УБ -3°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Урлагийн түүх 0%
А.Амармэнд: Тухайн кино ямар ч агуулгатай байж болно, тэндээс үзэгч эргэцүүлэл бий болгоосой гэж хүсдэг
Урлагийн түүх
Нүүр хуудас / Урлагийн түүх / А.Амармэнд: Тухайн кино ямар ч агуулгатай байж болно, тэндээс үзэгч эргэцүүлэл бий болгоосой гэж хүсдэг

А.Амармэнд: Тухайн кино ямар ч агуулгатай байж болно, тэндээс үзэгч эргэцүүлэл бий болгоосой гэж хүсдэг

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.10.23 · 5 унших

“Улаанбаатар” олон улсын кино наадам 18 дахь удаагаа аравдугаар сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, амжилттай болж өндөрлөлөө. Үүнтэй холбогдуулан “Урлагийн түүх” булангийн энэ удаагийн дугаарт тус наадмын уран сайхны зөвлөлийн гишүүн А.Амармэндийг урьж, кино урлагийн тухай ярилцлаа.

Тэрбээр наадмын хөтөлбөрийг бүрдүүлэхэд баримталдаг зарчим, артхаус болон фестивалийн киноны онцлог, үзэгчдийн кино үзэх соёл, Монголын кино урлагийн өнөөгийн хөгжлийн талаар өөрийн байр суурийг хуваалцсан юм. Мөн энэ жилийн наадмын хөтөлбөрөөс онцлох бүтээлүүд, тэдгээрийн хөндөж буй сэдэв, кино урлагаар дамжуулан бидний эргэн харах боломжтой нийгэм, хүний харилцааны асуудлуудын талаар ярилцлаа.

- Юун түрүүнд, бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ярилцлагаа таны “Улаанбаатар” олон улсын кино наадамтай анх хэрхэн холбогдож байсан түүхээс эхэлье.

- Миний хувьд “Улаанбаатар” кино наадмыг зохион байгуулж эхэлсэн үеэс нь үзэж ирсэн. 2022 оноос наадмын уран сайхны зөвлөлийн гишүүнээр ажиллаж, фестивалийн хөтөлбөр боловсруулахад оролцож байна. Кино наадам бүрд хөтөлбөр боловсруулагч гэж байдаг. Тэд тухайн наадмын үндсэн чиглэл, үзэл баримтлалыг тодорхойлж, түүндээ нийцүүлэн кинонуудаа сонгодог. Манай зөвлөлийн үүрэг ч ийм.

Кино сонирхогчийн хувьд анхны жилүүдийн дурсамж надад их тод үлдсэн байна. Тэр үед бид Каннын кино наадам, Берлиний кино наадам зэрэг дэлхийн томоохон наадмуудын тухай сонсож, тэнд гарсан кинонуудыг үзэхийг хүсдэг байлаа. Гэхдээ кинонуудыг Монголд шууд үзэх боломж хомс учраас веб сайтад авигдахыг нь хүлээнэ. Каннын кино наадам тавдугаар сард болдог гэж бодоход зарим кино нь арав, арваннэгдүгээр сард л веб сайтад орж ирэх жишээтэй. Зарим бүтээл бүр жилийн дараа гардаг байсан.

Гэтэл “Улаанбаатар” кино наадмын анхны жилээс эхлээд Берлин, Канн, Венецийн кино наадамд оролцсон бүтээлүүдийг Тэнгис кино театрын өргөн дэлгэцээр үзэх боломжтой болсон. Энэ нь кино сонирхогчдын хувьд их гоё, итгэмээргүй зүйл байлаа. Эхний жилүүдэд үзэгч харьцангуй цөөтэй байсан. Фестивалийн кинонууд агуулгын хувьд кино театруудад гардаг Холливудын бүтээлүүдээс ялгаатай учраас зарим үзэгчдэд сонин хачин санагдах тохиолдол ч гардаг байв. Анхны наадмын үеэр тасалбар үнэгүй, бүртгүүлээд үздэг байсан. Найз нөхдөөрөө Тэнгис дээр өнжин, хамтдаа кино үздэг байсан нь манай үеийн кино сонирхогчдын залуу насны нэг хэсэг болон үлдсэн юм шиг санагддаг. Жил бүр кино наадам дөхөхөөр догдолдог. Миний хувьд Улаанбаатар хотод тогтмол зохион байгуулагддаг хамгийн гоё арга хэмжээнүүдийн нэг гэж боддог юм.

- Кино наадам анх бий болохоос эхлээд өнөөг хүртэлх хөгжлийг нь харахад Монголын кино урлаг, үзэгчдийн соёлд ямар өөрчлөлт гарсан гэж харж байна вэ?

fin-2.jpg

- Улаанбаатар кино наадмын хөтөлбөр маань илүү өргөн хүрээтэй, өөрсдийн нэрэмжит шагналтай болсон. Эхний жилүүдэд зөвхөн олон улсын үзвэрийн хэсгээс бүрдэж байсан бол одоо Монгол киноны, баримтат киноны, Үзэхийн хязгаар буюу хуучны монгол киноны гээд нийт дөрвөн хэсэгтэй болж өргөжин тэлжээ. 

Сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг арилжааны түвшинд ч, уран бүтээлийн түвшинд ч эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, П.Золжаргал найруулагчийн “If Only I Could Hibernate” Каннын кино наадмын “Un Certain Regard” төрөлд оролцсон. П.Лхагвадуламын “City of Wind” Венецийн кино наадмын “Orizzonti” төрөлд оролцож, гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртсэн гэх мэт Монголын залуу уран бүтээлчид олон улсын фестивалиудад амжилттай оролцож байна. Мэдээж хэрэг үүнд олон шалтгаан байгаа. Энэ шалтгаануудын нэг нь УБОУКН байх. Дэлхийн улс орнуудын кино урлагийн хөгжлийн түүхийг харж байхад кино театр, кино наадмууд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Сайн кино үзэхгүйгээр сайн уран бүтээлч байх боломжгүй. УБОУКН Монголын кино сонирхогчдод сайн киног хүргэж, кино сонирхогчид нь цаашид уран бүтээлч болон хөгжиж байна. Кино гэдэг багаар ажилладаг урлаг учраас наадам дээр хоорондоо танилцаж, ирээдүйд хамтран ажиллах хүмүүсээ олох боломж ч бий. Мөн УБОУКН маань залуу уран бүтээлч нарт зориулсан воркшоп, сургалтуудыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. 

- Энэ жилийн хөтөлбөрт Монгол болон олон улсын кинонуудыг ямар зарчмаар сонгосон бэ. Өмнөх жилүүдтэй харьцуулахад онцлох зүйл юу байв?

fin-5.jpg

- Энэ жилийн хувьд Монгол киноны хөтөлбөрийг онцолмоор санагдаж байна. Тухайлбал, Ч.Хоролдорж найруулагчийн “The Color of White Rock” баримтат кино Бусаны кино наадамд нээлтээ хийсэн. Зургаан жилийн хугацаанд зураг авалт хийсэн, Монголын нийгмийн чухал асуудлыг хөндсөн сайн баримтат кино болсон. Мөн Ж.Сэнгэдорж найруулагчийн “The Muralist” кино Таллины “Хар шөнө” кино наадам зэрэг гадаадын хэд хэдэн наадамд нээлтээ хийсэн. Олон улсын кино наадмуудад нээлтээ хийсэн монгол бүтээлүүд манай наадмын Монгол киноны хэсэгт оролцож байна. Өмнө нь гадаадын томоохон фестивалиудаас ирсэн кинонууд дийлэнх хувийг эзэлдэг байсан бол одоо монгол кинонуудын түвшин сайжирч, олон улсын наадмуудад оролцсон бүтээлүүдээ өөрийн үзэгчдэд хүргэх боллоо.

Мөн “Үзэхийн хязгаар” хэсэгт Монголын кино урлагийн 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэн үеийн гол төлөөлөгчдийн нэг найруулагч И.Нямгаваагийн “Нандин эрдэнэ”, “Гарын таван хуруу” бүтээлүүдийг түүний дурсгалд зориулан, хүндэтгэл үзүүлж гаргаснаараа онцлог байлаа.

Кино бидэнд танил түүхийг хүүрнэхээс гадна ертөнцийг өөр нүдээр харах боломж өгдөг. Артхаус киноны онцлог нь дүрслэл, өгүүлэмж, хэмнэлээрээ дамжуулан хүний дотоод ертөнц, нийгмийн асуудал, амьдралын тухай өөр өнцгүүдийг нээхэд оршдог байна. Харин кино наадам эдгээр бүтээлээр дамжуулан өөр орны соёл, өөр амьдралын туршлага, тэр бүр том дэлгэцээр үзэх боломж олддоггүй түүхүүдийг үзэгчдэд хүргэдэг. Фестивалийн кино болгон артхаус байдаггүй ч энэ хоёрын огтлолцол кино урлагийн олон өнгө төрхтэй танилцах үүдийг нээдэг билээ.

- Артхаус киноны үзэгчдийн хүрээг тэлэхийн тулд та бүхэн хөтөлбөрөө хэрхэн бүрдүүлдэг вэ. Үзэгчид ямар кинотой танилцаж, ямар шинэ өнцгөөс кино урлагийг хараасай гэж хүсдэг вэ?

- Артхаус, фестивалийн кино сонирхдог үзэгчдийн тоо харьцангуй цөөхөн. Гэсэн хэдий ч бидний зорилго кино урлаг сонирхдог хүмүүсийн хүрээг тэлж, илүү олон хүнд хүргэх юм. Тиймээс энэ жил Монголын кино сонирхогчид, ялангуяа залуу үзэгчдийн сонирхлыг татахуйц хөтөлбөр бүрдүүлэхийг хичээсэн. Жишээлбэл, “We are Aliens” гэдэг анимэ киног авчирсан. Энэ бол манай наадмын хөтөлбөрт орж буй анхны анимэ төрлийн кино. Ерөнхийдөө илүү олон хүнд хүртээмжтэй байхуйц бүтээлүүдийг сонгохыг зорьсон. Зарим үзэгчдэд өнөөдөр үзсэн кино нь таалагдахгүй байж болно. Харин маргааш үзэх кино нь таалагдаж магадгүй. Тиймээс өөр өөр сонирхолтой үзэгчдэд тохирохоор өргөн хүрээний хөтөлбөр гаргахыг зорьсон.

Миний хувьд наадмаар дамжуулан сайн кино гэж ямар бүтээл байдгийг хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг. Кино ямар ч агуулгатай байж болно. Хамгийн гол нь үзэгч өөрийн гэсэн эргэцүүлэлтэй үлдээсэй гэж боддог юм. Жишээлбэл, “Rose” кино феминист үзэл, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөж, уламжлалт нийгэмд эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж байсныг хүчтэй харуулсан. Найруулагч нь өнөөдөр ч ийм асуудал тодорхой хэмжээнд байсаар байгааг үзүүлэхийг зорьсон болов уу гэж бодож байна. Харин “Fjord” кино гэр бүлийн харилцаа, орчин үеийн дэвшилтэт үзэл болон уламжлалт үнэт зүйлсийн зөрчлийг харуулдаг. Энэ мэт өөр өөр сэдэв хөндсөн бүтээлүүд энэ жилийн наадамд оролцсон.

- Таны хувьд энэ жилийн хөтөлбөрөөс хамгийн их бодолд үлдсэн кино аль нь байв? 

fin-3.jpg

- Надад хамгийн их таалагдсан нь Румыний найруулагч Кристиан Мунжиугийн “Fjord” кино байлаа. Кристиан Мунжиу бол Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагналыг хоёр удаа хүртсэн цөөн найруулагчийн нэг, энэ цаг үеийн кино урлагийн томоохон төлөөлөл.

Миний хувьд үзсэний дараа “яагаад ийм юм бол”, “аль нь зөв бэ” гэсэн асуулт үлдээдэг кинонууд сэтгэлд тод үлддэг. “Fjord” орчин үед чухал ач холбогдолтой сэдэв барьж авснаас гадна киноны зөрчил нь хүн бүрд асуулт үлдээж чадсан санагдсан.

Румын найруулагч Кристиан Мунжиугийн “Fjord” кинонд Норвегид амьдрахаар ирсэн Румын-Норвег гаралтай, шашин шүтлэгтэй нэгэн гэр бүлийн тухай өгүүлдэг таван хүүхэдтэй энэ гэр бүл шинэ орчиндоо дасаж, хөршүүдтэйгээ танилцан амьдралаа эхлүүлнэ. Гэвч өсвөр насны охин Элиагийн биед хөхрөлт байгааг сургуулийнхан анзаарснаар гэр бүлийн хүмүүжил, хүүхэдтэйгээ харилцах арга барилд нь анхаарал хандуулж эхэлдэг. Эцэг эхийн шашны итгэл үнэмшил, хүмүүжлийн ойлголт нь Норвегийн нийгмийн хэм хэмжээ, хүүхдийн эрхийг хамгаалах зарчимтай зөрчилдөхөд хүрнэ. Ийнхүү кино гэр бүлийн хувийн амьдралд хөндлөнгөөс оролцох эрх хаанаас эхэлдэг, хүүхдийн эрх болон эцэг эхийн итгэл үнэмшлийн заагийг хэрхэн тогтоох тухай асуудлыг хөнддөг байна.

- Кинонд гардаг энэ зөрчил өнөөгийн нийгэмд өөр өөр үнэт зүйл, итгэл үнэмшилтэй хүмүүс хэрхэн зэрэгцэн амьдрах тухай ямар асуулт дэвшүүлж байна вэ?

- “Fjord” барууны орчин үеийн дэвшилтэд үзэл, хувь хүнч байдлыг уламжлалт христийн шашинт гэр бүлийн үнэт зүйлстэй сөргөлдүүлэн тавьсан нь цаг үеэ олсон сэдэв болсон санагдсан. 1990 он, хүйтэн дайны төгсгөлөөс хойш дэлхий ертөнц эрчимтэй даяаршиж, хувь хүний эрхийг дээдэлсэн, дэвшилтэд либерал үзэл санаа улам бүр түгэн тархсан. Гэтэл сүүлийн жилүүдэд уг үзэл санааны эсрэг христийн шашны уламжлалыг дээдэлсэн, барууны үзэл газар авч, энэ хоёр эсрэг тэсрэг үзэл санаа илт зөрчилдөж байгааг бид өдөр бүхэн харж байна. Мунжиу уламжлалт гэр бүл ба либерал төр хоёрын зөрчлөөр дамжуулан эрх чөлөө, хүчирхийлэл, хүүхдийн эрхийн асуудлын талаар задлан шинжилжээ. Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэхээ өөрсдөө шийдэх эрхтэй гэж үздэг. Харин төр хүүхдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах үүрэгтэй. Эндээс эцэг эхийн эрх мэдэл хэзээ хүчирхийлэл болж хувирдаг вэ, төрийн үүрэг хэзээ албадлага болж хувирдаг вэ гэсэн чухал асуулт урган гардаг. Христийн шашинт Гиоргиугийн гэр бүл шашнаас ангид, либерал нийгэмтэй зөрчилдөж байгаа нь хүний эрх чөлөөг дээдэлсэн либерал үзэл санаа өөрийнх нь үнэт зүйлстэй зөрчилдөгч итгэл үнэмшлийг аль хүртэл хүлцэн тэвчих вэ гэсэн асуултыг тавьдаг. Соёлын ялгааг хүндэтгэх нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг зөвшөөрнө гэсэн үг биш. Гэхдээ хүчирхийлэлтэй тэмцэх нэрээр ялгаатай соёлыг дорд үзэх нь ч алдаа юм. 

Яг энэхүү зөрчил манай улсад ч хамаатай. Эцэг эх хүүхдэдээ гар хүрэх нь зөв эсэх тухай, хүүхэд өсгөх уламжлал ба орчин үеийн гэр бүлийн үнэт зүйлсийн зөрчлийн тухай маргаан манай сошиал медиад түгээмэл ч үзэгддэг сэдэв шүү дээ. 

- Кристиан Мунжиугийн бусад бүтээлээс үзэхэд түүний найруулгын онцлог болон Румыний кино урлагийн чиг хандлага хэрхэн ажиглагддаг вэ?

- Мунжиугийн анхлан олон улсад өөрийгөө зарлан тунхагласан бүтээл нь хууль бусаар үр хөндүүлж буй охины тухай өгүүлэх “4 Months, 3 Weeks and 2 Days” (2007) юм, тухайн жилдээ Каннын кино наадмын дээд шагнал, алтан далдуу модны мөчрийг хүртэж байсан. Манай кино наадмын үзэгчид түүнтэй 2022 онд “RMN” бүтээлээр нь танилцаж байсан. 

Мунжиугийн хувьд хүний мөн чанар, эрх мэдэл, ёс суртахууны тухай голлон судалдаг гэж ерөнхийлөн дүгнэж болох байх. “4 Months, 3 Weeks and 2 Days” дээр төр хүний бие махбодыг хүртэл хянаж байгаа, хүйсийн тэгш бус байдлын тухай өгүүлэх бол, “Graduation” (2016) авлигыг эсэргүүцдэг эцэг охиноо гадаадад сургахын тулд өөрөө авлигын сүлжээний нэг хэсэг болж байгааг, “RMN” (2022) эдүгээ ихээхэн түгээмэл болсон гадаад ажилчдын асуудлыг хөнддөг. Гэхдээ Мунжиу авлига, ялгаварлан гадуурхах үзэл, төрийн эрх мэдлийг зөвхөн шүүмжилдэггүй, эгэл жирийн хүмүүс өөрсдөө эдгээр сөрөг үзэгдлүүдийн нэг хэсэг болж, амьд байлгадаг гэдгийг харуулдаг. Тийм болохоор түүний бүтээлүүдийн гол асуулт нь хэний буруу вэ биш харин ямар нөхцөл байдалд бид эсэргүүцдэг зүйлийнхээ нэг хэсэг болдог вэ гэдгийг харуулахад оршдог болов уу. Миний хувьд нийгмийн шүүмжийг хувь хүний ёс суртахууны драм болгон хувиргадагт эсвэл эсрэгээр нь хувь хүний драмын цаана нийгмийн тогтолцооны асуудлыг харуулдагт нь Мунжиугийн киноны гол хүч оршдог. Хэв маягийн хувьд гэвэл түүний бүтээлүүд реалист шинж, удаан үргэлжилсэн тасралтгүй зураг авалтууд, энгийн хүмүүсийн өдөр тутмын амьдралыг харуулдаг. 

fin-4.jpg

Румын болон Монгол Улсын хувьд олон төстэй чанар байдаг санагддаг. Аль аль нь социалист тогтолцоогоор замнасан түүхтэй, эдийн засгийн олон асуудалтай. Румын гэхэд Европын хамгийн ядуу улсуудын нэг. Ийм болохоороо нийгмийн асуудлуудын хувьд төстэй зүйл олон санагддаг. Гэхдээ Румыны орчин үеийн кино урлаг маш хүчтэй. Кристиан Мунжиугаас гадна Кристи Пую, Раду Жуд зэрэг дэлхийн хэмжээний хэд хэдэн найруулагчтай. Эдгээр найруулагчид 2000-аад оны эхэн үеэс зэрэг шахам дэлхийн тавцанд гарч ирсэн болохоор тэднийг Румыны кино урлагийн шинэ давлагаа гэж нэрлэдэг. Туулсан түүх, эдүгээх нийгмийн асуудлууд ч ойролцоо болохоор Румыны кино монгол үзэгчдэд их танил санагдахуйц шүү. Ядаж л кинон дээрх гарах барилга байшингууд нь манай угсармал орон сууцуудтай яг адилхан. Кристи Пуюгийн нэгэн өвөөгийн бие муудахад түргэн болон эмнэлгийнхэн оношийг нь зөв тодорхойлж чадахгүй байсаар нас барж буй тухай өгүүлэх эмгэнэлт инээдмийн “The Death of Mr. Lazarescu” (2005) гэхэд яг л манайд болсон түүх гэмээр байдаг. 

- Кино, уран зохиол хүний амьдралд ямар нөлөө үзүүлдэг гэж та боддог вэ?

- Миний хувьд кино урлаг, уран зохиолын нэг гол чанар нь хүнийг алив зүйлсэд зуун хувь итгэлтэй хандах биш харин эргэлзэж, тээнэгэлзэж сургадаг юм шиг санагддаг. Бидний бат нот гэж итгэж байсан зүйлс ганц хормын дотор нуран унах алийг тэр гэх вэ. 

Би ном унших бүрдээ тухайн номынхоо гол дүрийн амьдралаар амьдардаг бил үү дээ нэг хүний хэлсэн үг байдаг. Үүн шиг ном уншиж, кино үзэхийн хэрээр өөрийнхөө амьдралаар туулж үзээгүй зүйлсийн талаар тодорхой хэмжээний туршлагатай болдог юм шиг санагддаг. 

- Ярилцлагынхаа төгсгөлд “Улаанбаатар” олон улсын кино наадамтай холбоотой цаашдын зорилгыг бидэнтэй хуваалцаач?

- “Улаанбаатар” олон улсын кино наадам цаашид Төв Азийн хамгийн том кино наадам болох зорилготой. Зүүн Өмнөд Азид “Бусаны” кино наадам томоохонд тооцогддог бол Хятадад “Хонконг”, “Шанхайн” хоёр том кино наадам бий. Тэгэхээр бид Төв Азийн хамгийн том кино наадам болох боломжтой гэж харж байгаа. Төв Азийн найруулагчид өөрсдийн бүтээлийг манай наадамд илгээж, уралдаант хэсэгт оролцож, манай наадмын шагналаар киногоо чимдэг болох боломж нэг их хол биш. 

- Бидэнтэй ярилцсан танд баярлалаа!

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.