Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл

2026.07.097 минут унших
Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

...Энэ их хувь заяаг 

Эх дэлхий минь хайрласан юм...

Хүний амьдралын зам мөр, уран бүтээлчийн хувь тавилан заримдаа урьдаас зурагдсан байдаг гэлтэй. Үүний нэгэн адил Завхан аймгийн Улиастай сумын нэгэн гэр бүлд аав, хүү хоёрын хувь заяа хөгжмийн нандин холбоосоор хэлхэгджээ. Хөгжмийн мэргэжилтэй аав нь хүүгээ мэндлэхэд өөрийн мэргэжлээ орхисон түүхтэй бөгөөд хүү нь хожим аавынхаа орхисон тэр замаар урагшилж, мэргэжлийг нь өвлөн авсан байна. Аавынхаа дутууг гүйцээж, түүний үргэлжлэл болон яваа энэ хүү бол өнөөдрийн бидний мэдэх МУГЖ, "The HU" хамтлагийн хөөмийч, хөгжимчин Г.Нямжанцан юм.

Тэрбээр Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежоос уран бүтээлч болох анхны алхмаа эхлүүлж, өөрийн хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэлээр өнөөдрийн дэлхийн тайзнаа монгол өв соёлоо таниулан, эх орныхоо нэрийг цуурайтуулж явна. Энэхүү хүндтэй хувь тавилангийн эзэн болсон түүнийг бид "Бидний нэг" булангийнхаа энэ удаагийн зочноор онцолж байна.

Хүүхэд насны гэнэн цайлган боловч тууштай шийдвэрүүд

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

2026 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр тэрбээр Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг хүртсэн билээ. Монголын ардын урлагт 30 гаруй жил тууштай зүтгэсэн түүний хөдөлмөрийг ийнхүү төр үнэлсэн нь энэ. Энэхүү хүндтэй амжилтын суурь нь ердөө тавдугаар ангийн жаахан хүүгийн "би урлагийн л хүн болно" хэмээх эрс шулуун шийдвэртэй салшгүй холбоотой аж. Тэгвэл өнөөдрийн дэлхийд танигдсан уран бүтээлчийг яг л тэр жаахан хүүгийн тууштай сэтгэл бүтээжээ. Тэгвэл өнөөгийн урт замын эхлэл хэрхэн тавигдаж, анхны алхам нь хаанаас эхэлсэн бол?

Би Завхан аймгийн Улиастай суманд айлын ууган хүү болон мэндэлсэн. Багадаа эмээ өвөөгийндөө олон цагийг өнгөрүүлж, тэдний сургаал, ертөнцийг үзэх үзлийг сонсож хүмүүжсэн минь миний дотоод ертөнцийн суурь болсон гэж боддог юм. Намайг элдэв зүйлээр хааж боолгүй, чөлөөтэй өсгөсөн нь хожим миний өөрийнхөөрөө, нээлттэй зан чанартай болоход ч нөлөөлсөн байх.

Ийм ч учраас багаасаа л "би хөгжмийн хүн болно" гэдэгтээ огт эргэлзэлгүй, тархиндаа бат суулгачихсан байлаа. Тухайн үед Хөгжим бүжгийн коллеж тавдугаар ангиас нь элсэлт авдаг байсан тул надад "дөрөвдүгээр ангиа төгсөөд л морин хуурч болно" гэсэн ганцхан зорилго байв. Гэвч яг цаг нь болоход аав ээж маань намайг шилжүүлээгүй юм. Хүсэж байсан зүйл минь бүтээгүйд гомдсондоо би хичээлдээ сууж байгаа хэдий ч юунд ч шамдалгүйгээр хагас жил орчим явсан. Хүсэл мөрөөдөлгүй зүйгээр л махан бие болчхож байгаа хэрэг шүү дээ. Тухайн үед энэ нь аав ээж, багш нартаа өөрийнхөөрөө гаргаж буй нэг төрлийн эсэргүүцэл байсан юм.

Хөгжимчин болохгүй бол малчин болно…

Хүн бүрийн амьдралд ирээдүйгээ шийдсэн эргэлтийн цэг байдаг. Хөгжимчин хүний хувьд энэ нь ихэнхдээ хүүхэд насны гэнэн цайлган боловч тууштай шийдвэрээс эхэлдэг аж. Хөгжмийн их ертөнцөд хөл тавихаар тэмцэж, өөрийн гэсэн байр суурийг олж авсан тэрхүү дурсамжаар хамтдаа аялцгаая.

Тэр жилийнхээ Цагаан сараар аав ээжийн нутаг Цагаанчулуут сум руу ах дүүстэйгээ золгохоор очихдоо би хөдөө үлдэхээр шууд шийдчихэв. Тэгээд аав ээждээ "намайг хөгжимчин л болгохгүй бол би сургуульд сурахгүй, энд үлдэж малчин болно" гээд хэлчихлээ. Тэд намайг хашраах санаатай "тэг тэг миний хүү, мал дээр гарахгүй юу" гэхээр нь өмссөн хувцастайгаа хоёр сард шууд хөдөө үлдчихэж байгаа юм. Тэр хавар шийр зааж, хонио хариулж, мал төллүүлээд нэг ч төлийн гарзгүй сайхан хаваржсан. “Багш хүн байж хүүхдээ сургууль завсардууллаа” гэж ээж минь сургууль дээрээ зэмлүүлэн, "намраас энэ нөхрийг хөгжим бүжигт л өгөхгүй бол болохгүй юм байна" гэдгийг аав ээж хоёр минь ойлгосон байх.

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Таван сард гэртээ ирэхэд үс гэзэг ургачихсан, хөдөөний хөх бор хүү буув. Маргааш нь шууд театрын ойролцоо байх Завханы Хөгжим бүжгийн коллежийн Амаржаргал багш  дээрээ шалгуулахаар очлоо. Багш намайг асар олон зүйлээр шалгасан. "Тайзан дээр чамайг ишигний дүрд тоглуулбал яах вэ, ишиг болоодох" гэхээр нь хөдөөний ахуйгаа мэдэх учраас тургиж, үсэрч дэвхцээд л үзэж тарлаа. "Одоо өөрийгөө эх нь гэж бод, ааль ааш гарга" гэхээр нь нөгөөдүүлийг нь дуурайж тоглоод л, багш намайг шоолж инээгээд л... Би тэнд хөгжимчин л болж байвал юу ч хийхэд бэлэн байсан хэрэг.

Төгөлдөр хуур дээр өнгө тоглож сонсгол, ритмээ шалгуулаад, хуруу гараа харуултал багш "Сайхан урт хуруутай, хумс сайтай юм. Морин хуурч болох хүү байна" гээд тэнцүүлсэн. Сургуулиасаа бичиг баримтаа шилжүүлж авахаар “хөгжим бүжгийн коллежид тэнцлээ” гэсэн тэр томилолтыг энгэртээ тэврээд гарч байсан тэр үе урлагийн ертөнцөд хөл тавих албан яс ёсны "виз"-ээ авсан хамгийн нандин мөч байсан юм. Хожим эргээд бодоход, хөгжмийн мэргэжилтэй аав минь намайг төрөхөд мэргэжлээ орхисон түүхтэй. Аавыгаа хөгжмөөс нь хөндийрүүлсэн учраас би тэр замыг нь цааш үргэлжлүүлэх учиртай байсан болоод л тэр үед тэгтлээ тэмүүлж, хөгжмийн төлөө тэгж их тэмцэж байж дээ гэж боддог юм.

Гэр бүлийн түүхтэй холбогдсон хувь тохиол

Ингэж аавынхаа дутууг гүйцээхээр морин хуурын ангид элссэн хүүд амьдрал нэгэн бэлэг бэлдсэн байлаа. Сургуульдаа орох намар нь морин хуурын багш нь хот руу шилжиж, анги нь эзэнгүйрчээ. Баруун таван аймгаас хүүхдүүд цугладаг Завханы Хөгжим бүжгийн коллежийн хуурын ангийнхан бүгд өөр мэргэжил рүү элсэж байхад, тэр ганцаараа мөрөөдөлдөө үнэнч үлдэж "морин хуураар л сурна" хэмээн гүрийсээр байв. Гэвч хувь тавилан түүнийг огт өөр, тэгэхдээ гэр бүлийнх нь бүх л түүхтэй холбоотой явж ирсэн нэгэн нандин хүнтэй уулзуулжээ.

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Уг нь би "морин хуурын ангид л орно" гээд гүрийсээр байсан юм. Хотоос шинэ багш ирэхгүй гэсэн тул бусад хүүхдүүд маань аль хэдийн лимбэний анги руу шилжчихсэн. Гэтэл яг тэр үед амьдралд минь нэгэн гоё хувь тохиол таарсан нь Завханы алдарт лимбэчин Пүрэвжав багш маань байлаа. Пүүжээ багш бол манай аавд анх хөгжим заасан, аав ээж хоёрын минь хурим дээр хүртэл ерөөл хэлээд зогсож байсан, манай гэр бүлийн хувьд хамгийн хүндтэй хүн юм.

Нэг өдөр гадаа тоглочхоод гэртээ ороод иртэл нөгөө хүндтэй лимбэний Пүрэвжав багш маань хойморт сууж байлаа. Намайг харуутаа үнсээд, аав ээж хоёрт хуурай агсан тавин "Та хоёр намайг амьд байхад миний хүүг морин хуурын ангид өгнө гэнэ үү. Лимбэний ангид оруулахгүй ямар том толгойтой хүмүүс вэ" гэдэг байгаа. Аав ээж хоёр маань ч багшийн үгнээс гарч зүрхлэлгүй "Та минь одоо лимбэнд л авч үзэж хайрла" гэлээ. Би хажуунаас нь "үгүй ээ, би морин хууртаа л орно" гэж зөрүүдлэхэд, айхтар туршлагатай багш минь духаараа харан инээснээ "Миний хүү маргааш хичээлээ тараад лимбэний ангийн хүүхдүүдээ дагаад ороод ирээрэй. Багш нь чамд гоё бэлэг өгнө өө" гэх нь тэр. "Бэлэг" гэсэн үгэнд нь баярлаад “ямар бэлэг өгөх юм бол” гээд шөнөжин догдолж хонож билээ. 

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Маргааш нь мэргэжлийн хичээл ороход лимбэний хүүхдүүдийг дагаад анги руу нь гүйгээд орлоо. Намайг орж ирэхийг хараад багш хамгийн түрүүнд дуудаж, цүнхнээсээ яг л алтаар хийчихсэн юм шиг гялтайсан, шив шинэ гоё гуулин лимбэ гаргаж ирээд "За, миний хүү, май, сайн лимбэчин болоорой" гээд бэлэглэсэн. Багш маань урд өдөр нь гэртээ хариад тэр лимбийг надад өгөхөөр өнгөлж, зүлгэж бэлдсэн байж. Тийм гоё хөгжим авчихсан хүн чинь лимбэний ангид орохгүй гээд яах билээ. Багш миний сэтгэлийг тэгж л гоё урвуулж, би гэдэг хүн лимбэчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн түүхтэй.

“Багш хүний ажлын үр дүн 10 жилийн дараа гардаг юм билээ…”

“Алтан лимбэ” атгаад анги руу гүйн орсон тэр мөчөөс хойш түүний амьдрал энэ хөгжимтэй эргэлт буцалтгүй холбогджээ. Лимбэ хөгжмөөр 20 гаруй жил тасралтгүй суралцаж, хөгжмөө өөрөө урладаг мастер хэмжээнд хүрэх үед түүнд өөрийг нь чиглүүлсэн сайн багш нарынхаа эрдэм ухааныг дараагийн үедээ түгээх боломж тохиожээ. Ийнхүү тэрбээр 2008 оноос 2018 оны хооронд Монгол Улсын Консерваторид 10 жилийн турш багшилж, мэргэжлийн лимбэчдийн дараагийн залгамж халааг бэлтгэсэн юм.

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Пүрэвжав багш маань тэтгэвэртээ гарахад би Завханы хөгжим бүжгийн коллежийг Эрдэнэлхагва багшийнхаа удирдлага дор төгссөн юм. Үргэлжлүүлэн СУИС-д лимбэний анхны доктор Цэвэгсүрэн багшийнхаа ангид суралцаж, магистрын зэрэгт хүртэл 20 гаруй жил энэ хөгжмийг дагнан судалжээ. Өнөөдөр ч би оюутан сурагчид, мэргэжлийнхэнд зориулж мастер лимбэ, цуур хөгжмийг өөрөө урлан судалсаар байна.

Хүн бүрд "би багшилъя" гээд олдоод байдаггүй тэрхүү нэр хүндтэй боломж надад тохиож, 2008-2018 оны хооронд Консерваторид 10 жил багшилсан. Сайн багш нарынхаа эрдмийг дараагийн үедээ түгээхдээ би "хүү нь аавыгаа, шавь нь багшаа дуурайдаг" уламжлалаар, өөрөө хувийн сахилга батаараа үлгэрлэхийг хичээсэн. Багш хүний ажлын үр дүн дараагийн 10 жилд нь шавь нар нь хэр болсноор харагддаг юм билээ. Өнөөдөр манай театр чуулгуудын мэргэжлийн лимбэний орон тоог миний шавь нар бүрдүүлж, ажил амьдрал нь тэгш сайхан явж байгаад багшийн хувьд их баяртай байдаг. 

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Уран бүтээлч хүн гэдэг нийгмийг соён гэгээрүүлэгч байх ёстой. Тайзан дээр ч, амьдрал дээр ч боловсон, цэвэр цэмцгэр байх нь уран бүтээлчийн үндсэн ёс зүй юм. Үзэгчид уран бүтээлчээс өндөр хүлээлттэй байдаг тул алхаа гишгээ, үг яриа, харилцаа бүхэн нь тухайн хүнийг илэрхийлж байдаг. Хүнтэй ярилцахад л тухайн уран бүтээлчийн мэдлэг, туршлага, түвшин илэрдэг тул байнга хөгжиж, мэдлэгээр зэвсэглэж явах нь уран бүтээлчийн гол үүрэг болов уу. Учир нь амжилт гэдэг өдөр бүр өлсгөлөн мэт суралцаж, бэрхшээл бүрийг давж гарсан урт удаан хөдөлмөрийн үр дүн юм билээ. 

Түүнчлэн, багшлахын зэрэгцээ хувь тоглоочийнхоо хувьд урын сангаа баяжуулж, улсын чанартай зургаан уралдаанаас хоёр ч удаа тэргүүн байр эзэлсэн. Ингэж явсаар 2018 онд багшийнхаа ажлыг хүлээлгэж өгөөд, "The HU" хамтлагтайгаа амьдралынхаа дараагийн нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Өнөөдөр би дэлхийн тайзан дээр хамтлагийнхаа хөгжимчин, хөөмийчин гээд явж байгаа ч лимбэнээсээ хөндийрчихсөн хэрэг огт биш. Сэтгэл зүрх минь үргэлж тэндээ байдаг учраас хөгжмөө урлаж, судалсаар л байна.

"Ямар сайхан мэдээ вэ, миний хүү…”

Түүний уран бүтээлийн гол бахархал нь уртын дууг лимбэний битүү амьсгаагаар хөгжимдөх өв уламжлал байв. Тэрбээр устаж үгүй болох аюулд байсан энэхүү арга барилыг хамгаалах судалгааны багт ажиллаж, 2011 онд ЮНЕСКО-д бүртгүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нь лимбэний урлагт оруулсан хамгийн том хувь нэмэр нь болжээ. Сайхан багш нарынхаа өгсөн энэхүү эрдмийг өдий зэрэгтэй авч яваа түүний хөдөлмөрийг төр засаг үнэлж, энэ оны эхээр МУГЖ цол хүртээсэн бөгөөд тэрбээр хувьсгалаас хойш төрөн гарсан лимбэний ердөө долоо дахь гавьяат болсон билээ.

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Завханы хөгжим бүжгийн коллежоос төрөн гарсан мундаг хөгжимчид олон бий. Тэднийхээ үргэлжлэл болж, төрөлх сургуулиараа овголж явдагтаа би үргэлж баярладаг. Сайхан багш нарынхаа өгсөн эрдэм, мэргэжлийг өдий зэрэгтэй авч явсныг маань үнэлж, энэ оны эхээр надад МУГЖ гэх эрхэм цолыг хүртээсэн юм. Ардын хувьсгалаас хойш тоолоод үзэхээр би чинь лимбэний ердөө долоо дахь гавьяат нь юм билээ. Лимбэчид маань оркесторт эзлэх тоо хэмжээгээрээ маш цөөхүүлээ, тийм ч учраас үнэхээр нандин мэргэжил.

Гавьяат болох тухай мэдээг сонсоод хамгийн түрүүнд аав ээж рүүгээ ярьсан. Аав минь сэтгэл хөдлөл багатай хүн ч "Ямар сайхан мэдээ вэ, миний хүү… Энэ мэргэжлийг эзэмшсэн шиг эзэмшээд өдий хүрчээ” гээд бахархан хэлсэн үг нь миний хувьд бүх шагналаас илүү үнэтэй байлаа. Аавынхаа тэр үгийг сонсоход л бага наснаас өдийг хүртэл туулсан бүх зүйлс зураг шиг тодорсон гэх үү дээ. 

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Магадгүй би тухайн үед морин хуураар сурсан бол өнөөдөр "The HU" хамтлагт байх орон зай надад олдох уу, үгүй юу. Юм цаанаасаа л учиртай байдаг шиг би үлээвэр хөгжмийн мэргэжилтэй болсноороо хамтлагийнхаа хөөмийчин, үлээвэр төрлийн цуур, лимбэ, хэл хуур зэрэг хөгжмүүдийг тоглох тэрхүү орон зайг бүрдүүлсэн байна. Эргээд бодоход хөгжимгүйгээр, тэр сургуульд орохгүйгээр өөрийгөө төсөөлж ч чадахгүй байж. "Хөгжимчин болно, би яг л тайзны хүн юм байна" гэсэн жаахан хүүхдийн тэр том мөрөөдөл л намайг өнөөдрийн зэрэгт хүргэсэн хэрэг. Тэр хүслээсээ хэзээ ч ухарч, няцаж байсангүй. Жаахан хүүхэд байх үеийн Нямжанцан өнөөдөр ч миний дотор яг хэвээрээ бий. Хөгжимд хайртай тэр зүрх маань өдөр бүр анхных шигээ л догдлон цохилдог. Хүсэл эрмэлзэл минь хэзээ ч унтраагүй учраас би өнөөдрийн өөртөө, тэр үеийн зориг зүрхэндээ "чи маш зөв шийдвэр гаргасан шүү, баярлалаа" гэж хэлмээр байна. 

Нэгэн үеийн нэг зорилгын дор нэгдсэн нөхөд

Зөвхөн лимбэ хөгжмөөр хязгаарлагдалгүй, хөөмий, цуур, хэл хуур зэрэг үлээвэр болон туульсын урлагт өөрийгөө олон талаар хөгжүүлж явсан нь түүнийг дэлхийн тайзнаа гарах хамгийн том бэлтгэл болжээ. Яг энэ үед түүний амьдралын дараагийн шинэ хуудсыг нээсэн “The HU” хэмээх томоохон төслийн суурь тавигдсан байна. 

Продюсер Дашка (Б.Дашдондог) ахыг “The HU” хамтлагийн төслийг анх танилцуулахад надад үнэхээр шинэлэг санагдаж, яг л ийм зүйл хийх юм сан гэж бодож байсантай минь таарсан юм. Өмнө нь олон хамтлагт байхдаа этник урлагийг сонирхож, хөөмий, цуур, хэл хуур, товшуур гээд туульсын магтаал чиглэлээр өөрийгөө бэлдэж байсан юм. Учир нь тухайн үед зөвхөн нэг л хөгжмөө тоглоод суух нь хоцрогдож, олон улсын зах зээлд олон талын мэргэжилтэй, давхар хөөмийлдөг хөгжимчдийг илүүд үздэг болсон байлаа. Тиймээс Завханы хөгжим бүжгийн сургуулиа төгсөхөөсөө л хөөмийгөөр хичээллэж өөрийгөө хөгжүүлсэн нь өнөөдөр хамтлагийн гишүүн болоход маш том суурь болсон хэрэг. Ийнхүү "The HU" хамтлагт бие биенийхээ авьяас чадварыг хүндэлдэг, нэгэндээ хайртай залуус цугларсан бөгөөд бидний амжилтын гол үндэс нь ерөөсөө л хүндлэл байсан юм.

Бие биеэ хүндлэх, бишрэх сэтгэл

Дэлхийг тойрох их замд тэднийг хөгжмөөс илүү хүчтэй холбодог үнэнч нөхөрлөл, ахан дүүсийн хэлхээ бий. Арван жилийн турш хамтдаа байж, нэгэн зорилгоор амьсгалж ирсэн тэрхүү итгэлцлийн тухай тэрбээр ийнхүү өгүүлсэн юм.

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Хамтлаг маань хүчтэй байж, амжилттай явахын хамаг гол үндэс нь ерөөсөө л бидний бие биеэ хүндлэх, бишрэх сэтгэл юм. Хэрэв энэ хүндлэлээ алдчихвал бүх зүйл болохоо байчихна шүү дээ. Тиймээс анх Дашка ахыгаа яаж хүндэлж байсан, бусад уран бүтээлч дүү нар, найз нарыгаа ямар нүдээр харж байсан яг тэр сэтгэлээрээ л бие биеэ харж, хэзээ ч мартаж болохгүй гэж байнга боддог. Бид хаана ч явсан бие биеийнхээ төлөө байж, арыг нь дааж, хамгаалж явдаг. Хэн нэг нь өвдөж хавдлаа гэхэд л "найз нь нэг бариад өгье" гээд нурууг нь илж, цай ундыг нь дөхүүлээд, байгаа эм тангаа хуваалцдаг тийм л үнэн хайр бидний дунд байдаг юм. Энэ урт замд бид бие биедээ ингэж хайртай байхгүй бол бүтэхгүй шүү дээ.

Өнөөдөр бид төрсөн ахан дүүс, хань ижил, үр хүүхдээсээ ч илүү олон цагийг хамтдаа өнгөрүүлж байна. Энэ бол маш том үзүүлэлт бөгөөд бидний хувь тавилан юм. Тиймээс бид дуундаа хүртэл "Энэ их хувь заяа" гэж өгүүлдэг шүү дээ. Ингээд бодохоор бид өнөөдөр энд цуглах гэж, энэ бүхнийг туулах гэж бэлтгэгдэж ирсэн жинхэнэ дайчид юм шиг санагддаг. Тийм учраас л энэ их хувь заяагаа бодож, бие биеэ хүндэлж явах нь хамгийн гол зүйл билээ.

Дэлхийг дуурайх биш, өөрсдийнхөөрөө гялалзах нь

Олон мянган хүний өмнө монгол хэлээрээ дуулна гэдэг "The HU" хамтлагийн хувьд эх орныхоо соёлыг дэлхийд таниулж буй чухал мөч билээ. Тэд язгуур хэв маягаа хадгалсаар хэрхэн сонсогчдын зүрхэнд хүрсэн бэ? Аялан тоглолтын үеийн догдлол, бэрхшээл, тэднийг нэгтгэсэн том зорилгын тухай тэрбээр ийн өгүүлсэн юм.

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Бидний дэлхийг тойрсон анхны аялан тоглолт 2019 оны тавдугаар сард эх орноосоо, “White Rock Center”-ээс эхэлсэн түүхтэй. Анхны тоглолтын тайз руу гарахын өмнөх тэр агшин одоо ч сэтгэлд тодхон байна. Тоглолтын тэр их эрч хүчтэй хэмнэл, үзэгчдийн уур амьсгал дунд өөрийгөө хянах, төвлөрөх гэдэг тийм амар биш ч, анхны хоёр тоглолтынхоо алдаа оноог засаж, тайзны хэмнэлээ мэдэрсэн тэр өдрүүд дэлхийн аялан тоглолтод бэлтгэх хамгийн том туршлага болсон юм.

Олон улсын тайзан дээр гарах бүрд Монгол Улсын маань нэр хүнд үргэлж бидний ард явж байдаг. Морин хуур, товшуур, цуур, хөөмийг ямар ч хуурамч зүйлгүй, язгуур шинжээр нь тоглодог маань монгол соёлын жинхэнэ төрхийг үзэгчдэд таниулдаг болов уу. Тэр ч утгаараа бидний үйл хэргийг ЮНЕСКО үнэлж, “Энх тайвны төлөөх уран бүтээлч”-ээр өргөмжилсөн. Бид уран бүтээлээрээ эх дэлхийгээ хайрлах, энх тайвныг сурталчлах зорилгыг тээж, монгол өв соёлоо дэлхий дахинд түгээж яваадаа бахархдаг.

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Гадаадын тайзан дээр тоглоход манай сонсогчид дууны аяыг сонсоод зогсохгүй, дууны үг, утга учрыг нь хүртэл тайлан судлах нь элбэг. Тоглолтын үеэр монгол үндэсний дээл хувцсыг өмсөн, монгол хэлээр мэндчилэн, дууны маань үг утгыг өөр хоорондоо тайлан судлахыг харах нь юутай ч зүйрлэшгүй бахархал юм. Хөгжмийн хэмнэлээр дамжин монгол хэл, соёл, өв уламжлалыг таньж мэддэг нь манай уран бүтээлийн хамгийн том онцлог. Хөгжим бол хил хязгааргүй, хүн төрөлхтнийг ойлголцуулдаг хүчтэй хэл. Бид Хүннү рок урсгалаар өрнө дорныг холбож, дэлхийн үзэгчидтэй хөгжмийн нэгэн хэлээр ярилцаж байна шүү дээ. Тиймээс монголчууд бид дэлхийг дуурайх биш, өөрсдийн байгаа зүйлээрээ дэлхийн тайзан дээр гарах бүрэн боломжтой гэдгийг харуулах нь бидний зорилго.

“Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд нэвтэрдэг хамгийн эмзэг, нандин зүйл”

Тайзан дээрх омогшил, үзэгчдийн алга ташилт бол уран бүтээлчийн гаднах амжилт. Харин тэрхүү амжилтын цаана хөгжимчин хүний дотоод ертөнц, өдөр тутмын хөдөлмөр, хүн байхын ухаан оршдог. Монгол өв соёлоо тээж, дэлхийн тавцанд гарах бүрдээ тэд юуг эрхэмлэж, ямар бодол тээж явдаг бол?

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Хөгжимчин хүн сайн тоглохоос илүүтэй, юуны өмнө "хүн" байх нь чухал. Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдээсээ "хүн чанаргүй бол хөгжмөөс чинь гарах юу ч үгүй" гэдэг үгийг байнга сонсдог байлаа. Учир нь хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд нэвтэрдэг хамгийн эмзэг, нандин зүйл шүү дээ. Тайзан дээр хэдий төгс сайн тоглосон ч гэлээ тэр нь буруу сэдэлтэй байх юм бол бүх зүйлийг үнэ цэнгүй болгож мэднэ. Тиймээс миний доторх ертөнц, бодол санаа минь хөгжмөөр дамжин сонсогчдод хүрдэг учраас үргэлж тулхтай, хүн чанартай, зөв бодолтой байхыг амьдралынхаа гол философи болгосон юм. Шавь нартаа ч хөгжим заахаасаа урьтаж, хүн байхын ухааныг л захидаг.

Миний хувьд монгол хүн байхын утга учир нь өв уламжлалаа гүнзгий сурч, түүнийгээ дэлхийн тайзан дээр өөрийн бүтээл болгон түгээхэд оршино. Гэхдээ энэ бол ганцаараа хийх ажил биш юм. Нэг мөрөөдлийн төлөө хамт олноороо зүтгэж, өдөр бүр хичээл зүтгэл гаргаж байгаа нь бидний жинхэнэ үнэ цэн, амжилтын үндэс болов уу. Өөрсдийн мөрөөдсөн амьдралаар амьдарч, бүтээж яваа маань бидний хувьд хамгийн том бахархал.

Монголчууд бид цөөхүүлээ ч гэсэн маш өндөр чадамжтай ард түмэн. Манай орны эрс тэс уур амьсгал биднийг цаг үргэлж сорьж, тэр хэрээрээ хатуужуулж байдаг. Тиймдээ ч бид аливаа зүйлийн учир олдог, олон талын чадвартай, дасан зохицох суурь өгөгдөлтэй. Энэ л суурь чадвар маань биднийг дэлхийн том төслүүд, том компаниудад очоод ялгарч, амжилт гаргахад хүргэж байна. Энэ бол бидний тэнгэрээс заяасан өгөгдөл. Энэ өгөгдлөө улам хөгжүүлж явах нь монгол хүний үнэ цэн юм. Дэлхийн хаана ч очсон, ямар ч нөхцөлд бид чадна гэдгийг харуулсан ийм л хүчирхэг, үнэ цэнтэй ард түмэн билээ.

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хамгийн эмзэг, нандин зүйл нийтлэлийн зураг

Залуучууддаа хандаж хэлэхэд, хүсэл мөрөөдөлгүйгээр урагшлах боломжгүй. Гэвч мөрөөдөл гэдэг бодол төдий биш бодитой төлөвлөгөө байх ёстой юм шүү. Том зорилго тавиад, түүнийхээ төлөө өдөр бүр тархиа ажиллуулж, тууштай хөдөлмөрлөх нь чухал. Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Бодол хүрч байгаа газар бие хүрдэг” гэж хэлсэнчлэн, зөв бодолтой, том мөрөөдөлтэй байж, түүнийхээ төлөө өөрийгөө бүрэн зориулж чадвал хүрэхгүй оргил гэж үгүй билээ.

Хүүхэд насны хүсэл мөрөөдлөөс эхлээд дэлхийн тайзан дээрх амжилт хүртэлх энэ зам нь өөртөө үнэнч байж, тууштай хөдөлмөрлөхийн илрэл юм. "Хүн чанар бол хөгжмийн хамгийн том зэмсэг" гэж үздэг түүний хувьд амжилт гэдэг өв соёлоо хайрлаж, түгээх үйл хэрэг ажээ. Морин хуур, лимбэ рүү тэмүүлсэн бага насны хүсэл өнөөдөр "The HU" хамтлагийн хэмнэлд шингэж, хүн төрөлхтнийг соёлын нэгэн хэлээр холбож байна. Аливаа зүйлийн учрыг олдог, олон талын чадвартай, дасан зохицох монгол хүний суурь өгөгдлийг дэлхийн тавцанд гаргаж яваа тэрбээр энэ удаа бидний нэг боллоо. Хүн чанар, уран бүтээлийн үнэ цэнийг хамтдаа мэдэрсэн уншигч танд талархъя!

Сэтгэгдэл

Ачаалж байна...

Холбоотой нийтлэлүүд

Г.Нямжанцан: Хөгжим гэдэг хүний сэтгэл зүрхэнд хүрдэг хам...