Бид яагаад дууг цомгоор нь сонсохоо больчихсон юм бол? Магадгүй стриминг платформын алгоритмууд бидний өмнөөс сонголт хийж, плэйлист үүсгэн хэдэн тэрбум дууг ердөө "арын чимээ" болгон хувиргасантай ч холбоотой байж болох юм. Гэвч аливаа дуу хөгжмийг ганц нэгээр нь сонсох нь бүхэл бүтэн номын зөвхөн нэг хуудсыг уншихтай адил юм. Учир нь хөгжмийг цомгоор нь сонсох үед бид уран бүтээлчийн туулсан мэдрэмж, хэлэхийг хүссэн түүхийг бүрэн утгаар нь мэдэрдэг. Тэгвэл хөгжмийг цомгоор нь сонсохын гайхамшиг чухам юунд оршино вэ?
“Бүхэл зүйл нь өөрийг нь бүрдүүлж буй хэсгүүдийн нийлбэрээс илүү үнэ цэнтэй"
Сэтгэл судлалын гештальт онолд "бүхэл зүйл нь өөрийг нь бүрдүүлж буй хэсгүүдийн нийлбэрээс илүү үнэ цэнтэй" хэмээн үздэг. Уран бүтээлчид цомгийн дууны дарааллыг тогтоохдоо хөгжмийн түлхүүр, хэмнэл, сэтгэл хөдлөлийн динамикийг маш нарийн тооцоолдог билээ. Тийм ч учраас олон судалгаагаар цомгийг дарааллынх нь дагуу сонсох үед хүний тархинд контекстийн нөлөө үйлчилдэг болохыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, цомгийн гурав дахь дуунаас авч буй мэдрэмж нь өмнөх хоёр дууны үлдээсэн сэтгэл зүй, мэдрэмжид тулгуурладаг гэсэн үг юм. Зарим судлаачдын үзэж буйгаар хэрэв бид зөвхөн нэг дууг таслан сонсвол тэрхүү гүнзгий мэдрэмжийг мэдэрч чадахгүй тул бүтээлийн жинхэнэ утга санааны 30-40 хувийг гээдэг байна.
Түүнчлэн анхаарлын эдийн засгийн эринд бидний анхаарал маш богино болсон бөгөөд цомгийг 40-60 минутын турш анхаарал сарнихгүй сонсох нь тархийг "alpha" ба "theta" долгионы түвшинд аваачдаг байна. Энэ нь бясалгалын үед үүсдэгтэй ижил төлөв бөгөөд сэтгэл судлаач Михали Циксентмихалигийн тодорхойлсон "flow state" буюу урсгалын төлөвт орох боломжийг олгодог ажээ. Энэхүү гүн төвлөрөл нь зөвхөн амралт болоод зогсохгүй хүний танин мэдэхүйн чадварыг сэргээж, стрессийг бууруулдаг байна.
Сэтгэл хөдлөлийн аялал: "The Dark Side of the Moon" цомог
Энэхүү шинжлэх ухааны үндэслэлтэй бүхэллэг чанар болон катарсис буюу сэтгэл зүйн ариуслыг бодит амьдрал дээр хамгийн тод мэдрүүлдэг бүтээл бол Pink Floyd хамтлагийн 1973 оны суут бүтээл "The Dark Side of the Moon" цомог юм. Энэхүү цомгийг анхны нотоос эцсийн чимээгүй агшин хүртэл сонсох нь хүний амьдралын эхлэлээс төгсгөл хүртэлх замыг хөгжмөөр туулах нэгэн цогц зураглал ажээ.
Амьдралын анхны амьсгал ба оршихуйн сэдэл

Цомог ямар нэгэн аялгуугүйгээр, зөвхөн зүрхний цохилтын чимээгээр эхэлдэг. Хөгжим судлаачид үүнийг "оршихуйн суурь хэмнэл" хэмээн тодорхойлдог бөгөөд энэ чимээний цаана галзуурал, мөнгөний чимээ, хашхираан тун сул сонсогддог нь нэн сонирхолтой. Энэ нь хүн төрөхдөө л ирээдүйн бүх зовлон жаргал, нийгмийн ороо бусгааг өөртөө тээж ирдгийг сануулж буй мэт.
Улмаар "Breathe" дуу эхлэхэд гитарын зөөлөн аялгуу нь ураг эхийн хэвлийгээс гарч, агаар мандалд хөвөх мэт эрх чөлөөг мэдрүүлдэг. "Breathe, breathe in the air / Don't be afraid to care" хэмээх эдгээр мөрүүд нь энэ ертөнцийн эмзэг бүхнийг хайрлаж, мэдэрч амьдрах уриалга мэт. Гэвч дууны төгсгөлд хэмнэл хүндэрч, нийгмийн урсгалд дарагдаж эхлэх гашуун үнэнийг сануулснаар дараагийн хэсэг рүү шилждэг.
Цаг хугацааны хавх ба амьдралын хурд
Амьсгал авсны дараа амьдралын ширүүн хурд эхлэх шиг. "On the Run" хэмээх дуу нь хүний зүрхний хэвийн бус цохилтыг дүрсэлдэг байна. Тухайлбал, нисэх онгоцны нүргээн, хүмүүсийн гүйх чимээ нь биднийг хэдийнээ цаг хугацааны “боол" болсныг илтгэх мэт.

Энэхүү давчуу хэмнэл гэнэт тасарч, хэдэн зуун сэрүүлэгтэй цаг зэрэг дуугарах тэр мөчид "Time" дуу эхэлдэг. Хөгжмийн зохиомжийн хувьд бөмбөрийн цохилт нь маш хүнд, удаан болж ирдэг нь цаг хугацааны дарамтыг сонсогчийн цээжин дээр "буулгаж" буй мэт сэтгэгдэл төрүүлдэг билээ.
Рожер Уотерс энэхүү дуундаа төөрөгдөл буюу бид амьдралыг бэлтгэл мэт санаж, жинхэнэ утга учир нь дараа ирнэ хэмээн хүлээсээр хамаг цагаа алддаг гэх бидний амьдралын хамгийн том алдааг хөндсөн байдаг нь нэн сонирхолтой. Мөн илэрхийлэл буюу Дэвид Гилморын гитарын гоцлол нь энэ хэсэгт яг л хашхираан шиг сонсогдож, алдсан цаг хугацааны төлөөх харууслыг илэрхийлдэг байна. Дууны төгсгөлд "Breathe" аялгуу дахин эргэж ирдэг нь хүн төрөлхтөн ядарч туйлдсан үедээ л анхны тэр амар амгаланг хайж эхэлдэг гэх мөнхийн мөчлөгийг харуулж байгаа мэт…
Оршихуйн туйлдалт: “The Great Gig in the Sky”
Цаг хугацааны харууслыг даван туулмагц үхлийн тухай асуулт урган гарч ирдэг нь хүн бүрийн даван туулах ёстой амьдралын жам гэлтэй. Төгөлдөр хуурын гунигтай эгшгээр эхлэх энэ хэсэгт Клэр Торригийн ямар ч үггүй, зөвхөн дуу хоолойны хүчээр илэрхийлэх уянгалаг хашхираан эгшиглэдэг бөгөөд хөгжим судлаачид үүнийг "хүн төрөлхтний дуу хоолойны дээд илэрхийлэл" хэмээн үнэлдэг байна. Үхлийн өмнөх айдас болон түүний дараах тайвшралыг үгээр илэрхийлэх боломжгүй тул энд ямар ч текст хэрэггүй бөгөөд өндөр ноотны хашхираан аажмаар намссаар амар амгаланд шилжих нь цомгийн эхний хэсгийг жам ёсоор өндөрлүүлдэг ажээ.

Нийгмийн хавх: “Money” болон “Us and Them”
Цомгийн хоёрдугаар хэсэг кассын машины чимээгээр эхлэх нь "Money" дуу юм. Хөгжмийн хэмнэл нь өөрөө нэг л тухгүй, тогтворгүй байгаа нь мөнгөнд суурилсан нийгэм хүнд хэзээ ч жинхэнэ амар амгаланг өгдөггүйг илтгэдэг байна.
Үүний араас шууд залгах "Us and Them" бол цомгийн хамгийн баян найруулгатай, саксафон хөгжмийн зөөлөн эгшигт бүтээл юм.
"Us and Them / And after all we're only ordinary men"
Бид ердөө л жирийн хүмүүс атлаа яагаад "бид ба тэд" гэж хуваагдаж, дайн хийж, нэгнээ үгүйсгэдэг вэ? Дууны хэмнэл маш удаан, уудам орон зайд цуурайтаж буй мэт сонсогддог нь хүн төрөлхтний ганцаардлыг улам бүр тодотгохыг та урьд нь анзаарч байсан уу?
Туйлшрал ба сарны харанхуй тал: “Brain Damage ба Eclipse”

Цомог төгсгөл рүүгээ дөхөхөд сэтгэл зүйн гүн рүү өнгийж эхэлдэг билээ. "Brain Damage" дуунд нийгмийн хүлээлтэд дарагдсан хувь хүний дотоод галзуурлыг өгүүлдэг. Тухайлбал, "сарны харанхуй тал" гэдэг нь бидний хэнд ч харуулдаггүй тэрхүү нууц айдас, сэтгэлийн гүн дэх ганцаардал билээ. Цомог "Eclipse" дуугаар оргилдоо хүрнэ. Энэ бол бүх зүйлийн нэгдэл юм. Сонсогч таны хийсэн, харсан, мэдэрсэн бүхэн нарны доор орших боловч "сар" буюу хүний дотоод сүүдэр нарыг хааж буйг өгүүлснээр хөгжим аажмаар замхарна.
Цомог эхэлсэн шигээ зүрхний цохилтын чимээгээр дуусах бөгөөд хамгийн сүүлд маш сул дуугаар "Сарны харанхуй тал гэж үнэндээ байхгүй. Үнэндээ сар бүхэлдээ харанхуй шүү дээ" гэх үгс сонстоно…
Хэрэв та энэ цомгоос зөвхөн "Money"-г салгаж сонсвол ердөө л нэг рок дуу сонсоно. Харин "Breathe"-ээс эхлээд "Eclipse" хүртэл тасралтгүй сонсвол өөрийнхөө амьдралыг, айдсыг, доторх "сар"-аа бүхэлд нь тольдож буй хэрэг юм. Энэ бол цомог хэмээх урлагийн бүтээлийн амин сүнс буюу бүхэллэг чанар билээ.
Өөрийгөө илэрхийлж бас эдгээх аялал
Цомгийн хавтасны дизайн, дууны дараалал зэргээс авхуулаад тухайн цомгийг бүрдүүлж буй бүхий л зүйл тухайн уран бүтээлчийн бүтээсэн ертөнц юм. Энэхүү ертөнцөд бүрэн нэвтрэхийн тулд бид цаг хугацаа зарцуулах шаардлагатай. Шинжлэх ухааны үүднээс үзвэл, бид ямар нэгэн зүйлд анхаарал зориулах тусам тэр зүйлээс авах допамины хэмжээ илүү чанартай байдаг аж.
Тиймээс хөгжмийг цомгоор нь сонсох нь хурдны галт тэрэгнээс бууж, байгалийн сайхныг алхан туулахтай адил юм. Энэ бол дижитал эрин үеийн чимээ шуугиан дунд өөрийнхөө дотоод ертөнцийг хамгаалж, урлагийн бүтээлийг бүтээгчийнх нь зорилгоор хүлээж авах хамгийн дээд хэлбэр билээ. Магадгүй өнөөдөр таны хийж чадах хамгийн том тансаглал бол бүхий л зүйлээс түр алсран дуртай цомгоо сонсож, эхний нотоос эцсийн чимээгүй агшин хүртэл мэдрэх байж болох юм шүү…


Сэтгэгдэл