Бид яагаад өнөөдөр харж, мэдэрсэн зүйлсээ хэсэг хугацаа өнгөрсний дараа огт өөр утгаар хүлээн авдаг юм бол? Магадгүй энэ нь бид амьдралыг, эргэн тойрноо байгаагаар нь бодитоор хардаггүйтэй холбоотой байх. Учир нь бидний дотор буй стресс, айдас эсвэл тухайн цаг үеийн сэтгэл зүйн байдал гадаад ертөнцийг ямар байдлаар хүлээж авахад шууд нөлөөлдөг аж.
Энэ зарчим урлагийг харах өнцөгт ч яг адилхан үйлчилдэг. Урлаг биднээс алсад оршдог уу, эсвэл бидний өдөр тутмын айдас, түгшүүр, дотоод зөрчил аль хэдийн ямар нэгэн бүтээл дотор шингэчихсэн байдаг юм болов уу. Бүтээлийн цаана зураачийн үлдээсэн утга учир чухал уу, эсвэл түүнийг хараад бидний дотор төрсөн хувийн мэдрэмж чухал уу?
Энэ асуултын хариуг олохоор бид Рене Магриттын “The Lovers” бүтээлийг сонгож, аливаа урлагийн бүтээл хүний дотоод ертөнцөөр хэрхэн өөр өөрөөр амилдгийг сурвалжиллаа. Хүн бүр яагаад нэг л зургийг харах атлаа тэс өөр ертөнцийг мэдэрдэг тухай сонирхолтой сурвалжилгыг хүлээн авна уу.
Рене Магритт ба The Lovers (1928)

Энэхүү олон янзын мэдрэмжийн учир холбогдлыг олохын тулд бид дараах бүтээлийг онцолж байна. Бельгийн уран бүтээлч Рене Магритт бидэнд танил атлаа өдөр тутмын энгийн зүйлсийг цоо шинэ өнцгөөс харуулдгаараа алдартай. Тэрбээр бидний нүд дассан бодит орчинд огт баймгүй зүйлсийг хамтад нь дүрсэлж, хардаг зүйлсийнхээ цаана ямар нууц утга нуугдаж байдгийг эргэцүүлэх орон зайг үлдээдгээрээ онцлог аж.

Түүний 1928 онд туурвисан “The Lovers” бүтээл яг энэ арга барилаар бүтжээ. Энэхүү зургаас дээр хоёр хүн толгойгоо даавуугаар ороосон байдалтайгаар бие биедээ ойртсон байгааг бид харж байна. Магритт энэ бүтээлээ гаргахдаа ямар нэгэн хүнд хэцүү утга санаа тулгахаас илүүтэйгээр, энгийн орчин болон материал ашиглан хүний дотоод харилцаа, нууцлаг байдлыг дүрсэлсэн байна. Энэхүү бүтээлийг анх хараад танд ямар мэдрэмж төрсөн бэ? Зургийн дүрслэл, өнгө төрхөөс танд юу мэдрэгдэж байгааг сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.
“Удаан ажиглах тусам цаанаасаа маш их хайр мэдрэгдэж байна”

“Энэ зургийг анх харахад хүмүүст бараан сэтгэгдэл төрүүлж магадгүй юм. Гэхдээ миний хувьд утга зохиол сонирхдог болоод ч тэр үү, огт өөрөөр мэдрэгдсэн. Нүд, амыг нь даавуугаар ороосон хэдий ч бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж буй дотно агшин харагдаж байна. Хүйс ялгахын аргагүй хувцас, битүү орчин нь бүх зүйлээс ангижирч, зөвхөн бие биедээ итгэсэн үнэн хайрыг илтгэх шиг санагдлаа.
Ашигласан өнгө нь ерөнхийдөө бараан, хүйтэн байх хэдий ч энэ нь яг л Ромео Жульетта хоёр шиг саад бэрхшээлийг үл тоон бие биеийнхээ төлөө оршихыг илтгэх шиг. Энэ зургийг анх харахад харанхуй, хүйтэн хөндий мэдрэмж төрөх хэдий ч удаан ажиглах тусам цаанаасаа маш их хайр, бие биеэ гэсэн золиос мэдрэгдэж байна. Хүн бүрийн амьдралын нөхцөл байдал өөр шүү дээ. Хэрэв надтай ижил төстэй мэдрэмжтэй хүмүүс байвал энэ зургийг хараад сэтгэл нь хөдөлж, нулимс ч дуслуулж мэдэх юм.
Миний хувьд хайр гэдэг яг л ийм байх болов уу. Би өөрөө гэр бүлээс өөрөөр романтик хайр мэдэрч үзээгүй, энэ талын мэдлэг хомс ч гэсэн энэ зураг бол яалт ч үгүй хайр мөн гэж харна. Ямар нэгэн сөрөг бараан зүйл биш, зүгээр л жинхэнэ хайр харагдаж байна.”
“Хүлээн зөвшөөрөгдөөгүй мэт санагдах түгшүүртэй, гунигтай мэдрэмж төрж байна”

“Энэ зургийг анх харахад нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа хосуудын хайр дурлал шиг санагдсан. Хэрэв боломжтой байсан бол тэд ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр бие биеэ хайрлах байсан байх. Нүүрээ даавуугаар ороосон байдал нь яг л тулгарч буй тэр саад бэрхшээлийг илтгэж байх шиг санагдсан юм. Зургаас хамгийн их анхаарал татсан зүйл бол тэр даавуу. "Яагаад ийм давуу байрлуулсан юм бол, өөрөөр илэрхийлж болоогүй юм болов уу" гэж бодогдуулсан. Ер нь өнгө аясын хувьд их уйтгартай, гунигтай санагдсан. Хэрэв ямар нэгэн сайхан зүйлийг харуулахыг хүссэн бол илүү гэгээлэг, тод өнгө сонгох байсан байх. Ашигласан улаан өнгө нь хүртэл тод хэр нь нэг тийм бараан мэдрэмж төрүүлж байна.
Миний хувьд юмсыг өөрийнхөөрөө сайн ургуулан бодох дуртай. Энэ зургийг харах тусам анхны төрсөн сэтгэгдэл маань улам баталгаажиж байна. Хэрэв зураачийн санааг сонсвол өөрөөр бодогдож магадгүй л юм. Гэхдээ одоохондоо өөрийнхөө бодол дээр төвлөрч байгаа учраас энэ нь надад илүү үнэн санагдаж байна. Зургийн үргэлжлэлийг төсөөлбөл, энэ бол ямар нэгэн битүү өрөө байх. Гэхдээ нэг хаалгатай, эрэгтэй нь эмэгтэйгээ хүчтэй тэвэрсэн мөртлөө эмэгтэй нь түлхэх гэж завдсан байдалтай ч юм шиг төсөөлөгдөж байна.
Хайр гэдэг өөрөө маш сайхан зүйл шүү дээ. Гэтэл түүнийг хориглож, эсэргүүцэх ямар нэгэн зүйл байгаа мэт санагдах нь сонин санагдсан. Ер нь хайр гэдэг бие биеийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг байх. Хүн бие биеийгээ бүрэн хүндэтгэж, яг тэр чигээр нь хүлээн зөвшөөрч чадвал жинхэнэ утгаараа хайрлаж бас хайрлуулах боломжтой санагддаг.”
“Хүн бүр өөрийн сэтгэцийн аппаратад байгааг л олж хардаг”
Дээрх сэтгэгдлүүдээс харахад Рене Магриттын “The Lovers” бүтээл хүн бүрийн дотоод ертөнц, амьдралын өнцөг болон хувийн туршлагаас шалтгаалан тэс өөрөөр буудаг аж. Тэгвэл дүрслэх урлаг болон энэ төрлийн бүтээлүүд хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж, бидний ухамсаргүй далд мэдрэмжийг яаж ил гаргаж ирдэг тухай урлагийн сэтгэл засалч Б.Нарантулгатай ярилцсанаа хүргэж байна.
- Урлагийн сэтгэл засал гэдэг ойлголт анх хэзээ, ямар зорилгоор үүссэн бэ. Энэ нь энгийн зургийн тайлбараас юугаараа ялгаатай вэ?
- Урлагийн сэтгэл засал буюу "Арт терапи" гэсэн нэр томьёо 1940-өөд оноос бий болсон түүхтэй. Английн зураач Адриан Хилл сүрьеэ өвчин тусаад эмнэлэгт хэвтэж байхдаа бүтээл туурвих явц нь бие болон сэтгэл санаанд нь эергээр нөлөөлж байгааг анзаарснаар энэ аргын суурь тавигдсан байдаг.
Хүмүүс урлагийн бүтээлийг хараад "энэ ямар учиртай юм бэ, зураач энд яг юу илэрхийлэхийг хүссэн юм бол" гэж шууд утгыг нь тайлбарлуулахыг хүсдэг. Гэтэл урлагийн сэтгэл засал бол ямар нэгэн зургийг шууд тайлбарлаж өгөх үйл явц биш юм. Дүрслэх урлаг нь өөрөө зураас, өнгө, хэлбэр дүрс гэсэн өөрийн гэсэн хэлтэй байдаг. Хүний хэл яриагаар илэрхийлж чадахгүй байгаа гүн гүнзгий мэдрэмж, дарагдсан дурсамж, түгшүүр зэрэг нь эдгээр бэлгэдлүүдээр дамжин ухамсарт түвшинд орж ирдэг. Өөрөөр хэлбэл, хүн тухайн бүтээлээс өөрийнхөө сэтгэцийн аппаратад байгаа мэдээллийг л олж хардаг гэсэн үг юм.
- Рене Магриттын энэхүү бүтээлийг харахад үнсэлцэж буй хоёр хүний нүүр царай тодорхойгүй, битүү даавуугаар ороосон байна шүү дээ. Эндээс хүн ямар төрлийн мэдрэмжүүд мэдрэх боломжтой вэ?
- Рене Магритт бол сюрреализмын гол төлөөлөгчдийн нэг. Сальвадор Дали зүүдний ертөнцийг голчлон зурдаг байсан бол Магритт бодит байдаг зүйлсийг энгийн бус, ер бусын байдлаар дүрсэлдгээрээ ялгардаг.
Энэ зургийг харахад хүний тархи хамгийн түрүүнд нүүр царайг таньж чадахгүй, тодорхой бус байдалтай тулгарах болов уу. Хүний тархинд тодорхой бус, ойлгомжгүй мэдээлэл ирэхэд шууд түгшүүр хэлбэрээр хүлээж авах хандлагатай байдаг. Зургийн ерөнхий өнгө аяс саарал, давчуу орон зайг илтгэм байрлалтай байгаа нь үүнийг бас тодотгоно. Илүү ойлгомжтой байх болов уу гэдэг үүднээс зургийг бэлгэдлийн түвшинд, нарийн тайлбарлавал:
- Костюм, пиджак: Карл Юнгийн психоанализад үүнийг нийгэмд үзүүлж буй дүр төрх буюу "персона" гэж үзэх нь бий. Эрэгтэй хүний өмссөн хувцас нь илүү албан ёсны, давамгайлсан байр суурийг илтгэж байж болох юм.
- Улаан өнгө: Эмэгтэйн өмссөн хувцасны улаан өнгө нь хүсэл тачаал, эрч хүч, дотоод сэтгэл хөдлөлийг илэрхийлж байдаг гэж ойлгож болно.
- Даавуу: Цэвэр цагаан даавуу нь нэг талаар хиргүй тунгалаг байдлыг илтгэж болох боловч, нөгөө талаар хүнийг оршуулах ёсыг санагдуулж, уг бүтээл дэх дүрүүд амьд эсэхэд эргэлзээ төрүүлж ч магадгүй юм. Энэ нь хүн өөрийн жинхэнэ дотоод ертөнцөө гадагшаа шууд нээхгүйгээр ямар нэгэн хаалт, маскны цаана оршиж байгааг сануулж байж болох талтай.
Мөн урлагийн сэтгэл заслын сорилуудад хүн дутуу дүрслэлийг өөрийнхөөрөө гүйцээж төсөөлөх хандлага байдаг. Тухайлбал, эрэгтэйн гар байрлаж буй хэлбэр эсвэл даавууны цаана ямар илэрхийлэл байгааг харах өнцөг хүн бүрд өөр өөр байдаг нь тухайн хүний өөрийнх нь сэтгэл зүйн тусгал юм.
- Тэгвэл хүмүүс энэ зургийг өөр өөрийнхөөрөө хүлээж авч байгаа нь тэдний амьдралын нөхцөл байдал, дотоод мэдрэмжтэй нь холбоотой гэсэн үг үү?
- Тийм ээ. Урлагт хүн чөлөөт нийлэмж хийх замаар өөрийнхөө сэтгэцийн аппаратад байгаа зүйлийг л харж үнэлдэг. Тухайлбал, олон жил хамтдаа амьдарч хол хөндий болсон хосууд энэ зургийг хараад харилцан нээлттэй байж чадахгүй байгаа өөрсдийн нөхцөл байдлаа олж харж магадгүй. Харин шинэхэн хосууд үүнийг гал халуун дурлалын илрэл гэж хүлээн авах ч боломжтой гэсэн үг юм.
- Ер нь урлаг хүний амьдралд, сэтгэл зүйн эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ?
- Биднийг хүн хэвээр нь авч үлдэхэд урлаг маш том үүрэгтэй. Өнөөдөр бид өдөр тутмын нэгэн хэвийн амьдралын хэмнэлээр явсаар сэтгэл хөдлөлгүй, хатуу нэгэн болохоос сэргийлэх ёстой. Уйлдаг, өрөвддөг, уян зөөлөн чанараа хадгалахад урлаг тусалдаг. Урлаг бидэнд өөр хүний амьдралаар амьдрах, төсөөллийн ертөнцөөр аялах, үгээр илэрхийлж чадахгүй шаналал гунигаа гаргах боломжийг олгодог.
Нөгөөтээгүүр, өдөр тутмын завгүй амьдралын хэмнэл, стресс дунд яваа хүнд урлаг өөрийгөө сонсох, дотоод ертөнцтэйгөө эргэн холбогдох боломжийг олгодог. Хөгжим сонсох, зураг харах, ямар нэгэн бүтээл туурвих явцад хүний тархи амарч, үгээр илэрхийлж чадахгүй байгаа хуримтлагдсан стресс, бухимдал тайлагддаг. Тийм учраас урлагтай ойр байх нь сэтгэл зүйн хувьд эрүүл, тэнцвэртэй байхад нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл юм.
Энэ бүхнээс үзэхэд, аливаа урлагийн бүтээлийг хүлээж авахад хүн бүрийн дотоод ертөнц, амьдралын туршлагаас шалтгаалан өөр өөр мэдрэмж, өнцөг төрдөг нь юутай ч зүйрлэшгүй гайхалтай үзэгдэл юм. Тиймээс ямар нэгэн хайрцаглагдсан ойлголт, зөв эсвэл буруу гэсэн туйлшралд өөрийгөө бүү хязгаарлаарай. Урлаг бол биднийг өдөр тутмын хэмнэлээс түр ч болов ангижруулж, жинхэнэ дотоод биетэйгээ уулзуулах, өөрийгөө илүү гүнзгий таньж мэдэхэд чиглүүлж тусалдаг амин чухал орон зай юм шүү.