УБ -1°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Solution Journal 0%
Б.Аззаяа: Хүмүүс амьдралаа залгуулахын төлөө тэмцсээр эрүүл хооллолт, эрүүл мэндээ хоёр, гуравдугаарт тавихад хүрч байна
Solution Journal
Нүүр хуудас / Solution Journal / Б.Аззаяа: Хүмүүс амьдралаа залгуулахын төлөө тэмцсээр эрүүл хооллолт, эрүүл мэндээ хоёр, гуравдугаарт тавихад хүрч байна

Б.Аззаяа: Хүмүүс амьдралаа залгуулахын төлөө тэмцсээр эрүүл хооллолт, эрүүл мэндээ хоёр, гуравдугаарт тавихад хүрч байна

Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч
2026.10.12 · 6 унших

Хоол хүнс бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг төдийгүй хэрхэн хооллож байгаагаас эрүүл мэнд маань шууд хамаардаг билээ. Өнөөдөр таргалалт дэлхий дахинд нэмэгдэж, хүүхэд залуусын хооллолт, хөдөлгөөний дутагдал анхаарал татахын зэрэгцээ цахим орчинд эрүүл хооллолтын тухай зөрүүтэй мэдээлэл олширчээ. Иймд Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан тухайн салбарт тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийг онцлон ярилцдаг “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаараар Хоол зүйч Б.Аззаяатай эрүүл хооллолтын дадал, таргалалт, шим тэжээлийн зохистой хэрэглээний талаар ярилцлаа.

Зочин маань 10 гаруй жилийн өмнөөс цахим орчинд хоол хүнс, шим тэжээлийн талаарх мэдээлэл олшрох үед “сайн, муу хүнс”, хоолны зохицол, органик болон гений өөрчлөлттэй хүнс зэрэг сэдвээр олон янзын, заримдаа туйлширсан мэдээлэл их байгааг анзаарчээ. Хүүхдэдээ хоол өгөх бүрдээ “хангалттай шим тэжээлтэй болов уу, гений өөрчлөлттэй хүнс байх вий дээ” хэмээн санаа зовдог байсан нь түүнийг хоол зүйчээр суралцахад хүргэсэн байна. Харин өнөөдөр тэр өөр шигээ мэдээллийн дунд төөрөлдсөн хүмүүст, ялангуяа гэрийн эзэгтэй нарт монгол хүний амт, монгол айлын гал тогоо, нөхцөл боломжид тохирсон эрүүл хооллолтын зөвлөгөө хүргэхийг зорьдог байна. Түүний хувьд эрүүл хооллолтын гол асуудал нь “юуг идэж болохгүй вэ?” гэхээс илүү “биед шаардлагатай шим тэжээлээ хэрхэн тэнцвэртэй авах вэ?” гэсэн асуултад оршдог аж.

fin-5.jpg

“Нэн түрүүнд шим тэжээлээ ойлгох нь хамгийн чухал. Шим тэжээлийг макро болон микро гэж хуваадаг. Макро шим тэжээлд хүний биед харьцангуй их хэмжээгээр шаардлагатай нүүрс ус, уураг, өөх тос орно. Харин микро шим тэжээлд эрдэс, витамин, антиоксидантууд багтдаг. Үүнийг ойлгочихвол өдөр тутмын хоол хүнсээрээ биед шаардлагатай шим тэжээлээ хэрхэн авах вэ гэдгээ илүү зөв сонгож чадна. Жишээлбэл, нэг таваг хоолыг авч үзвэл тал орчим хувийг олон өнгийн ногоо, дөрөвний нэгийг уураг буюу мах, өндөг, загас, шош, сэвэг зарам зэрэг хүнс, үлдсэн дөрөвний нэгийг цардуул агуулсан чанартай нүүрс ус эзэлж болно. Чанартай нүүрс ус гэдэгт аль болох бага боловсруулсан бор будаа, гурвалжин будаа, төмс зэрэг хүнс орно гэж ойлгож болно. Үүн дээр бага хэмжээний эрүүл өөх тос нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, эрүүл хооллолт гэдэг ганц хүнсийг “супер хүнс” болгох эсвэл нөгөө нэгийг бүрэн хориглох тухай биш юм.”

Хүүхдийн хооллолтын тухайд эцэг эхчүүдийн санааг зовоодог нэг асуудал бол чихэр, амттан болон бусад хүнсний хэрэглээ юм. Хүүхдээ эрүүл өсгөхийг хүссэндээ зарим хүнсийг бүрэн хориглох нь бий. Зарим үед насанд хүрэгчид ч жингээ хасах, эрүүл байх зорилгоор нүүрс ус, зарим төрлийн өөх тосыг хасах нь бий. Гэвч ийм хязгаарлалт хооллох дадал, хүнсний талаарх ойлголтод хэрхэн нөлөөлдөг бол?

Дуртай хүнсээ хорихгүйгээр эрүүл хооллож болох уу?

“Хоол хүнсийг сайн, муу гэж хатуу ангилах нь ялангуяа хүүхдийн сэтгэл зүйн хувьд сөрөг нөлөөтэй байж болно. Тодорхой бүлгийн хоолыг бүрэн хассанаар зөвхөн бие махбодод болон хоолтой харилцах харилцаанд ч асуудал үүсэх эрсдэлтэй. Миний хувьд өдөр тутамдаа 80/20-ийн зарчмыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, ихэнх үедээ шим тэжээлтэй, тэнцвэртэй хооллож, үлдсэн хэсэгт нь гадуур хооллох, амттан идэх, чихэртэй ундаа хэрэглэх гэх мэт сонголтыг бүрэн хорихгүй. Энэ зарчмыг ихэнх эрүүл хүмүүс баримталж болно. Харин өвчтэй, тодорхой эмчилгээний хооллолт шаардлагатай хүн бол мэргэжлийн эмч, хоол зүйчийн зөвлөгөө, хяналтад байх хэрэгтэй. Хүүхдэд зөв бүтэцтэй, шим тэжээлтэй хоол идүүлэхээс гадна хоолтой харилцах сэтгэл зүйн харилцааг нь эрүүл байлгах нь чухал. Тиймээс эцэг эхчүүдэд гурван зүйлийг зөвлөмөөр байна.

Нэгдүгээрт, чихэрлэг хүнсийг заавал хоол идсэний дараа өгөх. Хоёрдугаарт, эцэг эх өөрсдөө үлгэрлэх. Хүүхдэд “ногоо ид” гэж хэлчхээд өөрөө ногоо иддэггүй бол хүүхэд тэр дадлыг тогтооход хэцүү. Гуравдугаарт, 80/20-ийн зарчмыг баримтлах. Хүүхдийг бүх амттанаас нь салгах биш, харин өдөр тутмын үндсэн хооллолтыг нь зөв дадал болгох нь чухал.”

Таргалалтыг зөвхөн жингээр хэмжиж болох уу?

fin.jpg

Эрүүл хооллолт, хоол хүнсний тухай яриаг ихэр мэт дагалдан явдаг бас нэг сэдэв бол таргалалт юм. Сүүлийн жилүүдэд таргалалт нэмэгдэж, дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, бүр “шинэ төрлийн тахал” хэмээн яригдах болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) таргалалтыг эрүүл мэндэд эрсдэл учруулахуйц хэмжээгээр өөх тос хэвийн бус эсвэл хэт их хуримтлагдах үзэгдэл гэж тодорхойлдог бөгөөд дэлхий дээр 7 хүн тутмын 1 нь хэт таргалалттай аж. Энэ нь таргалалт зөвхөн хувь хүний хооллолт, хөдөлгөөний сонголтоос гадна бидний амьдралын хэв маяг, хүнсний орчинтой холбоотой өргөн хүрээний асуудал болсныг харуулж байна. Тэгвэл өнөөдөр дэлхийн хэмжээнд таргалалт ямар түвшинд хүрээд байгаа, Монгол Улсад нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

“Таргалалт бол зөвхөн хувь хүний асуудал болоод зогсохгүй дэлхий нийтийн эрүүл мэндийн томоохон асуудал болсон. Харин ДЭМБ-ын хамгийн сүүлийн 2024 оны тооцоогоор илүүдэл жинтэй насанд хүрэгчдийн тоо 2.6 тэрбумд, таргалалттай хүмүүсийн тоо 940 саяд хүрсэн байна. Дэлхийн насанд хүрэгчдийн 45 хувь нь илүүдэл жинтэй, 16 хувь нь таргалалттай байна. Энэ бол зөвхөн өндөр орлоготой орнуудын асуудал биш. Илүүдэл жин, таргалалт нь бага, дунд орлоготой орнуудад ч нэмэгдэж байна. КОВИД-ын үеэр ажил хөдөлмөр зогсож, хөдөлгөөний хязгаарлалт бий болж, санхүүгийн болон сэтгэл зүйн асуудал, ганцаардал ихээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор таргалалт ч нэмэгдсэн. Тиймээс таргалалт зөвхөн юу идэж байгаагаас хамаардаггүй. Сэтгэл зүйн эрүүл мэндтэй маш холбоотой. Дайн, эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өсөлт зэрэг нь хүний сэтгэл зүйд нөлөөлж байна. Хүмүүс амьдралаа залгуулахын төлөө тэмцсээр эрүүл хооллолт, эрүүл мэндээ хоёр, гуравдугаарт тавихад хүрч байна. Тиймээс таргалалтыг зөвхөн “сахилга батгүй байсан”, “их идсэн” гэж тайлбарлах нь хангалтгүй юм. Үүний цаана хүний амьдралын хэв маяг, сэтгэл зүй, хөдөлгөөн, хоол хүнсний хүртээмж зэрэг олон хүчин зүйл бий. Монгол Улсад ч мөн адил анхаарах шаардлагатай үзүүлэлтүүд бий. 2023-2024 онд Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний судалгаагаар 15-49 насны эмэгтэйчүүдийн 53 хувь, эрэгтэйчүүдийн 57 хувь нь илүүдэл жинтэй байна. Ялангуяа төрөх насны эмэгтэйчүүдийн таргалалтын үзүүлэлт анхаарал татаж байгаа. 2010 онд 32 хувь байсан бол 2017 онд 46 хувь, 2023 онд 53 хувь болж өссөн байна. Энэ бол эхийн эрүүл мэнд, ирээдүйн хүүхдийн эрүүл мэнд, гэр бүлийн хооллолтын дадалтай холбоотой маш том дохио. Тиймээс эцэг эх өөрсдөө эрүүл байх, хүүхдэдээ үлгэрлэх, гэр бүлийн түвшинд зөв хооллолтын дадал бий болгох нь маш чухал.”

fin-2.jpg

Эмэгтэй хүний биеийн онцлог, дааврын өөрчлөлт, бодисын солилцоо нь эрүүл мэндээс гадна жин, өөхний хуримтлалд ч нөлөөлдөг талаар тэрбээр ийн тайлбарласан юм. 

“Энд нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Анагаах ухаан эмэгтэй хүний биеийг тусгайлан судалж, эмэгтэйчүүдийг эмнэлзүйн судалгаанд хангалттай хамруулах ажил харьцангуй хожуу эхэлсэн. Жишээлбэл, АНУ-д 1993 онд NIH-ийн Revitalization Act батлагдсанаар NIH-ийн санхүүжүүлдэг эмнэлзүйн судалгаанд эмэгтэйчүүдийг заавал хамруулах, мөн эмчилгээний үр нөлөө эмэгтэй, эрэгтэй хүмүүст ялгаатай эсэхийг шинжлэх шаардлага тавигдсан. Өмнө нь эмэгтэйчүүдийг судалгаанд хангалттай хамруулахгүй байх, тэр дундаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг судалгаанаас хасах тохиолдол байсан. Үүний нэг шалтгаан нь эмэгтэй хүний дааврын мөчлөг судалгааг илүү төвөгтэй болгоно гэсэн ойлголт байжээ. Тиймээс өнөөдөр эмэгтэй хүний биеийн даавар, сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт, цэвэршилт зэрэг нь бодисын солилцоо, яс, булчин, зүрх судас, жинтэй хэрхэн холбогддог талаар илүү нарийн ойлголт бүрэлдэх шатандаа явж байна. Энэ нь эмэгтэй хүний жин нэмэгдэх шалтгаан бүрийг “их идсэн”, “хөдөлгөөн багатай”, эсвэл “сахилга батгүй” гэж тайлбарлах боломжгүй гэдгийг харуулж байгаа юм.”

-Төрөх насны эмэгтэйчүүдийн илүүдэл жин, таргалалт нэмэгдэж байгаа шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Эмэгтэй хүний амьдралын үе шат бүрд бие махбодод өөрчлөлт явагддаг. Өсвөр нас, нөхөн үржихүйн нас, цэвэршилтийн үе гэх мэтээр авч үзэх шаардлагатай. Өсвөр насанд хүүхдийн яс, булчингийн хөгжил явагддаг. Энэ үед кальци, төмөр болон бусад эрдэс, шим тэжээлийг хангалттай авах нь чухал. Дааврын өөрчлөлттэй холбоотойгоор жин нэмэгдэх тохиолдол байдаг учраас “турах хэрэгтэй”, “хоолоо багасга” гэж шахах нь зөв биш. Нөхөн үржихүйн насанд мөн шим тэжээлийн нягтшил өндөртэй хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Харин 40 нас руу дөхөх үед дааврын өөрчлөлтөөс шалтгаалан булчингийн масс буурч, өөхний хуримтлал, ялангуяа хэвлийн хэсгийн өөх нэмэгдэх хандлагатай болдог. Цэвэршилтийн үед энэ өөрчлөлт илүү тод мэдрэгдэж болно. Тиймээс эмэгтэйчүүдийн таргалалтыг гоо сайхны асуудал гэж харахаас илүүтэй, эрүүл мэндийн цогц асуудал гэж харах хэрэгтэй.

Булчингаа хөгжүүлэх нь жин барихад төдийгүй ясны эрүүл мэндэд ч тустай

Таргалалтаас сэргийлэх тухайд зөвхөн идэж буй хоолныхоо хэмжээг багасгах, жингийн тоонд төвлөрөх нь хангалтгүй аж. Хүний биеийн жин, өөхний хуримтлалд хооллолтоос гадна булчингийн масс, хөдөлгөөний идэвх, нас, дааврын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг юм байна. Тиймээс жингийн тоонд хэт анхаарахаас илүүтэй биеийн ерөнхий эрүүл мэндээ дэмжих, шим тэжээлийн хэрэгцээгээ хангах, тогтвортой эрүүл дадал хэвшүүлэх нь чухал ажээ. 

fin-1.jpg

“Бага ид гэдэг зөвлөгөө дангаараа хангалттай биш болсон. Хамгийн чухал зүйлсийн нэг нь булчин. Булчингийн масс сайн байх тусам бодисын солилцоо болон глюкозын зохицуулалтад эерэг нөлөөтэй. Тиймээс аль болох залуу наснаасаа булчингаа хамгаалах хэрэгтэй. Таргалалтаас сэргийлж, эрүүл амьдралын хэв маяг бий болгоход дараах таван зүйлийг анхаарч болно.

Нэгдүгээрт, өглөөний цайгаа тогтмол уух. Өглөө зөвхөн боорцог, талх идэх эсвэл кофе уугаад гарах нь хангалттай хооллолт биш. Өглөөний хоолонд уураг агуулсан хүнс оруулах нь чухал. Уураг нь булчингийн эдийг тэтгэхэд шаардлагатай. Ялангуяа нас ахих тусам булчингийн массаа хамгаалах нь улам чухал болдог. Тиймээс өглөөний цайгаа өдрийн эхний шим тэжээлтэй хоол гэж харах хэрэгтэй.

Хоёрдугаарт, уургаа хангалттай авч, булчингаа хамгаал. Биеийн жингийн нэг килограмм тутамд 1.2-1.5 грамм уураг хэрэглэхийг зөвлөж байна. Жишээлбэл, 60 кг жинтэй хүн өдөрт ойролцоогоор 90-100 грамм уургийг өглөө, өдөр, оройн хоолондоо хуваарилан авах боломжтой. Булчингийн масс сайн байх нь бодисын солилцоо, глюкозын зохицуулалт, ясны эрүүл мэндэд маш чухал. Тиймээс жингийн тоонд хэт анхаарахаас илүү биеийн эрүүл галбиртай байх, булчингийн массаа хамгаалах нь чухал.

Гуравдугаарт, эслэгийн хэрэглээг нэмэгдүүлэх. Ногоо, бүхэл үр, самар, үр зэрэг хүнсэнд эслэг агуулагддаг. Эслэг бол хүний биед бүрэн шингэдэггүй хүнсний бүрэлдэхүүн хэсэг. Гэхдээ энэ нь “биед хэрэггүй” гэсэн үг биш. Харин ч гэдэсний хэвийн үйл ажиллагаа болон бичил орчинд чухал үүрэгтэй. Эслэг нь гэдэсний замаар дамжихдаа биед шаардлагагүй зарим бодисыг гадагшлуулахад тусалж, өтгөний хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн гэдсэнд байдаг ашигтай бактерийн гол тэжээлийн нэг нь эслэг юм. Харин энгийн сахар ихтэй хооллолт нь ашиггүй бактерийн өсөлтийг дэмжих талтай. Тиймээс эслэгийг зөвхөн “өтгөн хатахаас сэргийлдэг зүйл” гэж ойлгож болохгүй. Өдөрт багадаа 30 грамм эслэг авахыг зорьж болно. Үүнийг зөвхөн салатнаас авах шаардлагагүй. Ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн, самар, үр, жимс зэрэг олон төрлийн хүнснээс авч болно.

Дөрөвдүгээрт, гэдэсний бичил орчноо хамгаал. Гэдэсний бичил орчин нь эрүүл мэндийн олон үзүүлэлттэй хамааралтай. Бидний идэж байгаа хоол гэдсэнд амьдардаг бичил биетнүүдэд ч мөн “хоол” болдог. Тиймээс өдөр бүр нэг төрлийн хоол идэхээс илүү олон төрлийн ногоо, бүхэл үр, самар, үр зэрэг эслэгтэй хүнсийг хоолондоо оруулах нь чухал. Гэдэсний бичил биетэн, бичил орчны тэнцвэр алдагдах нь хоол боловсруулалт, гэдэсний хямралд хүргэхээс гадна хүний эрүүл мэнд, тэр дундаа тархи, сэтгэл санаатай шууд холбоотой. 

Тавдугаарт, хүчний дасгал хийж, булчингаа насан туршдаа хамгаал. Долоо хоногт 2-3 удаа хүчний дасгал хийх нь чухал. Булчин нь ясыг дэмжиж, ясны бат бөх байдалд нөлөөлдөг. Нас ахих тусам ясны чанар муудаж, сийрэгжих эрсдэл нэмэгддэг тул булчингийн масс сайн байх нь хамгаалалт болдог. Мөн булчингийн масс сайн байх тусам глюкозын зохицуулалт илүү сайн, өөх хуримтлал бага байх боломжтой. Тиймээс дасгал хөдөлгөөнийг жин хасах хэрэгсэл гэж харах хэрэггүй. Хөгшрөхдөө ямар биетэй байх вэ гэдгээ өнөөдөр булчингаа хамгаалж эхэлснээр бэлдэж байна гэж ойлгож болно.

Хоол зүйч Б.Аззаяа булчингийн масс, түүнийг хадгалахын ач холбогдлыг ахин дахин онцлов. Үүний цаана анагаах ухааны Вольфын хууль хэмээх зарчим бий. Уг зарчмаар ясанд ирэх механик ачааллын өөрчлөлтөд яс өөрийн бүтэц, бат бөх байдлаа дасан зохицуулдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, булчин агших үед ясанд ачаалал өгч, ясны бат бөх байдлыг хадгалахад дэмжлэг үзүүлдэг байна. Харин хөдөлгөөний дутагдал нь булчингийн масс төдийгүй ясны нягт буурахад нөлөөлж болзошгүй аж. Иймээс булчингаа хөгжүүлж, хадгалах нь жингээ барихад тустайгаас гадна ясны эрүүл мэндэд ч чухал ач холбогдолтой байна.

“Эрүүл хооллолтын шийдэл гал тогооноос эхэлнэ”

Өнөөдөр эрүүл хооллолт нэг төрлийн тренд болж, эрүүл байхын тулд заавал үнэтэй бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй гэсэн ойлголт ч түгээмэл болжээ. Гэвч эрүүл хооллолт гэдэг заавал шинэ бүтээгдэхүүн турших, үнэтэй хүнс худалдан авахын нэр биш юм. Харин өдөр тутамдаа ямар хүнс сонгож, хэрхэн хослуулан, ямар хэмжээгээр хэрэглэж байгаагаас ихээхэн хамаардаг аж.

“Эрүүл хооллолтыг заавал үнэтэй, импортын бүтээгдэхүүнтэй холбох шаардлагагүй. Байгаль өөрөө тухайн орон нутагт амьдарч байгаа хүнд хэрэгтэй хүнсийг улиралтай нь уялдуулан өгдөг гэж би боддог. Гол нь байгалиа сүйтгэхгүйгээр, хэт их боловсруулахгүйгээр хүртэх хэрэгтэй. Өнөөдөр дэлгүүрийн лангуу хүнсний маш олон сонголттой болсон. Гэхдээ “шим тэжээлтэй юу” гэдгээс илүү “амттай юу”, “хурдан бэлдэх үү”, “гоё савлагаатай юу” гэдэг нь бүтээгдэхүүний сонголтыг тодорхойлох болсон. Ингээд өмнө нь бидний өдөр тутмын энгийн хооллолт байсан зүйл хүртэл нэг төрлийн “эрүүл хоолны дэглэм” мэт харагддаг болжээ. Тэгэхээр бид эргээд гал тогоондоо орж, хоол хүнсэндээ нарийн анхаарал хандуулж байж эрүүл мэндийн олон асуудлыг шийдэх боломжтой. Хэрэглэгч өөрөө худалдан авалт хийдэг, тиймээс сонголт хийх хүч хэрэглэгчийн гарт бий. Бид мөнгөөрөө ямар бүтээгдэхүүнийг дэмжиж байна, тэр бүтээгдэхүүн л цаашид хөгжөөд явна. Чихэрлэг ундаа байнга худалдаж аваад байвал тэр зах зээл улам тэлнэ. Тиймээс хүнсний сонголтоо гартаа авах хэрэгтэй. Мөн орон нутгийн ногоо тарьдаг, мал малладаг хүмүүсээ дэмжих нь чухал. Айл болгон нэг сайн малчин, нэг сайн ногоочинтой хамтрахад л жижиг, дунд бизнесүүд ч хөгжих боломжтой. Эрүүл хооллолт гэдэг нь бүх зүйлийг нэг дор өөрчлөх, хооллолтоо төгс болгох тухай биш юм. Өөрийн боломж нөхцөлд тааруулаад чадахаараа эрүүл хооллолтын сонголт хийх тухай юм. Боломжтой үедээ боловсруулалт багатай хүнс сонгох, ногоогоо нэмэх, уургаа хангалттай авах, бүхэл үр хэрэглэж сурах, уламжлалт хүнсээ мартахгүй байх зэрэг жижиг өөрчлөлтүүдээс эхэлнэ.”

fin-4.jpg

-Монголчуудын уламжлалт хооллолт орчин үеийн амьдралын хэв маягтай хэр зэрэг нийцэж байна вэ?

-Монголчуудын уламжлалт хооллолт тухайн үеийн амьдралын хэв маягтайгаа зохицсон байсан. Өмнө нь монголчууд биеийн хүчний ажил их хийж, мал аж ахуй эрхлэн, халуун хүйтэнд гадаа их явдаг байсан. Тиймээс өөх тос, гурил, мах зэрэг илүү их илчлэгтэй хүнс хэрэглэх нь тухайн амьдралын нөхцөлд тохирч байсан. Харин орчин үед монгол хүний амьдралын орчин эрс өөрчлөгдсөн. Биеийн хүчний ажил нэг их хийхгүй, өдөржин сууж ажиллах нь түгээмэл. Гэхдээ энэ нь уламжлалт хоол хүнсээ хэрэглэж болохгүй гэсэн үг биш бөгөөд хэмжээ, бүтэц, хэрэглээний давтамжийг өнөөгийн амьдралын хэв маягтайгаа тохируулах шаардлагатай. Тиймээс уламжлалт хоол хүнсээ бүрэн орхилгүй өнөөгийн амьдралын нөхцөлд тохируулан хэрэглэх хэрэгтэй. Бид өмнө нь зөв, сайн хэрэглэж байсан олон хүнсээ буцаад сэргээх хэрэгтэй. Ааруул, цагаан идээ, дотор мах, нэрс, аньс, самар зэрэг манай уламжлалт болон байгалиас авдаг хүнснүүд шим тэжээлийн хувьд маш их үнэ цэнтэй. Жишээлбэл, дотор мах нь зарим шим тэжээлийн хувьд махнаас илүү нягт агууламжтай байж болно. Тараг зэрэг исгэсэн хүнс нь ашигтай бактерийн эх үүсвэр болдог. Гэтэл өнөөдөр хүүхдүүд гэдэс дотор идэхгүй, ааруул цагаан идээ идэхгүй байх нь нэмэгдэж байна. Бидний өмнө нь хэрэглэж байсан хүнснүүдийг орчин үеийн хооллолтод тохируулан буцааж оруулах хэрэгтэй. Энэ нь уламжлалт хүнснийхээ үнэ цэнийг ойлгож, өнөөгийн амьдралын нөхцөлд тохируулан хэрэглэх тухай юм.

Хоолны талаарх мэдээллийг ямар шүүлтүүрээр харах вэ?

Эрүүл хооллолтын тухайд үнэтэй бүтээгдэхүүн сонгохоос илүүтэй зөв мэдээлэлд тулгуурлан хүнсээ сонгох нь чухал юм байна. Харин цахим орчинд хоол хүнстэй холбоотой олон янзын, заримдаа зөрчилдсөн мэдээлэл түгээмэл болсон энэ үед аль мэдээлэлд итгэж, хэрхэн зөв сонголт хийх вэ?

“Хэн ч өөрийн өнцгийг батлах нэг судалгааг олоод гаргаж ирэх боломжтой болсон цаг үед бид амьдарч байна. Тиймээс нэг мэдээллийг хараад шууд үнэмшихээсээ өмнө “энэ хүн ямар үндэслэлээр, ямар шалтгаанаар энэ мэдээллийг түгээж байгаа вэ” гэж асуух хэрэгтэй. Мөн тухайн судалгааны санхүүжилтийг харах нь чухал. Нэг судалгааг дангаар нь авч үзэхээс илүү суурь мэдлэгтэй байх, олон талаас нь харах шаардлагатай. Эрүүл хооллолт гэдэг нэг долоо хоногийн дэглэм биш. Өөрийн бие, нас, амьдралын хэв маяг, орчиндоо тохирсон хооллолтыг удаан хугацаанд дадал болгох тухай юм. Бүх зүйлийг төгс болгох гэж яарах шаардлагагүй. Харин өдөр бүр хийдэг сонголтоо бага багаар эрүүл тал руу нь өөрчлөх хэрэгтэй.”

- Ярилцсанд баярлалаа.

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Халиун
Б.Халиун
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.