УБ -10°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Редакцын булан 0%
Хүүхэд зургийг харж, ойлгоод, төсөөллөө илэрхийлдэг учраас сурах бичгийн зураг маш чухал
Редакцын булан
Нүүр хуудас / Редакцын булан / Хүүхэд зургийг харж, ойлгоод, төсөөллөө илэрхийлдэг учраас сурах бичгийн зураг маш чухал

Хүүхэд зургийг харж, ойлгоод, төсөөллөө илэрхийлдэг учраас сурах бичгийн зураг маш чухал

Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч
2026.11.18 · 5 унших

Сурах бичиг бол бага насны хүүхдүүдэд зориулсан хамгийн хүртээмжтэй ном гэж хэлж болох юм. Хүүхэд бүр насны онцлогтоо тохирсон үлгэрийн ном, буддаг номтой байх боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс хүүхдийн анхлан номтой танилцах боломж нь тэдний сурах бичиг болох нь бий. Тэгвэл манай улсын ЕБС-ын бага ангийн сурах бичиг хэр чанартай бас хүртээмжтэй байдаг вэ? Мөн сурах бичигт тавигдах стандартад нийцсэн байдаг болов уу?

Бага ангийн сурах бичиг хүртээмжтэй хүрдэг үү?

2026-2027 оны хичээлийн жилд нэгдүгээр ангийг шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу хичээллүүлж, сурах бичгийг ч мөн шинэ хөтөлбөрийн дагуу шинэчлэн танилцуулсан. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 75,838 хүүхэд элсэн суралцаж байгаа гэсэн тооцоо гарсан байна.

ковер-4.jpg
Эх сурвалж: ҮСХ

Сурах бичгийн хангалтын хувьд өнгөрөгч есдүгээр сард Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир “Аравдугаар сарын 1-н гэхэд нэгдүгээр ангийн сурах бичгийг 100 хувь түгээж дуусгана. Зургаадугаар сард нэгдүгээр ангийн сурах бичгийг шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу дахин боловсруулах тендер зарлагдсан ч шаардлага хангасан газар байгаагүй тул наймдугаар сар хүртэл хойшлогдож улмаар нэгдүгээр ангийн сурах бичгийн хангалт хоцролттой байгаа ч “Би сурагч боллоо” дасан зохицох хөтөлбөр хэрэгжиж дуусмагц сурах бичгүүд бэлэн болно” хэмээн мэдэгдэж байв.  

Сурах бичгийг аравдугаар сарын эхээр хэвлэж, орон даяар түгээж эхэлсэн ч энэ сарын байдлаар хүүхэд тус бүрд хүрсэн бодит хувь, тоог нийтэд нээлттэй албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 

ковер-1.jpg
Эх сурвалж: Боловсролын яам 

Сурах бичгийг хэрхэн бүтээх ёстой вэ? 

Швейцарын эрдэмтэн Жан Пиаже, Джером Брунер, Хейнц Вернер зэрэг  когнитив  сэтгэл  судлаачид  хүн  мэдээллийг  зөвхөн  хүлээн  аваад  зогсохгүй  түүнийг бүтээлчээр боловсруулж,  бүтээж чаддаг онцлогтойгоос гадна хүн бүр сэтгэгч, бүтээгч гэж тайлбарласан байдаг. Хүний хөгжил нь мэдээлэл боловсруулах арга барил хэр эзэмшсэнтэй ихээхэн  холбоотой  гэж  үздэг.  Хүүхдийн  гаднаас  хүлээн  авч  буй  мэдээлэл  түүний  оюун  ухааны  бүтцэд  тохирч  байвал  хүүхэд тэрхүү  мэдээллийг бүрэн хүлээн авч ойлгодог байна. 

Мэдээлэл  нь  хүүхдийн  урьд  нь  эзэмшсэн  мэдлэгийн   бүтцэд  тохирохгүй  бол  тэд  хүлээж авдаггүй, мэдээллийг үгүйсгэдэг. Тиймээс сурах  бичиг хүүхэд туршилт,  дадлага  ажил,  бичвэр,  зураг,  хүснэгт,  график,  бүдүүвч,  дасгал,  даалгавар  зэргийг ажиллаж шинэ  мэдлэгийг  өмнөх  мэдлэг,  чадвартай холбож ойлгоход хөтөлсөн байх ёстой аж.

Манай улсын сурах бичгийн стандарт ямар байдаг вэ?

Сурах бичгийн стандарт гэдэг нь агуулга сургалтын хөтөлбөртэй нийцэж, хүүхдийн нас болон сэтгэхүйн онцлогт тохирох, мэдлэгээ хэрэглэх болон асуудал шийдвэрлэх чадварыг дэмжих, хэл найруулга, үнэлгээ, загвар, хэвлэлийн чанарыг хангах шаардлагуудын цогц ойлголт юм. Монголд хэвлэмэл сурах бичигт тавих шаардлагыг 2026 онд шинэчлэн баталж, суралцахуйн үр дүн, цогц чадамж, бүтээлч үйл ажиллагаа, дээд эрэмбийн сэтгэлгээг хөгжүүлэх үнэлгээг голчлон тусгахаар болжээ.

Дэлхий даяар улс бүр дагаж мөрдөх ёстой “олон улсын сурах бичгийн стандарт” гэж байхгүй бөгөөд улс орон өөрсдийн онцлог, боловсролын системдээ тохируулан стандартыг тогтоодог. Гэхдээ ихэнх улс ЮНЕСКО-гийн зөвлөмжийн дагуу сурах бичгээ бэлтгэдэг байна. 

ковер.jpg
Эх сурвалж: UNESCO

Хонконгийн Боловсролын газар сурах бичгийг хөтөлбөрийн зорилготой нийцсэн эсэх, агуулгын дараалал, сурагчийн нас болон өмнөх мэдлэгт тохирсон байдал, суралцах үйл ажиллагаа, дүрслэл дэх хэвшмэл ойлголт, ялгаварлал зэрэг олон шалгуураар авч үздэг аж. 

БНСУ-ын хувьд сурах бичгийг улсын захиалгаар боловсруулж, хувийн хэвлэлийн газар зохиож эрх бүхий байгууллагаар хянуулж, зөвшөөрөл авах гэсэн хэд хэдэн хэлбэр байдаг юм байна. Хувийн хэвлэлийн газрын сурах бичиг хөтөлбөрт нийцэж байгаа эсэхийг шалгасны үндсэн дээр хичээлийн хөтөлбөрт ашигладаг ажээ. Өөрөөр хэлбэл, чанарыг зөвхөн номын агуулгаар дүгнэхгүй, боловсруулах, хянах, батлах үйл явц хүртэл сурах бичгийн чанарт нөлөөлдөг байна.

Сурах бичгийн зураг чимэглэл төдий байна

ковер-2.jpg

Цахим орчинд бага ангийн сурах бичгийн зургийг хиймэл оюунаар бүтээсэн гэх шүүмжлэл өрнөж, дөрвөн хуруутай, гурван хөлтэй, ижил хэв загвартай хүүхдүүдийн дүрслэл олны анхаарлыг татсан. Боловсролын ерөнхий газрын дарга “сурах бичгүүдэд алдаа байхгүй, ийм дүрслэл зөвхөн нэгдүгээр ангийн “Би сурагч боллоо” дасгал ажлын номд гарсан бөгөөд агуулгын хувьд асуудалгүй” гэсэн утгатай тайлбар өгч байв. Гэвч зураг алдаатай ч агуулга нь зөв гээд энэ асуудлыг орхиж болох уу? Ер нь хүүхдийн сурах бичигт зураг ямар үүрэгтэй байдаг вэ?

Сурах бичгийн зураг бол чимэглэл биш. Хараахан бие даан уншиж сураагүй байгаа бага насны хүүхэд номын зургийг ажиглан утгыг нь ойлгож, өөрийн мэдлэгтэй холбон төсөөлдөг. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Монсудар хэвлэлийн газрын, сургалтын хэрэглэгдэхүүний редакцаас бэлтгэн гаргаж буй нэгдүгээр ангийн таван судлагдахууны сурах бичгийн танилцуулга уулзалтын үеэр тус хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын зураач Б.Төрмөнх “Сурах бичгийн зураг бол бүхэл бүтэн агуулга. Хүүхэд зургийг уншиж ойлгоод, төсөөлж, түүнийгээ илэрхийлдэг. Зургаар дамжуулан хүүхэд ажигласнаа тайлбарлаж, өөрөө туршин бүтээж, юу ойлгосноо эргэцүүлэн бодож, илэрхийлдэг. Харин бэлэн хүрээтэй зураг будах, бүгдээр нь ижил зүйл зуруулахад хүүхдийн сэтгэн бодох чадвар хумигдах эрсдэлтэй. Мөн хүүхдийн зурсан зургийг “авьяастай, авьяасгүй” гэж ангилахаас илүү юу илэрхийлэхийг хүссэн гэдгийг нь түрүүлж анзаарах хэрэгтэй” хэмээн онцолж байлаа. 

turuu.jpg
Гэрэл зургийн эх сурвалж: Дидо Монсудар

Тиймээс сурах бичгийн зургийг зай нөхөх эсвэл чимэглэл төдий зүйл биш гэдгийг ойлгож, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцэж, сурах агуулгыг дэмжиж байгаа эсэх, тухайн зураг хүүхэд өөрөө чөлөөтэй сэтгэн бодож, өөрийн гараар бүтээх үйл явцыг дэмжихэд хэр оролцоотой байгаа зэргийг харгалзан үзэх ёстой байх нь ээ. 

Хүүхдэд зориулсан номын дүрүүдийн анатомийн алдаа, нэг хэвэнд цутгасан мэт ижил царай төрх төдийгүй хичээлийн агуулгатай холбоогүй жижиг деталь бүр хүүхдийн анхаарал, ойлголтод сөргөөр нөлөөлөх магадлалтай. Иймд номын зураг агуулгыг тодруулж байна уу, эсвэл хүүхдийг төөрөгдүүлж, сатааруулж байна уу гэдгийг ч сурах бичгийн чанарыг үнэлэхдээ хамтад нь авч үзэх шаардлагатай.

Өөр арга зүй санал болгож буй сурах бичиг

AI зурагтай холбоотой шүүмжлэл сурах бичгийн зураг ямар чухал үүрэгтэй болохыг сөхсөн бол дараа нь сурах бичиг хүүхдүүдэд юу зааж байна вэ, гэх асуулт гарч ирнэ. Монсударын сургалтын хэрэглэгдэхүүний редакцаас Монгол хэл, Математик, Нийгмийн ухаан, Байгаль шинжлэл, Дүрслэх урлаг, дизайн гэсэн таван судлагдахууны суралцагчийн ном, дасгал ажлын дэвтэр, багшийн номыг танилцуулжээ. Төслийн багийн мэдээлж буйгаар энэхүү багц нь зургаан настай хүүхэд таван өөр шинжлэх ухааны өнцгөөс бодит амьдралыг ажиглаж, асуулт асууж, ярилцаж, туршин судлахад чиглэх юм байна.

Энэхүү цувралын ялгарах онцлог нь судлагдахуун бүрийг тусдаа номоор заахын зэрэгцээ танил дүрүүдээр дамжуулан хооронд нь холбохоор төлөвлөсөнд оршино. Уншигч шаазгай Монгол хэлэнд, хэрэм Математикт, зөгий Дүрслэх урлаг-дизайн, шоргоолж Нийгмийн ухаанд, зараа Байгаль шинжлэлд хөтөч болжээ. Цувралын танилцуулгад эдгээр дүрээр дамжуулан хүүхэд хэл яриа, тоо сэтгэлгээ, орчноо таних, харилцах, бүтээх чадвараа хөгжүүлнэ гэжээ. 

nom.jpg
Эх сурвалж: Дидо Монсудар

Тус сурах бичиг 2026-2027 оны хичээлийн жилийн сурах бичгийн сонгон шалгаруулалтад оролцсон ч одоог хүртэл сурагчид AI-аар бүтээсэн сурах бичиг ашигласан хэвээр байна. Тиймээс эхний ээлжид хувийн сургуулиудтай хамтарч ажиллах болон багш нар энэхүү сурах бичгийн багшийн номыг ашиглан хичээлийн хөтөлбөрөө боловсруулах, хичээлээс гадуурх давтлага, сургалтад ашиглахыг санал болгож байгаа ажээ.

Ийнхүү сурах бичгийн онцлог болон цаашид хүүхэд бүрд чанартай сурах бичгийг хэрхэн хүргэх боломжтой талаар танилцуулах уулзалтын үеэр Монсудар хэвлэлийн газрын төслийн менежер Б.Наранзулаас тодруулсан юм. 

zul.jpg
Гэрэл зургийн эх сурвалж: Дидо Монсудар

- Сурах бичгийг хувийн сургуулиудад нийлүүлэхээс гадна орон нутгийн хүүхдүүдэд хэрхэн хүртээмжтэй хүргэхээр төлөвлөж байна вэ? 

- Орон нутгаас ч манайхтай хамтрах хүсэлт ирж байгаа. Гэхдээ бүтээгдэхүүнтэйгээ эхлээд сайн танилцах хэрэгтэй. Номын хавтас, зургийг нь хараад шууд захиалах нь хэт эрсдэлтэй шүү дээ. Тиймээс эхний ээлжид цахим танилцуулга бэлтгэж, номын бүтэц, агуулга, арга зүйг нь дэлгэрэнгүй хүргэхээр төлөвлөж байна. Бид сонирхсон сургууль, байгууллагуудтай нээлттэй хамтарч ажиллах болно. Хүртээмжийг зөвхөн нийлүүлэлтээр хэмжихгүй, хүүхэд номтой ажиллаж, уншиж бичиж, бодож сурах боломжтой эсэхийг ч хамтад нь авч үзэх хэрэгтэй гэж харж байна.

- Олон улсын жишгийн дагуу гээд шууд өөр улсын сурах бичгийг хуулбарлаж болохгүй байх. Монгол хүүхдийн суралцах арга барил, онцлог зэрэгт энэхүү сурах бичиг хэр нийцсэн гэж үзэж байгаа вэ?

- Бид олон улсын сурах бичгүүдийг судалж, зарчим, стандарт, онолын түвшинд туршлагаас нь суралцсан. Гэхдээ улс бүрийн сургалтын хөтөлбөр, арга зүй, хүүхдийн орчин өөр учраас мэдээж нэг улсын номыг шууд хуулж болохгүй. Эхлээд ямар зарчим баримтлах вэ гэдгээ тодорхойлоод, дараа нь Монголын багш, боловсролын салбарын мэргэжилтнүүд үндсэн агуулгаа боловсруулах нь чухал. Монгол хүүхдүүд өдөр тутамдаа юу харж, хэрэглэж, юу ойлгож байна тэдгээрийг л шингээж чадах юм бол тэр үндэсний контент болох юм. Үндэсний гэдэг ойлголтыг бид уламжлалт ойлголттой хольж болохгүй. Тиймээс уламжлалт гэхээсээ илүү яг үндэсний агуулга баримтлахыг хичээсэн.  

Сурах бичгийн чанар боловсролын чанарт нөлөөлдөг

Таван судлагдахууныг сурагчийн ном, дасгалын дэвтэр, багшийн номтой уялдуулан боловсруулж, олон жилийн туршлагатай зөвлөхүүд болон мэргэжлийн баг ажилласан нь мэдээж сайшаалтай ч цаашдын түгээлт, орон нутгийн хүүхдүүдэд хүргэх бодит шийдэл ч мөн энэхүү сурах бичгийн үр дүн, чанар чансааг тодорхойлсоор байх юм.

Бид сурах бичгийг боловсролын байгууллагаас олгодог, байгаагаар нь хэрэглэдэг зүйл мэт хүлээж аваад сурчихжээ. Бид өдөр бүр идэх хоол, өмсөх хувцсаа сонгож, чанарт нь шаардлага тавьдаг шиг хүүхэд өдөр тутамдаа харьцдаг суралцахуйн хэрэглэгдэхүүнд ч өндөр шалгуур тавих ёстой. Эцсийн дүндээ сурах бичгийн чанар монгол хүүхдийн боловсролын чанарт шууд нөлөөлдөг. Тиймээс номын агуулга, зураг, арга зүй, хэвлэлтийн чанар, хүүхэд бүрд хүрч байгаа эсэхийг эцэг эх, багш, мэргэжилтэн, төр хамтдаа нягталж, шаардлагаа тогтмол тавьж байх нь чухал байна.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Д.Жавхлан
Д.Жавхлан
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.