Өвлийн улиралд цонхоор цас будрахыг харан суухад намуухан аялгуу сонсмоор болох нь бий. Гадаа хүйтэн, өдөр богиносох үед хүмүүс илүү дуу цөөтэй, дотогшоо чиглэсэн төлөвт ордог бөгөөд энэ үед хөгжим орчны нам гүмийг нөхөх эсвэл тухайн мөчийн мэдрэмжийг гүнзгийрүүлэх үүрэгтэй болдог болов уу ч гэмээр. Учир нь аялгуу, хэмнэл, дуугаралтын онцлогоос шалтгаалан зарим хөгжим эрч хүч өгдөг бол нөгөө хэсэг нь тайвшруулж, зарим нь дурсамж, гуниг, догдлол төрүүлдэг байна.
Хүний хөгжмийн сонголт улирлын өөрчлөлттэй хэрхэн холбогддогийг судалсан эрдэм шинжилгээний ажлууд ч бий. Тухайлбал, 2018 онд 402 хүнийг хамруулсан судалгаагаар оролцогчид хүйтний улиралд гуниг, дотоод эргэцүүлэл төрүүлэх өнгө аястай хөгжим сонгох хандлага ажиглагджээ. Харин 2019 онд Nature Human Behaviour сэтгүүлд хэвлэгдсэн, 51 орны нэг сая хэрэглэгчийн 765 сая удаагийн сонсолтын мэдээлэлд хийсэн судалгаагаар хөгжмийн сонголт улирал солигдох болон өдрийн гэрлийн үргэлжлэх хугацаатай холбоотой байж болохыг тогтоосон байна.
Хөгжмийн урсгал бүр өөрийн гэсэн дуугаралт, хэмнэл, сонсогчийн сэтгэл зүйд нөлөөлөх онцлогтой. Иймд “Урлагийн түүх” булангийн энэ удаагийн дугаарт өвлийн улирлын нам гүм, удаашралтай уур амьсгалд ямар хөгжим илүү зохицохыг танин мэдэх зорилгоор дрийм поп, инди фолк, күүл жааз, амбиент гэсэн дөрвөн урсгалыг авч үзэж байна. Эдгээр урсгалын үүсэл хөгжил, хөгжмийн онцлог болон гол төлөөлөгчдийн бүтээлийг доор танилцуулъя.
Дрийм поп
1980-аад оны эхээр Их Британийн альтернатив рок хөгжмийн орчноос салбарлан төлөвшсөн дрийм поп нь хурц хэмнэл, тод аялгуунаас илүү дуугаралтын өнгө, орон зай, уур амьсгалыг чухалчилдаг урсгал юм. Цуурайтай цахилгаан гитар, электрон хөгжмийн зэмсэг буюу синтезатор, давхарласан хөгжмийн өнгө, намуухан хоолойг хослуулснаар зөөлөн, хөвөрсөн мэт аялгуу бүтээдэг. Энэ төрлийн бүтээлд дууны үгнээс илүү хөгжмийн уур амьсгал, дуу хоолойн хувирал, зэмсгүүдийн зохицол тэргүүн эгнээнд гардаг нь түгээмэл.

Хөгжмийн мэдээллийн AllMusic лавлах дрийм попыг альтернатив рокийн уур амьсгал, дуугаралтад төвлөрсөн дэд урсгал хэмээн тодорхойлж, Шотландын “Cocteau Twins” хамтлагийг жанрын суурь төлөөлөгчдийн нэгээр нэрлэсэн байдаг. Тус хамтлагийн албан ёсны танилцуулгад ч тэдний бүтээл дрийм поп болон Shoegaze урсгалын хөгжилд чухал нөлөө үзүүлснийг онцолсон байна. 1979 онд байгуулагдсан Cocteau Twins-ийн гоцлол дуучин Элизабет Фрейзерийн (Elizabeth Fraser) өвөрмөц дуу хоолой, гитарчин Робин Гатригийн (Robin Guthrie) гитарын дуугаралтад ашигласан цуурайн болон дууны хувиргалтын эффектүүд нь тухайн үеийн альтернатив хөгжимд шинэ өнгө төрх авчирсан юм. Тэдний 1990 онд гаргасан “Heaven or Las Vegas” цомог энэ урсгалын сонгодог жишээнд тооцогддог байна.

Энэ чиглэлийн орчин үеийн төлөөллөөс Америкийн “Beach House” дуэтийг дурдаж болно. 2004 онд байгуулагдсан тус хамтлагийн Виктория Легранд (Victoria Legrand), Алекс Скалли (Alex Scally) нар намуухан хоолой, синтезатор, гитарын давхарласан аялгууг хослуулж, дрийм попын дуугаралтыг орчин үеийн сонсогчдод хүргэсэн уран бүтээлчид юм. Тэдний “Bloom” (2012), “Depression Cherry” (2015) цомгууд энэ урсгалын өнгө аясыг тод харуулдаг.
Сонсож үзэх бүтээлүүд:
- Cocteau Twins: Heaven or Las Vegas
- Cocteau Twins: Cherry-coloured Funk
- Beach House: Space Song
Инди фолк
Уламжлалт ардын хөгжмийн акустик зэмсэг, түүх өгүүлэх хэв маягийг бие даасан уран бүтээлийн арга барилтай уялдуулсан урсгалыг инди фолк гэдэг. Энэ чиглэлийн эхлэл 1990-ээд оны Эллиотт Смит (Elliott Smith), Уилл Олдхэм (Will Oldham) зэрэг уран бүтээлчийн бүтээлтэй холбогддог бол 2000-аад онд илүү өргөн хүрээнд хөгжиж, бие даасан хөгжмийн ертөнцөд тод байр суурь эзэлжээ.
Инди фолк урсгалд акустик гитар, банжо, мандолин зэрэг зэмсэг өргөн ашиглагддаг. Олон хоолойн зохицол, энгийн бүтэц, намдуу хэмнэл, мөн хувь хүний мэдрэмж, байгаль, харилцаа, амьдралын эгэл агшныг хөндсөн дууны үгс нь энэ урсгалын онцлог шинж юм. AllMusic-ийн тодорхойлолтоор инди фолк нь 1990-ээд оны уран бүтээлчдийн эрэл хайгуулаас эхтэй бөгөөд 2000-аад онд “Fleet Foxes”, “Iron&Wine” зэрэг уран бүтээлчийн нөлөөгөөр улам тэлжээ.

Энэ үеийн тод төлөөлөгчдийн нэг бол 2006 онд Сиэтл хотод байгуулагдсан “Fleet Foxes” хамтлаг юм. AllMusic-ийн шүүмжлэгч Тимоти Монгер (Timothy Monger) тус хамтлагийг 2000-аад оны сүүл үеийн инди фолкийн хөгжлийн гол хамтлагуудын нэгээр үнэлсэн байдаг. Тэдний 2008 оны “Fleet Foxes” цомог олон улсын хөгжмийн хэвлэлийн оны шилдэг бүтээлийн жагсаалтад багтаж, Rolling Stone сэтгүүлийн 2000-аад оны шилдэг 100 цомгийн тоонд нэрлэгджээ. Акустик гитар, олон давхар хоолойн зохицол, фолк рокийн нөлөөг хослуулсан уг цомог инди фолкийн дуугаралтыг илтгэх бүтээл болсон байна.
Мөн Америкийн дуучин, ая зохиогч Сэм Бимийн (Sam Beam) “Iron&Wine” төсөл энэ урсгалын эхэн үеийн чухал төлөөлөл мөн. Түүний 2002 онд гаргасан “The Creek Drank the Cradle” цомог гэрийн студид бичсэн энгийн акустик найруулга, зөөлөн хоолой, дотно өгүүлэмжээрээ инди хөгжмийн хүрээнд анхаарал татсан юм. AllMusic-ийн намтарт Сэм Бимийг инди фолкийн эхэн үеийн гол уран бүтээлчдийн нэг хэмээн онцолжээ.
Сонсож үзэх бүтээлүүд:
- Fleet Foxes: White Winter Hymnal
- Fleet Foxes: Blue Ridge Mountains
- Iron & Wine: Naked as We Came
Күүл жааз
Жааз хөгжмийн нэгэн салбар болох күүл жааз нь 1940-өөд оны сүүлээр АНУ-д үүсэж, 1949-1955 оны хооронд идэвхтэй хөгжсөн урсгал юм. Тухайн үеийн бибоп урсгалын хурдан хэмнэл, огцом импровизацитай харьцуулахад күүл жааз илүү тогтуун хэмнэл, зөөлөн өнгө, нямбай найруулгаараа ялгардаг. Жаазын чөлөөт импровизацийг сонгодог хөгжмийн найруулгын зарчимтай хослуулсан нь энэ урсгалын хөгжлийн онцлог байв.

Смитсониан Институтийн жааз хөгжмийн түүхийн судалгаанд тэмдэглэснээр, бүрээчин Майлс Дэвис (Miles Davis) 1948 онд есөн хөгжимчнөөс бүрдсэн хамтлаг байгуулж, франц бүрээ, туба зэрэг тухайн үеийн жаазын бүрэлдэхүүнд харьцангуй цөөн ашигладаг зэмсэг ашиглан, олон аялгуу зэрэг өрнөх найруулгыг туршжээ. Энэ чиглэл удалгүй күүл жааз нэрээр танигдаж, Лос-Анжелесийн хөгжимчдийн дунд түгэн дэлгэрсэн билээ.
Майлс Дэвисийн 1949-1950 онд бичүүлсэн бүтээлүүдийг 1957 онд “Birth of the Cool” цомог болгон нэгтгэн гаргасан нь күүл жаазын түүхэн дэх чухал бүтээлд тооцогддог байна. Түүний албан ёсны цахим хуудсанд энэ цомгийг Bebop-ийн дараах жааз хөгжмийн шинэ чиглэлийг тодорхойлсон, дараагийн үеийн хөгжимчдөд нөлөөлсөн бүтээл хэмээн тайлбарласан байдаг. Иймээс Майлс Дэвисийг энэ урсгалын гол төлөөлөгчдийн нэг гэж үздэг аж.

Үүнтэй зэрэгцэн Чет Бейкерийг (Chet Baker) мөн онцлох нь зүйтэй. Тэрбээр күүл жаазтай нягт холбоотой хөгжсөн баруун эргийн жааз чиглэлийн танигдсан уран бүтээлч юм. Оклахомагийн түүх, соёлын нэвтэрхий тольд түүний бүрээний намдуу, уянгалаг өнгө болон дуулах хэв маягийг баруун эргийн жаазын онцлогтой холбон тайлбарлажээ. Ялангуяа Жерри Маллиганы (Gerry Mulligan) хамтлагт тоглосон үе нь түүнийг жааз хөгжим сонирхогч, шүүмжлэгчдийн дунд таниулсан юм.
Сонсож үзэх бүтээлүүд:
- Miles Davis: Boplicity
- Miles Davis: Blue in Green
- Chet Baker: I Fall in Love Too Easily
Амбиент (Ambient)
Амбиент нь аялгуу, хэмнэлээс илүү орон зай, дуугаралтын өнгө, сонсогчид төрүүлэх орчны мэдрэмжийг чухалчилдаг урсгал юм. Удаан үргэлжлэх синтезаторын аялгуу, давхарласан дуугаралт, зарим тохиолдолд байгалийн болон орчны дуу чимээг ашиглан бүтээдэг. Хатуу тогтсон хэмнэл эсвэл дууны уламжлалт бүтэц заавал шаардагддаггүй тул сонсогч хөгжмийг төвлөрөн сонсохын зэрэгцээ орчны нэг хэсэг болгон хүлээн авах боломжтой байдаг.

Британийн хөгжмийн зохиолч, продюсер Брайан Ино (Brian Eno) 1978 онд “Ambient 1: Music for Airports” цомгоо гаргахдаа “Ambient Music” хэмээх нэршлийг томьёолж, энэ төрлийн үзэл баримтлалыг танилцуулсан юм. Тэрбээр амбиент хөгжмийг сонсогчийн анхаарлыг хүчээр татахгүйгээр орчны нэг хэсэг болж, хүссэн үедээ анхааран сонсох эсвэл дэвсгэр аялгуу мэт үлдэх боломжтой байхаар бүтээхийг зорьсон байна. Виржиниагийн их сургуулийн хөгжмийн судлаач Виктор Сабогийн (Victor Szabo) докторын судалгаанд Иногийн 1978 онд дэвшүүлсэн энэ санааг амбиент урсгалын түүхэн эхлэлүүдийн нэг хэмээн авч үзсэн байдаг.

Амбиент хөгжмийн олон улсын хөгжилтэй зэрэгцэн Японд байгаль, орчны дуу чимээнд тулгуурласан өвөрмөц чиглэл төлөвшжээ. Энэ чиглэлийн гол төлөөлөгч бол Японы хөгжмийн зохиолч Хироши Ёшимура (Hiroshi Yoshimura) юм. Түүний бүтээлд электроник хөгжмийн зөөлөн аялгуу, орчны дуугаралт, цөөн элемент, энгийн бүтэцтэй минималист найруулга голлодог. Лос-Анжелесийн филармонийн танилцуулгад Ёшимураг Японы амбиент болон байгаль, орчны хөгжмийн анхдагч, нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр музей, галерей, олон нийтийн орон зайд зориулсан дууны бүтээлүүд туурвиж байсан бөгөөд “Music for Nine Post Cards” (1982), “GREEN” (1986) цомгууд нь түүний гол бүтээлүүдэд тооцогддог.
Сонсож үзэх бүтээлүүд:
- Brian Eno: 1/1
- Brian Eno: An Ending (Ascent)
- Hiroshi Yoshimura: CREEK
Өвлийн улиралд зохицох хөгжмийг ганцхан төрлөөр хязгаарлах аргагүй. Харин дрийм попын давхарласан зөөлөн дуугаралт, инди фолкийн акустик аялгуу, күүл жаазын тогтуун хэмнэл, амбиентийн уужим орон зай нь өвлийн өөр өөр мэдрэмж, агшинд нийцэж болох юм. Эдгээр урсгал нь үүсэл гарал, хөгжмийн найруулга, илэрхийлэх арга барилаараа ялгаатай ч сонсогчид тайван, төвлөрсөн, эргэцүүлэлтэй уур амьсгал мэдрэхэд ойр байдгаараа холбогддог болов уу. Хөгжмийн сонголт хүн бүрд харилцан адилгүй тул дээрх урсгалуудыг өвөл заавал сонсох ёстой жагсаалт гэхээсээ илүү шинэ өнгө аяс, дуугаралттай танилцаж, өөрийн мэдрэмжид тохирох хөгжмийг нээх нэгэн боломж гэж хүлээн аваарай. Та ч бас өөрийн өвлийн сонсдог дуу, плэйлистээсээ сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.