөөд, үс гэзгээ янзалж, хөгжим зэмсгээ агсаад, бүгдээрээ уриагаа дуудаад тайзан дээр гарахад хүн бүр хувь хүнийхээ хувьд шал өөр болж хувирдаг. Яг л онгод хийморь нь орсон мэт. Манай Дашка ах "Энгийн амьдрал дээрээ эгэл даруу сайхан бай, тулсан цагт тайзан дээрээ арслан бар мэт бай" гэж их гоё хэлдэг юм. Яг үүн шиг, тайзан дээрх уран бүтээлчийн дүр төрх энгийн амьдралаас тэнгэр газар шиг өөр болж, дотоодод маань онгод тэнгэр хуримтлагдах шиг тийм хүчтэй мэдрэмж төрдөг.”
“Хүний бодол хүрсэн газар бие нь хүрдэг юм”
Тайзан дээр асах тэрхүү онгод, эрч хүчний гүүр нь ерөөсөө л түүний хүүхэд насны догдлол, уран сэтгэмжээс эхэлсэн байлаа. Хөгжим бүжигт суралцаж байхдаа барууны амьд хөгжмийн тоглолтуудын бичлэгийг үзэж, өөрийгөө тийм том тайзан дээр байгаагаар төсөөлдөг байсан тэрхүү хүү өнөөдөр мөрөөдлийнхөө эзэн нь болж чаджээ.
“Анхны дэлхийн аялан тоглолтын тэр фестивалиуд, тэр тайзнууд миний санаанаас ерөөсөө гардаггүй. Тэндээс л бид уран бүтээлч хүний хувиар маш том урам, эрч энергийг авч, өдий зэрэгтэй яваа юм шиг санагддаг. Анхны фестиваль дээр бид шинэ залуу хамтлаг байсан болохоор гол тайзуудыг хамгийн эхэнд нээдэг “open door” хамтлаг байлаа. Тиймээс өдрийн 12 цагийн үед тоглоно. Фестивалийн үзэгчид шөнөжингөө наргиж цэнгэчихсэн байдаг болохоор зохион байгуулагчид бидэнд “Та нарыг тайзан дээр гарахад бараг хүн ирэхгүй байж магадгүй шүү. Санаа зоволтгүй, гоё тоглоорой” гэнэ. Дашка ах ч гэсэн “За, миний дүү нар, санаа зоволтгүй гоё тоглочхоод гараад ир” гээд л...
Тэгтэл тайзны араас хүмүүсийн бужигнаан, асар их шуум сонсогдож эхэлсэн. “Энэ чинь юу билээ” гээд дотроо гайхан, уриагаа дуудаад л “бүгдээрээ хамтдаа бут нэргээд өгье!” гээд тайзан дээр гарсан чинь зах нь харагдахгүй олон хүн цуглачихсан байсан. Хэзээний биднийг сонсдог фенүүд шиг, анх удаа уулзаж байж нэгэн зэрэг “HU, HU, HU” гээд л биднийг дэмжихэд төрж байсан тэр мэдрэмж, тэр мөч ерөөсөө санаанаас гардаггүй юм. “Бид зөв юм хийж байгаа юм байна, бид гоё эрч энерги өгч чадаж байна” гэдгийг тэндээс маш хүчтэй мэдэрсэн. Тэр олон хүний хүндлэл, хайр, эрчим хүч эргээд биднийг асар их ачаалалтай тоглолтуудын ард цэнэглэж өгдөг юм билээ.

Хамтлагийн маань нэр бага багаар тодорсоор, тэрхүү өсөх процесс үргэлжилсээр л байна. Саяхан буюу 2025 оны зун бид Европын аялан тоглолт хийхдээ Францын алдарт “Hellfest” фестиваль дээр хамгийн оргил цагаар буюу “headliner” хамтлагийн яг өмнө гарсан. Тэр тайзан дээр гарахад нэг дор 120 мянган хүн биднийг үзэх гээд цуглачихсан байлаа. Энэ бол анх төрж байсан тэр өндөр мэдрэмжээсээ дараагийн шат руугаа гарах урам зоригийг авсан, миний хувьд хамгийн онцлох үйл явдал юм.
Сонин байгаа биз? Хөгжим бүжигт суралцаж байхдаа үндэсний хөгжмөө судлахын зэрэгцээ барууны рок металл хамтлагуудын амьд тоглолтын бичлэгийг маш их үздэг байлаа. Тэр үед найзуудаараа аль хэдийн хамтлаг байгуулчихсан байсан болохоор “хэзээ нэгэн цагт яг ийм том тайзан дээр гарч, дэлхийн мянга мянган үзэгчдийг давлагаалуулаад зогсож байвал ямар гоё вэ” гэж догдлон төсөөлдөг байв. Хожим нь Б.Лхагвасүрэн гуайн “Монгол тулгатын 100 эрхэм” нэвтрүүлгээр хэлсэн “Хүний бодол хүрсэн газар бие нь хүрдэг юм” хэмээх үг миний багын мөрөөдлийг яг л баталж, зүрхэнд бэлэн байсан галыг асаачих шиг болсон. Хүн юуг тууштай төсөөлж, зорилгоо хаана тавьж чадна, хэзээ нэгэн цагт тэндээ биеэрээ очдог юм байна. Өнөөдөр болохгүй ч маргааш бий. Тэгэхээр тэр агуу үг надад аливаа зорилгодоо хүрэхэд үргэлж маш том түлхэц болдог доо.”
Уран бүтээлч байхын хариуцлага
Дэлхийн хамгийн том амьд хөгжмийн наадамд уригдаж, олон мянган хүнийг давлагаалуулж яваа уран бүтээлч гэхээр хэтэрхий хол, магадгүй асар их амбицтай нэгэн мэт төсөөлөгдөж болох юм. Гэвч хөшигний ард, уран бүтээлийн студид өрнөдөг түүний бодит амьдрал, дотоод ертөнц хамаагүй эгэл даруухан, хариуцлагатай бөгөөд зөвхөн хөгжмийн төлөөх чимээгүй хөдөлмөр дунд өрнөдөг аж.

“Хөгжмийн урлагийн төлөө амьдардаг хүмүүс ер нь их даруухан байдаг юм. Илүү дутуу эго, элдэв авиргүйгээр зөвхөн урдхаа л хийж амьдардаг. Би ч бас тэдний адил өөрийгөө бусдаас онцгой гэж бодож явсангүй. Хийх ёстойгоо хийж, сурч хөгжиж явах үедээ анх Дашка ахтайгаа уулзсан юм. “Чи чадна, чи бол Хүннү рокийг илэрхийлэх залуусын нэг” хэмээх түүний үг надад асар том итгэл болсон. Бид уламжлалт хөөмийг рок урсгалтай зохицуулах гэж хоолойн маш олон туршилт, хайгуулыг хийсэн дээ. Одоо манайх гурав дахь цомгоо гаргаж байна. Нэг дуун дээр хэдэн сар, жилээр ажиллах үе байхад, ганцхан өдөрт бүтдэг бүтээл ч бий. Уран бүтээлч байна гэдэг асар их хариуцлага, хатуу дэглэм, цаг хугацааны золиос шаарддаг зүйл. Хүмүүс тавхан минутын дуу сонсчхоод л шууд дүгнэчихдэг ч, түүний ард уран бүтээлчийн хэдэн арван жилийн амьдрал, туршлага, хөдөлмөр байдгийг хөгжимд дурлагчид маань ухаарч, хайрлаж хүндлээсэй гэж их боддог юм.
“The HU” хамтлагтайгаа учраад анхны бүтээлүүд дээр ажиллаж байхдаа “аан, би ингэх гэж л хуураа сурч, хөөмийгөө хөгжүүлж, найрал хөгжимд тоглож, ардын урлагийн хамтлагт зүтгэж явж дээ” гэх сонин мэдрэмж төрж билээ. Бүр хамтлаг эхлэхээс өмнө “Channel 11” телевизээр морин хуурын хичээл хүртэл зааж үзсэн минь хүртэл надад том дадлага болсон. Цагаа тулахаар камерын өмнө биеэ барихгүй зөв, цэгцтэй ярина гэдэг асар хэцүү шүү дээ. Эргээд харахад, тэр үед сурсан зүйлс, хуримтлуулсан жижигхэн туршлага бүхэн маань өнөөдрийн энэ уран бүтээлийг хийхэд л хэрэг болсон байна.”
Тэд эв эеэр дэлхийг хэрхэн байлдан дагуулж байна вэ?
Технологийн эрин үед хиймэл оюун ухаан дуу зохиож, хүний хийдэг бүхнийг орлож чадаж байгаа мэт харагдавч, хэзээ ч хуулбарлаж чадахгүй ганц зүйл бол хүний чин сэтгэлийн мэдрэмж билээ. Шаналал, баяр баясгалангийн дундуур хөтлөх дуу хөгжим өөрөө хүнийг хүн чигээр нь үлдээдэг шидтэй. Магадгүй тиймээс л тэд зогсолтгүй урагшилж, өөрсдийн түүх, өв соёл, дээл хувцсаараа хүртэл монгол хүний дотоод хүчийг дэлхийд тунхаглаж яваа биз ээ. Тэгвэл энэ урт замд дэлхийн тайзыг эзэгнэх хүч хаанаас ундардаг вэ? Магадгүй энэ асуултын хариулт тэдний дотоод журам, бие биеэ гэсэн эв нэгдэлд нуугдаж байж болох юм…

“Хүн бүр өөрийн гэсэн гайхалтай дотоод ертөнцтэй. Үүнийгээ мэдэрч, өөрийгөө олохын тулд бид маш хэцүү замыг туулдаг шүү дээ. Тэр урт жимд дуу хөгжим асар том хань, хөтөлгөө морь шиг тулгуур болдог. Өнөөдөр бид технологийн эрин үед ирчихлээ. Хиймэл оюунаар дуу хийж, янз бүрийн зүйл бүтээж байна. Гэхдээ тэнд байхгүй ганц зүйл бол хүнээс л гардаг тэр амьд мэдрэмж. Тэр онцлогоо л хүн бүр таньж мэдээсэй гэж хүсдэг. Бид ч бас морин дээрээ мордоод зогсолтгүй давхисаар байна. Маш эрчтэй хөгжмөөр амьдралаа хөглөж, урагшилсаар л яваа. Зөвхөн дуу хөгжим гэлтгүй өв соёл, хөгжмийн зэмсэг, хувцас хунар, үс гэзгээрээ дамжуулж Монгол Улсаа, монгол хүний дотоод чанарыг дэлхийд харуулахыг эрмэлздэг. Энэ зүйлдээ үнэнч байж, утга учрыг нь улам гүнзгий ухаарч, өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж хөдөлмөрлөх нь бидний хийх ёстой хамгийн том хариуцлага болов уу.
Би хамтлагийнхаа ахан дүүсээр маш их бахархдаг. Бүгд өөр орчинд өсөж, хүмүүжсэн хэр нь нэг зорилгын төлөө элдэв эго, зан характераа хариуцлагаараа дарж, чин сэтгэлээсээ зүтгэж яваа мундаг залуус. Мэдээж алс холын замд эх орноосоо хол өвдөж зовох, сэтгэлээр унах үе гарна. Гэхдээ бие биеэ түшээд, хамгаалаад, хайр халамжаараа туулдаг болохоор санаа зовох зүйл алга. Монголын Эзэнт Гүрний хүчирхэг байсны нууц бол эв нэгдэл шүү дээ. Монголчууд багийн спортоор, хамтын хөдөлмөрөөр амжилт үзүүлж чаддаггүй гэдэг сонин ойлголт байдаг шүү дээ. Манай хамтлаг, бид бүгдийн энэ эв нэгдэл тэрхүү ярианы хамгийн том, бодит хариулт нь болсон болов уу гэж боддог доо.”
Өөрийн сонгосон, дурласан зүйлд үнэнч бай…
Түүхэн дэх аравтын систем шиг бие биеийнхээ зовлон жаргалыг хуваалцаж, нэгэн цул баг болж чадсан нь тэдний дэлхийн тайзыг эзэгнэсэн нууц аж. Гэвч энэ бүх түүхийн хамгийн гүн дэх үндэс суурь, уран бүтээлч хүнийг тэтгэж байдаг амин сүнс нь гэр бүл байдаг байна. Нийгэмд, гаднах ертөнцөд ойлгогдохгүй ганцаардах үед ч халуун дулаанаар түшиж үлдсэн тэр л орон зай өнөөдөр түүнийг дэлхийн хэмжээний уран бүтээлч, бас хариуцлагатай өрхийн тэргүүн болон төлөвшихөд хамгийн том суурь нь болжээ.

“Намайг анх хуур сурч байхад манай байрны найзууд “чи юун мод үүрээд яваад байдаг юм” гээд ерөөсөө ойлгодоггүй, шоолдог байсан юм. Сүүлд “The HU” хамтлаг гээд хүмүүст хүрээд ирэх үед л юуны төлөө тэгж зүтгэж явсныг минь жаахан ойлгосон юм уу даа. Тиймээс энэ урт замд хэн ч, юу ч гэж хэлж болно, хэрэггүй юм хийж байна ч гэж мэднэ. Гэхдээ хүн өөрийн сонгосон, дурласан зүйлдээ өөрөө өөртөө үнэнч, тууштай байх ёстой юм билээ. Тэгж байж л анхны мөрөөдөл биеллээ олно. Бидний хөгжим ч гэсэн хүмүүст яг энэ эрч хүч, энергийг өгч, амьдралд тулгарч буй асуудлуудаа өөртөө итгэлтэйгээр даван туулахад нь туслаасай гэж хүсэж дуунуудаа хийдэг.
Гаднах ертөнц намайг ойлгодоггүй байсан тэр үед манай гэр бүл намайг маш их дэмжиж, хөгжим сурах бүхий л бололцоог олгосон юм. Намайг гар хуруу нь эвдэрчихнэ гээд гэрийн ажилд оролцуулахгүй, ах нараар хамаг хар бор ажлыг хийлгэж өсгөсөн дөө. Үүнд сайн тал байхад бас муу тал ч бий. Өнөөдөр би өөрөө өрхийн тэргүүн, аав болчихсон үр хүүхдүүддээ үлгэрлэх гэхээр заримдаа ойр зуурын зүйлс дээр туршлага дутах тохиолдол гардаг юм. Хожим Японд байхдаа айлд амьдарч аяга таваг угаах, гэр цэвэрлэх, будаа агшаах зэрэг гэртээ сураагүй энгийн зүйлсийг бараг тэнд л сурсан. Тэгэхээр залуучууд маань “би ийм ажил хийдэг учраас үүнийг хийхгүй” гэж хойрго суулгүй, амьдралын тэнцвэрийг олж, гэр орондоо тусалж бүхнийг тэнцвэртэй сурч байх хэрэгтэй юм билээ.
Бид сүүлийн бараг долоон жил тасралтгүй, жилийн зургаагаас долоон сарыг аялан тоглолтоор гадаадад өнгөрөөж байна. Ингээд бодохоор гэр бүлдээ зарцуулах цаг маш бага болчхоод байгаа юм. Алс хол яваа тэр урт хугацаанд үр хүүхдийнхээ хамгийн хөөрхөн, дахин олдошгүй өсөж хөгжих нандин мөчүүдийг дэргэдээс нь харж чадахгүй байна гэдэг аав хүний хувьд хэцүү шүү дээ. Тиймээс эх орондоо ирээд сул чөлөөтэй цаг гарвал тэр бүх хугацаагаа гэр бүлдээ зориулж, хамт байж чадаагүй цаг хугацаагаа, үр хүүхдийнхээ тэр нандин мөчүүдийг жаахан ч гэсэн нөхөж, хажууд нь байхыг хичээдэг.”

Анх хөгжмийн ертөнц рүү хөтлөн оруулж, бүхий л боломжоороо дэмжсэн гэр бүлийнхээ бахархал нь болж, тэрхүү тууштай явсан замынхаа үр шимээр ачийг нь хариулна гэдэг уран бүтээлч хүний хамгийн нандин баяр баясгалан ажээ. Зөвхөн гэр бүлийнхээ төдийгүй, элэг нэгт улс үндэстнийхээ дуу хоолой, бахархал нь болж дэлхийн тайзнаа зогсоно гэдэг асар том хувь заяа, бас хариуцлага билээ. Энэхүү урт аялалд хүн бүр өөрийнхөө дотоод ертөнцийг таньж, өөрөө өөртөө итгэж, өөрөөрөө бахархаж амьдраасай гэсэн чин сэтгэлийн захиасыг уран бүтээлч маань ярилцлагынхаа төгсгөлд дайсан юм.
Хүнээс л гарч, хүний л сэтгэлээс ундардаг тэдний энэхүү амьд хөгжим нар тусаж буй энэ дэлхийн өнцөг булан бүрд хүрч, хүмүүст бие биеэ хайрлах ухаарал, хүн хүнээрээ үлдэх тэрхүү агуу хүчийг өгөөсэй гэх гэгээн хүслээр "The HU" хамтлагийн уран бүтээлүүд төрдөг байна. Өөрсдийн бүтээсэн тэрхүү өвөрмөц урсгал, хөгжмийн эрч хүчээрээ дэлхийн зүрхийг хөглөж, хүмүүний сэтгэлийн нандин хэлхээг хөг хэмнэлээр дамжуулан холбож яваа тэрбээр энэ удаа бидний нэг боллоо. Хүн чанар, уран бүтээлийн үнэ цэнийг хамтдаа мэдэрсэн уншигч танд талархъя!
Сэтгэгдэл