Дэлхийн хөгжмийн салбарт өмнө нь төсөөлж ч байгаагүй шинэ үзэгдэл нэгэнт тогтжээ. Тухайлбал, "Breaking Rust" төслийн бүтээсэн "Walk My Walk" хэмээх дуу Billboard-ын Country Digital Song Sales чартыг тэргүүлж, мөн "Xania Monet", "Solomon Ray" зэрэг виртуал уран бүтээлчид төрөл бүрийн хөгжмийн жагсаалтад шил дараалан амжилт үзүүлж байна. Сонсоход яг л мэргэжлийн студид, чадварлаг дуучны хоолойгоор бичигдсэн мэт санагдах энэ дуунуудын цаана ямар ч амьд хамтлаг, дуучин эсвэл студийн урт хугацааны хөдөлмөр байхгүй. Харин Suno, Udio зэрэг үүсгэгч (генератив) хиймэл оюуны платформ дээр хэрэглэгчдийн бичиж оруулсан ганц хоёр мөр текст болон ухаалаг алгоритмын үр дүнд төрсөн бүтээлүүд юм.

Энэхүү үзэгдэл нь хөгжим, технологи сонирхогчдын туршилт төдийхнөөр хязгаарлагдахаа больж, орчин үеийн хөгжмийн салбарын суурь бүтцийг ганхуулсан томоохон маргааныг дэгдээгээд байна. Дуу сонсох бүрдээ бид "үүнийг яг хэн зохиосон бэ?" гэдэг асуулттай нүүр тулж эхэллээ. Тэгвэл “Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт энэ бүхэн хэрхэн эхэлж, биднийг урлагийн ямар ирээдүй рүү хөтөлж байгааг харцгаая.
Хиймэл оюунаар хөгжим бүтээх туршилтууд анх Google-ийн Magenta төслөөс эхэлж, төгөлдөр хуурын богино аялгуу, энгийн хэмнэл үүсгэх зэрэгт төвлөрч байв. Харин технологи хөгжихийн хэрээр хиймэл оюунаар хөгжим бүтээх боломж ч улам нэмэгдэн, Suno, Udio зэрэг платформууд олон нийтэд нээлттэй болсноор хүн бүр өөрийн хүссэн хэв маягаар дуу бүтээж үзэх боломжтой болжээ. Өмнө нь дуу хийхийн тулд хоолой сайтай байх, хөгжим тоглож чаддаг байх, эсвэл студид цаг авч бичлэг хийх шаардлагатай байв. Харин өнөөдөр хөгжмийн мэргэжлийн мэдлэггүй хүн ч санаагаа хэдхэн үгээр бичээд, богино хугацаанд бүтэн дуу бүтээх боломжтой болсон байна.
Хиймэл оюун юун дээр тулгуурладаг вэ?
Медиа онолч Лев Мановичийн тайлбарласнаар, үүсгэгч хиймэл оюуны цаана хүн төрөлхтний олон зуун жилийн турш бүтээсэн соёлын асар их өв бий. Ном, зураг, хөгжим зэрэг олон төрлийн бүтээлээс бүрдсэн энэ их сан нь хиймэл оюуны сургалтын нэгэн суурь болж байна. Тиймээс бид эдгээр платформд хэдхэн үг бичиж хүсэлтээ илэрхийлэх үед цаана нь хүний бүтээсэн асар их хэмжээний соёлын мэдээлэл ашиглагдаж байдаг аж.
Ингэснээр урлаг бүтээхэд шаардлагатай мэдлэг, ур чадварын босго өмнөхөөсөө нэлээд намсаж байна. Хөгжим тоглож, зураг зурж, мэргэжлийн программ ашиглаж сураагүй хүн ч өөрийн санааг хиймэл оюуны тусламжтайгаар бүтээл болгон туршиж үзэх боломжтой болжээ. Гэвч үүнтэй зэрэгцээд соёлын бүтээлүүдийг хэрхэн ашигласан тухай асуудал гарч ирж байна. Уран бүтээлчдийн бүтээлийг тэдний зөвшөөрөлгүйгээр хиймэл оюуныг сургахад ашиглах нь зөв үү. Олон жилийн хөдөлмөр, туршлагаар бий болсон бүтээлүүдийг шинэ технологийн сургалтад ашиглахдаа зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ? Энэ асуудлаар хууль эрх зүй, технологи, урлагийн салбарынхан өнөө хэр маргалдсаар байна.

Нөгөөтээгүүр, хиймэл оюунаар бүтээсэн дууг анх сонсоход хүний дуулсан дуунаас ялгахад амаргүй. Хоолойн өнгө, амьсгал, аялгуу, хэмнэл гээд олон зүйл нь бодит дуучныхтай адилхан сонсогдоно. Гэхдээ хүний хоолойд төгс бус байдал үргэлж ажиглагддаг байна. Дуулах үед амьсгаа нь бага зэрэг сонсогдох, хоолой нь үл ялиг чичрэх, нэг нот арай өөр өнгөөр гарах үе бий. Тэр жижиг зөрүү, алдаа тухайн дууг амьд, хүнийх гэдгийг мэдрүүлдэг байна. Харин хиймэл оюуны дуу илүү цэвэр, жигд, тооцоолсон өнгө аястай сонсогдох нь олонтоо.
Тэгвэл дууг сайхан сонсогдуулахад техникийн төгс байдал хангалттай юу? Урлагийн философич Артур Данто энэ асуултыг уран бүтээлийн утга, зохиогчийн санаатай холбон авч үзсэн байдаг. Түүний үзлээр аливаа бүтээлийн утга нь зөвхөн бидний харж, сонсож байгаа зүйлд оршдоггүй. Түүнийг бүтээсэн хүний санаа, зорилго, тухайн бүтээл бий болсон нөхцөл ч бас чухал юм. Энд хиймэл оюунаар бүтсэн дууны гол ялгаа гарч ирж байгаа юм. Машин хайрлаж, хагацаж, айж, баярлаж үзээгүй. Харин эдгээр мэдрэмжийг илэрхийлсэн хүний бүтээсэн дуу, хөгжим, үгсээс асар их мэдээлэл авч, түүн дээрээ үндэслэн шинэ дуу үүсгэж байна. Товчхондоо, хиймэл оюун зовлон жаргалыг биеэрээ туулж мэдэрдэггүй учраас хүний бүтээсэн олон зуун жилийн соёлын өвийг л хооронд нь холбож, чадамгай дуурайж байна гэсэн үг юм.
Энэ бүхнээс үзэхэд хиймэл оюунаар бүтсэн дууны тухайд нэг чухал асуулт гарч ирж байгаа юм. Хүний мэдрэмжийг маш сайн дуурайсан дууг бид хэрхэн ойлгох вэ. Урлагийн бүтээлд зохиогчийн өөрийн амьдрал, туулсан туршлага, санаа зорилго ямар байр суурьтай байх вэ? Хиймэл оюун хөгжихийн хэрээр эдгээр асуулт хөгжим төдийгүй урлагийн тухай бидний ойлголтыг дахин бодоход хүргэж байгаа юм.
Бид хиймэл оюуны бүтээлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

Тэгвэл энэ бүхэн хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг бол? Бид дуу сонсохдоо аялгуу сайтай эсэхийг нь анзаараад зогсохгүй, ард нь хэн байгааг мэдэхийг үргэлж хүсдэг. Учир нь бүтээлийн эзэн, түүний амьдралын түүх, гаргасан хөдөлмөрийн тухай бодол бидний сэтгэгдэлд шууд нөлөөлдөг аж.
Судлаач Кристофер Уайт тэргүүтэй багийн хийсэн нэгэн сонирхолтой туршилтаар оролцогчдод яг ижил хөгжим сонсгоод, нэг хэсэгт нь хүний бүтээл гэж хэлж, нөгөө хэсэгт нь хиймэл оюуных гэж танилцуулжээ. Хиймэл оюун гэж итгэсэн хүмүүс уг хөгжмийг хүний бүтээл гэж сонссон хүмүүсээс илүү хайнга, сэтгэл хөдлөл багатай хэмээн голж байв. Гэхдээ хөгжим өөрөө аятайхан сонсогдсон эсэх дээр хоёр тал ямар ч ялгаа гаргаагүй юм. Өөрөөр хэлбэл, аялгуу нь сайхан санагдсан ч цаана нь хүн байхгүй гэж бодох мөчид бидний үнэлэмж бага зэрэг унадаг гэсэн үг.
Гэхдээ хүн бүрийн хандлага харилцан адилгүй шүү дээ. Тухайлбал, судлаач Суци Чиа тэргүүтэй багийн хийсэн өөр нэг туршилтаар, хиймэл оюуны бүтээсэн хөгжмийг хүмүүст хүний зохиосон гэж танилцуулахад тэдний өгөх үнэлгээ ямар ч зөрүүгүй гарчээ. Өөрөөр хэлбэл, хүмүүс хиймэл оюуны бүтээлийг сонсмогц шууд муухай хүлээж авдаг гэсэн үг биш юм. Гол нь бүтээлийн ард хэн байгаа тухай мэдээлэл бидний чихэнд сонсогдох аялгууг хүлээж авах сэтгэл зүйд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг эдгээр судалгаа баталж байна.
Зохиогчийн эрхийн тухай асуудал
Хиймэл оюун хөгжмийн салбарт орж ирсэнтэй холбоотойгоор зохиогчийн эрхийн асуудал ч яригдаж эхэлсэн. 2024 онд Sony Music Entertainment, Universal Music Group, Warner Music Group зэрэг томоохон хөгжмийн компаниуд Suno, Udio платформуудыг зохиогчийн эрхтэй дуу, хөгжмийг зөвшөөрөлгүйгээр хиймэл оюуны сургалтад ашигласан хэмээн шүүхэд өгсөн юм.

Гэхдээ технологи урлагт шинэ боломж авчрах бүрд иймэрхүү асуулт өмнө нь ч гарч байжээ. Үүнийг гэрэл зургийн түүхээс харж болно. Тухайлбал, 1839 онд дагерротип буюу гэрэл зургийн нэгэн шинэ арга олон нийтэд танилцуулагдсан байна. Тэр үе хүртэл хүний төрх, байгаль, орчин тойрныг бодитойгоор дүрслэх гол хэрэгсэл нь уран зураг байлаа. Харин гэрэл зураг бий болсноор хүний дүр төрх, орчныг илүү хурдан бөгөөд нарийн буулгах боломжтой болжээ. Үүнтэй холбоотойгоор гэрэл зураг урлаг мөн үү, уран зураг цаашид ямар үүрэгтэй байх вэ гэсэн асуултууд гарч ирсэн байна.
Гэрэл зураг хөгжсөнөөр уран зураг алга болоогүй. Харин зураачдын сонирхож байсан зүйл аажмаар өөрчлөгдөж эхэлсэн юм. Бодит байдлыг яг адилхан дүрслэхээс гадна гэрэл, өнгө, хөдөлгөөн, тухайн агшны мэдрэмжийг хэрхэн гаргах вэ гэдэгт анхаарах болсон байна. XIX зууны сүүл үеийн импрессионизмын хөгжил энэ өөрчлөлттэй зэрэгцэн өрнөжээ. Дараа нь уран зураг бодит байдлыг хуулбарлахаас илүү уран бүтээлчийн өөрийн үзэл санаа, мэдрэмжийг илэрхийлэх олон хэлбэртэй болсон билээ.
Тэгвэл хөгжмийн ирээдүй хаашаа чиглэх бол?
Өнөөдөр хиймэл оюунтай холбоотой өөрчлөлтийг ч үүнтэй холбон харж болох юм. Хиймэл оюун дууны ая, хоолой, үг, хөгжмийн найруулгыг богино хугацаанд үүсгэж чаддаг болсон үед хүний хийдэг ажил өмнөхөөсөө өөр болж байна. Тэгэхээр “хиймэл оюун уран бүтээлчийн дуу бүтээх ажлыг орлож чадах уу?” гэдгээс гадна “хүн өөрөө энэ үйл явцад ямар үүрэгтэй байх вэ?” гэсэн асуулт гарч ирж байгаа юм.
Хөгжмийн компаниудын хиймэл оюуны платформуудтай хийж буй тохиролцоонуудаас ч энэ өөрчлөлтийг харж болно. 2025 онд Warner Music Group Suno-той тохиролцож, өмнөх шүүхийн маргаанаа шийдвэрлэсэн байна. Мөн Udio-той хамтран лицензтэй хөгжмийн бүтээлүүдээр сургасан хиймэл оюуны загварт суурилсан шинэ хөгжмийн үйлчилгээ хөгжүүлэхээр болсон юм. Уран бүтээлч, дуу зохиогчид өөрсдийн нэр, дүр төрх, хоолой болон бүтээлээ ашиглуулах эсэхээ сонгох боломж, мөн орлого хуваалцах зарчмыг эдгээр тохиролцоонд тусгажээ.
Тиймээс хиймэл оюун хөгжмийн салбарт орж ирсэн асуудлыг “хүн үү, машин уу?” гэсэн хоёрхон сонголтоор харахад учир дутагдалтай. Одоо хиймэл оюуныг ямар мэдээллээр сургах, уран бүтээлчдийн бүтээлийг хэрхэн ашиглах, бүтээлээс бий болсон орлогыг хэрхэн хуваарилах, хиймэл оюун оролцсон бүтээлийн зохиогчийг хэн гэж үзэх вэ гэсэн олон асуулт зэрэг гарч ирж буй талаар судлаачид онцолжээ.
Гэрэл зураг гарч ирэхэд уран зураг өөрийн хийх зүйлээ дахин тодорхойлсон шиг хиймэл оюун хөгжихийн хэрээр хөгжим ч бас өөрчлөгдөж магадгүй. Иймд цаашдаа дууны чанарыг хэр төгс сонсогдож байгаагаар нь үнэлэхээс гадна түүнийг хэн, ямар санаагаар бүтээсэн бэ гэдэг нь илүү их яригдах боломжтой юм. Хиймэл оюун урлагийн салбарт улам их ашиглагдах тусам энэ асуултын хариу ч бас аажмаар тодорхой болох биз ээ.