Cambridge Dictionary 2026 оны онцлох үгээр “human” (хүн) гэдэг үгийг сонгосноо арваннэгдүгээр сарын 18-нд зарлалаа. Хиймэл оюуны хөгжил эрчимжиж, хүний бүтээлч байдал, оюуны хөдөлмөр, машинд үүсгэсэн агуулгын ялгаа дэлхий даяар хэлэлцүүлэг болж буй нь энэ сонголтод нөлөөлжээ. Тус толь бичиг “human” гэдэг үгийг хүний шинж чанар, алдаа дутагдал, мэдрэмжийг илэрхийлдэг гэж тодорхойлсон байна. Мөн хиймэл оюунаар бүтээсэн агуулгаас хүний гараар бүтсэн зүйлийг ялгах зорилгоор “human-made”, “human-written” зэрэг нийлмэл хэллэгийн хэрэглээ нэмэгдэж байгааг онцолжээ.
Үүнтэй зэрэгцэн Cambridge Dictionary энэ онд цахим соёл, залуусын өдөр тутмын хэрэглээнээс үүссэн “aura farming”, “looksmaxxing”, “air jail” зэрэг хэллэгийг толь бичигтээ нэмжээ. Тухайлбал, “aura farming” гэдэг нь бусдад өөртөө итгэлтэй, сонирхолтой, биширмээр харагдах зорилгоор тодорхой үйлдэл хийхийг илэрхийлдэг. “Aura” нь хүний харизм, бусдад төрүүлэх сэтгэгдлийг, “farming” нь тоглоомын орчинд оноо, нөөц цуглуулахыг хэлдэг аж. Энэ хэллэг цахим орчинд тархсанаас гадна Латин Америкийн орнуудад залуусын бүжиг, хөдөлгөөн, мийм дуурайлган үзүүлж өрсөлддөг “aura battle” буюу харизмын тэмцээний хэлбэрт шилжсэн байна.
Харин “looksmaxxing” нь гадаад төрхөө аль болох дур булаам болгохыг зорих хандлагыг илэрхийлдэг аж. Энэ нь ихэвчлэн залуу эрэгтэйчүүдийн дунд сошиал медиагаар түгж, арьс арчилгаа, дасгал хөдөлгөөн, үс засалт зэрэг энгийн дадлаас эхлээд эрүүл мэндэд эрсдэлтэй аргуудыг дагах хүртэл янз бүрийн хэлбэрээр илэрч байна. Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн мэргэжилтнүүд ийм төрлийн контент нь залуу эрэгтэйчүүдийн гадаад төрхийн талаарх дарамт, биеийн дүр төрхдөө сэтгэл хангалуун бус байх байдлыг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулжээ.
Мөн толь бичиг ирээдүйд бүртгэж болох хэллэгүүдийн жагсаалтад “FOBO” гэдгийг оруулсан байна. Энэ нь “Fear of Becoming Obsolete” гэсэн үгийн товчлол бөгөөд хиймэл оюун хүний хийдэг ажлыг гүйцэтгэдэг болсноор өөрийн ажил, ур чадвар хэрэгцээгүй болох вий гэсэн айдсыг илэрхийлж буй юм байна. “FOBO” нь одоогоор Cambridge Dictionary-д албан ёсоор нэмэгдсэн үг биш, харин цаашид ажиглаж буй хэллэг юм. Тус толь бичигт энэ ойлголтыг хиймэл оюунаас үүдэх ажлын байрны ирээдүйн талаарх хүмүүсийн түгшүүртэй холбон тайлбарлажээ.
Эдгээр үг хэллэг нь цахим орчин залуусын харилцаа, өөрийгөө илэрхийлэх байдал, гадаад төрхийн талаарх ойлголт, ажил мэргэжлийн ирээдүйд хэрхэн нөлөөлж байгааг харуулж байна. Cambridge Dictionary-ийн онцлох үгийн сонголт ч хиймэл оюуны эрин үед хүн байхын утга учир, хүний бүтээлч байдал, мэдрэмж, үнэ цэний талаарх асуулт нийгмийн анхаарлын төвд байгааг илтгэжээ.