УБ 10°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Урлагийн түүх 0%
Цагаан дэвсгэр дээрх хар дөрвөлжин урлаг мөн үү, яагаад?
Урлагийн түүх
Нүүр хуудас / Урлагийн түүх / Цагаан дэвсгэр дээрх хар дөрвөлжин урлаг мөн үү, яагаад?

Цагаан дэвсгэр дээрх хар дөрвөлжин урлаг мөн үү, яагаад?

М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч
2026.10.09 · 2 унших

Хэрэв та дэлхийн аль нэг алдартай музейн цагаан ханан дээр өлгөөтэй, цагаан дэвсгэр дээр энгийн хар өнгийн дөрвөлжин зураастай зургийн өмнө зогсвол анх юу бодох вэ? Магадгүй "үүнийг би ч зурж чадна шүү дээ" эсвэл "энэ чинь ердөө л хар өнгө шүү дээ" гэж гайхах биз. Гэхдээ хүн төрөлхтний дүрслэх урлагийн түүхэнд цагаан дэвсгэр дээр татсан энгийн хар дөрвөлжин шиг их маргаан дагуулсан бүтээл ховор юм. Өнөөдөр ч зарим хүмүүс үүнийг утгагүй зүйл гэж хардаг бол судлаачид хүний сэтгэлгээг эрх чөлөөтэй болгосон эргэлтийн цэг хэмээн үнэлдэг. Тэгвэл “Урлагийн түүх” булангийнхаа энэ удаагийн дугаарт энэ бүхэн ямар учир шалтгаантай, яагаад ийм хэлбэрээр төрсөн болохыг түүхэн баримтад тулгуурлан хүүрнэе.

ХХ зууны эхэн үед гэрэл зураг эрчимтэй хөгжиж, байгаль дэлхий болон хүний царайг яг бодит байдлаар нь хуулбарлах ажлыг аппарат хүнээс хамаагүй илүү сайн хийдэг болсон байв. Энэ үед Орос улсад амьдарч байсан Польш гаралтай авангард зураач Казимир Малевич “уламжлалт урлаг мухардалд орсон уу” гэсэн асуулттай нүүр тулжээ. Хэрэв зураг гэдэг зүйл бодит бодит байдлыг яг хэвээр нь хуулбарлах үүрэгтэй бол гэрэл зургийн дараа зураачийн хийх ажил утгагүй болж хувирна. Тиймээс тэрбээр бодит амьдралыг дүрсэлдэг хуучин арга барилаас татгалзаж, урлагт цоо шинэ суурь тавих шаардлагатай гэж үзсэн юм. Тэрбээр энэ санаагаа урлаг дахь тэг утга буюу анхдагч суурь цэг хэмээн тодорхойлсон байдаг.

Тэгвэл яагаад заавал хар дөрвөлжин гэж? 

cover.jpg

Малевичийн хувьд хар өнгө бол ямар нэгэн уйтгар гуниг эсвэл харанхуйг илэрхийлсэн хэрэг биш юм. Харин тэрбээр бодит ертөнцийн бүх өнгө, дүрс, утга учир, материалист хэлбэрүүдийг нэгтгэн шингээж, тэдгээрийг эцэслэн үгүй хийж буй "хамгийн дээд цэвэр орон зай" гэж хар өнгийг ойлгосон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хар дөрвөлжин бол байшин, мод, хүний дүр төрх гэх мэт материаллаг бүх зүйлс нуран унасны дараа үлдэх хамгийн анхдагч хэлбэр юм. Цагаан дэвсгэр дээр орших энэ хар дүрс нь хүн төрөлхтний хуучин ертөнцийг орхиж, бүх зүйл шинээр эхлэхээс өмнөх цэвэр оюун санааны хязгааргүй хоосон орон зайг буюу хүний сэтгэлгээний эрх чөлөөг бодитоор дүрсэлсэн хэрэг байв.

Энэ санаагаа бодит болгохын тулд Малевич 1915 онд Санкт-Петербург хотноо болсон "0.10" (Сүүлчийн футурист үзэсгэлэн) дээр анх удаа тэрхүү хар дөрвөлжин бүтээлээ олны өмнө дэлгэжээ. Тухайн үед үзэсгэлэнгийн танхимд зургийг байрлуулсан хэлбэр нь маш гүн утга агуулсан байв. Тэрбээр бүтээлээ ханын голд биш, харин хоёр хана нийлдэг дээд өнцөгт буюу Оросын уламжлалт айл гэрт бурхны дүр эсвэл шашны икон (icon) залж тавьдаг хамгийн хүндтэй буланд өлгөсөн байна. Уламжлалт нийгэмд шашин шүтлэг, хуучинсаг үзэл амьдралыг удирддаг байсан бол энэ байрлалаар дамжуулж хуучин тогтолцоог хаалгаар гаргаж, хүний хязгааргүй оюун санаа, шинэ зууны гоо зүйг тахиж байна гэсэн санааг илэрхийлжээ. Хожим судлаачид уг бүтээлийг орчин үеийн ертөнцийн шинэ икон хэмээн нэрлэх болсон нь ийм учиртай.

Зураачийн дотоод шаналал ба шинжлэх ухааны нууц

cover-1.jpg

Энэхүү зургийг бүтээх явц болон үр дүн нь зураачийн өөрийнх нь хувьд ч том эргэлт болсон байдаг. Малевич уг хар дөрвөлжнийг зурж дуусчхаад өөрөө хийсэн зүйлийнхээ цар хүрээг бүрэн ойлгож ядан бүтэн долоо хоног нойргүй, хоол ч идэж чадалгүй сэтгэл санааны хямралд орж байснаа дурссан байдаг аж. Хожим нь музейн эрдэмтэд уг зургийг рентген шинжилгээнд хамруулахад нэгэн сонирхолтой баримт илэрсэн нь уг хар өнгөний доор өөр өнгө өнгийн геометрийн дүрсүүдтэй өөр зураг байжээ. Малевич анх өөр зүйл эхлүүлсэн боловч тэр нь хүссэн цэвэр хэлбэрт нь хүрч чадахгүй гэж үзээд бүх өнгийг энэхүү хар өнгөөр дарж, илүүдэл утга санааг үгүй хийснээр энэхүү хоосон орон зайг үлдээсэн нь шинжлэх ухаанаар нотлогдсон юм.

Түүний энэ амьдралынхаа туршид баримталсан үзэл санаа хожмын хувь тавиланд нь ч бас үлдсэн байдаг. 1935 онд Малевичийг нас барахад түүний шарилыг зөөсөн вагон дээр цагаан дэвсгэр дээрх хар дөрвөлжин тэмдгийг зурж, оршуулгын ёслолын индэр дээр уг бүтээлийг залж байв. Мөн түүнийг оршуулсан газрын толгой дээр хар дөрвөлжин зурагтай шоо хөшөө босгосон нь энэ бүтээл түүний амьдралын гол философи байсныг гэрчилдэг байна.

Ингээд харахад энэ бол хэн нэгний санаандгүй сараачсан зүйл буюу утгагүй хийсвэрлэл огт биш юм. Харин зураг гэдэг зүйл бодит байдлыг хуулбарлахаас илүүтэйгээр хүний сэтгэлгээг тэлж, шинэ орон зайг нээж чаддаг гэдгийг түүхэнд анх удаа баримтаар баталж өгсөн оюун санааны агуу хувьсгал байлаа.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
М.Энхмаа
М.Энхмаа
Сэтгүүлч · 0 дагагч

Сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хэрэгтэй мэдээллийг түгээе.

Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.