“Clean girl”, “Old money”, “Glass skin” гэх мэт гоо сайхны чиг хандлага сошиал сүлжээнд ээлж дараалан гарч ирж, эмэгтэй хүний хувцаслалт, нүүр будалт, арьс арчилгааны тухай ойлголтод нөлөөлсөөр байна. Нэг хэсэгтээ натурал төрхийг эрхэмлэж, удалгүй төгс арьс, цэгцтэй хувцаслалт, тодорхой биеийн хэлбэрийг онцолсон шинэ хэв маяг дэлгэрдэг. Бид ч тэдгээрээс санаа авч, өөрт таалагдсан төрхөө туршиж үздэг. Гэхдээ бодож үзвэл, бидний өнөөдөр үзэсгэлэнтэй гэж хүлээн зөвшөөрдөг төрх хаанаас бий болдог бол?
Эмэгтэй хүний гоо сайхны тухай ойлголт түүхийн туршид олон удаа өөрчлөгджээ. Нэгэн цагт цайвар арьс, нарийн бэлхүүс, эрхэмсэг хувцаслалт гоо үзэсгэлэнгийн хэмжүүр болж байсан бол өөр цаг үед эрүүл чийрэг төрх, өөртөө итгэлтэй байдал, натурал төрхийг илүүтэй эрхэмлэх болсон байна. Эдгээр өөрчлөлтийг зөвхөн загварын чиг хандлагаар тайлбарлах боломжгүй. Учир нь эмэгтэй хүнийг хэрхэн харах, түүнээс юу хүлээх тухай ойлголт тухайн нийгмийн соёл, үнэт зүйл, эрх мэдлийн харилцаатай үргэлж холбоотой байжээ.
“Урлагийн түүх” булангийн энэ удаагийн дугаараар гоо сайхны тухай ойлголт түүхийн явцад хэрхэн бүрэлдэж, урлаг, хэвлэл мэдээллээр дамжин эмэгтэй хүний дүр төрхөд хэрхэн нөлөөлж ирснийг хүргэж байна. Эртний Египетийн хатан Нефертитигийн хөргөөс эхлээд Сэргэн мандалтын үеийн хөрөг зураг, арван есдүгээр зууны загварын дүрслэл, орчин үеийн уран бүтээлчдийн шүүмжлэлт бүтээлүүдийг сонирхохын зэрэгцээ өнөөдрийн гоо сайхны трендүүдтэй холбон авч үзье.
Гоо сайхны хэмжүүр тухайн цаг үеэ хэрхэн илэрхийлдэг вэ?

Эртний Египетийн хатан Нефертитигийн баримлыг анх харахад нүүрний тэгш хэм, нарийн төрх, цэнхэр титэм нь бидний төсөөлдөг гоо үзэсгэлэнгийн сонгодог дүртэй тун төстэй санагдана. Ойролцоогоор МЭӨ 1340 онд бүтээгдсэн уг баримал өнөөдөр дэлхийн хамгийн алдартай эртний Египетийн бүтээлүүдийн нэг бөгөөд Нефертитигийн дүр гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болон танигджээ.
Гэхдээ энэ баримлыг зөвхөн үзэсгэлэнтэй хатны хөрөг гэж харах нь бүтээлийн түүхэн утгыг бүрэн ойлгоход хангалтгүй. Нефертити нь фараон Эхнатоны хатан байсан бөгөөд тухайн үед Египетийн төр, шашны амьдралд томоохон өөрчлөлт өрнөж байв. Хатан хааны дүр төрхийг хэрхэн бүтээх нь хааны ордны урлаг, эрх мэдлийн илэрхийлэлтэй холбоотой байлаа. Тиймээс түүний хөрөгт тухайн үеийн гоо зүйн ойлголтоос гадна хааны гэр бүл, төрийн сүр хүчийг илэрхийлэх зорилго ч агуулагдаж байсан юм.
Эндээс нэг зүйлийг анзаарч болох юм. Өнөөдөр бид Нефертитигийн баримлыг гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болгон хардаг ч тухайн цаг үед уг бүтээл өөрийн гэсэн улс төр, соёлын утгатай байжээ. Урлагийн бүтээлийг ойлгохын тулд түүний дүрслэлээс гадна ямар цаг үед, ямар нийгмийн орчинд бүтээгдсэнийг мэдэх шаардлагатай болдог.
Үүнтэй төстэй хандлагыг Сэргэн мандалтын үеийн Европын хөрөг зургуудаас ч харж болно. Тухайн үед хөрөг зураг нь хүний гадаад төрхийг хадгалан үлдээхээс гадна гэр бүлийн нэр хүнд, нийгмийн байр суурь, зан чанарын тухай ойлголтыг бусдад хүргэх үүрэгтэй байв.

Леонардо да Винчигийн 1474-1478 оны орчимд зурсан Жиневра де’ Бенчигийн хөрөг үүний нэг жишээ юм. Флоренцын язгууртан гэр бүлээс гаралтай залуу бүсгүйг тайван, нухацтай төрхөөр дүрсэлсэн уг бүтээлийн арын хэсэгт арц мод харагдана. Энэ нь Жиневрагийн нэртэй холбоотой бэлгэдэл бөгөөд хөргийн зохиомжид чухал байр суурь эзэлдэг.
Сонирхолтой нь, хөргийн ар талд “Гоо үзэсгэлэн буянт чанарыг чимдэг” (Beauty adorns гэсэн утгатай бичээс байдаг. Энэ үг тухайн үеийн эмэгтэй хүний гоо сайхны тухай ойлголтыг илүү сайн тайлбарлаж өгдөг. Эмэгтэй хүний үзэсгэлэнтэй төрхийг зөвхөн гадаад шинжээр нь бус, ёс суртахуун, ариун журамтай нь холбон үнэлдэг байжээ. Тиймээс хөрөгт бүсгүйн царай төрхийг хэрхэн дүрслэхээс гадна түүнийг ямар хүн гэж ойлгуулах нь чухал байв.
Ийнхүү эртний Египетийн хатан хааны хөрөг болон Сэргэн мандалтын үеийн язгууртан бүсгүйн хөргийг харьцуулан харахад эмэгтэй хүний дүр төрх тухайн нийгмийн үнэт зүйлтэй хэрхэн холбогдож байсныг анзаарч болно. Нэг бүтээлд хатны дүрээр төрийн эрх мэдэл, нөгөөд нь эмэгтэйн төрхөөр гэр бүлийн нэр хүнд, ёс суртахууны тухай ойлголт илэрхийлэгджээ.
Эмэгтэй хүнийг хэн харж, хэн дүрсэлдэг вэ?
Урлагийн түүхийг сөхөхөд эмэгтэйчүүд олон зууны турш уран зураг, хөрөг, баримал, гэрэл зургийн гол дүр болж ирсэн байдаг. Гэхдээ тэдгээр дүрслэлд эмэгтэй хүний өөрийнх нь хүсэл, үзэл бодол хэр зэрэг туссан бол? Тухайн эмэгтэй өөрийгөө хэрхэн харуулахыг хүссэн бэ, эсвэл зураач, захиалагч, үзэгчдийн хүлээлт түүний дүр төрхийг тодорхойлсон уу?
Энэ асуудлыг 20 дугаар зууны кино судлалд онцгойлон авч үзсэн хүн бол Лора Малви юм. Тэрбээр 1975 онд хэвлүүлсэн “Visual Pleasure and Narrative Cinema” өгүүлэлдээ “эрэгтэй харц” (male gaze) хэмээх ойлголтыг дэвшүүлсэн байдаг. Малви киноны дүрслэлд үзэгчийн байр суурь хэрхэн эрэгтэй баатрын өнцөгтэй холбогдож, эмэгтэй дүрийг харах, үнэлэх объект болгон харуулдаг талаар тайлбарлажээ.
Энэ ойлголтыг өдөр тутмын жишээгээр төсөөлөх боломжто. Кинонд эмэгтэй дүрийг өөрийн гэсэн зорилго, хүсэл тэмүүлэлтэй хүн байдлаар харуулахын оронд гадаад төрх, биеийн хөдөлгөөн, хувцаслалтаар нь голчлон онцолж байвал үзэгч түүнийг тухайн дүрийн үйл явдлаас илүүтэй харагдах байдлаар нь үнэлэх хандлагатай болно. Малвийн хөндсөн асуудал ч үүнтэй холбоотой. Эмэгтэй хүнийг хэн харж, ямар өнцгөөс дүрсэлж, үзэгчид ямар байр сууринаас харахыг санал болгож байгааг анхаарах хэрэгтэй гэсэн санаа юм.
Мэдээж энэ ойлголт зөвхөн кино урлагаар хязгаарлагдахгүй. Хөрөг зураг, загварын гэрэл зураг, сурталчилгаанд эмэгтэй хүний төрхийг хэрхэн харуулж байгааг шинжлэхэд ч ашиглаж болно. Тухайлбал, зурагт эмэгтэй хүн өөрийн гэсэн үйлдэл, байр суурьтай харагдаж байна уу, эсвэл бусдын харц, таашаалд нийцүүлэхээр дүрслэгдэж байна уу гэдгийг асууж болно. Ингэж харвал урлагийн бүтээлийг үзэх явцад бид зөвхөн дүрслэгдсэн хүнийг танихаас гадна тухайн бүтээлийг бүтээсэн нийгмийн хандлагыг ч ойлгох боломжтой болдог.
Тухайн үеийн гоо сайхны дүрмийг зөрчвөл юу болдог байсан бэ?

1884 онд Парисын салонд дэлгэгдсэн Жон Сингер Саржентийн “Madame X” хөрөг тухайн үеийн үзэгчдийн дунд багагүй маргаан дагуулжээ. Уг бүтээлд Парисын нийгмийн хүрээний Виржини Амели Авеньо Готрог хар даашинзтай, хажуу тийш эргэсэн байрлалаар дүрсэлсэн байдаг. Цайвар арьс, хар даашинзны ялгарал, бүсгүйн өөртөө итгэлтэй төрх нь хөрөгт онцгой уур амьсгал бүрдүүлдэг.
Гэвч тухайн үеийн үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан зүйл нь даашинзны нэг мөрөвчийн байрлал байв. Анх дэлгэгдэх үед мөрөвч нь мөрнөөс доош гулссан байдалтай байсан бөгөөд үүнийг бүсгүйн хувцаслалт, нийгмийн нэр хүндтэй холбон шүүмжилжээ. Өнөөдөр бидний хувьд загварын өвөрмөц шийдэл мэт харагдах энэ деталь тухайн үеийн Парисын нийгэмд эмэгтэй хүн олны өмнө хэрхэн харагдах ёстой тухай маргааныг өдөөсөн юм.
Энэ шүүмжлэл Саржентын уран бүтээлд ч нөлөөлсөн бөгөөд тэрбээр хожим даашинзны мөрөвчийг засаж, бүтээлийн нэрийг “Madame X” болгон үлдээжээ. Харин өнөөдөр уг хөрөг Метрополитен урлагийн музейн цуглуулгад хадгалагдаж, Саржентийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэгт тооцогддог.
“Madame X”-ийн түүхийг сонирхолтой болгодог зүйл нь нэгэн эмэгтэйн хувцаслалтын тухай маргаанаас илүү өргөн утгатайд оршино. Тухайн үеийн нийгэм эмэгтэй хүний хувцаслалт, биеэ авч явах байдалд ямар их ач холбогдол өгч байсныг энэ жишээнээс харж болно. Хувцасны жижиг деталь хүртэл тухайн эмэгтэйн нэр хүнд, ёс суртахууны тухай үнэлгээтэй холбогдож байжээ.
Цаг хугацаа өнгөрөхөд бүтээлийн талаарх ойлголт өөрчлөгдсөн нь ч анхаарал татна. Анх шүүмжлэл дагуулж байсан хөрөг хожим урлагийн түүхэнд онцгой байр суурь эзэлсэн юм. Энэ нь гоо сайхны болон зохистой байдлын тухай ойлголт тухайн цаг үеийн нийгмийн хүлээлтээс хамаарч өөрчлөгдөж байдгийг харуулж байгаа юм.
Хэвлэл мэдээлэл хүсэмжит эмэгтэйн дүрийг хэрхэн түгээсэн бэ?
Арван есдүгээр зууны сүүл үеэс сэтгүүл, сонин, зураг чимэглэл хүмүүсийн өдөр тутмын амьдралд улам их нэвтэрч эхэлжээ. Өмнө нь язгууртнууд, чинээлэг гэр бүлүүдийн захиалгаар бүтээгддэг байсан хөрөг зурагтай харьцуулахад хэвлэлийн зураг илүү олон хүнд хүрэх боломжтой болсон юм. Ингэснээр хүмүүс өөрсдийн амьдарч буй орчноос хол газар дэлгэрч буй хувцаслалт, үс засалт, гоо сайхны хэв маягийг ч мэдэх боломжтой болжээ.

Энэ үеийн хамгийн танил дүрслэлүүдийн нэг бол Америкийн зураач Чарльз Дана Гибсоны бүтээсэн “Gibson Girl” юм. Өндөр нуруу, нарийн бэлхүүс, дээш шуусан үс, өөртөө итгэлтэй төрхөөрөө танигдсан энэ эмэгтэй дүр арван есдүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхэн үеийн Америкт орчин үеийн эмэгтэйн бэлгэдэл болж байв.
Гибсоны бүтээлүүд тухайн үеийн сэтгүүлүүдэд тогтмол нийтлэгдэж, олон нийтийн анхаарлыг татах болсон байна. Уг дүрийн үс засалт, хувцаслалт, биеэ авч явах байдал эмэгтэйчүүдийн загварын сонголтод нөлөөлж байжээ. Энэ үед эмэгтэйчүүдийн боловсрол, нийгмийн оролцоо, бие даасан байдлын тухай хэлэлцүүлэг өрнөж байсан тул “Gibson Girl” нь өөртөө итгэлтэй, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог эмэгтэйн дүрийг ч илэрхийлэх болсон юм. Гэхдээ Гибсоны дүрслэл бүх эмэгтэйчүүдийн амьдрал, төрхийг төлөөлж байгаагүй. Түүнд тухайн үеийн цагаан арьст, дундаж давхаргын Америк эмэгтэйн дүр төрх голлон туссан байдаг. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллээр түгж буй хүсэмжит дүр тухайн нийгмийн бүх бүлгийг ижил хэмжээнд төлөөлөх боломжгүй байжээ.
Энэ түүхийг өнөөгийн сошиал сүлжээтэй харьцуулбал нэлээд танил дүр зураг харагдана. Нэгэн цагт сэтгүүлүүд “Gibson Girl” шиг дүрийг олон нийтэд хүргэдэг байсан бол өнөөдөр инфлюенсерүүд, гоо сайхны контент бүтээгчид, цахим платформууд тодорхой төрхийг түгээж байна. “Clean girl” гэхэд цэвэрхэн, цэгцтэй будалт, даруухан хувцаслалт, арчилсан төрхийг нэг хэв маяг болгон харуулдаг. Харин “glass skin” нь арьсыг толигор, гэрэлтсэн харагдуулахыг онцолдог.
Эдгээр чиг хандлагаас санаа авч, өөрт тохирсон байдлаар туршихад асуудал байхгүй. Харин нэг төрхийг олон дахин харах үед түүнийг гоо сайхны нийтлэг хэмжүүр мэт хүлээн авч эхэлж болох юм. Тухайн хэв маягт нийцэхгүй төрхийг өөрийн эрхгүй голох, өөрийгөө бусадтай харьцуулах нь ч бий. Тиймээс хэвлэл мэдээлэл, цахим орчин бидэнд ямар дүр төрхийг санал болгож байгааг анзаарах нь гоо сайхны тухай ойлголтоо эргэцүүлэх нэг арга юм.
Уран бүтээлчид гоо сайхны хэмжүүрийг шүүмжилж эхэлсэн нь

20 дугаар зууны сүүл үеэс зарим уран бүтээлч эмэгтэй хүнийг хэрхэн дүрсэлж, гоо сайхны тухай ойлголтыг хэн бий болгож байгааг бүтээлээрээ ил тод хөндөх болсон юм. Тэд үзэгчдэд таалагдахуйц дүр төрх бүтээхээс илүүтэй, бидний дассан дүрслэл ямар утга агуулж байгааг асууж эхэлжээ. Энэ чиглэлийн танил уран бүтээлчдийн нэг бол Америкийн Барбара Крюгер юм. Тэрбээр гэрэл зураг, сурталчилгааны хэллэг, том хэмжээний бичвэрийг хослуулан нийгмийн хандлага, эрх мэдэл, хэрэглээний соёлын тухай бүтээлүүд туурвидаг.

Түүний 1981 оны “Untitled (Your gaze hits the side of my face)” бүтээлд сонгодог баримлын нүүрний гэрэл зургийг “Your gaze hits the side of my face” гэсэн бичвэртэй хослуулжээ. Үүнийг “Чиний харц миний нүүрний хажууд тусна” хэмээн орчуулж болно. Бид бусдыг харахдаа тухайн хүний тухай өөрийн ойлголт, төсөөллийг бий болгодог. Харин бидний харц нөгөө хүнийг хэрхэн тодорхойлж, ямар байр сууринд тавьж байгааг тэр бүр боддоггүй. Крюгерийн бүтээл энэ тухай эргэцүүлэхэд хүргэдэг.
Түүний “Untitled (Just be yourself)” бүтээлд ч үүнтэй төстэй санаа бий. Эмэгтэйн нүүрний гэрэл зургийг “Just be yourself” буюу “Өөрийнхөөрөө бай”, “100% Natural” гэсэн бичвэртэй хослуулсан байдаг. Эхэндээ эдгээр үг өөртөө итгэх, байгаагаараа байхыг уриалсан эерэг мессеж мэт санагдана. Гэвч “Өөрийнхөөрөө бай” гэж уриалахдаа ямар төрхийг натурал гэж үзэж байгааг асуувал өөр нэг асуудал гарч ирнэ.
Өнөөдөр гоо сайхны сурталчилгаанд ч ийм зөрчил ажиглагддаг. Натурал төрхийг эрхэмлэхийг урихын зэрэгцээ өө сэвгүй арьс, жигд өнгөтэй нүүр будалт, тодорхой биеийн хэлбэрийг хүсэмжит болгон харуулдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, өөрийнхөөрөө байх тухай мессежний хажуугаар өөрийгөө байнга сайжруулах шаардлагатай мэт ойлголт зэрэгцэн оршиж болно. Крюгерийн бүтээлүүдийн онцлог нь ийм зөрчлийг шууд тайлбарлан дүгнэхийн оронд бидний өдөр тутам харж дассан сурталчилгааны хэлбэрийг ашиглан асуулт тавьдагт оршино. Түүний бүтээлийг харахад бид зөвхөн зураг дээрх эмэгтэйг бус, тухайн зургийг үзэж буй өөрсдийн байр суурийг ч эргэцүүлэхэд хүргэж буй.
Өнөөдөр бид өөрсдийгөө ямар харцаар харж байна вэ?
Өмнөх зууны сэтгүүл, зураг чимэглэлүүд тухайн үеийн хүсэмжит эмэгтэйн дүрийг олон нийтэд хүргэж байсан бол өнөөдөр сошиал сүлжээ энэ үйл явцыг улам хурдасгажээ. Нүүр будалтын арга, арьс арчилгаа, хувцаслалт, үс засалт, биеийн төрхийг харуулсан зураг, бичлэг бидний өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болсон байна. Эдгээр дүрслэлээс санаа авч, өөрт таалагдсан хэв маягаа турших нь мэдээж сонирхолтой. Гэхдээ цахим орчинд харж буй зураг бодит амьдралын төрхтэй үргэлж адил байдаггүйг санах хэрэгтэй. Гэрэлтүүлэг, зураг авах өнцөг, шүүлтүүр, засвар зэрэг нь хүний арьс, нүүрний хэлбэр, биеийн төрхийг өөрөөр харуулж чадна. Харин бид тэдгээр зургийг өдөр тутмын амьдралын бодит байдалтай харьцуулах үед өөрийн төрхийг хангалтгүй мэтээр хүлээн авах магадлалтай юм.
Сэтгэл судлалын судалгаанд цахим орчин дахь гадаад төрхийн харьцуулалт хүний биеийн дүр төрх, өөртөө хандах хандлагатай хэрхэн холбоотойг авч үздэг байна. Бусдын зураг, сэтгэгдэл, үнэлгээг өөрийнхөө үнэ цэнийг хэмжих гол шалгуур болгох үед гадаад төрхдөө сэтгэл хангалуун байх нь бэрхшээлтэй болж болно. Харин өөрийгөө бусадтай харьцуулж байгаагаа анзаарах, өөртөө энэрэнгүй хандах нь ийм сөрөг мэдрэмжийг даван туулахад дэмжлэг үзүүлдэг аж.
Тэгэхээр гоо сайхны трендээс бүрэн татгалзах тухай яриа энд хөндөгдөхгүй. Харин өөрт таалагдсан зүйлээ сонгож байна уу, эсвэл бусдын хүлээлтэд нийцэхийн тулд өөрийгөө өөрчлөх гэж байна уу гэдгээ ялгаж ойлгох нь чухал юм. Хувцаслалт, нүүр будалт, арьс арчилгаа нь хүний өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр байж болно. Харин тэдгээрийг хийхгүй бол өөрийгөө хангалтгүй мэт мэдрэх болсон үед гоо сайхны тухай ойлголтоо эргэж харах шаардлага гарч ирж байгаа хэрэг.
Гоо сайхны хэмжүүр өөрчлөгддөг, хүний үнэ цэн үүгээр хязгаарлагдахгүй
Нефертитигийн хөрөг, Жиневра де’ Бенчигийн дүрслэл, Саржентийн “Madame X”, Гибсоны “Gibson Girl”, Барбара Крюгерийн шүүмжлэлт бүтээлүүдийг нэг дор авч үзвэл эмэгтэй хүний гоо сайхны тухай ойлголт цаг үе бүрд хэрхэн өөрчлөгдөж ирснийг харж болно. Нэг үед хатан хааны төрх эрх мэдэл, нийгмийн байр суурийг илэрхийлж байсан бол өөр цаг үед эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг ёс суртахуун, гэр бүлийн нэр хүндтэй холбож байжээ. Хожим хэвлэл мэдээлэл хүсэмжит эмэгтэйн дүрийг өргөн хүрээнд түгээж, орчин үеийн уран бүтээлчид эдгээр хэмжүүрийг бий болгож буй нийгмийн хүлээлтийг шүүмжлэх болсон юм.
Урлагийн түүхийн эдгээр жишээ бидний өнөөдөр үзэсгэлэнтэй гэж боддог зүйлс хаанаас бий болсон тухай эргэцүүлэх боломж олгож байна. Гоо сайхны хэмжүүр нэгэнт тогтоогдсон, бүх цаг үед ижил үйлчлэх дүрэм байгаагүй. Харин тухайн нийгмийн соёл, үнэт зүйл, хэвлэл мэдээлэл, эрх мэдлийн харилцаатай хамт өөрчлөгдөж иржээ.
Тиймээс сошиал сүлжээнд түгээмэл харагддаг төрхийг хүн бүрийн дагах ёстой жишиг мэт хүлээн авах шаардлагагүй. Өөрт таалагдсан хувцсаа өмсөж, хүссэн нүүр будалтаа туршиж, өөрийн сонирхсон хэв маягаар амьдрах боломж хүн бүрд бий. Хамгийн гол нь өөрийн сонголтыг бусдын үнэлгээ, хүлээлтээс ялгаж ойлгох явдал юм. Эцэст нь, эмэгтэй хүн ямар байх ёстойг нэгэн үеийн моод, урлагийн бүтээл, хэвлэл мэдээлэл, эсвэл бусдын харц дангаараа шийдэх учиргүй. Учир нь гоо сайхны тухай ойлголт цаг хугацааны явцад өөрчлөгдөж болох ч хүний үнэ цэн гадаад төрхийн үнэлгээнээс хавьгүй өргөн хүрээтэй билээ.