Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж болох уу. Хэрэв ийм хүсэлт гаргавал хэн шийдвэрлэх вэ. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэн түр хэрэгжүүлж, дараагийн Ерөнхийлөгчийг хэзээ сонгох вэ?
Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, албан ёсоор шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ хэмээн мэдэгдэв. Монгол Улсын хууль тогтоомжид Ерөнхийлөгчийг бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бий. Гэхдээ Ерөнхийлөгч хүсэлтээ илэрхийлснээр шууд албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй. Харин Улсын Их Хурал хүсэлтийг нь хэлэлцэж, шийдвэрлэх ёстой.
Ерөнхийлөгч ямар үндэслэлээр ажлаа өгч болох вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.3-т Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлийг тодорхойлжээ. Үүнд биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд Ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлж өгөхийг хүсэж УИХ-д өргөдөл гаргаж болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх эрхтэй боловч энэ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжих ёстой.
Хүсэлтийг хэн, ямар дарааллаар шийдвэрлэх вэ?
2024 оны тавдугаар сарын 16-нд баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйлд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журмыг зохицуулжээ.
1. Ерөнхийлөгч УИХ-д хүсэлт гаргана: Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д албан ёсоор хүргүүлнэ.
2. Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ: Ерөнхийлөгчийн хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, 5 өдрийн дотор санал, дүгнэлт гаргана. Уг санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулна.
3. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ: Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын таван өдрийн дотор хэлэлцэж, ил санал хураалт явуулна. Энэ үеэр гишүүд Ерөнхийлөгчийг чөлөөлөх болсон шалтгаан, үндэслэлийн талаар асуулт асууж, үг хэлэх боломжтой.
4. УИХ эцсийн шийдвэр гаргана: Хэрэв гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжвэл Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батална.
Ингэснээр Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох юм.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ?
Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар боллоо гэхэд төрийн тэргүүний бүрэн эрх эзгүй үлдэхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 37.2-т зааснаар Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Энэ нь дараагийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх хүртэл төрийн тэргүүний бүрэн эрхийг түр хэрэгжүүлэх зохицуулалт юм.
Дараагийн Ерөнхийлөгчийг хэзээ сонгох вэ?
Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд ээлжит бус сонгууль явуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 74.2-т зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулж явуулна. Ингэснээр дараагийн Ерөнхийлөгчийг сонгох үйл явц эхэлж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх юм.
Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, огцруулах хоёрын ялгаа
Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болон хууль зөрчсөн үндэслэлээр огцрох нь эрх зүйн хувьд хоёр өөр ойлголт юм. Үндсэн хуулийн 35.2-т зааснаар Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргана. Үүнийг үндэслэн УИХ хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулах асуудлыг шийдвэрлэнэ. Харин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт шаардахгүй байна. Ерөнхийлөгч өөрөө хүсэлт гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх замаар хэрэгжинэ. Товчхондоо, Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөд УИХ хүсэлтийг нь хэлэлцэж, хууль батлан шийдвэрлэх юм. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлж, дөрвөн сарын дотор ээлжит бус сонгууль явуулах ёстой.