Таны ажил дээр уулзалтын тэмдэглэлийг хэн нэгэн гараар нэгтгэж, олон хуудас тайлан уншиж бичиг цаастай ноцолдсон хүн бараг харагдахаа больсон байх. “AI ажлын байрыг булаана” гэж ярьдаг ч яг үнэндээ ажлын өдөрт зарцуулдаг цаг, шийдвэр гаргах дараалал, нэг ажилтнаас шаардагдах ур чадвар зэрэгт өөрчлөлт орж байна.
Тэгвэл AI ажлын урсгалыг бодитоор хэрхэн өөрчилж байна вэ? Энэ өөрчлөлтөд бидэнд ямар ур чадвар хэрэгтэй болж, тэдгээр чадварыг өнөөдрөөс хэрхэн хөгжүүлэх боломжтой талаар одоо танд хуваалцъя.
Өөрчлөлт ажлын байранд биш, ажлын үүрэгт түрүүлж илэрч байна
Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-аас 2025 онд гаргасан “Future of Jobs” 1,000 гаруй ажил олгогчийн судалгаанаас харахад 2030 он гэхэд 170 сая шинэ ажлын байр бий болж, 92 сая ажлын байр шахагдах төлөвтэй байна. Тайланд мөн ажлын байран дээр шаардагдах ур чадварын 39 хувь нь өөрчлөгдөх буюу хуучрах магадлалтай гэжээ. Тиймээс AI-ийг “ажилтныг орлох машин” гэж харахаас илүү тухайн мэргэжлийн хүлээх үүрэг, ур чадвар, даалгавруудыг өөрчилж буй хэрэгсэл гэж харах нь зөв юм.
Өөрөөр хэлбэл, хуульчид баримт бичгээс холбогдох заалт хайх хугацаа багасаж үйлчлүүлэгчийн нөхцөлийг ойлгох, тохирох хуулийн үйлчилгээ боловсруулах, хариуцлага хүлээх хэрэгцээ хэвээр байна. Харин багш хичээлийн төлөвлөгөөний хувилбар боловсруулж болох ч сурагчдын сурах үйл явцыг дэмжих, хүүхэд бүртэй тулж харилцах ажлыг технологид шилжүүлэх боломжгүй гэсэн үг.
Эхний хувилбарыг AI, эцсийн шийдвэрийг хүн
Олон улсад хувийн болон төрийн байгууллагууд AI ашиглан ажлын бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлж байгаа талаар Google Workspace дээр нийтлэгдсэн дараах жишээнээс харцгаая.
Шинэ Зеланд улсын бизнесийн технологийн Xero компани Gemini хиймэл оюуныг ашиглан имэйл, баримт бичиг боловсруулах зэргээр олон удаагийн давтамжтай ажлаа хялбарчилж туршилтад оролцогч ажилтнууд долоо хоногт дунджаар 3.4 цаг хэмнэж, 88 хувь нь үлдсэн сул цагаа илүү үнэ цэнтэй ажилд зарцуулжээ. Жишээлбэл, 20 хуудас тайлан бэлдэхдээ эхлээд AI ашиглан гол санааг шүүж, бүтэц гаргаж, дараа нь ажилтан агуулгын сонголт, найруулга, байгууллагын үнэт зүйл зэргийг баримтлан тайлангаа боловсруулсан байна.
Харин АНУ-ын Юта мужийн төрийн байгууллагууд генератив AI-ийг 257 ажилтантай туршилтаар эхлүүлж мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын үнэлгээ, сайн дурын оролцоог тооцсоны дараа 22 мянган ажилтны хүрээнд нэвтрүүлэхээр бэлдэж байгаа талаар Google Workspace дээр тэмдэглэжээ. Төрийн үйлчилгээний хувьд ялгаатай нь хурднаас илүү иргэний мэдээллийн нууцлал, шийдвэрийн тайлбар, хэрэв алдаа гарвал хэн хариуцлага хүлээх нь чухал хэвээр байгаа юм.
Эдгээр жишээнээс харахад AI хүний өмнөөс бүх ажлыг хийж байгаа явдал биш. Харин хүний ажлын эхний хувилбар, мэдээлэл хайх, нэгтгэх, ангилах зэрэг хэсгийг хөнгөвчилж хянах, шийдвэрлэх, харилцах шатанд хүний оролцоо хэвээр байна. Гэвч байгууллага ажлын урсгал, сургалт, нууцлалын дүрмээ өөрчлөхгүйгээр хэрэгсэл нэмж суулгавал эрсдэл нэмэгдэх магадлалтай аж.
Тэгвэл биднээс ямар ур чадвар шаардах вэ?
Дэлхийн эдийн засгийн форумын 2025 оны тайланд дурдсанаар ирээдүйд хиймэл оюун, өгөгдөл, технологийн мэдлэг, ур чадварын хэрэгцээ илүү нэмэгдэхийг онцолсон. Гэхдээ энэ нь хүн бүр дата судлаач эсвэл программист болох ёстой гэсэн үг биш юм. Бүтээлч сэтгэлгээ, дасан зохицох чадвар, сониуч зан, тасралтгүй суралцах хандлага, манлайлал, хамтын ажиллагаа зэрэг зөөлөн ур чадварыг ч мартаж болохгүй. Харин мэргэжилтэн бүр AI-тай ажиллахдаа дараах чадварыг хөгжүүлэх шаардлагатай болох нь ээ.

- AI-ийн суурь ойлголттой байж, зөв ашиглах
AI ямар төрлийн ажлыг сайн хийдэг, ямар үед эргэлзээтэй хариулт өгдөг, байгууллагын зөвшөөрсөн хэрэгсэл аль нь вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Зүгээр “Энэ сэдвээр бич” гэх ерөнхий хүсэлтээс илүү “Энэ тайлангаас 5 гол үр дүнг гарга, тоон баримт бүрийн баттай эх сурвалжийг тэмдэглэ, мэдээлэл байхгүй бол таамаглахгүй шууд хэл” зэрэг нарийвчилсан даалгавар өгч сурах хэрэгтэй.
- Шүүн тунгаах, баримт шалгах
AI-ийн өгүүлбэр бүр үнэн гэсэн үг биш. Ялангуяа хүний эрх, эрүүл мэнд, санхүү, боловсрол, аюулгүй байдалтай холбоотой шийдвэрт AI-ийн үгээр эцсийн шийдвэрийг гаргаж болохгүй. Нэр, огноо, статистик, хууль, судалгааны дүгнэлтийг эх сурвалжаар баталгаажуулж хэвших хэрэгтэй.
- Асуудлыг зөв тодорхойлох
AI хэрэгсэл сонгохоосоо өмнө ажлын асуудлаа тайлбарлаж сурах нь чухал. Таны ажлын аль алхам хамгийн давтагддаг вэ? Таны цаг юунд илүү зарцуулагддаг вэ? Хэр их алдаа гаргадаг вэ? Үр дүнгээ хэрхэн шалгах вэ? Зэрэг асуултыг өөрөөсөө асуугаарай. Хэрэв асуудлаа буруу тодорхойлбол AI хурдан ажиллах хэдий ч буруу хариулт өгөх магадлалтай.
- Харилцаа, хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ
AI эхний санал, бүтцийг гаргаж болно. Харин бодит хэрэгцээг сонсох, багийн ялгаатай байр суурийг нэгтгэх, хэрэглэгчид ойлгомжтойгоор тайлбарлах, итгэлцэл бий болгоход хүний оролцоо чухал юм. Ирээдүйд хамтын ажиллагаа, манлайлал, бүтээлч сэтгэлгээ нь AI ур чадвартай зэрэгцэн явсаар байхыг онцолсон байдаг.
- Өөрчлөлтөд бэлэн байх чадвар
Өнөөдөр эзэмшсэн нэг хэрэгслийн арга барил маргааш гэхэд хуучирч болно. Тиймээс үргэлж шинэ систем туршиж, өөрийн ажлын арга барилд тохируулан суралцах дадлаа удаан хугацаанд хадгалах хэрэгтэй. Google-ийн AI Works 2025 тайланд дурдсанаар AI сургалтын дараа хиймэл оюуны хэрэглээ болон цагийн хэмнэлт нэмэгдсэн гэж тэмдэглэжээ. Хамгийн гол нь сургалт нэг удаагийн танилцуулга биш, бодит ажлын даалгавартай холбогдох ёстой.
Эдгээр ур чадварыг хэрхэн өөрийн болгох вэ?
Технологийн хөгжил хурдан байж болох ч түүнд бэлдэх эхлэл тун энгийн. Та нэг бодит ажил сонгоод AI дээр туршиж үзээрэй. Дараа нь үр дүнгээ хэмжиж, алдааг шалган, сурсан зүйлээ багтайгаа хуваалцаарай. Улмаар ажлын хурд нэмэгдэхээс гадна өөрсдийн цагийг илүү үнэ цэнтэй шийдвэр, харилцаа, бүтээлч ажилд шилжүүлэх боломж нээгдэх юм. Тэгвэл яг хаанаас, хэрхэн эхлэх вэ гэж үү?
Энэ бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 21-нд “Grow with Google Mongolia Community Day 2026” Zaisan Hill Complex-д зохион байгуулагдах гэж байна. Энэ өдөр та Google экосистемийн боломжуудтай танилцаж, мастерклассуудад оролцон, дээрх AI чадваруудад бодитоор суралцаж, өдөр тутмын ажлаа хөнгөвчлөх олон улсын практик туршлагаас суралцаж, өөрийн ур чадвар, хүрээлэл, боломжоо тэлээрэй.
Ажил, мэргэжилдээ хэрэгтэй ур чадварыг хөгжүүлэх мастеркласс хичээлүүдэд суух бол ЭНД дарна уу. Бүртгэл дуусахад цөөн хоног үлдлээ.

AI-тай ажиллах чадвар нь AI-д бүхнийг даатгана гэсэн үг биш юм
AI ажлын байрыг өөрчилж байгааг бид харж байна. Гэхдээ өөрчлөлт яг ямар хэлбэрээр илрэх нь салбар, байгууллага, ажлын даалгавраас хамаарах юм. AI зарим ажлыг автоматжуулж, шинэ үүрэг бий болгож түнийг дагаад бидэнд ирээдүйд шинэ ур чадварын хэрэгцээ шаардлагатай болж байна. AI-ийн эрин үед сайн ажилтан гэдэг нь зөвхөн сайн промпт бичдэг хүнийг биш, зорилгоо зөв тодорхойлж, түүнд хүрэхдээ тохирох хэрэгслээ сонгон, хариуг эх сурвалжаар шалгаж, мэдээллийн нууцлалыг хамгаалах, эцсийн шийдвэрт гарах ямар ч хариуцлагыг хүлээх чадамжтай хүнийг тодорхойлдог цаг иржээ.