УБ -8°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Бид ажлын 4 өдөртэй болох боломжтой юу?
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Бид ажлын 4 өдөртэй болох боломжтой юу?

Бид ажлын 4 өдөртэй болох боломжтой юу?

Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч
2026.11.19 · 3 унших

Даваа гарагт ажилдаа явж, Баасан гарагийг хүлээн, амралтын хоёр өдөрт амжуулах зүйлсээ төлөвлөдөг бидний амьдралын хуваарь нэг л хэвийн. Харин долоо хоногт тав биш, дөрвөн өдөр ажилладаг бол яах вэ. Цалин хэвээр, ажлын үр дүн хэвээр, харин амрах нэг өдөр нэмэгдэх боломж бий юу?

Дэлхийн зарим байгууллага ажилтнуудын ажлын долоо хоногийг таван өдрөөс дөрөв болгон бууруулж, цалинг хэвээр хадгалах туршилт хийж эхэлжээ. Үүний үр дүнд ажилтнуудын стресс буурч, ажил-амьдралын тэнцвэр сайжирсан төдийгүй байгууллагын үйл ажиллагаа, орлого ч буураагүй туршлага бий. Тэгвэл ажлын 4 өдөртэй болох нь үнэхээр боломжтой юу? Түүх сөхвөөс, 1926 онд буюу яг 100 жилийн өмнө Ford Motor Company үйлдвэрийн ажилтнуудаа долоо хоногт зургаан өдөр ажилладаг байсныг таван өдөр, 40 цаг болгон өөрчилж, цалинг нь бууруулаагүй юм. Тухайн үед үйлдвэрийн ажилчдын ажлын цаг долоо хоногт 48 цаг байсан бөгөөд Henry Ford ажилтнуудад илүү амралт, чөлөөт цаг олгох нь бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байв.

Харин энэ санаа өнөөдөр дахин нэг алхам урагшилж байна. Данийн IIH Nordic компани 2017 онд ажилтнуудаа долоо хоногт 30 цаг, дөрвөн өдөр ажиллуулж, цалинг хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Гэхдээ тэд ажлын цагийг шууд багасгахаас өмнөх хугацаанд дотоод ажлын процессыг автоматжуулах, уулзалтыг богиносгох, үр ашиггүй цаг зарцуулалтыг багасгах зэрэг өөрчлөлт хийж, таван өдрийн ажлыг дөрвөн өдөрт гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Мөн КОВИД 19-ын үед дэлхий нийт алсын зайнаас ажиллаж, зайнаас болон бага цагаар ажиллах туршлагыг практикт хэрэгжүүлснээр, бага цагаар болон зайнаас ажиллах боломж илүү дэлгэрсэн гэж үзэж болно. Ийнхүү зуун жилийн өмнө зургаан өдрийн ажлын долоо хоногийг тав болгон өөрчилж байсан бол өнөөдөр таван өдрийг дөрөв болгох боломжийг туршиж байгаа юм. Тэгвэл энэ нь ажилтанд амралтын өдөр нэмэхээс гадна байгууллагын бүтээмжид ямар өөрчлөлт авчрах вэ?

Ажлын 4 өдөр гэдэг нь ажлын цагаа шахах уу, багасгах уу?

Ажлын 4 өдрийн тухай санаа 1970-аад онд АНУ-д тодорхой хэлбэрээр гарч иржээ. 1970 онд менежментийн зөвлөх Рива Пүүр “4 Days, 40 Hours” номоо хэвлүүлж, долоо хоногийн 40 цагийг таван өдөр бус дөрвөн өдөрт хуваарилах загварыг танилцуулсан байна. Ингэснээр ажилтнууд өдөрт 10 цаг ажиллаж, долоо хоногт гурван өдөр амрах боломжтой байв. Тухайн үеийн энэ загвар нь ажлын цагийг багасгахгүй, ижил 40 цагийг цөөн өдөрт багтаах зорилготой байжээ. 

Иймд ажлын 4 өдөртэй болох тухай ярихад хоорондоо ялгаатай хоёр загварыг ойлгох хэрэгтэй юм байна. Эхнийх нь долоо хоногт 40 цаг ажиллах нормоо дөрвөн өдөрт хуваарилах буюу өдөрт 10 цаг ажиллах хувилбар. Энэ тохиолдолд амралтын өдөр нэмэгдэх боловч долоо хоногийн нийт ажлын цаг өөрчлөгдөхгүй аж. Харин хоёр дахь хувилбар нь ажлын нийт цагийг 40-өөс 32 цаг болгон бууруулах юм. Өдөрт найман цаг ажиллаж, долоо хоногт дөрвөн өдөр ажиллана. Энэ загварын гол зарчим нь ажлын цагийг 20 хувиар бууруулсан ч цалинг хэвээр хадгалах явдал юм. Олон улсын туршилтуудад түгээмэл хэрэглэсэн 100-80-100 загвар нь 100 хувийн цалин, 80 хувийн ажлын цаг, 100 хувийн бүтээмжийг зорьдог аж. Энгийнээр, ажилтан бага цаг ажилласан ч өмнөхтэй адил үр дүн гаргах ёстой тул байгууллага ажлын процессоо өөрчлөх шаардлагатай юм байна.

Ажлын цаг багасахад бүтээмж буурахгүй байж болох уу?

fin-1.jpg

Ажлын 4 өдрийн хуваарийн туршилтуудын гол зорилго нь ажилтныг илүү хурдан ажиллуулах гэхээсээ илүүтэй ажлын өдөрт үр ашиггүй зарцуулагддаг цагийг багасгах явдал юм. Үүний тулд байгууллагууд ажлын процессыг туршилтын өмнө шинэчилж, уулзалт, хамтын ажиллагаа болон ажлын зохион байгуулалтад өөрчлөлт оруулдаг аж. Жишээлбэл, үр дүнгүй уулзалтыг цөөлөх, нэг ажлыг олон хүн давхар хийх байдлыг арилгах, ажлын явцыг хэт олон шат дамжлагаар баталгаажуулах шаардлагыг багасгах зэрэг арга хэмжээ авчээ.

2025 онд Nature Human Behaviour сэтгүүлд нийтлэгдсэн олон улсын судалгаагаар зургаан улсын 141 байгууллагын 2,896 ажилтныг зургаан сарын турш ажигласан байна. Туршилтад оролцсон байгууллагууд ажлын цагийг бууруулахын өмнө ажлын үр ашиг, хамтын ажиллагааг сайжруулах өөрчлөлт хийжээ. Судалгааны үр дүнд ажилтнуудын ажлын туйлдал, ажлын сэтгэл ханамж, сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд сайжирсан бөгөөд ажлын цагийг өөрчлөөгүй хяналтын 12 байгууллагад ийм өөрчлөлт ажиглагдаагүй байна. Мөн ажилтнууд ажлаа хийх чадвар сайжирч, нойрны асуудал болон ядаргаа багасах нь эерэг үр дүнтэй холбоотой байжээ. Энэ нь ажлын цагийг багасгах нь ажилтны сайн сайхан байдалд эерэг нөлөө үзүүлэх боломжтойг харуулж байна. Гэхдээ уг судалгаанд байгууллагын бодит үйлдвэрлэлийн хэмжээ, үйлчилгээний гарцыг бүх салбарт ижил аргаар хэмжсэн туршилт биш тул бүтээмж заавал нэмэгдэнэ гэж дүгнэхэд болгоомжтой хандах хэрэгтэй аж.

Их Британийн туршилт: 61 байгууллага ажлын 4 өдрийг туршжээ

2022 оны зургаадугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл Их Британид 61 байгууллагын 2,900 орчим ажилтан ажлын 4 өдрийн хуваарийг туршсан байна. Тэд зургаан сарын хугацаанд цалингаа хэвээр авч, ажлын цагаа 20 хувиар бууруулжээ.

Туршилтын үр дүнгээс:

  • 71% нь ажлын туйлдал буурсан;
  • 39% нь стресс буурсан;
  • Ажилтнуудын өвчтэй чөлөө авах өдөр 65% буурсан;
  • Ажлаас гарах ажилтны тоо 57% буурсан;
  • Туршилтад оролцсон 61 байгууллагын 56 нь богино ажлын долоо хоногийг үргэлжлүүлжээ.

Орлогын мэдээлэл гаргасан 23 байгууллагын орлого туршилтын хугацаанд дунджаар 1.4 хувиар өссөн байна. Гэхдээ үүнийг ажлын цаг бууруулснаас орлого өссөн гэж шууд тайлбарлах боломжгүй юм. Туршилт нь өөрсдөө оролцохоор сонгосон байгууллагууд дээр хийгдсэн бөгөөд орлогын үзүүлэлт гаргасан байгууллагын тоо нийт оролцогчдоос цөөн байжээ. Энэ туршилтад оролцсон байгууллага бүр ижил хуваарь хэрэглээгүй аж. Зарим нь Баасан гарагийг амралтын өдөр болгосон бол зарим нь ажилтнуудын амралтын өдрийг ээлжлэн зохицуулсан байна. Тиймээс ажлын 4 өдөр гэдэг нь бүх байгууллагад нэг ижил загвараар хэрэгжих ёстой гэсэн үг биш юм.

Монголд ажлын 4 өдөртэй болох боломж бий юу?

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар ердийн ажлын цаг долоо хоногт 40 хүртэл, ажлын өдөр найман цаг хүртэл байхаар зохицуулсан. Мөн ажлын хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт 12 цагаас багагүй байх ёстой. Энэ нь долоо хоногт дөрвөн өдөр, өдөрт найман цаг буюу нийт 32 цаг ажиллах хувилбар одоогийн ердийн ажлын цагийн дээд хязгаараас бага гэсэн үг. Харин цалин хэвээр хадгалж, ажлын цагийг бууруулах нь байгууллагын хөдөлмөрийн зохион байгуулалт, хөдөлмөрийн гэрээ болон холбогдох зохицуулалтаас хамаарах боломжтой юм. Харин долоо хоногийн 40 цагийг дөрвөн өдөрт хувааж, өдөрт 10 цаг ажиллах хувилбарыг ердийн ажлын өдөр найман цаг хүртэл гэсэн хуулийн зохицуулалтаас шалтгаалан шууд стандарт хуваарь гэж үзэх боломжгүй аж. Ээлжийн болон тусгай зохицуулалттай ажлын цагийн нөхцөлийг тусад нь авч үзэх шаардлагатай.

Монголд ажлын 4 өдөртэй болох талаар хэлэлцэхдээ эхлээд ажлын цагийг бууруулах боломжтой салбар, байгууллагуудад туршилтын хөтөлбөр хэрэгжүүлж болох юм. Ford зуун жилийн өмнө ажлын цагийг багасгах нь ажилтан төдийгүй бизнесийн үр ашигт ч тустай гэж үзсэн бол өнөөдөр байгууллагууд технологи, автоматжуулалт, ажлын шинэ арга барилаар ижил зорилгод хүрэхийг туршиж байна. Олон улсын туршлагаас харахад ажлын цагийг бууруулснаар ажилтнуудын стресс, туйлдал багасаж, ажил амьдралын тэнцвэр сайжрах боломжтой. Гэхдээ энэ нь бүх салбарт ижил үр дүнтэй, эсвэл ажлын цагийг бууруулсан төдийд бүтээмж хэвээр үлдэнэ гэсэн баталгаа биш юм. Байгууллагын ажлын онцлог, үйлчилгээний тасралтгүй байдал, ажилтны ачаалал, ажлын процессыг хэрхэн өөрчилснөөс үр дүн нь хамаарна. Монголд ч ажлын 4 өдөртэй болох асуудлыг шууд хэрэгжүүлэх эсвэл боломжгүй гэж үзэхээс илүүтэй, тохиромжтой салбар, байгууллагад туршиж, үр дүнг нь хэмжих боломж бий. Эцсийн зорилго нь бага ажиллахын төлөө ажлаа шахах биш, шаардлагагүй ажлыг багасгаж, ажилласан цагтаа илүү үр дүнтэй байхын зэрэгцээ ажилтнуудын амьдралын чанарыг дээшлүүлэх явдал юм.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.