Манай улсад дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөн идэвхтэй өрнөдөг. Энэ тухай ярихад залуус гадаадад ажиллаж, хөдөлмөрийн хүч эх орноосоо гадагшилж буй асуудал ихэвчлэн хөндөгддөг. Харин бидний төдийлөн анзаарч, нээлттэй ярьдаггүй ч хүний эрх, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулдаг нэг асуудал бол хүн худалдаалах гэмт хэрэг юм. Тиймээс хүн бүр мэдээлэлтэй байж, аюулгүй шилжих боломжтой, гэмт хэрэгт өртсөн хохирогчийг хамгаалах, тусламж хүрэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Иймд Solution Journal булангийнхаа энэ удаагийн дугаарт бид Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Монгол дахь салбарын Төслийн ажилтан Б.Дөлгөөнийг урьж, Монгол дахь шилжилт хөдөлгөөн, хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдал, үүнээс хэрхэн сэргийлэх болон хохирогчдод ямар дэмжлэг үзүүлэх боломжтой талаар ярилцлаа.
Шилжилт хөдөлгөөн гэж юу вэ?
“Хүмүүс ажил эрхлэх, суралцах, гэр бүлээ нэгтгэх, амьжиргаагаа дээшлүүлэх, эсвэл байгалийн гамшгаас дайжих зэрэг шалтгаанаар оршин суугаа газраа өөрчлөхийг хэлнэ. Энэ нь улс дотор буюу орон нутгаас Улаанбаатар хот руу шилжих эсвэл хил дамнан олон улсад явагдаж болно. Шилжилт хөдөлгөөн бол сайн дурын, хэвийн, эерэг үзэгдэл. Аюулгүй, эмх цэгцтэй явагдвал гадаадад ажилласан иргэд мөнгөн гуйвуулга, хуримтлал, шинэ ур чадвар, туршлагаараа гэр бүлийнхээ амьжиргааг дээшлүүлж, эх орондоо бизнес эрхлэн, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой.
Дэлхийн олон улс шилжилт хөдөлгөөнийг хөгжлийн хөшүүрэг болгон ашиглаж байна. Тиймээс хүмүүсийг “битгий шилж” гэж хориглох биш, аюулгүй, эмх цэгцтэй, хууль ёсны дагуу нэр төртэй шилжих нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. “За очоод болно доо” гэдэг бодолтой эсвэл ямар ч зорилгогүй, ажил, зорчих нөхцөл, зуучлагчийн талаар мэдээлэлгүй шилжилт хөдөлгөөнд оролцох, эсвэл хүний эмзэг байдлыг ашиглах нөхцөл үүсэхэд хөдөлмөрийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болох эрсдэл нэмэгдэж байдаг.”
Шилжилт хөдөлгөөн ба хүн худалдаалах гэмт хэрэг
“Шилжилт хөдөлгөөн өөрөө хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан биш. Харин аюултай нөхцөлд шилжих, ажиллах нь хүнийг хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлд оруулж болзошгүй. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээгүй ажиллах, зуучлагчид өртэй байх, бичиг баримтаа хураалгах, алдах, очсон газрынхаа хэлийг мэдэхгүй байх, тусламж хаанаас авахаа мэдэхгүй байх зэрэг нь бидний эмзэг байдлыг нэмэгдүүлдэг.
Хүн худалдаалах гэмт хэрэг нь хүнийг хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх, эсвэл эмзэг байдлыг нь ашиглан ашиг хонжоо олох зорилгоор мөлжих замаар үйлдэгддэг хүний эрхийн ноцтой зөрчил юм. Гэмт этгээдүүд бидний гадаадад ажиллах, суралцах хүсэл, мөрөөдөл дээр тоглолт хийж цахим орчинд өндөр цалин амласан хуурамч зарыг урхи болгон ашиглах тохиолдол бий. Тиймээс шилжихээр төлөвлөж буй хүн бүр мэдээллээ албан ёсны эх сурвалжаас авч, ажлын санал, зуучлагч, гэрээний нөхцөлөө сайтар шалгах нь чухал.”

Энэ төрлийн гэмт хэрэг жендерийн шинжтэй байдгийг бүртгэлтэй тоо баримт харуулдаг. АНУ-ын Төрийн департаментын 2026 оны тайланд дурдсанаар, Монгол Улсад 2024 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчоор албан ёсоор тогтоогдсон 19 хүний 18 нь бэлгийн мөлжлөгт өртсөн эмэгтэйчүүд, охид байжээ. Тиймээс ОУШХБ-ын зорилго бол хууль ёсны, аюулгүй, нэр төртэй шилжих боломж, үнэн зөв мэдээлэл, хамгаалалт хүртэх нөхцөлийг бүрдүүлж, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм байна.
Илэрсэн хэрэг бол бодит байдлын өнгөц хэсэг

-Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн илэрц ямар түвшинд байдаг бол. Хуулийн хүрээнд арга хэмжээ авч чаддаг уу?
-Хүн худалдаалах гэмт хэргийн бодит цар хүрээг бүхэлд нь харуулсан, үндэсний хэмжээнд бүрэн төлөөлөх сүүлийн үеийн судалгаа одоогоор бидэнд тун хомс байна. Тиймээс олон улсын нөхцөл байдалтай шууд харьцуулахад хүндрэлтэй. Ихэнхдээ бүртгэгдэж, илэрсэн тохиолдлоор нөхцөл байдлыг хардаг. Гэхдээ илэрсэн тоо бага байна гэдэг нь гэмт хэрэг байхгүй гэсэн үг биш. Хохирогч өөрийгөө илчлэхээс айх, ичих, буруутгагдахаас болгоомжлох, тусламж авах замаа мэдэхгүй байх зэрэг шалтгаанаар олон тохиолдол далд үлддэг.
ОУШХБ-аас 2022 онд хийсэн Монгол дахь хүн худалдаалах гэмт хэргийн суурь судалгаанд Монголд бэлгийн мөлжлөг болон хөдөлмөрийн мөлжлөгийн эрсдэлийг авч үзсэн байдаг. Илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хот, аймгийн төвүүд болон говийн бүсэд бүртгэгдэж байгааг судалгаанд дурдсан. Энэхүү судалгааны үр дүн өнөөгийн нөхцөл байдлыг дангаараа төлөөлөх боломжгүй. Зөвхөн тухайн судалгааны үеийн дүгнэлт гэдгийг анхаарах хэрэгтэй.
Сүүлийн үед олон нийт цахимаар ажил, тэтгэлэг, өндөр цалинтай боломжийн зард итгэж хохирох тохиолдол нэмэгдэж байна. Зарим үед хүн очих ёстой ажлаасаа өөр ажилд орж, цалингаа авч чадахгүй болох, бичиг баримтаа алдах, өрийн дарамтад орох эрсдэлтэй байгаа юм. Мөн өндөр боловсролтой, тогтсон орлого, ажилтай хүн ч хуурамч зарын хохирогч болж болно. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт нас, хүйс, боловсрол, эдийн засгийн байдал харгалзахгүйгээр өртдөг гэдгийг мартаж болохгүй.
Дэлхийн хэмжээнд илэрсэн хохирогчийн тоо 2019-2022 онд 25 хувиар өссөн бөгөөд 61 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. НҮБ-ын тооцоогоор Зүүн Өмнөд Азид 300 мянга гаруй хүн цахим залилангийн улмаас хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна гэжээ. Монголоос ч энэ замаар хохирч буцаж ирж буй иргэд бий. Гэхдээ эдгээр нь зөвхөн илэрсэн тохиолдол бөгөөд, бодит дүр зураг үүнээс ч том байх магадлалтай. ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага жендерт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах эрсдэлийг тус тусад нь судалсан. Цаашид шилжилт хөдөлгөөний үзүүлэлтүүд болон тэдгээр нь жендерт суурилсан хүчирхийлэлтэй хэрхэн уялдаж байгааг нэг дор хамарсан улсын хэмжээний үнэлгээ хэрэгтэй байгаа аж. Тэгж байж бодлого, төсвөө хамгийн эрсдэлтэй хүмүүст чиглүүлэх боломж бүрдэх юм.

Монгол Улсад ямар хүмүүс хүн худалдаалах гэмт хэрэг (ХХГХ)-т өртөх эрсдэлтэй байдаг вэ?
2022 оны Монгол дахь хүн худалдаалах гэмт хэргийн суурь судалгааны үр дүнгээс харахад тогтмол бус орлоготой эсвэл шилжиж очсон газартаа бүртгэлгүй, улирлын чанартай цагийн ажил эрхэлдэг оюутнууд, ажил хайж байгаа хүмүүс зэрэг 18-30 насны эрэгтэй болон эмэгтэй хүмүүс ХХГХ-т өртөх эрсдэлтэй байна гэжээ.
Эрсдэлтэй хүмүүс ихэвчлэн амьдралынхаа туршид бие махбодын болон сэтгэл зүйн хүндрэл, бэрхшээлтэй асуудалтай тулгарч байсан, өмнө жендерт суурилсан хүчирхийлэлд өртөж байсан хүн байх магадлал өндөр байсан байна. Мөн Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн ХХГХ-ийн хохирогчдын профайлыг авч үзвэл 14 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд өндөр эрсдэлтэй байсан хэдий ч судалгааны хязгаарлагдмал байдлаас шалтгаалан уг судалгаанд 18-аас доош насны иргэдийг хараахан хамруулаагүй ажээ.
Тиймээс шилжилт хөдөлгөөн, жендерт суурилсан хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн уялдаа холбоог нарийвчлан судалж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хохирогчдыг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай нотолгоо, мэдээллийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд хүүхэд, эмэгтэйчүүд болон бусад эрсдэлтэй бүлгийн нөхцөл байдлыг хамруулсан өргөн хүрээний судалгаа шаардлагатай байна.
Ийм судалгааг явуулахад хохирогчдыг дахин сэтгэлзүйн дарамтад оруулахгүй, хувийн мэдээлэл, аюулгүй байдлыг нь хамгаалсан байдлаар хийх нь чухал хэмээн мэргэжилтэн Б.Дөлгөөн онцолж байлаа. Харин олон нийт судалгааг цааш түгээх, судалгаанд оролцогчдын нууцыг хамгаалах замаар судалгааны ажилд оролцох, дэмжлэг үзүүлэх боломжтой юм.
Гадаад улсад суралцаж, ажиллахаар явахаасаа өмнө бид юу анхаарах ёстой вэ?
Дараах кэйсүүд нь хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бодит хэргээс сэдэвлэсэн бөгөөд нас, газар орны нэр зэрэг нь зохиомол, холбогдох хүмүүсийн хувийн мэдээллийг нууцалсан болно.
Завхан аймагт амьдардаг 28 настай иргэн А, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн системээр (EPS) үйлдвэрт ажиллахаар өөрөө шийдэж, бүртгүүлсэн. Явахаасаа өмнө ажлын үүрэг, цаг, цалин, суутгал, байрны нөхцөлийг сайтар асууж, гэрээтэйгээ танилцсаны дараа гарын үсэг зурсан. Солонгост цалингаа өөрийн дансаар авч, гэр бүлдээ сар бүр мөнгө илгээж, паспортаа өөрт буюу найдвартай газар хадгалдаг байв. Дөрвөн жилийн дараа хуримтлал, ур чадвараараа нутагтаа жижиг үйлдвэр нээж, хоёр хүнийг ажлын байраар ханган ажиллаж амьдарч байна. Энэ бол аюулгүй шилжилт хөдөлгөөний жишээ юм.
20 настай Б найзынхаа танилаар дамжуулан “Турк улсад сард 2,000 ам.долларын цалинтай зөөгчийн ажил байна, зардлыг чинь бид гаргана” гэсэн санал авчээ. Явахаасаа өмнө гэрээ байгуулаагүй, ажлын нөхцөлийг хэн ч тайлбарлаагүй, очоод бүх зүйлээ болгоно гэсэн бодолтой явжээ. Турк улсад очмогц паспортыг нь “хадгална” гэж авч, ресторан биш цэнгээний газарт хүчээр ажиллуулж, гэр бүлтэйгээ холбогдохыг нь хориглосон. “Нислэг, визийн төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар их хэмжээний өрөнд оруулж” өрөө төлөхгүй бол шоронд орно хэмээн сүрдүүлсэн байна. Энэ бол хүн худалдаалах гэмт хэргийн нэг жишээ юм.

-Ихэнх хүн гадаадад очоод учраа олно доо гэх хандлагатай байдаг шүү дээ. Гэтэл бодит байдал бодсоноос өөрөөр угтаж авах нь бий.
-Яг зөв. Эдгээр кэйсүүдээс харахад бид гадаад улсыг зорихоосоо өмнө ажил олгогч, зуучлагч, гэрээний нөхцөлийг сайтар судлах нь чухал. Гэрээг орчуулж уншиж, танилцах цалин, үүрэг, ажлын цаг, байр, суутгал, гэрээ цуцлах нөхцөлөө тодруулах хэрэгтэй. Зуучлагчийн зөвшөөрөл, бүртгэлийг холбогдох байгууллагаас нягталж, ам дамжсан мэдээлэлд дангаар нь найдахгүй байх нь зөв. Ер нь урьдчилан сэргийлэх ажил очсоны дараа биш, шийдвэр гаргахаасаа өмнө эхэлдэг. Албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, эргэлзээтэй санал байвал мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй.
Манай улсын хүн амын бараг тал хувь нь Улаанбаатарт амьдарч, хөдөө орон нутагт хүн ам цөөрч байна. 2024 оны зудаар гэхэд л 7,4 сая гаруй мал хорогдсон. Зуд, ган, бэлчээрийн доройтол зэрэг шалтгаанаар малчин өрх хот суурин газар руу нүүхэд хүрч байна. Мөн 200 мянга гаруй монгол иргэн 90 гаруй улсад амьдарч, сурч, ажиллаж байна гэсэн тооцоолол бий.
“Хохирогчоос түүхээ ярихыг шаардах нь тэднийг дахин шархлуулдаг”
-Хохирогчид ичих, айх, “би өөрөө зөвшөөрсөн шүү дээ” гэж өөрийгөө буруутгах, өрөө төлөх ёстой гэж бодох, нууцыг нь хэн нэгэн дэлгэх вий гэж айснаасаа болоод тусламж хүсэхээс татгалздаг. Бүр эрэгтэй хохирогчид хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгаагаа мэдэхгүй байх, “азгүй ажил таарлаа” гэж бодоод өнгөрөөх нь элбэг. Энэ тохиолдолд хохирогч төвтэй, аюулгүй байдлыг нь нэн түрүүнд тавьсан тусламж хэрэгтэй. Хүнд гэмт хэрэгт өртсөн хүн, хохирогчоос түүхээ ярихыг шаардах нь тэднийг дахин шархлуулдаг.
Тиймээс хохирогчийн ойр дотнын хүмүүс тэднийг буруутгахгүйгээр сонсож, “чиний буруу биш” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Тэгээд мэргэжлийн хүмүүс, хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад хандаж дараагийн шатны арга хэмжээг авах нь зөв.
-Таны хувьд олон хүнд кэйс дээр ажиллаж байсан байх. Та хохирогчтой тулж ажиллахдаа сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ? Олон нийт хохирогчдод туслахыг хүсэж байгаа ч өөрт төрөх мэдрэмжээс айж байж магадгүй юм.
-Мэдээж хүнд кейстэй ажиллах сэтгэлзүйн хувьд амаргүй. Хохирогчийн түүхийг сонсоод хэт өөртөө тусгаж, хүндээр хүлээж авах үе ч бий. Тиймээс би хохирогчийн түүхийг сонсохдоо мэргэжлийн байр сууринаас хандаж, тухайн нөхцөл байдлыг аль болох объективоор харахыг хичээдэг. Мөн “энэ бол миний ажил үүрэг, энэ хүнд би туслах ёстой, юуны өмнө яриаг нь анхааралтай сонсож, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэй” гэдгийг өөртөө сануулдаг. Хэн нэгэнд шаардлагатай тусламж, дэмжлэгийг хүргэж, амьдралд нь бодит эерэг өөрчлөлт гарч байгааг харах надад маш их урам зориг өгдөг. Тухайн хүн чин сэтгэлээсээ “Баярлалаа” гэж хэлэхэд би ч бас дагаад эдгэрч байгаа мэт мэдрэмж төрдөг гэх үү дээ.
Олон нийт хохирогчид туслахдаа заавал бүх асуудлыг өөрөө шийдэх гэж хичээх шаардлагагүй. Юуны өмнө шүүмжлэлгүй сонсож, буруутгахгүй байж, тухайн хүний аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн тусламжтай холбож өгөх нь чухал юм. Хэн нэгний түүхийг сонсоод өөрт тань хүнд санагдвал итгэдэг хүнтэйгээ ярилцах, шаардлагатай үед мэргэжлийн дэмжлэг авах нь ч бас өөрийгөө хамгаалах нэг арга юм.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд дэлхий нийтээрээ “жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг” тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил аяныг “ХААНА Ч АЮУЛГҮЙ: Цахим болон бодит орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” уриан дор зохион байгуулж байна.
Хуурамч ажлын зар, цахим залилан, хилийн гадна хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, хүн худалдаалах гэмт хэргийн тоо нэмэгдэж буй өнөө цагт энэхүү аянаар дамжуулан ОУШХБ болон Япон улсын ЖАЙКА-гийн хамтын ажиллагааны хүрээнд олон нийтэд “жендерт суурилсан хүчирхийлэл, шилжилт хөдөлгөөн, хүн худалдаалах гэмт хэргийн уялдааг” таниулах, урьдчилан сэргийлэх болон хохирогчдод үзүүлэх дэмжлэгийг сайжруулахад анхаарч байгаа аж. Аяны гол зорилго нь хүмүүсийг шилжилт хөдөлгөөнөөс татгалзахыг уриалах биш, үнэн зөв мэдээлэлтэй, аюулгүй шилжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ жендерт суурилсан хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалахад чиглэх юм байна. Хохирогчийг буруутгахгүй сонсож, нууцлал, аюулгүй байдлыг нь хангахад хүн бүрийн оролцоо чухал алхам болсоор байгаа ажээ.

“Явах уу, үлдэх үү гэхээс илүү хэрхэн аюулгүй шилжин суурьших вэ, гэдгээ бодох хэрэгтэй”
“Олон нийтийн гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт харьцангуй сайн байдаг ч хүн худалдаалах гэмт хэргийг хүн хулгайлаад хил дамнуулан наймаалах үзэгдэлтэй холбож ойлгоод байдаг. Бодит байдал дээр ихэнх хэрэг танил хүн, ажлын санал, цахим залилангаар дамжин эхэлдэг. “Боловсролтой хүн хууртахгүй” гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Залилагчид ихэвчлэн боловсролтой залуусыг л онилдог. ОУШХБ-ын судалгаанаас харахад эрсдэлт бүлгийн ихэнх нь хүн худалдаалах гэмт хэрэг гэж юу болохыг сайн мэддэггүй байсан. Мэдлэггүй байхаар хүн өөрийгөө хохирогч болсон гэдгээ ойлгодоггүй, нийгэм нь түүнийг буруутгадаг.
2025 онд 30 хохирогч албан ёсоор тогтоогдсон бөгөөд эмэгтэйчүүд байв. Мөрдөн шалгасан хэрэг 85-аас 15 болж буурсан ч яллагдагчийн тоо 89 болж өссөн. 25 хүн гэм буруутай нь тогтоогдсон. Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн орон тоо 6-аас 13 болж өргөжсөн нь нэг ахиц боловч манай улс "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтыг үнэлдэг” олон улсын үнэлгээний хоёрдугаар шатлалд хэвээр байна.
ЖАЙКА-ийн 2025 онд хийсэн “Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдлын судалгаа”-наас харахад Монгол Улсын хэмжээнд ойролцоогоор 40 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, 2024 онд 4,953 хүнд үйлчилсэн байна. Гэвч тэдний 99 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид байсан бөгөөд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод зориулсан төрийн тусгай байр одоогоор байхгүй, мөн эрэгтэй хохирогчдод зориулсан байр огт байхгүй нь анхаарах ёстой асуудал болоод байна.

Шилжилт хөдөлгөөн өөрөө эрсдэл биш ч мэдээлэлгүй, хамгаалалтгүй нөхцөлд хүн хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгт өртөж болзошгүй. Тиймээс ажлын санал, зуучлагч, гэрээгээ урьдчилан нягталж, өөрийн эрхийг мэддэг байхын зэрэгцээ тусламж хэрэгтэй хүнд буруутгалгүй дэмжлэг үзүүлэх нь хүн худалдаалах гэмт хэргээс сэргийлэхэд чухал нөлөөтэй болохыг дээрх ярилцлагаас дүгнэж болохоор байна. Ярилцлагын төгсгөлд бид энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх боломжтой энгийн хэр нь үр дүнтэй аргыг тодруулснаар бид энэ удаагийн ярилцлагаа өндөрлүүллээ.
Зуучлагчаа шалгааарай: Гадаадад ажиллахаар явахын өмнө зуучлагч байгууллага төрөөс зөвшөөрөл авсан эсэхийг заавал шалгаарай.
Хөдөлмөрийн гэрээ байгуулаарай: Гэрээгээ өөрийн эх хэл дээр авч, цалин, ажлын цаг, байр зэрэг нь тодорхой бичигдсэн эсэхийг шалгаж, гэрээний хуулбарыг найдвартай хүндээ үлдээгээрэй.
Гадаад улсад очоод гадаад паспортоо хэнд ч бүү өгөөрэй: Ажил олгогч паспортыг тань хураах нь хууль бус үйлдэлд тооцогдоно гэдгийг санаарай.
Шаардлагатай газрын утасны дугаар, байршлыг тэмдэглээрэй: Очих улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дугаар болон байршлыг явахаасаа өмнө судалж, утсандаа тэмдэглэж хадгалаарай.
Хохирогчийг буруутгах биш, сонсож байгаарай: Ойр дотнын хүн тань энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол сайтар ярилцаж, аюулгүй байдлыг нь хангасны дараа мэргэжлийн байгууллагуудад хамтдаа хандаарай. Нэн түрүүнд хүний эрхийн төлөөх ТББ болон ОУШХБ хандах нь зүйтэй. Дараа нь тэдгээр байгууллагаар дамжуулан хууль, эрх зүйн хамгаалалт авах нь зүйтэй юм.