У.Сүндэрмаа: Эх баригчаар 15 жил ажиллахдаа 10,000 хүүхдийн хүйн ээж болжээ


Төрөх тасгийн үүдийг алгуурхан нээж ороход нярай хүүхдийн эмзэгхэн дуун эмнэлгийн нам гүмийг үргээн цангинана. Орчлон хорвоод ахин нэг бяцхан зүрх ирснээ зарлан дуулгаж, шинэ амьдрал эхэлж буй нь энэ. Төрөх эмнэлэг гэдэг энэ буянтай өргөө үүдээ дэлгэснээс хойш өдийг хүртэл хэчнээн зуун шинэ амь эхийн ариун хэвлийгээс унаж хөрст дэлхийн хүн болсныг тоолоод барамгүй. Тэр зуу зуун эх, үрст хорвоогийн үүдийг нээн өгөхөөр хором мөч, хоног өдрийн уртыг ажралгүй ачлалын гараа сунгах чимээгүй баатруудыг бид эх баригч гэж нэрлэдэг. Энэ удаагийн “Бидний нэг” буландаа нийслэлийн Хүрээ амаржих газрын тэргүүлэх зэрэгтэй эх баригч У.Сүндэрмааг урин, түүний ертөнцөөр аяллаа.
Биднийг очиход тэрбээр дөнгөж ээлжээ солилцон, ажлаа хүлээн авч байлаа. Төрөх мөчөө хүлээн хэвтэх ээжид ургийн цахилгаан бичлэг залган, тайлбарлаж өгнө. Өрөөнд тэднээс гадна удахгүй мэндлэхээр дуншиж буй хүүхдийн аав ч хамт байн, эхнэртээ хань дэм болно. Харин эсрэг талын өрөөнд дөнгөж төрсөн нярай болон залуу ээж байх аж. Хүүхдийн өлгийг задлан хуурайлаад ээжид нь тэврүүлэх энэ бүсгүй “хүйн ээж” болоод 15 жилийг үджээ.
Хялганат тосгоны бяцхан тамирчин

Би багадаа цагдаа болохыг мөрөөддөг байлаа. Даанч намхан биетэй болохоор тэнцэхгүй байх гэж бодоод зориглоогүй юм. Аав ээж минь хоёрхон охинтой болохоор нэгийг нь эрүүл мэндийн салбарын хүн болгоё гэдэг байсан нь биелж би эх баригч болсон байх гэж боддог.
Би ганц охин дүүтэй айлын том охин. Аав минь Хөвсгөл, ээж минь Өвөрхангай аймгаас гаралтай ч Орхон аймгийн Хялганат тосгон гэж үзэсгэлэнтэй газар танилцан гэр бүл болсноор би ууган охин нь болж ирсэн юм. Одоогийн Булган аймгийн Хангал суманд харьяалагдах болсон Хялганат тосгон минь Сэлэнгэ мөрний эрэгт битүү ой модоор хүрээлэгдсэн хосгүй сайхан нутаг даа. Тэндээ цэцэрлэг, сургуульд сурч байгаад дунд ангид байхдаа Эрдэнэт хот руу шилжин байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуульд суралцах болсон. Сурагч байхдаа бөмбөгнөөс салдаггүй хүүхэд байлаа. Орхон аймгийн волейболлын шигшээ багт тоглоно. Одоо ч чөлөөт цагаа гар бөмбөгтөө зарцуулан, эрч хүчээ сэргээдэг дээ.
“Анх төрөх тасагт орсон мэдрэмжээ одоо ч санадаггүй”

Ээж минь намайг их хүнд төрүүлсэн гэдэг. Тэр үед их сайн эх баригч таарсны ачаар би эрүүл саруул, ээж минь энх мэнд амаржсан гэж ярьдаг юм. Тиймээс би эх баригч мэргэжлийг их хүндэлдэг байсан. 2008 онд би ахлах сургуулиа дүүргэн их сургуульд элсэх үед эх баригч мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг зогсоосон байсан л даа. Тухайн үед би ЭМШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн бага эмчийн ангид элсэн суралцаж байсан юм. Тэгсэн тэр жил эх баригчийн ангийг дахин сэргээн элсэлт авна гэхийг олж сонсоод өргөдөл бичиж өгснөөр эх баригчаар суралцах болсон.
Оюутан нас минь яах ийхийн завгүй л өнгөрсөн дөө. Их эмчийн анги биш хэдий ч эх баригчид ажлын талбар дээр хоёр хүний амь нас, эрүүл мэндийг хариуцдаг учраас сурах, мэдэх ёстой зүйл маш их байдаг. Оюутны дадлагаа хийхээр төрөх тасагт дагалдан ажиллана. Анх удаа л төрөх тасагт ороод өвдөж байгаа ээжүүд, хүүхэд төрөх үйл явцыг харж байгаа учраас маш их айж, сандарсандаа тэр үү юу болж байсныг ч бараг санадаггүй. Тэр бүхэнтэй танилцаж, сурч мэдсээр нэг л мэдэхэд гурван жил өнгөрөөд их сургуулийн хаалгаа зөөлөн хаах цаг ирсэн. Биднийг төгссөнөөс хойш эх баригчид 4 жил суралцан төгсдөг болсон байх.
Дэндүү богинохон оюутны 3 жилийн дараа манай улсын хамгийн олон иргэнийг өлгийдөн авсан эмнэлгийн завгүй амьдрал түүнийг угтжээ. Мэргэжилдээ хайртай, сэтгэл, зүтгэлтэй түүний хувьд тэр газар амьдралынх нь мартагдашгүй арван жилийг хадгалан үлдсэн байна.
“Энэ охин яаж намайг төрүүлнэ дээ…”

Дөнгөж сургуулиа төгссөн миний анхны ажлын байр Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв буюу Эх нялхас байсан юм. Төрөх гэж байгаа ээжүүд намайг хараад “Яана аа, энэ охин одоо яаж намайг төрүүлнэ дээ” гэж ярьж байсныг санадаг юм. Анх удаа хүүхэд эх барих гээд айж сандарсан миний сэтгэл хөдлөл нүүрэн дээрээ илхэн л байсан байх.
ЭХЭМҮТ бол хот, хөдөө орон нутгийн ээжүүд, тэр дундаа эрсдэлтэй жирэмсэн эхчүүд олноор ирдэг эмнэлэг учраас маш их ачаалалтай ажилладаг байлаа. Их ядарсан ч ажилдаа дуртай учраас тэгтлээ шантардаггүй юм байна лээ. Ажил дээрээ болсон зүйлээ гэртээ хариад бүгдийг нь ярина. Гэр бүл минь ч миний ажлыг чадлаараа дэмжинэ. Бүр ядрах вий гээд орны наагуур хөшиг татаад намайг унтуулна шүү дээ.
Тэр цагаас хойш эх баригчаар 15 жил ажиллахдаа ойролцоогоор 10,000 хүүхдийн хүйн ээж болжээ. Анх эх барьсан хүүхэд маань одоо бараг оюутан болох дөхөж байгаа байх. Би уг нь их тайван, зөөлөн хүн. Танил найз нөхөд, гэр бүлээсээ бусад хүрээлэл дунд бол барагтай их юм ч ярихгүй. Гэхдээ төрөх тасагт, яг ажлын орчинд бол маш өөртөө итгэлтэй, юунаас ч айхгүй зоригтой болчихдог. Угаасаа л би үүнийг хийж чадна, чадах ёстой гэсэн бодолтой болчихдог гэх үү дээ.
Үнэхээр ч тэр ажлаа чадмаг гэгч нь хийх аж. Сувилагчийн постоос холгүйхэн өрөөнд саяхан амаржсан эх нярай хоёрыг эргэж тойрон, хүүг хуурайлах зуураа өхөөрдөн гангар гунгар ярилцана. Тохойн чинээхэн тэр жижигхэн амьтныг жимбийтэл нь өлгийдөөд ээжид нь өгөх тэр л агшин эх баригч хүний жаргал биз ээ.
-Нэг ээлжид ойролцоогоор хэдэн хүүхэд төрдөг вэ?
-Өдөр өдөрт янз бүр байдаг л даа. Цөөхөн хүүхэдтэй өдөр ч байна, арав хориороо төрөх ч өдөр байна. Гэхдээ манай эмнэлгийн ачаалал харьцангуй бага. Эх нялхасын эмнэлэгт бол ачаалал их шүү.
-Төрсний дараа та ямар ямар ажил гүйцэтгэдэг вэ?
-Хүүхдээ хэмжиж, жинлэнэ. Ер нь тосож аваад хэдэн кг орчмыг багцаалддаг болчхоод байгаа шүү. Амин үзүүлэлтийг нь шалгаад, ангир уургийг нь амлуулна. Мөн ээжид төрсний дараах тусламжийг үзүүлэх ёстой. Орон дээр нь хоёр цаг амраагаад, шөл цай уулгана. Бас нэг чухал ажил нь хүүхдийн төрсөн цагийг сайтар тэмдэглээд, тэр бяцхан иргэнээ бүртгэж авна шүү дээ.
“Миний хүүхэд уйлаад л гараад ирвэл хамгийн сайхан”

Төрөх эмнэлгийнхэн хоногт 2 ээлжээр ажилладаг юм. Нэг ээлждээ 1 эх барих эмэгтэйчүүдийн эмч, 2 эх баригч, 1 асрагчаас бүрдсэн баг ажиллана. Тэгээд төрөхийн өвдөлтөөс эхлээд хүүхэд төрснөөс хойш 2 цагийн хугацаанд бид үйлчилгээ үзүүлдэг. Дараа нь эх нярай маань төрсний дараах тасаг руу шилжинэ. Тэнд эмч, сувилагч, мөн нярайн эмч, сувилагчид ажиллана.
Өглөө 08:20 цагт ажил эхэлсэн бол 16:20 цагт бууна. Оройн 16:20 цагт ээлж авсан бол өглөө 08:20 цагт ээлж солилцоно. Ээлж солилцохоос дор хаяж 30 минутын өмнө ирээд бэлтгэж эхэлдэг. Ажлын хэрэглэгдэхүүн болон өөрийн бие, сэтгэл зүйгээ бэлтгэнэ. Учир нь бид төрөхийн хүнд өвдөлтийг мэдэрч байгаа хүмүүстэй ажиллан, хамгийн том даваагаа давахад нь чухал хариуцлага хүлээх хүмүүс учраас өөрөө тайван, бэлэн байх нь чухал.
Эх баригч бол нэг талаас сэтгэл зүйч байдаг. Хүний мэдэрч болох хамгийн хүнд өвдөлтийн нэгтэй нүүр тулж байгаа ээжүүдийг тайвшруулах, зөвлөгөө өгөх, зөв шаардлага тавихын тулд сэтгэл зүйг нь тэтгэх хэрэгтэй болдог юм. Бид амаржих гэж байгаа ээжүүдээ “миний охин” гэж дуудан, яг л ээж шиг нь энэрэл хайр мэдрүүлэхийг хичээдэг. Тэр хүнээс гарах ямар ч ааш авир, хариу үйлдлийг тайван хүлээж аван, туслалцаа үзүүлэх энэ ажил мэргэжил өөрөө эх баригчаас хамгийн зөөлөн, нинжин сэтгэлийг шаарддаг. Тиймээс эх баригч хүний хамгийн чухал шалгуур, зарчим бол нинжин сэтгэл. Энэ ертөнцөд нэгэн шинэ хүн мэндлэхдээ миний гар дээр ирээд амьдралтай золгож байна гэдэг нь хамгийн сайхан ерөөл, буянтай үйл гэж боддог. Миний эх барьсан хүүхэд уйлаад л гараад ирвэл дотроо бөөн баяр болоод уярчихна. Яг л өөрийнхөө хүүхэд шиг бодно. Түүнээс илүү сайхан зүйл гэж байхгүй. Тэгэхээр эх баригч хүн энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмжийг өдөр бүр мэдэрч байдаг азтай хүмүүс юм шүү дээ.
Нүүрэндээ намуухан мишээл тодруулан хуучлах түүний үг хэл, хөдөлгөөн бүр нь нэг л аядуу зөөлөн. Бүр түүний хаанаас нь тэр их зориг, эрч хүч гардаг юм гэмээр аж. Аливаад бүх л сэтгэлээ дэвсэн, өчүүхэн ч болов тус хүргэх сэн гэсэн гэгээн сэтгэлийн үрээр хүмүүний үр удмыг залгуулан тэтгэх эх баригч хүний буянт үйлийг бахдан хайрламаар.
“Ээж болтлоо ойлгоогүй зүйл олон байж”

Эх баригчаар 5 жил ажиллаад би ээж болох гэж байгаагаа мэдсэн юм. Эх барих эмэгтэйчүүдийн салбарт ажилладаг болохоор өөрийн биеийн байдлыг ажиглаад ер нь гадарлачихсан байсан. Түүнийгээ баталгаажуулчхаад гэрийнхэндээ хэллээ. 26 насандаа ээж болсон ч аав ээжээсээ бага зэрэг эмээж л байлаа. Харин аав ээж минь их баяртай хүлээж авсан. Өөрөө төрж ээж болсны дараа би илүү өр зөөлөн болсон гэж боддог. Ээж болоогүй байхдаа төрөх үйл явц угаасаа өвдөлттэй л байдаг гээд жаахан хатуу ч байсан юм шиг. Мэдээж чадах чинээгээрээ туслахыг хичээдэг ч яг бүрэн ойлгодоггүй байсан байх. Харин биеэр мэдэрсний дараа тэр хүмүүст туслахыг хамаг чадлаараа хичээж ажиллах болсон.
Давтан төрөгч ээжүүд бол ер нь баримжаатай байдаг. Харин анхлан төрөгч ээжүүд үнэхээр хөөрхөн. Хүүхдээ хараад хамаг хайр энэрэл нь асгарч байдаг. Нэр нь үүдний самбараар урсаж гарахыг ар гэрийнхэн нь хүлээгээд л бичлэг хийгээд зогсоод байна. Аав ээж, эмээ өвөө нь нүдэндээ нулимстай угтах тэр шинэ хүүхдийг эрүүл саруул төрүүлж өгөөд нэг гэр бүлийг аз жаргалтай болгочихлоо гэсэн бодол хамгийн сайхан. Тийм учраас л мэргэжлээрээ өдөр бүр бахархдаг юм.
“Бусдад таалагдахаас илүү тус хүргэх нь чухал”

Үнэндээ эмнэлгийн ажилчид янз бүрийн хэл аманд их өртөмтгий. Эмч нарыг сайнаар биш муугаар ярих нь их шүү дээ. Угаасаа үйлчлүүлэгчдийн сэтгэлд 100% хүрч ажиллана гэж байхгүй байх. Тийм болохоор эвгүй харилцаа хандлагыг тэр бүр тоохгүй, ер нь өнгөрөөгөөд сурчихсан гэж хэлж болно. Ихэнх эмнэлгийн ажилчид надтай ижил байх. Хариуцсан ажлаа чамбай сайн хийгээд явж байхад болно доо л гэж боддог. Бидний үүрэг юм чинь. Бусдад таалагдахаас илүү тус хүргэх нь чухал. Манай төрөх тасагт бол үйлчлүүлэгчид үнэхээр их өвдөж, сэтгэл хөдлөлөө яагаад ч барьж дийлэхээ больдог. Тиймээс дэргэд нь байгаа бид эрүүл ухаанаар хүлцэн тэвчих, тайвшруулах үүргийг хүлээх ёстой.
Эх баригч мэргэжлээр их сургуульд элсэгчид олон ч төгсөөд мэргэжлээрээ ажиллах нь багассан гэж хардаг. Энэ нь ажлын ачаалал, цалин мөнгө гээд олон шалтгаантай байх л даа. Одоо ч манайд эх баригчийн эзэнгүй орон тоо байж л байгаа. Ер нь орон тоо нь яг бүрдэн ажиллаж байсан нь ховор л доо. Орон тоо сул байгаагаас үүдээд ажиллаж байгаа хүмүүст ачаалал нэмэгдэнэ. Тэгээд л тэр ачааллаас нь хүмүүс залхдаг байх.
Хүүхдийн уйлах чимээнд удаан ажиллаад ядардаг уу гэж хүмүүс асуудаг. Үнэндээ нярай хүүхдийн уйлах дуу хүнийг ядраах түвшний чимээ биш л дээ. Бидний ажлын байр хамгийн халуун дулаан энергитэй, сайхан газар. Тэр тусмаа манай эмнэлэг шинэ байрандаа нүүж орсноор төрж байгаа ээж болон түүний гэр бүлийнхэн, эмч, сувилагч, ажилчид бид ая тухтай, сайхан байна. Төрөх тасагт гэр бүлтэйгээ хамт орох боломжтой тусгай өрөөтэй болсонд ээжүүд их таатай байгаа. Энэ хүнд үед дэргэд нь гэр бүлийн хэн нэгэн байхаар түшигтэй, дэмтэй байдаг юм. Мөн ажилчид бид ч ээжүүдээ тухтай байлгаж, нярай үрсээ таатай орчинд угтаж авахаар сэтгэл санаа ч өөдрөг сайхан байдаг. Ер нь таатай орчин сэтгэл санааны байдалд их нөлөөлдөг юм байна.
“Хамгийн чухал нь эрүүл энх гэр бүл”

Хүний амьдралд хамгийн чухал зүйл бол элэг бүтэн гэр бүл гэж боддог. Тайван сайхан амьдралаас илүү үнэтэй зүйл гэж миний хувьд байхгүй. Мэргэжлийн онцлогоос ч тэр юм уу эрүүл энх, элэг бүтэн амьдралыг л бүхнээс дээгүүрт тавьдаг. Би аав ээжийнхээ хайран дунд өсөж том болоод, одоо миний охин ч эмээ өвөөгийнхөө хайранд торниж байна даа. Хэчнээн ядарсан ч гэртээ очоод охиноо ганц үнэрлэх төдийд л ажлын ядаргаа, стресс байхгүй болчих шиг болдог. Ажил ихтэй үед хүүхдээ хичээл сургуульд нь зөөх, хангалттай анхаарах цаг зав хүрэлцэхгүй үе байдаг. Тэр бүрд гэр бүл минь л намайг дэмжиж, тус дэм болдог учраас өөрийгөө их л азтай хүн гэж бодож явдаг юм. Би охиноо зөв сайхан хүмүүжүүлэн, ирээдүйд мэдлэг боловсролтой хүн болгохыг л хамгийн их хүсдэг. Хүүхэд гэдэг чинь айл гэрт хамгийн сайхан аз жаргал, халуун дулаан уур амьсгалыг бэлэглэж ирдэг шүү дээ. Би өөрийгөө их олон хүүхэдтэй хүн гэж боддог шүү.
Монгол хүн эх үрийн ариун ёсыг бүхнээс дээдлэн шүтдэг. Энэ ертөнцийн алтан нарны доор, хөрст газрын дээр анхны амьсгаагаа авахад нь өлгийдөн тэвэрч, өөрийн үр шигээ ерөөсөн тэднийг “хүйн ээж” хэмээн нэрийддэг бидний энэ сайхан ёс дэлхийн өөр хаана ч байхгүй болов уу. Ургаас ураг төрүүлэн, удмаас удам залгуулах чимээгүйхэн баатрууд тэдний ариун хөдөлмөр юугаар ч үнэлшгүй билээ. Харц, үг хэл, үйл хөдөлгөөн бүрээс нь эх хүний намба дөлгөөн байдал мэдрэгдэх энэ л хүйн ээж энэ удаа бидний нэг боллоо. Ярилцлагыг уншиж мөн бидний нэг болсон уншигч танд талархъя.
Сэтгүүлч Б.Нарангэрэл
Сэтгэгдэл