Сүүлийн жилүүдэд технологийн хөгжлөөс хамааран цахим залилан, санхүүгийн гэмт хэргийн тоо хурдацтай нэмэгдэж түүнийгээ дагаад бид өөрөө өөрийгөө цахим залилангаас хамгаалах мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай тулгарч байна. Иймд “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид Монголбанкны Санхүүгийн боловсрол, харилцааны газрын ахлах мэргэжилтэн М.Нургулыг урьж цахим залилан болон санхүүгийн боловсролын талаар ярилцлаа.
Бидний яриа манай улсад үүсээд буй цахим гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулснаар эхэлсэн юм. Мөн цахим залилан мэхлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх боломжтой талаар энэ удаагийн дугаарт онцоллоо.
Ятгах тусам нягтал!

-Бид санхүүгийн боловсрол гэхээр л мөнгөө удирдаж, хуримтлуулж сурах талаар түлхүү ярьдаг. Гэтэл санхүүгийн боловсролын салшгүй нэг хэсэг нь цахим залилангаас сэргийлэх байдаг шүү дээ.
-Санхүүгийн боловсрол бол ерөнхийдөө маш амархан. “Мөнгөө яаж удирдах вэ”, “мөнгөө удирдахын тулд би юу мэддэг байх ёстой вэ, би юу хийж чаддаг байх ёстой вэ” гэдгээ мэддэг түүнийгээ дадал болгож чадсан байхыг л хэлж байгаа юм. Олон улсын нэршлээрээ мэдлэг, чадвар, хандлага гэж тодорхойлдог.
Уламжлалт ойлголтоор санхүүгийн боловсрол нь зөвхөн мөнгөө хуримтлуулах, өрхийн төсвөө төлөвлөх, пин кодоо хадгалах, картаа хулгайд алдахаас сэргийлэх тухай байсан бол өнөөдөр бүх зүйл цахим орчинд шилжсэнтэй холбоотойгоор "цахим аюулгүй байдал" нь санхүүгийн боловсролын суурь сэдэв болон өөрчлөгдөөд байна. Дэлхий нийтээрээ цахимд шилжчихлээ шүү дээ. Тэрийгээ дагаад цахим залилан, цахим гэмт хэргийн тоо жил ирэх тусам хурдацтай нэмэгдэж байна.
Монгол Улсын хувьд 2017 оноос эхлэн цахим залилангийн асуудлаар бодлогын түвшинд анхаарч эхэлсэн бөгөөд тухайн үед Монголбанк болон Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) хамтран "Ятгах тусам нягтал" анхны нөлөөллийн аяныг эхлүүлж байлаа. Энэхүү аяны үр дүнд олон нийт маш сайн нягталж шалгадаг болсон байхгүй юу. Өөрөөр хэлбэл, тухайн үед фэйсбүүкээр “найздаа мөнгө зээлээч” гэхэд л шууд бүх мөнгөө шилжүүлээд л залилуулдаг тохиолдол их байсан шүү дээ. Гэтэл тус аяны дараагаар хүн бүр “яг манай найз мөн үү, гээд заавал залгаж асуудаг болсон. Түүнээс хойш бид жил бүр тасралтгүй 1-2 аян тогтмол явуулсаар байна.
"Санхүүгийн боловсрол бол нэг өдөрт эзэмшдэг зүйл биш, насан туршийн дадал юм"
-Санхүүгийн боловсрол гэдэг нь нэг өдөр сургалтад сууснаар шууд эзэмшчихдэг зүйл биш, хүний хандлагыг өөрчлөх урт хугацааны үйл явц байдаг. Тиймээс олон улсын зарчмын дагуу бид залуу үедээ багаас нь эхлэн насанд нь тохирсон агуулгыг бодлогоор, системтэй өгөхийг зорин ажиллаж байна. Тухайлбал, Боловсролын яамтай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан "Бизнес судлал" сонгон судлах хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулсан бөгөөд одоогоор 1,000 орчим сурагч сонгон судалж байна гэсэн мэдээ ирсэн. Харин их, дээд сургуулийн оюутнуудад зориулан "Хувь хүний санхүү" кредит хичээлийг оруулан, мөнгөний үнэ цэн болон алдагдсан боломжийн өртгийг ойлгуулахад анхаарч байна. Энэ хичээлийн жилд л гэхэд МУИС-ийн харьяа сургуулиудын 600 гаруй оюутан уг хичээлийг сонгон судалж байгаа нь чамлахааргүй үзүүлэлт юм.
Гэхдээ оюутан, сурагчдын хувьд санхүүгийн хичээлийг сонгон судлахад зарим нэг бодит хүндрэлүүд гардаг. Ахлах ангийн сурагчид ихэвчлэн Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх үндсэн хичээлүүддээ түлхүү анхаарал хандуулдаг учраас санхүүгийн хичээлийг заавал судлах хичээлээр нэрлэх боломжгүй юм. Залуусын санхүүгийн хэрэгцээ, мэдлэг тэлэхийн хэрээр энэхүү хичээлийг сонгон судлах сурагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэх болов уу, хэмээн харж байна.

Бид зөвхөн сургуулийн орчноор хязгаарлагдахгүй олон нийтэд, орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох ажлыг тасралтгүй зохион байгуулдаг. Жил бүр зохион байгуулдаг "Дэлхийн мөнгөний долоо хоног" болон 10 сард тохиодог "Дэлхийн хуримтлалын өдөр"-өөр арилжааны банкнуудтай хамтран хуримтлалын ач холбогдлыг орон нутаг даяар сурталчилж байна. Мөн танхимын богино хугацааны сургалт хангалтгүй учир "Sanhuugiinbolovsrol.mn" вебсайт болон сошиал сувгуудаар дамжуулан иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй, хэвшил болохуйц санхүүгийн болон цахим аюулгүй байдлын мэдлэгийг тогтмол хүргэхийг зорин ажиллаж байна.
Олон улсын дата аналитикийн байгууллагаас гаргасан статистик мэдээгээр дэлхий даяар цахим залилангийн гэмт хэрэг 10.0 их наяд орчим ам.долларын хохирол учруулсан байна гэжээ. КОВИД-19 цар тахлын улмаас 2020 оноос эхлэн улс орнууд хөл хорио тогтоосноор цахим худалдан авагчдын тоо жил тутам 20 хувиар өсөж байгаагаас цахим залилан хурдацтай өссөн гэж шинжээчид үзсэн байна. Судлаачдын хийсэн дүгнэлтээр цахим сүлжээний төрөл, хэрэглэгчдийн хүрээ тэлэх тусам залилах гэмт хэргийн хохирогчдын тоо хурдацтай нэмэгдэж нийт гэмт хэргийн дийлэнх хувийг эзлэх болжээ.
Зарим улс орны нөхцөл байдлыг жишээ татаж үзвэл энэ оны эхний хагаст ОХУ-д бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 38.2, Японд 15, Европын холбооны гишүүн орнуудад 25, БНХАУ-д 36 хувь нь тус тус цахим залилан байна. Өөрөөр хэлбэл, олон улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг нийт гэмт хэргийн дунджаар гуравны нэгийг эзэлж байна.
Улс орнуудад цахим залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй хамгийн шалгарсан арга нь хууль сахиулах байгууллагын дэргэд бүх төрлийн цахим залилангийн гомдлыг төвлөрүүлэн бүртгэх, дүн шинжилгээ хийх, банкнууд руу хөрөнгийг царцаах мэдэгдэл илгээх нэгж байгуулах юм. Иргэд залилангийн гүйлгээг 30 минутаас богино хугацаанд мэдээлбэл царцаах магадлал өндөр ба дараагийн хүмүүс хохирохоос сэргийлдэг тул уг арга хэмжээг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хамгийн үр дүнтэй арга хэмээн үздэг юм байна.
“Залилан ихэвчлэн тогтсон орлоготой хүмүүс рүү чиглэдэг”
Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсрол олгох зорилготой хэрэгжсэн 2020 оны “Ятгах тусам нягтал” аяны тайлангаас харахад аян хэрэгжсэн нэг сарын хугацаанд 2020 оны нэгдүгээр сард залилах гэмт хэрэг 2019 оны мөн үеэс 15.3 хувиар буюу 98 хэргээр буурсан үр дүнтэй байжээ. Мөн 2020 онд буюу одоогоос 6 жилийн өмнө нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 17.1 хувиар буюу 92 хэргээр, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буюу 6 хэргээр тус тус буурсан талаар ЦЕГ-аас мэдээлж байв. Тэгвэл энэ оны байдлаар цахим залилангийн тоо буурсан эсвэл нэмэгдсэн эсэхийг бид тодруулсан юм.

-"Ятгах тусам нягтал" аян эхэлж байсан үетэй харьцуулахад өнөөдөр цахим залилангийн гэмт хэргийн эзлэх хувь ямар түвшинд байгаа вэ?
-Шулуухан хэлэхэд, залилангийн гэмт хэрэг байнгын өсөлттэй байдаг. Цагдаагийн байгууллагаас мэдээлж буй нийт гэмт хэргийн ойролцоогоор 30 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. Яагаад гэвэл залилагчдын арга барил өдөр бүр сайжирсаар байдаг. Залилан үйлдэгддэг хоёр суурь хөшүүрэг байдаг нь, нэгдүгээрт, иргэдийн мэдлэг дутуу байгааг ашигладаг. Хоёрдугаарт, хүний мөрөөдөл, хүсэл хэрэгцээн дээр тоглодог. Азад итгэдэг, гэнэт баяжих, амар хялбар аргаар ашиг олох гэсэн хүсэл эсвэл тухайн цаг үеийн тулгарсан хэрэгцээг нь өгөөш болгож ашигладаг.
Түүнээс гадна хүмүүс орлого нэмэгдэхээр цахим залилан багасна гэж боддог ч үгүй шүү дээ. Мөнгөгүй, орлогогүй хүмүүс залилуулаад байгаа юм биш. Залилан хэн рүү чиглэдэг вэ гэвэл ихэвчлэн тогтсон орлоготой, мөнгөтэй, эсвэл мөнгө босгох боломжтой хүмүүс рүү л чиглэдэг. Тиймээс бид санхүүгийн боловсрол сайн байх нь хамгийн чухал.
- Аль нэг сард цахим залилангийн тоо, хэмжээ өсөх тохиолдол байдаг байх?
-Мэдээж. монголчуудын хэрэгцээ, баяр ёслолын мөчлөгийг залилах гэмт хэрэг үйлдэгч маш сайн мэднэ шүү дээ. Жишээлбэл, есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жил эхлэхэд иргэдэд сургалтын төлбөр, зээлийн хэрэгцээ гардаг. Энэ үеэр "Шуурхай зээл олгоно", "Дансанд мөнгө байршуулна", "Бичиг баримт бүрдүүлж өгнө" гэх мэт зээл олгодог залилангууд идэвхэждэг.
Шинэ жил, Цагаан сарын үеэр бэлэг дурсгал, ууц чанах, дээл оёх, онлайн худалдааны залилан эрс нэмэгддэг. Бусад үед сугалаа, азтан боллоо гэх мэт хүний хэрэгцээнд тулгуурласан гэмт хэргүүд явагддаг. Япон, Солонгос гээд бусад улсууд ч ялгаагүй яг ижилхэн шүү дээ. Ер нь өмнөх онуудтай харьцуулахад энэ жил түлхүү ажиглагдаж байгаа залилан гэдэг ч юм уу, онцлог гэж зүйл бараг байхгүй дээ. Яагаад гэвэл залилагч нар бүх аргаа хэрэглэдэг харин залиланд өртөх үү, үгүй юу гэдэг өөрсдөөс маань л шалтгаална.
Цахим залилангийн нөхцөл байдлын талаар
Улсын хэмжээнд энэ оны есдүгээр сарын байдлаар үлдэгдэл 12,552 залилах гэмт хэрэг шалгагдаж байгаагаас Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар 1,055% ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар 3,197, Эрүүгийн цагдаагийн алба 59, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн нэгжүүд 8,231 тус тус шалгаж байгаа аж.
2026 оны аравдугаар сарын байдлаар тус гэмт хэргээр нийт 469,664,537.484 төгрөгийн хохирол учирч, 116,273,048.725 төгрөгийн хохирлыг цагдаагийн байгууллагаас нөхөн төлүүлсэн байна.
"Мөнгө асууж л байвал энэ залилан байх магадлалтай"
-Залилангийн хэд хэдэн аргачлалууд бол байдаг. Фишинг (Phishing) буюу загасанд өгөөш хаядагтай яг ижил. Имэйл, фэйсбүүк, мессежээр "Та азтан боллоо", "Танд бэлэг ирлээ" гэх мэт сонирхол татсан линк, мэдээлэл ирүүлдэг. Тэр линк дээр нь дарсан хүн өгөөшинд орлоо л гэсэн үг. Дараа нь Понзи (Ponzi) буюу хөрөнгө оруулалтын луйврын арга байна. "Манайд хөрөнгө оруулбал өндөр хүүтэйгээр, богино хугацаанд өсгөж өгнө" гэсэн амлалт өгдөг.
Зарим тохиолдолд крипто валют, бонд, шинэ төрлийн сүлжээний бизнесийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж байна. Өнгөрсөн жил телеграм залилан бас нэлээн газар авсан гэх мэтчилэн цахим залилангийн олон төрөл байгаа. Гэхдээ залилангийн арга нь ижилхэн учраас тэрийг хувь хүн ялгаж таних нь чухал. Ерөнхийдөө залилангийн эцсийн зогсоол нь танаас ямар ч хамаагүй аргаар мөнгө салгах л байдаг. Мөнгө асууж л байвал энэ залилан байх магадлалтай гэсэн үг.
Цахим хэрэгсэл ашиглаж үйлдэгдсэн залилах гэмт хэрэг
Улсын хэмжээнд цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэргийн гаралт нь 2020 оноос хойш эрчимтэй өссөн бөгөөд энэ нь "КОВИД-19" цар тахлын үед иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэж, онлайн худалдаа, хүргэлт, банк санхүүгийн үйлчилгээ, сошиал сүлжээний хэрэглээ өргөжсөнтэй холбоотой байна. Тухайлбал, манай улсын цагдаагийн байгууллагад сүүлийн 10 жилийн хугацаанд цахим хэрэгсэл ашиглаж үйлдэгдсэн залилах гэмт хэргийн тоон үзүүлэлтийн өсөлтийг графикаар илэрхийлбэл дараах нөхцөл байдалтай байна.

Улсын хэмжээнд энэ оны эхний VII сарын байдлаар цахим орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 7,835 буюу 76.4 хувийг цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь жил ирэх тусам тогтмол өсөж, иргэдийн эд хөрөнгө, мэдээллийн аюулгүй байдал, цахим үйлчилгээний итгэлцэлд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх болсон ажээ.
Гэмт хэргийн төрөл, ашиглаж байгаа платформын талаар
Энэ төрлийн гэмт хэрэг нь цахим хэрэгсэл ашиглаж иргэдийн эдийн засгийн эмзэг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох, хямд үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах, борлуулах сонирхолд тулгуурлан дараах үндсэн 16 төрлөөр үйлдэгдэж байгаа гэсэн сүүлийн үеийн судалгааны үр дүн байна.

Харин цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг нь иргэдийн түгээмэл ашигладаг дараах үндсэн 5 платформоор дамжин үйлдэгдэж байна.

“Бид бүгд хамтарч ажиллаж байж л бодит үр дүнд хүрнэ"
-Цахим залилантай тэмцэхэд Монголбанк, арилжааны банкууд болон ЦЕГ хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
- Цахим залилан гэдэг бол ганцхан байгууллага тусдаа тэмцээд үр дүнд хүрдэг зүйл биш гэдэг нь аль хэдийн нотлогдсон. Төв банкны тухай хуулийн 1.7-д "Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах" гэсэн тодорхой заалт байдаг. Энэ чиг үүргийнхээ дагуу Монголбанк бодлогоор манлайлж, ЦЕГ болон арилжааны банкнуудтай хамтран ажиллаж байна. Цагдаагийн байгууллага иргэдээ хамгаалж, хэргийг мөрдөн шалгадаг бол арилжааны банкнууд харилцагчийнхаа аюулгүй байдлыг хангах, Төв банк суурь мэдлэг олгох бодлогыг барьж ажилладаг. Бид 2016 оноос хойш тасралтгүй хамтарсан аян, бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй олон ажлын хамгийн энгийн жишээ гэхэд л бид иргэдийн өдөр тутмын хэрэглээнд тулгуурлан санамж, сэрэмжлүүлгийг хүргэдэг. Жишээлбэл, АТМ-ийн дэлгэц дээр анхааруулга гаргах, банкны аппликэйшн руу нэвтрэхэд поп-ап (pop-up) цонхоор залилангийн гүйлгээнээс сэргийлэх бичиг гаргадаг болсон гэх мэт. Мөн банкнаас бусад санхүүгийн салбарыг хариуцдаг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-той байнга уялдаатай ажилладаг. Тэгэхээр Төв банк нийт иргэдийнхээ санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх ажлыг бодлогын хэмжээнд авч явдаг, арилжааны банкнууд харилцагчаа хамгаалах ёстой, цагдаагийн байгууллага иргэдээ хамгаалах ёстой. Тиймээс бид бүгд хамтарч ажиллаж байж л бодит үр дүнд хүрнэ гэсэн үг. Гэхдээ нэг аян нөлөөллийн ажил явуулахаар иргэд сэрэмжлээд залилангийн тоо буурчихдаг. Аян дуусахаар эргээд нэмэгдчихдэг. Тиймээс бид зөвхөн түр зуурын аян хийх биш, тасралтгүй хэрэгжих бодлогын түвшний хөтөлбөрийг батлахаар ЦЕГ, МБХ-той хамтран ажиллаж байна.

-Хамтарч ажиллахад ямар хүндрэл, сорилтууд тулгардаг вэ. Мөн иргэд залилуулсан тохиолдолд банкийг түлхүү буруутгах хандлага ажиглагддаг. Энэ тал дээр та тайлбар өгөх боломжтой юу?
-Хамтарч ажиллахад тулгамддаг хамгийн том асуудал бол хүртээмж болон санхүүжилт байдаг. Нийт нийгэм, масс руу чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг тогтмол явуулах, олон хүнд нэгэн зэрэг хүргэхэд асар их хугацаа болон зохион байгуулалтын санхүүжилт шаардагддаг. Залилагчдын арга барил өдөр бүр шинэчлэгдэж зээл олгох, сугалаанд оролцох, төрийн байгууллагын нэр барих гэх мэт иргэдийн хэрэгцээ шаардлага дээр тоглолт хийдэг учраас бид мэдээлэл нөлөөллийн ажлаа тасралтгүй, шинэлэг хэлбэрээр хүргэх шаардлагатай тулгардаг.
Аппликэйшний нууц үгээ алдаж залилуулсан иргэдийн хувьд ихэвчлэн банкийг буруутгах хандлага ажиглагддаг. Гэтэл банкны аппликэйшн дээр "Гүйлгээ хийхээсээ өмнө сэрэмжлээрэй" гэсэн санамж гарч ирдэг шүү дээ. Тэр "Шилжүүлэх" гэдэг товчийг банк биш, тухайн иргэн өөрийн сонголтоор дарж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Иргэд санхүүгийн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгөө өсгөх гэсэн хүсэлдээ хөтлөгдөн болгоомжгүй үйлдэл гаргадаг. Банк хүний гараас урьтаж тархийг нь удирдаж, үйлдлийг нь зогсоох боломжгүй шүү дээ. Тиймээс иргэд сэрэмжтэй байж өөр өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй.
"Өндөр орлоготой аймгуудын санхүүгийн боловсролын түвшин маш доогуур үзүүлэлттэй гарсан"

- Бид 21 аймагт хүн бүрд хүрч ажиллаж чадахгүй учраас орон нутагт сургагч багш нарыг бэлтгэх замаар орон нутагт санхүүгийн мэдлэг түгээдэг. Жишээлбэл, Өмнөговь аймагт Санхүүгийн боловсролын төв ажилладаг бөгөөд зарим аймаг ЗДТГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ чиглэлийг тусган маш идэвхтэй хамтарч ажиллаж байна.
Сонирхуулахад Монголбанкнаас 2012 онд анх иргэдийн санхүүгийн суурь түвшнийг тогтоох судалгаа хийж байсан бол 10 жилийн дараа буюу 2022 онд дахин хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад хамгийн өндөр орлоготой аймгуудын санхүүгийн боловсролын түвшин маш доогуур үзүүлэлттэй гарсан. Тухайлбал, Өмнөговь болон Орхон аймгийн иргэдийн хувьд уул уурхай, үйлдвэрлэлийг дагаад өрхийн орлого маш өндөр байдаг. Гэвч өрхийн гишүүд ээлжээр ажилладаг тохиолдолд эцэг эхчүүд хүүхдүүддээ хяналтгүйгээр их хэмжээний мөнгө өгөөд орхичихдог зэрэг сөрөг зан төлөвүүд ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс санхүүгийн хүсэл болон хэрэгцээгээ ялгаж чадахгүй байна гэсэн үг.
Цахим залилангийн гэмт хэрэг нь дан ганц санхүүгийн алдагдалд хүргээд зогсохгүй, тухайн хүний сэтгэл зүйд асар том цохилт болж, гүн хямрал болон өрийн дарамтад оруулдаг. Түүнээс гадна “Би хэзээ залилуулах бол, энэ цахим залилан биш байгаа гэсэн” байнгын сэтгэл түгшилттэй байх нь ч бидний зан төлөвт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс иргэд санхүүгийн эрсдэлээс өөрөө өөрийгөө хамгаалахын тулд “бүх өндгөө нэг сагсанд битгий хийгээч” гэж хэлмээр байдаг юм. Мөн эрсдэл даах хэмжээний мөнгөөр санхүүгийн харилцаанд оролцдог зан төлөвийг хэвшүүлэх шаардлагатай.
Цахим залилангаас хэрхэн сэргийлэх вэ?
Арваннэгдүгээр сарыг дэлхий нийтээр "Санхүүгийн луйвраас хамгаалах сар" болгон зарласан байдаг бөгөөд Монголбанк, ЦЕГ болон арилжааны банкнууд хамтран жил бүр иргэдийг цахим залилангаас сэргийлэх, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх өдөрлөг, аянуудыг амжилттай хэрэгжүүлсээр байгаа ажээ. Гэвч эцсийн дүндээ бидний хэтэвчийг, бидний насан туршдаа хуримтлуулсан хөрөнгийг цахим залилангаас хамгаалах хүн бол бид өөрсдөө гэдгийг мэргэжилтэн М.Нургул онцолж байлаа. Тэрбээр ярилцлагын төгсгөлд цахим залилангаас хэрхэн сэргийлэх боломжтой талаар чухал зөвлөгөөг өгснөөр бидний энэ удаагийн ярилцлагаа өндөрлөсөн юм.
Та цахим орчинд санхүүгийн аюулгүй байдлаа хангахын тулд дараах алхмуудыг дадал болгоорой:
1. Албан ёсны эх сурвалжийг заавал шалгаарай: Азтан, сугалаа, эсвэл ямар нэгэн аян, урамшууллын мэдээлэл хүлээж авбал тухайн банк болон байгууллагын албан ёсны вебсайт болон сошиал хуудас руу орж нягтлах.
2. Шилжүүлэхээсээ өмнө сайтар бодоорой: Танд хэн нэгэн банкны хүүгээс хэд дахин өндөр ашиг, эсвэл гэнэт их хэмжээний мөнгө санал болгож байвал энэ нь 100% цахим залилан юм. "Яг одоо мөнгөө шилжүүлээрэй" гэсэн хариу ирмэгц шууд үйлдэл хийлгүй хүлээцтэй, нухацтай хандаарай.
3. Эргэлзвэл шууд банк руу залгаарай: Монголын арилжааны банкнууд мэдээлэл шинэчлэх, нууц үг солих линкийг хэзээ ч мессеж эсвэл чатаар харилцагч руу илгээдэггүй. Шаардлагатай тохиолдолд банканд өөрийн биеэр ирэхийг хүсдэг.
4. Өөрийн хувийн мэдээлэл, нууц кодыг хэнд ч бүү өгөөрэй: Нэг удаагийн нууц код, банкны аппликэйшний пин код зэргээ бусдад задруулж болохгүй.
5. Хохирогч болсон бол шууд 102 дугаарт залгаарай: Хэрэв та цахим залилангийн хохирогч болсон бол цаг алдалгүй Цагдаагийн байгууллагын 102 дугаарт холбогдон, мэдэгдэх хэрэгтэй. Гэмт этгээдүүд оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдүүлэхээс урьтаж, дараагийн хохирогч гарч ирэхээс өмнө цахим залиланг таслан зогсоох нь чухал юм.