“Ашиг хонжоо, алдар нэрийг түрүүлж бодоод байвал хэзээ ч утга учиртай хөгжим бүтээж чадахгүй”


“Дотор хүрээ” хамтлагийг анх амьдаар нь сонсож байсан мөчийн шар үс босом, тэс өөр агаараар амьсгалж байгаа мэт омогшсон, огшсон мэдрэмж одоо ч маш тод санагддаг. Тэдний хөгжимд ямар нэгэн танил атлаа урьд өмнө сонсож байгаагүй өнгө, хаа нэгтээгээс сэтгэлд хүрч ирэх монгол аялгуу, бас орчин үеийн хөгжмийн чөлөөт мэдрэмж зэрэгцэн оршдог нь тэднийг өөрсдийн гэсэн өнгө төрхтэй болгожээ.
Энэ удаагийн “Бидний нэг” булангаар Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн өнгө төрх, шинэ мэдрэмж, шинэ сэдлийг бий болгож яваа орчин үеийн хөгжмийн сонирхолтой төлөөлөл болох “Дотор хүрээ” хамтлагийн соло гитарчин Н.Оргил, синтезатор, төгөлдөр хуурч Э.Нармандах, хамтлагийн менежер Т.Оюунтүлхүүр нартай ярилцлаа.
“Хөгжим гэдэг зүйлийг хаяад зүгээр л зугтаамаар санагддаг байлаа”
Оргилын хүүхэд насны дурсамжийн нэг хэсэгт аавынх нь байнга сонсдог байсан Scorpions-ийн “Wind of Change” дуу хадгалагдан үлджээ. Берлиний хана нурсны дараах өөрчлөлтийн бэлгэдэл болсон энэ дуу хөгжим, Оргил хоёрын дунд байх ханыг ч мөн нурааж, түүнийг хөгжмийн ертөнц рүү орох анхны хаалга болсон нь хачирхалтай.

Оргил: Би багадаа амьд хөгжим нэг их сонсдог байгаагүй ч аав минь рок хөгжим, тэр дундаа Scorpions хамтлагийн “Wind of Change” дууг их сонсдог байлаа. Бараг тэр дуугаар хэлд орсон гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Тэгээд 2014 онд хамгийн анх The Colors хамтлагийн тоглолтод очиж байсан юм. Тэр үед The Colors болон Моханик зэрэг хамтлагийг сонсож, амьд хөгжмийн эрч хүчийг биеэрээ мэдэрч үзсэн. Би нэгдүгээр ангиасаа хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурийн ангид сурч төгссөн. Багаасаа хөгжим сурсан болохоор энэ бол миний хийх ёстой зүйл, миний үүрэг хариуцлагуудын нэг гэж хардаг байснаас өөрөөр хөгжмийн сайн сайхан мэдрэмжийг нь олж нээж амжаагүй ч байж магадгүй.
Намайг арван жилд байхад “Ийм чадваргүй хүүхдэд яагаад ийм хүнд зохиол өгч байгаа юм бэ. Чадахгүй шүү дээ” гэж хэлж байсан хүмүүс бий. Тухайн үед би хөгжим гэдэг зүйлийг хаяад зүгээр л зугтмаар санагддаг байлаа. Тиймэрхүү үгс намайг өөртөө итгэлгүй, би нээрээ л чадахгүй гэж эргэлзэж, өөрийгөө голох, хөгжимд дургүй юм шиг санагдах мэдрэмжийг төрүүлж байсан гэсэн үг. Тэгээд арван нэгдүгээр ангидаа хувьдаа гитартай болоод бие дааж гитар сурч эхэлсэн. Би хэдийгээр төгөлдөр хуурчаар төгссөн ч задгай, чөлөөтэй түвшинд сэтгэж тоглох тал дээр нэг их сайн биш. Харин гитар барихаараа арай өөр болчихдог. Гитар барьсан үедээ би илүү чөлөөтэй сэтгэж, өөрийнхөөрөө тоглож чаддаг.
Одоо бодоход бүх зүйл тухайн үед мэдэрдэг байсан шиг тийм ч хэцүү байгаагүй юм билээ. Миний амьдралд хөгжмийг маш гоёор мэдрүүлж, ойлгуулж таниулж байсан хүмүүс олон бий. Жишээ нь, манай байрны найзууд болох Батцэрэн, Батманлай гээд хоёр найз маань надад гитар зааж маш олон гоё амьд хөгжмийн хамтлагуудтай таницуулсан. Арван хоёрдугаар анги төгсөхөд би хөгжмөөр явах итгэлээ алдчихсан байсан үе. Өөр мэргэжлээр ч явдаг юм уу гэсэн бодол цухас цухас орж ирээстэй. Тэр үед аав минь “замынхаа голоос зорилгоо хаяад явж байгаа хүн амьдралдаа өөр сонголт хийхэд ч гэсэн хэцүү байдаг. Нэг зорилгодоо тууштай байсны дараа эргээд харахад чи юун дээр алдсанаа, юу оносноо харах чадвартай болчихсон байна” гэж хэлж байсан. Тэгээд чи өөрөөсөө мундаг хүмүүстэй суралцаад үзэх хэрэгтэй гээд СУИС-ийн Хөгжмийн зохиомжийн ангийг санал болгосон. Одоо бодоход тэр үед аавынхаа үгийг дагасандаа маш их баярладаг.
“Ингээд дарахад гоё сонсогдож байгаа биз…”
Мандаагийн хувьд хөгжим гэдэг хожим сонгосон зүйл биш, харин багаасаа л шийдсэн зам нь байжээ. Түүний ярианаас аавынх нь хөгжимчин болохоор чиглүүлсэн итгэл, морин хуурын дунд өнгөрүүлсэн хүүхэд нас, өөрөө ч багаасаа хөгжимчин болно гэдгээ мэддэг байсан нь тодхон анзаарагдана.

Мандаа: Би Дундговь аймагт төрсөн. Дунд сургууль хүртлээ аймагтаа сурч байгаад, ахлах ангидаа СУИС-ийн лицейд шилжиж ирж байлаа. Хөгжмөөс өөр зүйл амьдралдаа хийж үзье гэж бодож байгаагүй. Хичээлдээ сайн хүүхэд ч байгаагүй. Хөгжимд л дуртай хүүхэд байсан. Тэгээд багаасаа л хөгжимчин болно гэдгээ мэддэг, түүнийгээ ухамсарласан байлаа. Одоо хүртэл хөгжим тоглохоосоо уйдаж залхаагүй л явна.
Аав минь намайг бага байхад л хөгжмийн хүн болгоно гээд шийдчихсэн байсан юм байна лээ. Манай аав өөрөө хөгжмийн зохиолч, морин хуурын багш болохоор би ухаан орсон цагаасаа л морин хууртай маш ойр өссөн. Аав шавь нартаа юм заагаад л би тэр үед нь энэ тэрүүгээр гүйгээд л явж байдаг байлаа. Тэгээд тав орчим наснаасаа морин хуур тоглохгүй ч гэсэн барьж сураад найман нас хүрээд бага сага суралцаж эхэлсэн дээ. Анх морин хуур тоглож сурч байхдаа аавдаа их загнуулдаг байсан. Ер нь хүн юм сурах гэж байвал зовох хэрэгтэй. Зовлонгүйгээр сурчихвал тэр чинь сурах үйл биш байхгүй юу. Миний хувьд ямар нэг юмыг сурах гэж байгаа бол түүнийхээ ард заавал гарах хэрэгтэй гэж боддог. Хэцүү байна гээд дундаас нь орхих биш, яагаад хэцүү байгааг нь ойлгож, болохгүй байгаа зүйлтэйгээ ноцолдож байж нэг шат ахина. Түүнээс биш өнгөцхөн, ерөнхийдөө иймэрхүү юм байна гээд жаахан оролдож байгаад орхичихвол тэр зүйлдээ гүн орж чадахгүй. Хүн юм сурах гэж байвал гүн суралцах хэрэгтэй. Гэхдээ заавал олон зүйлд гүн суралцах албагүй шүү дээ. Чадаж байгаа юмандаа л гүн ордог байх ёстой.
Дунд ангидаа ороход аав маань надад поп дуунуудыг төгөлдөр хуур дээр яаж тоглохыг зааж эхэлсэн юм. Гэхдээ заах арга барил нь нэг их мэргэжлийн хөгжмийн боловсрол олгох гэсэн байдлаар биш. “Чи зүгээр ингээд дарахад гоё сонсогдож байгаа биз дээ” гээд, хөгжмийг илүү чөлөөтэй мэдрүүлж, хүний сонирхол төрөхөөр заадаг байсан. Төгөлдөр хуурын даралтыг “энэ бол до, энэ бол ре” гэж заахаас илүүтэй, зүгээр л дарж үзүүлээд, “ингэхээр ямар гоё сонсогдож байна” гэдгийг мэдрүүлдэг байсан гэсэн үг.
Би СУИС-ийн лицейд шилжээд л яг нэгдүгээр ангид орж, А үсэг заалгаж байгаа юм шиг нот сурч эхэлсэн. Тэгээд арван нэгдүгээр ангидаа мэргэжлийн багш болох Шатарын Өлзийбаяр гэдэг хүнтэй хадаг барьж, багш шавийн барилдлага тогтоосон. Ш.Өлзийбаяр багш маань манай аавын найз. Аав маань түүнд “За, одоо ингээд энэ хүүхдийг хөгжмийн зохиолч болго” гээд нэг ёсондоо намайг даатгаж байгаа хэрэг л дээ. Тэр үеэс хойш найман жил хөгжмийн зохиолч болохын төлөө суралцаад явж байна. Харин энэ жил мастерийн зэргээ хамгааллаа.
Магадгүй гэр бүл, тэр дундаа эцэг хүн хүүхдийнхээ өмнөөс амьдралыг нь сонгож өгдөггүй ч, ямар замаар алхаж болохыг чиглүүлж үр хүүхэд нь өөрийнхөө замыг олох хүртэл гэрэл нь болж явдаг амьдралын анхны багш нь байдаг байх. Оргил, Мандаа хоёрын хувьд ч аавынх нь өгсөн зүйл зөвхөн хөгжмийн мэдлэг байсангүй. Харин тэд хүүхдүүддээ эргэлзсэн үедээ өөртөө итгэх итгэл, цааш алхах зориг болон тэвчээрийг сургажээ.
“Монгол шинж чанараа хадгалсан хөгжим л хийх ёстой”
Хүүхэд насанд мэдэрч, сонсож, харж өссөн зүйлс хожим хүний хийж, бүтээж байгаа зүйлд гүн шингэдэг. Оргилын бага насанд эрх чөлөө, хөдөлгөөн, сониуч зан нь давамгайлж байсан бол Мандаагийн хувьд уртын дуу, морин хуурын аялгуугаар хөглөгдөн өсөж торнижээ.

Оргил: Би багаасаа сонгодог хөгжим тоглодог байсан учраас нэг өдрийн тоглолтод оролцохын тулд дор хаяж таван сар бэлддэг, маш өндөр сахилга бат, дэг журам шаарддаг орчинд өссөн. Гэхдээ тэр нь миний зан чанартай нэг их зохицдоггүй байсан юм шиг санагддаг юм. Би багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй, дураараа хүүхэд байсан. Нэг юманд захирагдаад, баригдаад удаан суух дургүй. Өөрөө сонирхоод янз бүрийн юм оролдож үзэх дуртай, есөн шидийн зүйл рүү татагддаг их сониуч хүүхэд байсан. Ааш ч бас нэлээд шулуухан, түргэвтэр. Тэгэхээр багаасаа сурсан сонгодог хөгжмийн тэр их дэг, сахилга баттай орчин миний төрөлхийн зан чанартай жаахан зөрчилддөг байсан байх. Харин гитар сурч байх үедээ дуртай дуунуудаа гитараар дагаж тоглоод, коверлож үзэхэд надад их өөр, сайхан мэдрэмж төрж байсан.
Мандаа: Манай Дундговь аймаг чинь уртын дуучдаараа их алдартай. Тийм болохоор ямар ч тоглолт боллоо гэсэн эхэнд нь заавал уртын дуугаа дуулдаг. Уртын дуучин, морин хуурч хоёр хамт тоглодог. Би багадаа аймгийнхаа Хүүхдийн ордонд явдаг байсан юм. Тэнд морин хуур тоглонгоо уртын дууг дагаж тоглосоор байгаад ая, аялгуу нь өөрөө цээжинд орчихсон. Тэгээд нэг мэдэхэд “Аан, уртын дуу гэдэг чинь ийм гоё юм байна” гээд тэр хөгжмийн сайхныг багаасаа мэдэрч өссөн. Тийм болохоор би хөгжим зохиож эхлэхдээ л “Би монгол хөгжмийн төлөө байх ёстой юм байна” гэж боддог байсан. Хамтлагаа байгуулахдаа хүртэл “Монгол шинж чанараа ямар нэг байдлаар хадгалсан илүү сонирхолтой хөгжим хийх ёстой” гэж боддог байлаа.
“Өдөр гардаг сар”

Мандаа: Манай басс гитарчин Гомбожав бид хоёр анх “хамтлагтай болъё” гэж ярилцаж эхэлсэн нь Дотор хүрээ үүсэх суурь болсон юм. Манай хамтлагийн дөрөв нь СУИС-ийн нэг анги, тэр үеэс л зургуулаа их нийлдэг байлаа. Ер нь анхнаасаа нэг нэгнээ мэддэг, ямар хүмүүс вэ гэдгийг гадарладаг байсан учраас хамтлаг болбол яах бол гэдэг барагцаа байсан.
Хамтлагийн хөгжимчид ер нь бүрдчихээд байсан ч бидэнд дуучин хэрэгтэй байлаа. Тэр үед Eventide хамтлагийн дуучин гэдгээр нь мэдэх Цэцэн эгчтэй танилцсан. Би Цэцэн эгчийг хэзээ ч Дотор хүрээ хамтлагт орж, бидэнтэй хамт дуулна гэж бодож байгаагүй. Eventide шиг үнэхээр гоё хамтлагийн дуучин манай хамтлагт хэзээ ч орохгүй байх л гэж боддог байлаа. Цэцэн эгч арван жилээ төгсөөд завсарлага аваад, одоо л нэг хөгжмийн чиглэлээр тууштай суралцъя гэж шийдээд хөгжмийн зохиолчийн ангид орж ирсэн юм билээ. Тэгээд тухайн үед танилцаад бие биетэйгээ их ярилцдаг байв. Би өөрөө амьд хөгжим сонсох дуртай ч нэг их нарийн, гүнзгий сонсдог хүн биш. Харин Цэцэн эгчтэй ярилцаад үзэхээр маш чөлөөтэй сэтгэдэг, өөрийн гэсэн ертөнцтэй хүн гэдэг нь мэдэгддэг байсан юм.
Гэхдээ би Цэцэн эгчээс байнга “Танд таньдаг, хамтлагт ороод дуулчихаар охин байна уу” гэж асуудаг байсан юм. Нэлээн удаан тэгж явсан. Тэгээд нэг өдөр зүгээр л “Хоёулаа нэг ковер тоглож үзвэл яасан юм” гэсэн чинь Цэцэн эгч ч “Өө, тэгье л дээ. Би ч бас тэгж бодож байсан” гэж байна. Дараа нь ярьж байхад Цэцэн эгч “Яагаад намайг Дотор хүрээд орооч гэж асуухгүй байгаа юм бол” гэж бодож явсан байгаа юм. Би болохоор дотроо тэр хүнийг Дотор хүрээ хамтлагийн дуучин болох боломжтой гэж огт төсөөлөөгүй явсан. Ингээд харахаар бид хоёрын хооронд нэг буруу ойлголцол байж. Харин сүүлд нь тэр зангилаа тайлагдаж Цэцэн эгч “Дотор хүрээ” хамтлагт дуучнаар орсон доо.

Оргил: Их сургуульд ороод үеийнхээ болон надаас дүү маш мундаг залуучуудаас олон зүйл суралцсан. Миний өнгөрсөн амьдрал арван жил, их сургууль гэж хоёр өөр үе шатанд хуваагддаг юм шиг санагддаг. Тэр үед надад нөлөөлсөн хүмүүс ч өөр өөр байлаа. СУИС-д ороод Өлзийбаяр, Эрдэнэбат гээд хоёр мундаг хөгжмийн зохиомжийн багш, хөгжмийн зохиолчтой танилцаж, тэднээсээ их зүйл сурсан. Урьд нь би аливаа зүйлд арай сэтгэл хөдлөлөөрөө хандах гээд байдаг талтай байлаа. Харин энэ хоёр багштайгаа учраад юмсыг арай өөр өнцгөөс харж сурсан. Анх удаа хөгжим гэдэг зүйл бидний амьдралд хэр чухал вэ, энэ зүйлээр дамжуулж хүмүүсийн амьдралд юу өгч болох вэ, гэдэг талаас нь ойлгож мэдэрч эхэлсэн гэж хэлж болно. Тэгээд л хичээлийнхээ хажуугаар янз бүрийн ажил хийж, суралцаад явж байхдаа нэг “хөгжим хийе, хамтлагтай болъё” гэх бодол дотроо тээсээр л явсан тэр орхигдуулчихсан хүслээ эргээд барьж авсан. Дөрөвдүгээр курсэд ороход манай хамтлагийн Мандаа “чи манай хамтлагт гитар тоглож үзэх үү” гэж санал тавьсан. Тэр үед “Дотор хүрээ” хамтлаг нэрээ өгөөгүй ч аль хэдийн байгуулагдчихсан “Өдөр гардаг сар” гэдэг дуу бүтэх үе дээрээ явж байлаа.
Өөр өөрийн замаар явсан хүмүүсийн дунд төрсөн төсөөлөл, хөгжим хийх хүсэл нэг дор нийлж, өнөөдөр бидний сонсох дуртай “Өдөр гардаг сар” дуу төрсөн нь ийнхүү Дотор хүрээ хамтлагийн эхлэл болжээ.
“Би өөрөө дотор хүрээ хамтлагийн шүтэн бишрэгч…”
“Дотор хүрээ” хамтлагийн менежер Т.Оюунтүлхүүрийг ярилцлагадаа урьсан нь хамтлагийг өөр нэг өнцгөөс харахыг хүссэнтэй холбоотой. Тэдний харилцаа B.L.M.D-ийн Vol.7 арга хэмжээнээс эхэлж, цомгийн нээлт, тоглолтуудыг хамтран зохион байгуулах замаар үргэлжилсээр, энэ жилийн өвөл Оюунтүлхүүр “Дотор хүрээ” хамтлагийн албан ёсны менежер болжээ.

Оюунтүлхүүр: Сүүлийн үед хөгжмөөс авч чадаагүй тийм нандин мэдрэмжийг энэ хамтлагаас мэдэрдэг байсан болохоор Мандаа маань “Манай хамтлагийн менежер болооч” гэж санал тавихад нь дуртайяа хүлээж авсан.
Хамтлагийн менежер гэхээр хүмүүс яг ямар ажил хийдэг юм гэж боддог байх. Ер нь хөгжмийн ертөнцөд менежертэй холбоотой янз бүрийн ойлголт, түүхүүд байдаг шүү дээ. Зарим нь хөгжмийг илүү бизнес талаас нь харж ажилладаг тохиолдол бий. Харин би өөрийгөө хамтлагийн арын албаны туслах, дэмжигч гэж тайлбарлах дуртай. Бүх зүйлд нь оролцоод, хамтлагийн бүх асуудлыг өөр дээрээ аваад байхыг хүсдэггүй харин тэднийг аль болох уран бүтээлдээ л анхаарч, хөгжмөө хийх боломжтой байлгах, харин бусад ажил хэргийн талыг нь би нөхөж явах нь зөв санагддаг. Жишээ нь, өөр газартай гэрээ хэлцэл хийх, сошиал медиа дээрх ажлууд, тоглолтын газар олох, тоног төхөөрөмж, тайзны засал чимэглэл, уран бүтээлийн түгээлт гээд арын албаны олон ажил бий. Энэ бүхнийг уран бүтээлчид өөрсдөө зэрэг хөөцөлдөөд явбал ядарч, эцэст нь хамгийн чухал зүйл болох хөгжимдөө зориулах эрч хүч, анхаарлаа алдах эрсдэлтэй. Тиймээс би өөрийнхөө ажлыг нэг ёсондоо “тэднийг аль болох арын ажлаас нь чөлөөлж өгөх” гэж ойлгодог.
Дотор хүрээ хамтлагийн дахин давтагдашгүй уран бүтээлүүд тэдний дурсамж, мэдрэмж, олон цагийн бэлтгэл, мөн зөвхөн уран бүтээлдээ төвлөрөх боломжийг нь бий болгож өгдөг олон хүний хамтын хүч хөдөлмөрийн үр дүнд төрдөг ажээ.
“Хөгжимд сэтгэл зүрх, байгаа бүхнээ өгч байж л өөрөө түүнээсээ хүссэнээ хүртэнэ”

Мандаа: Хэдийгээр бидний ихэнх нь СУИС-ийн Хөгжмийн зохиомжийн хөтөлбөрөөр суралцаж, хөгжмийн зохиолч мэргэжлээр төгссөн ч уран бүтээлээ хийхдээ аль болох мэргэжлийн үүднээс хэт харж, дүрэм, онолд баригдахгүйг хичээдэг. Нэг зүйлийг гүнзгий сурах тусам тэр зүйлээ ашиглахгүй байхыг хичээж эхэлдэг. Зүгээр л доторх чин сэтгэлээсээ хөгжим хийхийг хүсдэг. Ер нь сураагүй байсан бол илүү нээлттэй байх байсан болов уу ч гэж бодох үе бий. Гэхдээ мэргэжлийн талаас нь харж байж л тэр зүйлээс гарах арга замыг олдог байх л даа. Нөгөөтээгүүр, бид зохиомлоор юм хийхийг нэг их хүсдэггүй. Аль болох “Би өмнө нь яаж байсан билээ, тэр үед яг юу мэдэрч байсан билээ” гээд өөрсдийнхөө дурсамжаас санаа эрж хайж, тэр мэдрэмжүүдээ хөгжмөөрөө гаргахыг хичээдэг. Тиймээс манай хамтлагийн дуунуудын ихэнх нь өөрсдөд маань маш бодитой санагддаг. Зүгээр сууж байгаад “За, одоо хайрын тухай нэг дуу хийе” гээд зохиочихдоггүй гэсэн үг. Ямар нэгэн мэдрэмж, дурсамж, тухайн үедээ туулж байсан зүйлээс эхэлж байгаад тэр нь өөрөө дуу болж гарч ирдэг.
Сүүлийн үед би өөрсдийнхөө хийх хөгжмийн цар хүрээг тэлэхийн тулд илүү хөгжмийн зэмсэгтэй болох хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Үнэхээр гоё дуугардаг хөгжим авах гэхээр их үнэтэй байдаг л даа. Гэхдээ би нэг их харамлаад баймааргүй санагддаг. Би хөгжимд сэтгэл зүрх, байгаа бүхнээ өгч байж л тэндээс өөрөө ямар нэг зүйл хүртдэг юм байна гэдгийг сүүлийн үед илүү хүчтэй мэдэрч байгаа. Саяхан Цахар тугч Урнаа эгч ирээд, дуунууд дээр нь хамт хөгжимдөж, ярилцаж, хөгжмийн тухай ямар бодолтой байдаг, өөрийгөө хэрхэн авч явдгийг нь ажиглаж, тэр хүнээс их зүйл суралцлаа. Тэгээд улам бүр ойлгож байгаа зүйл нь, хөгжимд үнэхээр их зүйл өгөх хэрэгтэй юм байна. Тэгж байж өөрөө түүнээсээ их зүйл хүртдэг юм байна гэж. Харин ашиг хонжоо, мөнгө төгрөг, алдар нэрийг түрүүлж бодоод байвал хэзээ ч утга учиртай хөгжим бүтээж чадахгүй юм байна гэдгийг бүр илүү ойлгож байгаа. Хөгжим өөрөө чамаас чин сэтгэл, цаг хугацаа, хөдөлмөр, хайр гээд маш их зүйл нэхдэг. Тэр бүхнээ өгч байж л буцаагаад хүссэн зүйлээ авч чадна.

Оргил: Би өөрийгөө ер нь их голдог, дандаа л дутуу мэдрэмжтэй байдаг, бүр хөгжимд дургүй юм шиг санагддаг байсан гэж хэлж байсан даа. Харин хамтлагтаа ороод ирсэн чинь би чинь уг нь хөгжимд маш их хайртай хүүхэд байсан юм байна гэдгийг ойлгосон. “Би л болохгүй байна даа, би л энд илүүдээд байна даа” гэж бодох үеүдэд хамтлагийнхан маань тэр дутуу мэдрэмжүүдийг минь нөхөж, нэг ёсондоо бүтэн болгож өгдөг. Хамтлаг байгуулагдсанаас хойш надад маш олон зүйл боломжтой мэт санагддаг болсон. Бидний хөгжим хүмүүст хүрч, тэднээс ирж байгаа хариу бидэнд их хүч болдог. Тэр утгаараа би хувь хүнийхээ хувьд ч, төлөвшлийнхөө хувьд ч нэлээд өөр болсон гэж боддог. Бид зүгээр л явж байгаад хоорондоо тааралдсан хүмүүс биш байх. Цаанаасаа л нэг учиртай, хувь тохиолоор уулзсан хүмүүс гэж боддог. Ямар нэгэн дуу хийх үед зүгээр л ая гаргаад орхих биш, эхлээд нэг зураглал, нэг төсөөлөл бий болгоод, тэрийгээ хөгжмөөр яаж гаргаж ирэх вэ гэдэг талаараа маш их ярилцдаг. Арван жилдээ би төгөлдөр хуурыг “За, гялс тоглоод дуусгачихъя” гэж бодоод л тоглодог байсан бол их сургуульд ороод “Би тогломоор байна. Ийм гоё хөгжмийг ингэж гоё мэдрэх ёстой юм байна” гэж боддог болсон. Тэр утгаараа би хөгжмийг өөрөөр мэдэрч, өөрөөр ойлгохыг сурсан.
Биднийг сэтгэлээрээ дэмжсэн, хөгжимд маань итгэсэн маш олон хүн гарч ирснээр өмнө нь төсөөлж ч байгаагүй олон боломж бидэнд нээгдсэн. Тийм болохоор өнөөдөр байгаа энэ бүхнийг зөвхөн өөрсдийнхөө хийсэн зүйл гэж боддоггүй. Бидний дэргэд байсан, бидэнд итгэсэн хүмүүсийн хайр, дэмжлэг бас энэ бүхний нэг хэсэг гэж боддог юм.
“Бие биеэ өөрчлөхөөс илүү, ойлгож сурахыг хичээдэг”
Тайзан дээр нэг хөг болж сонсогдохын цаана өдөр тутамдаа өөр өөрөөрөө байж, нэгнийхээ ялгааг хүлээн зөвшөөрч, хэрэгтэй үедээ түшиж явдаг долоон хүн бий. Тэдний дунд хамгийн ахмад нь туршлагаараа, хамгийн дуу цөөтэй нь үйлдлээрээ, хамгийн тайван нь орчноо тогтоож, хамгийн зоригтой нь шинэ зүйл туршиж, хүн бүр өөр өөрийнхөөрөө энэ хамтлагт өнгө нэмдэг.

Оргил: Бид олон гишүүнтэй хамтлаг болохоор заримдаа төвлөрөхөд хэцүү үе гарна, санал зөрөх ч зүйл байна. Гэхдээ бидний дунд нэг шугам байдаг. Хэчнээн үл ойлголцсон ч тэр шугамаа давж, нэгнийхээ хувийн орон зайд халддаггүй. Хөгжмөөрөө ойлголцож байгаа ч нөгөө талаасаа бид яг л ажил хийж байгаа хүмүүс шиг хандах ёстой гэдгээ мэддэг. Яагаад гэвэл бидний хийж байгаа хөгжим эцэстээ хүмүүст ямар нэг сайхан зүйл мэдрүүлэх ёстой гэж боддог. Тийм хөгжим хийхийн тулд тэр хөгжмийг хийж байгаа хүмүүс нь ч бас хоорондоо зөв харилцаж, бие биеэ хүндэлж, хүн талаасаа сайхан байх хэрэгтэй байх. Тийм болохоор бидний хөгжим зөвхөн хөгжмийн тухай биш, бидний хоорондын харилцаа, нэг нэгнээ нөхдөг тэр чанаруудын тухай ч юм шиг санагддаг.
Мандаа: Оргил маш зоригтой. Шинэ юм туршиж үзэхээс ерөөсөө айдаггүй. Өөрөө ч мэдэхгүй юм руугаа шууд ороод үзчихдэг нь надад их таалагддаг. Бас хамтлагийн доторх харилцааг их гоё авч явдаг. Хүмүүсийн хоорондын уур амьсгалыг мэдэрч, эвтэйхэн авч явах тал дээр их сайн. Цэцэн эгч их аядуу, нам дуугаар ярьдаг хэр баргийн юманд уурлаж, уцаарлаад байдаггүй. Тэр занг нь хараад “Би ч бас ийм тайван байж сурах юм сан” гэж боддог. Гомбоо маань их түшигтэй хүн. Бид хоёр олон жил найзалж байгаа болохоор бүр ч сайн мэднэ. Маш сайн сонсогч. Заяа ах бол их тусч. Ерөөсөө амин хувиа хичээдэггүй. Бидний дунд чинь машинтай хүн цөөхөн шүү дээ. Харин Заяа ах машинтайгаа байж байвал бэлтгэл дуустал хүлээгээд, сүүлд нь бүгдийг нь гэр гэрт нь хүргэж өгдөг. Тийм жижигхэн зүйлээс нь хүртэл бусдыг боддог хүн гэдэг нь мэдрэгддэг. Ер нь их үг дуу цөөтэй. Чукана ах бол манай хамтлагийн хамгийн ахмад нь. Туршлага ихтэй болохоор бидэнд их зүйл зааж өгдөг. Ялангуяа ажил хэргийн үед их сайн сонсож байгаад, яг хэрэгтэй үед нь нэг жинтэй үг хэлчихдэг. Ер нь нэг нэгнээсээ өөр зан чанартай хүмүүс ингэж нийлээд нэг хамтлаг болоод явж байгаа нь өөрөө их гоё санагддаг юм.
Оюунтүлхүүр: Сүүлд олон улсын жаазын хурал зохион байгуулагдсан юм. Тэнд ажиллаж байхдаа миний ойлгосон нэг зүйл нь “хүндлэл” байсан. Гэхдээ урьд нь боддог байснаас арай өөр төрлийн хүндлэл юм байна лээ. Жишээ нь, 79 настай хөгжмийн зохиолч хүртэл “Миний хамгийн том шүүгч бол миний сурагчид. Би сурагчдаа сонсдог, залуу үеэ сонсдог” гэж ярьж байсан. Тэр үг их сонин санагдсан. Хүндлэл гэдэг заавал нас, туршлагаар хэмжигдэх зүйл биш юм байна. Нөгөө хүнийхээ мэддэг, хардаг зүйлийг сонсож, хүлээж авч чаддаг байх нь өөрөө хүндлэл юм байна гэдгийг ойлгосон.
Яг үүнтэй адил Дотор хүрээ хамтлаг маань дотроо насны хувьд бага зэрэг зөрүүтэй ч гэсэн нэг үзэл бодолтой, нэг зүг рүү хардаг. Энэ хэдтэйгээ хамт байхдаа өөрийнхөө ерөөсөө харж байгаагүй өнцгийг тэднээс олж хардаг. Би ч гэсэн одоо хүртэл хамтлагийнхаа гишүүдийг таньж мэдээд л явж байгаа. Яагаад гэвэл хүн болгон тусдаа ертөнцтэй. Үзэл бодол, зан ааш нь хүртэл өөр шүү дээ.
“Бид өдөр тутмынхаа ажил, амьдралд хэтэрхий автаад тэнгэр лүү харалгүй өнгөрөх өдрүүд олон”
Анхны цомог, анхны тайз, анхны сонсогчид гээд хамтлагийнхаа дотоод хэмнэлийг бий болгосон энэ гуравхан жилийн дараа Дотор хүрээ хамтлагийн түүх одоо л эхлэлж байна. Тэд өнгөрснөө давтах биш, шинэ дуугаралт эрж хайх, үндэсний аялгуу, уртын дуу, монгол ахуйн мэдрэмжийг өөрсдийнхөөрөө улам тэлэх, бүр цаашлаад тэр хөгжмөө өөр орчинд хүргэж үзэх хүсэлтэй хэмээн ярьж байлаа.
Оргил: Цаашдаа үндэсний аялгуу, уртын дуу, монгол ахуйгаа өөрсдийнхөө хөгжмөөр дамжуулж шингээгээд, цааш нь түгээх нь бидний нэг зорилго. Би заримдаа “Хэрэв намайг анхнаасаа хөгжимд хайртай, дуртай болж өсөхөөр хүмүүжүүлсэн бол би одоо арай өөр хүн болсон байх байсан болов уу?” гэж боддог. Гэхдээ эргээд харахаар юм бүхэн хоорондоо учиртай байдаг юм шиг. Тэр бүх үе, тэр бүх мэдрэмж өнөөдрийн намайг бий болгоход хэрэгтэй байсан байх. Ер нь хүн хэзээ ч нэг түвшиндээ байгаад байдаггүй шүү дээ. Байнга өсөж, өөрчлөгдөж байдаг. Тийм болохоор одоогийн бидний зорилго бол гадаадад очиж, өөрсдийнхөө хөгжмийг тоглож үзэх л байна даа.

Оюунтүлхүүр: Дотор хүрээ хамтлагийн үндсэн амин сүнс нь энэ монголжуу мэдрэмж гэж би хардаг. Энэ хэдийгээ цаашдаа зөндөө олон уран бүтээл туурвиж, олон жил хамтдаа яваасай гэж хүсэж байна. Яагаад гэвэл тэд дөнгөж эхэлж байгаа залуу хамтлаг. Байгуулагдаад ердөө гуравхан жил болж байна, бие даасан анхны цомгоо гаргаад жил ч болоогүй байна шүү дээ. Гэхдээ анхны цомгоо гаргах хүртлээ хоёр жилийн хугацаанд үнэхээр гар нийлж, маш их хөдөлмөрлөж ажилласан нь харагддаг. Нэг цомог гаргасныхаа дараа хэсэг завсарладаг хамтлаг олон байдаг. Эсвэл анхны цомог нь хэт амжилттай болчихоор сонсогчид дараагийн бүтээлээс нь яг тэр мэдрэмжийг хүлээгээд эхэлдэг. Тэр хүлээлт нь хэт өндөр болохоор дараагийн цомгоо гаргахаас эмээж, удах тохиолдол ч байдаг. Харин Дотор хүрээ хамтлагийн маань хувьд анхны цомгийнхоо дараахан дэд цомгоо гаргасан нь өөрсдөдөө ч, сонсогчдодоо ч “бидэнд цааш хийх зүйл маш их байна” гэдгийг баталсан юм шиг санагдсан.
Тэр дундаа “Өдөр гардаг сар” гэдэг дуу их сонирхолтой. Зүгээр л өдөр гарсан сарыг хараад төрсөн сэтгэгдлээсээ эхэлж дуу бүтээсэн гэж ярьдаг. Уг нь хүн бүр өдөр гарсан сарыг харж болно. Гэхдээ бид өдөр тутмынхаа ажил, амьдралд хэтэрхий автаад тэнгэр лүү харалгүй өнгөрөх өдрүүд олон. Үүл хаашаа нүүж байна, салхи ямар үнэртэй байна, өнөөдөр тэнгэр ямар байна гээд ердөө л эргэн тойрныхоо энгийн зүйлсийг анзаарахаа больчихдог. Ялангуяа уран бүтээлч хүмүүс тэр мэдрэмжээ алдахгүй байгаасай гэж хүсдэг. Өөрсдийнхөө хийж байгаа зүйлээр амьдралын сайн сайхныг мэдрүүлэхийг хичээж байгаа уран бүтээлчдээ дэмжээд өгвөл Монголын урлаг маань ч илүү сайхан болох байх.
Хараа торохгүй уудам талд гарч, цэвэр тунгалаг агаараар амьсгалж буй мэт нэгэн шинэ мэдрэмжийг Монголын хөгжмийн ертөнцөд авчирсан Дотор хүрээ хамтлагийнхандаа баярлалаа. Байгуулагдаад гуравхан жилийг ардаа үдэж буй энэ хамтлаг цаашдаа гучин жил, түүнээс ч олон жил бидний сонорыг мялааж, өөрсдийнхөөрөө эгшиглэж яваасай хэмээн хүснэ. Мөн энэ хүртэл хамтдаа байж, тэдний дурсамж, хөгжим, бодол мэдрэмжээр хамт аялан бидний нэг болсон уншигч танд талархъя!
Сэтгэгдэл