Та ямар нэгэн мэдээлэлд итгэхээсээ өмнө үнэн зөвийг нь нягталдаг уу. Эсвэл өөрийн хуучин ойлголт, олон нийтийн дунд түгээмэл тогтсон хандлагад тулгуурлан шууд дүгнэлт хийх нь элбэг үү? Өнөө цагт сошиал сүлжээ, бусдын яриа, цахим орчинд хөвөрч буй олон ургалч үзэл бодол гээд бидний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлөх эх сурвалж улам бүр олширч байна. Бид эдгээр олон талт урсгал дундаас өөрт төрсөн сэтгэгдлээрээ нийгмийн үйл явдлыг дүгнэж, байр сууриа илэрхийлэн, өдөр тутмын шийдвэрүүдээ гаргадаг шүү дээ. Гэвч бидний итгэж үнэмшсэн тэрхүү зүйлс бодит баримтаар батлагдсан уу, эсвэл зүгээр л олон дахин сонсож, харж дадсанаас болоод үнэн мэт санагдаж байна уу гэдгийг ялгаж салгах нь хамгийн чухал.
Тиймээс мэдээллийн шуурга, хиймэл оюун эрчимтэй хөгжиж буй энэ үед аливааг олон талаас нь шинжилж, үндэслэлтэй дүгнэлт хийх чадвар хүн бүрд зайлшгүй хэрэгтэй болоод байна. Энэ удаад бид судалгаанд суурилж сэтгэх нь бидний мэдлэг, шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлдөг талаар хөндлөө.
Судалгаа өдөр тутмын асуултаас эхэлдэг

Судалгаа гэдэг нь тодорхой асуулт, асуудалд хариулт олохын тулд мэдээлэл цуглуулж, түүнийгээ нягтлан шалгаж, харьцуулан шинжилж, үндэслэлтэй дүгнэлтэд хүрэх үйл явц юм. Энэ үйл явцын эхлэл нь аливаа зүйлийг мэдэхийг хүссэн асуулт байдаг. Тухайлбал, залуусын хэрэглээний дадал хэрхэн өөрчлөгдөж байна вэ, хүмүүс яагаад тодорхой нэг бүтээгдэхүүнийг сонгодог вэ, хотын түгжрэлд ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ гэх мэт асуултад хариулахын тулд бодит мэдээлэл цуглуулж, тэдгээрийн хоорондын хамаарал, учир шалтгааныг судална.
Судалгааны үр дүнд бид аливаа асуудлыг илүү бодитой ойлгож, анхны төсөөллөө шалгаж, шинэ мэдлэг олж авдаг. Үүний тулд судлаач хүн асуулт тавих, эх сурвалжийн найдвартай байдлыг үнэлэх, баримтыг харьцуулах, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, гаргасан дүгнэлтээ дахин нягтлах чадвартай байх шаардлагатай аж.
Ажил олгогчдын эрэлттэй ур чадварын нэг
Хиймэл оюун хөгжиж, мэдээлэл хайх, боловсруулах ажил хялбар болсон өнөө үед судалгааны ур чадварын үнэ цэн улам нэмэгдэж байна. Дэлхийн эдийн засгийн форумын 2025 оны Future of Jobs Report-д хамрагдсан 10 ажил олгогчийн 7 орчим хувь нь аналитик сэтгэлгээг ажилтнуудад шаардлагатай гол ур чадвар гэж нэрлэжээ. Мөн OECD-ийн 31 улс, эдийн засгийн бүсийг хамарсан насанд хүрэгчдийн ур чадварын судалгаагаар мэдээллийг ойлгох, үнэлэх, ашиглах ур чадвар нь мэргэжлийн боловсролоос илүү хөдөлмөрийн зах зээлд ач холбогдолтой байв. Эдгээр нь судалгааны ажлын үндсэн ур чадварууд бөгөөд мэдээлэл хайж олох, эх сурвалжийг нягтлах, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах зэрэг чадваруудыг өдөр тутамдаа хөгжүүлэх нь зөвхөн сургууль, ажилд төдийгүй амьдралын бүхий л хүрээнд үнэ цэнтэй болохыг харуулж байгаа юм.
Учир нь хиймэл оюуны хэрэгслүүд асуултад хариулж, мэдээллийг нэгтгэж чаддаг болсон ч тэдгээрийн гаргасан хариултын үнэн зөвийг шалгах, эх сурвалжийг нягтлах, дүгнэлтийн үндэслэлийг үнэлэх шаардлага хэвээр байна. Тиймээс судалгааны арга барил эзэмших нь оюутан залууст мэргэжлийн мэдлэгээ гүнзгийрүүлэх, ажлын байранд тулгарсан асуудлыг бие даан шийдвэрлэх, өөрчлөгдөж буй орчинд тасралтгүй суралцахад хэрэгтэй ур чадвар юм. Мэдээлэл ихтэй орчинд аль мэдээлэлд итгэж, түүнийг хэрхэн ашиглахаа мэддэг байх нь өнөө цагийн чухал чадварын нэг болжээ.
Тэгвэл мэдээллийн үнэн зөвийг хэрхэн нягтлах вэ?

Судалгааны үнэ цэн, түүнийг эзэмших хэрэгцээ ийнхүү нэмэгдэж буй энэ үед судалгааг бодит ажил хэрэг болгоход ямар арга барил, зарчим чухал байдаг вэ? Энэ талаар Эс Ай Си Эй (SICA) ХХК-ийн Үйл ажиллагааны газрын захирал Б.Батсүрэнтэй ярилцаж, судалгааны үйл явц, мэдээллийн найдвартай байдал болон судалгаанд суурилсан сэтгэлгээний талаар тодрууллаа.
- Бид судалгаа гэхээр л мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил гэж ойлгодог шүү дээ. Тэгвэл судалгаа гэж яг юу вэ. Судалгааны ур чадвар бидний өдөр тутмын амьдралд ямар хэрэгтэй вэ?
- Судалгааг хамгийн энгийнээр тайлбарлавал, тулгарсан асуултаа оновчтой тодорхойлж, түүндээ тохирсон мэдээллийг цуглуулан, шинжилж дүгнэсний үндсэн дээр өөртөө хариулт олох үйл явц юм. Ихэнх хүн судалгааг эрдэм шинжилгээний байгууллага эсвэл мэргэжлийн судлаачдын хийдэг ажил мэтээр хардаг ч үнэндээ бид өдөр тутамдаа байнга хийж байдаг. Үүнийг энгийн гурван жишээгээр тайлбарлавал илүү ойлгомжтой байх болов уу.
Эхний жишээ нь бидний өдөр тутмын худалдан авалт. Залуучууд гар утас авахдаа үнэ, брэндийг нь харьцуулж, iPhone эсвэл Android-ын алийг нь сонгохоо өөрийн нөхцөл байдалд тулгуурлан шийддэг. Мөн сурталчилгаагаар гоё харагдсан барааг шууд авахын оронд тухайн байгууллагын цахим хуудас, сошиал хаяг дээрх бодит хэрэглэгчдийн сэтгэгдэл, туршлагыг уншиж байж сонголтоо хийдэг шүү дээ.
Хоёрдугаарт, ажил, карьерын сонголт хийх үед судалгаа зайлшгүй хэрэг болдог. Тухайлбал, оюутнууд дадлага хийх газраа сонгохдоо банк эсвэл судалгааны байгууллагын алинд нь ажиллавал ирээдүйн карьерт нь илүү өгөөжтэйг эхлээд судална. Улмаар байгууллагуудыг хооронд нь харьцуулж, биечлэн очиж мэдээлэл авсны эцэст шийдвэрээ гаргадаг.
Гуравдугаарт, боловсрол, ур чадвараа хөгжүүлэх шийдвэр дээр ч энэ арга барил харагддаг. Гадаад хэлний сургалтад суухаар төлөвлөсөн оюутан олонхыг дагаж англи хэл сонгохоосоо өмнө өөрт нь яг ямар хэл хэрэгтэйг нягтална. Хэрэв Германд суралцах зорилготой бол герман хэлний сургалтын төвүүдийн давуу тал, төлбөр, хичээлийн хуваарь нь үндсэн хичээлтэй нь давхцах эсэхийг харьцуулж байж цаг хугацаа, санхүүдээ тохирохыг нь сонгох жишээтэй.
Энэ бүхэн өөрөө судалгаа юм. Гол нь судалгаа гэдэг 100 хувь туйлын үнэн гэсэн үг биш. Харин бидний өдөр тутмын шийдвэрийг үндэслэлтэй, найдвартай болгож өгдөг арга хэрэгсэл гэж ойлгох нь зүйтэй.

- Судалж сурахыг хүссэн хүн хаанаас, хэрхэн эхлэх хэрэгтэй вэ. Асуултаа тодорхойлох, мэдээлэл хайх, шалгах, дүгнэлт хийх хамгийн энгийн арга юу вэ?
- Судалгааг нарийвчлах тусам нарийвчлагдаад л байдаг. Гэхдээ анхлан хийж буй хүн болон өдөр тутмын амьдралдаа судалгааны арга барилыг хэвшүүлэхийг хүсэж буй хүмүүс дараах гурван үндсэн алхмыг баримтлахад хангалттай. Хамгийн эхэнд зорилго буюу асуудлаа оновчтой тодорхойлох хэрэгтэй. Оюутнууд бие даалт, дипломын ажил хийхдээ ч хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлдог шүү дээ. Үүнтэй адилаар “Надад яг ямар асуудал тулгараад байна вэ, би ямар асуудлыг шийдэх гэж байгаа вэ?” гэдгээ тодорхой болгох ёстой. Хэрэв эхлэл цэгээ буруу тодорхойлчихвол судалгаа маань өөр тийш хазайж, хүлээгдэж буй үр дүндээ хүрэх боломжгүй болдог.
Дараагийн алхам бол мэдээлэл цуглуулж, харьцуулах. Шууд нэг сонголт руу яаралгүй, баталгаатай эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулж харьцуулна гэсэн үг. Судалгаанд аль хэдийн хэвлэгдсэн тайлан, мэдээ, цахим хуудсыг судлахыг хоёрдогч мэдээлэл, харин анкет, ярилцлагын аргаар хүмүүсээс шууд тодруулахыг анхдагч мэдээлэл гэдэг. Анхлан суралцагчид юун түрүүнд хоёрдогч мэдээллийг сайн цуглуулж сурах нь чухал. Ингэхдээ Үндэсний Статистикийн Хороо, төрийн байгууллагуудын албан ёсны тайлан, ном товхимол зэрэг дор хаяж гурван өөр баталгаатай эх сурвалжийг харьцуулж, мэдээллүүд хоорондоо давхцаж, бие биеэ баталгаажуулж буй эсэхийг нягтлах хэрэгтэй.
Харин сүүлийн бөгөөд хамгийн чухал хэсэг нь цуглуулсан мэдээлэл болон бодит нөхцөл байдалд тулгуурлан дүгнэлт хийх юм. Зөвхөн мэдээлэл цуглуулахыг судалгаа гэж ойлгож болохгүй. Цуглуулсан мэдээллүүдээс хамгийн их давтагдаж буй асуудал, зүй тогтлыг илрүүлж, судалгааныхаа цар хүрээнээс хамааран хоёр, гурван өгүүлбэрт эсвэл түүнээс дэлгэрэнгүй байдлаар нэгтгэн дүгнэж, шийдвэрээ гаргана. “Судалгаа хийж байна” гээд хэт их мэдээлэл овоолчхоод ямар ч шийдвэр гаргалгүй гацаж болохгүй. Мөн дүгнэлт гаргахдаа өөрийн анхны таамгийг хүчээр батлах гэж оролдохгүй байх нь чухал. Жишээлбэл, “Улаанбаатарт түгжрэл их байна” гэсэн бодлоо нотлохын тулд зөвхөн түүнийг дэмжсэн мэдээлэл хайхын оронд цуглуулсан бодит дата маань өөрөө юу хэлж байна вэ гэдгийг бодитоор гаргаж ирэх учиртай.
"Бодит баримт, эх сурвалжаа өөрөө нягталдаг судалгаанд суурилсан сэтгэлгээг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй”
Мэдээллийн үнэн зөвийг нягтлах хэрэгцээ ийнхүү нэмэгдэж буй энэ үед хүн бүр мэдээлэлд ямар зарчмаар хандаж, дүгнэлтээ юунд тулгуурлан гаргах нь чухал болж байна. Судалгаанд суурилсан сэтгэлгээ нь мэдээллийг хүлээн авахдаа эргэлзэж, үгүйсгэхээс илүүтэйгээр үндэслэлийг нь шалгаж, олон эх сурвалжийн мэдээллийг харьцуулан бодитой дүгнэлт хийхэд чиглэдэг. Энэ талаар Эс Ай Си Эй (SICA) ХХК-ийн Үйл ажиллагааны газрын захирал Б.Батсүрэн залуусын өдөр тутмын амьдралд судалгааны арга барилыг хэвшүүлэх, мэдээлэлд шүүмжлэлтэй хандах зарчмын талаар ийнхүү хуваалцлаа.

“Өнөөдөр бид "дата бохирдол", мэдээллийн хэт ачаалал дунд амьдарч байна. Сошиал орчинд хэн нэгний бичсэн талцуулсан мэдээлэлд авталгүй, цаад ул суурийг нь шүүж харах нь чухал. Гэхдээ судалгаанд суурилсан сэтгэлгээтэй байна гэхээр юм бүхнийг үгүйсгээд явна гэсэн үг огтхон ч биш. Том нэртэй судалгаа ярихаар шууд үнэмших, эсвэл муйхарлан үгүйсгэхийн оронд "Яагаад ийм үр дүн гарав, юугаар баталж байна, хаана хийгдсэн бэ?" гэдэг тэнцвэртэй өнцгөөр харах хэрэгтэй. Үүний тулд хүлээн авч буй мэдээллээ таамаг, хувийн үзэл бодол, бодит баримт гэж ялгаж сурах нь зүйтэй. Ямар ч туршлага, судалгаагүйгээр анхны харцаар дүгнэж "ингэх байх аа" гэж хэлэхийг таамаг гэнэ. Харин өөрийн хязгаарлагдмал ажиглалтад тулгуурлан "Манай Gen Z үеийнхэн их чөлөөтэй болжээ" гэж ярих нь тухайн хүний хувийн үзэл бодол. Гэтэл "Монголын залуучууд бүгд гадагшаа яваад байна" гэх мэт яриаг бодит баримт гэж үзэхийн тулд судалгаа, тоо баримтаар батлагдсан эсэхийг нягтлах ёстой.
Ингэж нягтлахдаа тухайн мэдээллийг хэзээ, хаана нийтэлснийг харахаас гадна түүврийн хэмжээг заавал анхаарч хэвшээрэй. Жишээ нь, 3-5 жилийн өмнөх мэдээлэл хуучирсан байдаг тул найдвартай байдал нь буурдаг. Мөн "Иргэдийн 80 гаруй хувь нь ингэж үзэж байна" гэсэн дүгнэлт гарвал нийт хүн амын хэдэн хувийг хамруулсныг шалгах хэрэгтэй. Улаанбаатарын ердөө 100 иргэнээс санал асуулга авчхаад нийт хотын иргэдийг төлөөлүүлж болохгүй шүү дээ.
Энэ зарчим хиймэл оюун дээр ч үйлчилнэ. Хиймэл оюун ажлыг хөнгөвчилж байгаа ч шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээгээ алдаж болохгүй. Жишээ нь, түүхийн сэдэвтэй асуудлуудыг тухайн улс орныхоо өгөгдөлд суурилж, өөр өөр өнцгөөс тайлбарлах талтай. Тиймээс хиймэл оюунаас авсан мэдээллийнхээ эх сурвалжийг давхар асууж, тухайн эх сурвалж руу нь орж нягталж хэвшээрэй.
Иймд залуучууд та бүхэн аливаа асуудалд бодит датанд тулгуурлан шийдэл олох ур чадвараа хөгжүүлэхийг уриалж байна. Энэ хүрээнд бид бакалавр болон магистрын оюутнуудын дунд "Data Quest" судалгааны уралдааныг зарласан байгаа. Хэрэв танд нийгэм, залуучуудад тулгамдсан "Үүнийг яагаад шийдэж болдоггүй юм бол?" гэж бодож, эмзэглэж явдаг асуудал байгаа бол багаа бүрдүүлээд оролцоорой. Уралдаанд оролцсоноор мэргэжлийн судлаачдаас зөвлөгөө авч, бүтээлээ бодлогын түвшинд хэлэлцүүлэх, манай платформд үнэ төлбөртэй байршуулах боломж нээлттэй.”
Судалж мэдэхээс эхлэх өөрчлөлт

Ийнхүү судалгааны арга барилыг өдөр тутмын амьдралдаа ашиглаж хэвших нь мэдээллийг зөв үнэлэх, аливаа асуудлын учир шалтгааныг ойлгох, шийдвэрээ бодит үндэслэлтэй гаргахад тусална. Харин энэ чадварыг бодитоор хөгжүүлэхийн тулд өөрийн сонирхож буй асуудлыг судалгааны асуулт болгон тодорхойлж, мэдээлэл цуглуулан, үр дүнг нь шинжилж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, судалгаанд суурилсан сэтгэлгээ нь суралцах явцад төлөвшиж, бодит асуудал дээр ажиллах тусам улам сайжирдаг.
Энэ боломжийг бүрдүүлэх зорилгоор Эс Ай Си Эй (SICA) ХХК, ЦойлогсоZ, TenGer TV, Системийн инженерчлэлийн институт нар хамтран бакалавр болон магистрын түвшний оюутнуудын дунд DATA QUEST судалгааны уралдаан зарлаад байна. Оролцогчид дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулж, залуусын амьдралын хэв маяг, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, хиймэл оюун, сошиал медиа зэрэг сэдвээр судалгаа хийх боломжтой аж. Шалгарсан таван баг судалгааны грант, мэргэжлийн зөвлөгөө, менторын дэмжлэг авах бөгөөд нийт 92 сая төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэг олгохоор төлөвлөжээ. Бүртгэл 2026 оны арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Уралдааны мэдээлэл авах болон бүртгүүлэх бол ЭНД дараарай.
Бидний эргэн тойронд шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Тэдгээрийн шалтгааныг таамгаар тайлбарлахын оронд асуулт тавьж, баримт цуглуулж, бодит нөхцөл байдлыг судалж эхлэх нь өөрчлөлтийн эхлэл юм. Судалгаа хийхэд заавал мэргэжлийн судлаач байх шаардлагагүй. Сонирхсон асуудлаа таньж, түүнийгээ ойлгохын төлөө асуулт тавьж, хариултыг нь баримтаар хайдаг хүн бүр судлаачийн сэтгэлгээг хөгжүүлж чадна. Тиймээс эргэн тойрныхоо асуудлыг анзаараад өнгөрөхийн оронд судалж, ойлгож, шийдэл эрэлхийлдэг байцгаая!