УБ 12°C
Posted
А
Нүүр Булан Хайх Хадгалсан Профайл
Solution Journal 0%
Г.Баттогтох: Хүүхэдтэйгээ ярилцаж, өвөө эмээ, ах эгчтэй нь сайн яриулах нь эх хэлний боловсролд чухал
Solution Journal
Нүүр хуудас / Solution Journal / Г.Баттогтох: Хүүхэдтэйгээ ярилцаж, өвөө эмээ, ах эгчтэй нь сайн яриулах нь эх хэлний боловсролд чухал

Г.Баттогтох: Хүүхэдтэйгээ ярилцаж, өвөө эмээ, ах эгчтэй нь сайн яриулах нь эх хэлний боловсролд чухал

Б.Нарангэрэл
Б.Нарангэрэл
Сэтгүүлч
2026.09.03 · 7 унших · — үзсэн

Биднийг дэлхийн бусад улс, үндэстнээс ялган, “монгол” гэдэг нэрийн дор нэгтгэдэг зүйлсийн нэг нь эх хэл юм. Эх хэл маань бидний хоорондоо харилцах хэрэгсэл төдийгүй үүх түүхээ мөшгөх нэгэн жим болдог билээ. Энэ удаагийн Solution Journal буландаа бид МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор, доктор Г.Баттогтохыг урин монгол хэлний онцлог, хэрэглээ, бодлогын талаар ярилцлаа.

Аливаа хэл үндэстнийхээ ёс заншил, үүх түүхийг хадгалдаг байна. Бидний өдөр тутамдаа харилцан ойлголцдог, эх болсон монгол хэл маань сонирхож өнгийгөөд үзвэл бодсоноос ч илүү өргөн цар хүрээтэй, баялаг аж.

Хэл шинжлэлийн салбарын судалгааны цар хүрээ улам тэлж, чиглэл нь төрөлжиж байна

“Монгол хэлний мэргэжлийн сургалт, судалгаа их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад төвлөрөн хөгжиж ирсэн юм. Монгол хэл шинжлэлийн орчин үеийн академик уламжлалыг XIX зууны эхэн үеийн бүтээлүүдтэй холбон үздэг уламжилтай. Тухайлбал, Шмидтийн “Монгол хэлний зүй” 1831 онд хэвлэгдсэн нь монгол хэлийг тогтолцоотой судалсан XIX зууны гол бүтээлүүдийн нэг юм. Харин өнөөдрийн монгол хэл шинжлэл зөвхөн хэлний бүтцийг тодорхойлохоор хязгаарлагдахгүй болсон байна. ХХ зуунд бүтэц, тогтолцоонд суурилсан судалгаа давамгайлж байсан бол өнөөдөр нийгэм хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэл, танин мэдэхүйн хэл шинжлэл, корпус хэл шинжлэл, хэлний боловсрол, дискурс судлал, компьютерын хэл шинжлэл зэрэг олон чиглэлээр судалгаа хийж байна. Энэ бол монгол хэл шинжлэлийн хувьд ахиц дэвшил мөн. Өөрөөр хэлбэл, бид “Кирилл үсгийн дүрэм өөрчлөгдсөн үү?” гэдэг асуултаас илүү “хэл нийгмийн өөрчлөлтийг хэрхэн тусгаж байна вэ?”, “хүүхэд эх хэлээ хэрхэн эзэмшдэг вэ?”, “цахим орчин хэлний хэрэглээнд ямар өөрчлөлт буй болгож байна вэ?” гэх мэт өргөн асуултыг тавьж, судалдаг болжээ.

fin-2.jpg

МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн өнөөгийн сургалт уг өөрчлөлтийн нэгэн баримт болох биз ээ. Манай тэнхим бакалаврын түвшинд “Хэл шинжлэл /монгол хэл/”, “Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол”, “Хэл, уран зохиол /монгол хэл/” хөтөлбөрөөр сургалт эрхэлж байна. “Монгол хэлний багшийн анги” гэхэд 90 оюутан элсдэг болсон. Их сургууль дотроо эхний өдөр дүүрдэг 3 хөтөлбөрийн нэг болсон байна. Магистр, докторын түвшинд хэл шинжлэлийн сургалт судалгаагаа удирдаж хамгаалуулж байна. Судалгааны ажлын төрөл ч нэмэгдэж байна. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд МУИС-ийн оюутнууд судалгаандаа нийгэм хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэл, цахим орчны хэлний хэрэглээ, эх судлал, дискурс шинжилгээний олон асуудал тусгаж байна.”

“Хэл шинжлэлийн салбарын судалгааны үр дүн шууд биш алсуур ирдэг” 

“Хэл шинжлэлийн судалгааг талх тариа, тараг сүү үйлдвэрлээд хэрэглэгчдэд шууд хүргэдэгтэй адил аргаар хэмжиж болохгүй юм. Хэл шинжлэл бол хүний танин мэдэхүй, харилцаа, нийгмийн амьдралын хэрэглүүрийг судалдаг шинжлэх ухаан учраас үр дүн нь олон жилийн дараа, алсуур илэрдэг, нарийн учир утгатай шинжлэх ухаан.

Хэл шинжлэлийн үндсэн асуулт бол “энэ үгийг хэрхэн бичих вэ?” гэдэгт байдаггүй. Хүмүүс яагаад ийм хэлбэрийг хэрэглэдэг вэ? Ямар нөхцөлд нэгэн хэллэг зохимжтой, нөгөө нөхцөлд зохимжгүй болдог вэ? Хэлний бүтэц хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Үг ямар утгаар хэрэглэгдэж байна вэ? Нийгмийн ямар бүлэг хэлний ямар хэлбэрийг хэрэглэдэг вэ? Хүүхэд хэлээ хэрхэн эзэмшдэг вэ? гэх зэрэг олон зүйлийг судална.

Монгол хэлийг судална гэдэг нь зөвхөн өнөөгийн хэлний хэрэглээг судална гэсэн үг биш. Өнөөдөр бидний хэрэглэж байгаа үг, нөхцөл, өгүүлбэрийн бүтцийн цаана хэдэн зуун жилийн хэл, сэтгэлгээний ул мөр бий. Эх хэлээ нарийвчлан судлах нь нэг талаараа эх орон, эх хэлээ хайрлаж хамгаалахтай холбоотой асуудал болно. Судалж шинжлэх нь хэл шинжлэлчийн ажил, сургаж таниулах нь багшийн ажил.”

“Хэл бол урсгал ус шиг үргэлж хөдөлгөөнтэй байдаг зүйл”

fin-1.jpg

Хэл байнга хувьсан өөрчлөгддөг ч тэр өөрчлөлт бүрийг сөрөг зүйл гэж харж болохгүй юм байна. Харин энэ хэл ямар соёлын нөлөөгөөр, хэрхэн үүргээ гүйцэтгэж буй нь сонирхолтой аж. 

“Улс үндэстнүүд эдийн засаг, соёл, уламжлал, худалдаа арилжаа, шинжлэх ухаан, улс төр зэрэг олон салбарт харилцдаг. Энэ харилцааны явцад хоорондоо үг, нэр томьёо, ойлголт солилцдог. Жишээлбэл, ХХ зуунд монгол хэл шинжлэх ухааны асар олон нэр томьёогоор баяжсан. Хөдөө аж ахуй, уул уурхай, банк санхүү, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарын нэр томьёо монгол хэлний үгийн санд орж ирсэн. Шинээр бүтээсэн. Өдгөө ч хиймэл оюун, компьютерын шинжлэх ухаантай холбоотой олон шинэ нэр томьёо нэмэгдэж байна. Монгол хэл мөхөж буй тухай улиг болтол ярьдаг хэр нь монгол хэл шинжлэх ухааны хэл болж баяжсан тухай, үгийн сан тэлсэн тухай тэр бүр ярьдаггүй нь хачирхалтай.

Монголчуудын амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Хүн амын дийлэнх хэсэг хот сууринд шилжин суух болсноор нүүдлийн соёлтой холбоотой үг хэллэгийг хүүхэд, залуучууд тэр бүр мэдэхгүй болжээ. Жишээлбэл, хазаар, ганзага, чөдөр, аргамжаа гээд нүүдлийн ахуй соёлын олон үгийн утгыг мэдэхгүй бүтэн үе өсөж өндийж байна. Үүнд тэдний буруу огт байхгүй. Аргамжаа гэдэг үгийг мэдэхгүй байхаараа монгол хүн биш болгочихгүй ч үндэсний соёл сэтгэлгээнээсээ хөндийрч буй нь алс хэтдээ барагтайхан үр дагаварт дагуулна. Гэхдээ монгол хэл орвонгоороо өөрчлөгддөггүй. Хэдэн зуун жилийн өмнө хэрэглэж байсан зарим үг өнөөдөр мартагдсан байж болох ч бид монгол хэлээрээ ойлголцсоор, хэлэлцсээр, харилцсаар байна. Үгийн сан аажмаар баяжиж, өөрчлөгдөж байдаг. Нэгэн жишээ хэлэхэд, МУИС-ийн багш, доктор Б.Энхсувдын бичсэн “Дундад үеийн монгол хэлний үгийн сангийн судалгаа” бүтээлээс үзвэл дундад үеийн монгол хэлний дурсгалуудын үгийн сан 140 мянга гаруй үгтэй байх бөгөөд давтагдахгүйгээр 8,816 үгтэй байна. Эдгээр үгийн 87 хувь нь орчин цагийн монгол хэлэнд хэрэглэгдэж байна. Тэгэхээр аливаа хэлний үгийн сан, бүтэц харьцангуй тогтвортой байдаг гэж хэлж болно.”

“Эх хэл бол үндэстнийг холбож байдаг гол багана” 

Дэлхий дээр олон мянган үндэстэн, хэл бий. Тэднийг улс үндэстэн гэдгээр нь холбож бас ялгаж байдаг чухал зүйлсийн нэг нь эх хэл. Биднийг монгол хүн гэдгээр бусдаас ялгаж байгаа зүйл бол өмссөн хувцас, хэрэглэж байгаа зүйлээр хязгаардагдахгүй юм. “Би монгол хүн” гэж бодож байгаа тэр сэтгэлгээ, соёл уламжлал, дээрээс нь эх хэл маань биднийг монгол гэдгийг илэрхийлдэг.

fin-12.jpg

“Дэлхий дээр олон мянган үндэстэн, хэл бий. Тэднийг улс үндэстэн гэдгээр нь өөр хооронд нь холбож, бас өрөөл бусдаас ялгаж байдаг чухал зүйлсийн нэг нь эх хэл. Биднийг монгол хүн гэдгээр бусдаас ялгаж байгаа зүйл бол зөвхөн өмссөн хувцас, хэрэглэж байгаа эд зүйл биш. “Би монгол хүн” гэж бодож байгаа тэр сэтгэлгээ, Цагаан сар, Наадам зэрэг соёл, уламжлал. Хамгийн гол нь эх хэл маань бидний монгол гэдгийг илэрхийлдэг, монгол болгодог.

Дэлхийтэй харилцахын тулд англи хэл сурах шаардлагатай. Гэхдээ улс үндэстнийхээ түүх, соёл, уламжлалыг хадгалахын тулд эх хэлээ сайн эзэмших нь мөн адил зайлшгүй шаардлага юм. Бид зөвхөн монгол хэлээ сураад зогсохгүй гадаад хэлийг ч сайн сурах ёстой. Ингэж байж дэлхийн асар их мэдээлэл, соёлын давлагаан дунд үндэсний онцлогоо алдахгүй үлдэнэ. “Чингис хаан гэж хүн байгаагүй”, “Монгол гэдэг бол хоч”, “Харь улсад дагаар оръё” гэх мэт улаан цайм ухуулга сурталчилгаа хийдэг бүлэг байгаа, түүнийг дэмждэг хүн олон буй цагт бид хувь заяаны хэлнийхээ талаар их гүн бодолтой байж, хариуцлагатай хандах учиртай байна.

Аливаа хэл ард түмний түүх, соёл, амьдралын хэв маяг, танин мэдэхүйг тусгасан байдаг. Монголчууд олон зууны турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж, тэнгэрийн араншинг таньж дагаж ирсэн хүмүүс. Тиймээс байгаль дэлхий, мал сүрэг, орон зай, хөдөлгөөн, цаг хугацаатай холбоотой үгийн сангийн асар баялаг сан монгол хэлэнд бий. Гэхдээ энд би нэг зүйлийг зориуд хэлье. “Монгол хэл дэлхийн бүх хэлнээс хамгийн гайхамшигтай” гэж хэлэх нь шинжлэх ухааны асуудал биш. Монгол хэл бидний хувьд онцгой үнэ цэнтэй байдаг нь дэлхийн бусад хэлнээс “илүү” учраас биш, харин бидний түүх, соёл, дурсамж, ахуй амьдрал энэ хэлэнд шингэсэн байдаг учраас юм. Шүтэж болно, таньж мэдвэл бүр сайн болно.”

Хэл нь зөвхөн хувь хүмүүсийн хоорондоо ойлголцох хэрэгсэл төдийгүй улс үндэстний оршин тогтнох нэгэн үндэс болдог нь эндээс харагдана. Тиймээс энэ үнэ цэнийг хамгаалахын тулд та бид эх хэлээ сайн эзэмшиж, эзэн нь болж явах ёстой юм.

 “Хэлний бодлого гэдэг зөвхөн зөв бичгийн дүрэм биш”

fin-4.jpg

“Төр засаг эх хэлнийхээ талаар ямар бодлого баримтлах вэ, бичиг үсгийнхээ талаар ямар байр суурьтай байх вэ гэдэг нь өргөн хүрээний асуудал. Монгол Улс хоёр их гүрний дунд оршдог. Хүн ам цөөн, дээрээс нь дэлхийн болон бүс нутгийн соёлын хүчтэй давлагаа дунд оршдог учраас төрөөс хэлний талаар тодорхой бодлого баримтлах шаардлагатай.

Монгол Улсад төрөөс эх хэлний талаар баримтлах бодлого гэсэн тусдаа бодлогын баримт бичиг байхгүй. Гэхдээ Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрүүд зэрэг бодлогын баримт бичиг бий. Ерөнхий боловсролын сургуулиудад монгол хэл, монгол бичгийг зааж, төрийн албан харилцааг монгол хэлээр явуулж байгаа нь хэлний бодлого хэрэгжиж буйн илрэл. “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл” гэж Үндсэн хуульд заасан нь ч хэлний бодлогын суурь юм. Гэхдээ нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Монгол хэлний бодлого гэхээр хүмүүс шууд зөв бичгийн дүрэм ярьдаг. Зөв бичгийн дүрэм бол хүмүүсийн ярьж, харилцаж байгаа хэлний илэрхийллийг бичгээр хэрхэн тэмдэглэхтэй холбоотой асуудал юм. Харин хэлний цаадах бүтэц, зүй тогтол, хувьсал өөрчлөлт нь зөв бичгийн дүрмээс хавьгүй өргөн асуудал.

Бусад улс орны хэлний бодлогоос ч суралцах зүйл бий. Жишээлбэл, Солонгост хэлний түвшин тогтоох шалгалт, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэлний үнэлгээний тогтолцоо байдаг. Энэ нь зөвхөн хүний мэдлэгийг шалгах бус тухайн хэл, соёлыг дэлгэрүүлэх бодлоготой холбоотой. Монгол Улсад ч монгол хэлний түвшин тогтоох шалгалтын тогтолцоо бий болж, Монголд ажиллах, суралцах гадаадын иргэд монгол хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байх шаардлагыг бий болгож байна. Энэ бол монгол хэлээ түгээн дэлгэрүүлэх нэг арга. МУИС TOMFL гэдэг монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг сүүлийн 3 жил тогтмол авч байна. МУБИС мөн монгол хэлний түвшин тогтоох шалгалт авдаг болсон. Бодлого хэрэгжиж, ажил урагшилж яваа гэж хэлж болох байх. Ташрамд, бид эртний түүхтэй үндэстэн учир, тэр үндэстнийхээ голомт болсон тусгаар тогтносон улс учир хэлний бодлогын хүрээг далайцтай боловсруулж хөдлөх учиртай.”

fin-15.jpg

Монгол хэлний бодлогын тухай ярихад сүүлийн жилүүдэд хамгийн их анхаарал татаж буй асуудлын нэг нь хос бичгийн хэрэглээ болоод байна. Гэхдээ хос бичигтэн болох нь зөв эсвэл буруу эсэх, бүр энэ бодлого яг хэрэгтэй зүйл мөн үү гэдэг асуулт олон хүнийг эргэлзэж, маргахад хүргэдэг билээ. Тиймээс бидний ярилцлага хэлний бодлого, түүний хэрэгжилтийн талаар үргэлжилсэн юм.

“Хос бичгийн хэрэглээ хэлбэр төдий байж болохгүй”

“Энэ талаар би нэг их ярьдаггүй. Гэхдээ таныг асуусан учир санал хэлчихье дээ. Монгол бичгийг төрийн албан хэрэгт хос бичгээр хэрэглэх ажлыг 2015 оноос төлөвлөж, хэрэгжүүлж ирсэн. Төрийн албан хаагчид хос бичгээр харилцах зохицуулалт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ ажиглаад байх нь, энэ ажил хангалтгүй, зарим талаар хэлбэр төдий хэрэгжиж байна. Монгол бичгийг өөрөө мэдэхгүй ч хөрвүүлэгч программ ашиглаад кириллээр бичсэн албан бичгээ монгол бичиг рүү хөрвүүлэн хоёр хувилбараар хэвлэж байна. Хэрэв зорилго нь зөвхөн кирилл бичгийг монгол бичиг рүү хөрвүүлж, хоёр цаасан дээр хэвлэхэд хүрвэл эдийн засгийн хувьд ч, хэрэглээний хувьд ч ямар ач холбогдолтой вэ гэдэг асуулт гарч ирнэ. Цаашлаад хүмүүс монгол бичгийг сурах бус, харин “зүгээр л хөрвүүлчихдэг юм байна” гэсэн ойлголттой болж, монгол бичигтээ дургүй болох эрсдэл ч бий. Үүнийгээ намайг шүүмжиллээ гэж бодох бус чухам учир шалтгааныг нь мэддэг, чаддаг хүмүүсээс асууж, маш ултай суурьтай ажиллах хэрэгтэй.

Монгол бичгээ үнэхээр авч үлдэхийг хүсэж байгаа бол хүн бүр тодорхой хэмжээнд сайн эзэмших хэрэгтэй. Ялангуяа, төрийн албан хаагч монгол бичиг мэддэг байх тодорхой шаардлага тавьж, бодит хэрэглээг бий болгох нь чухал. Шаардлага нь тодорхой биш, хэрэглээ байхгүй бол хүмүүс сурахгүй. Бага зэрэг сурсан ч хэрэглэхгүй бол мартана. Харин монгол бичиг мэддэг байх нь англи хэлтэй байхтай адил давуу тал болдог, бодит хэрэглээтэй болдог нөхцөл бүрдвэл хүмүүс маш хурдан суралцана. Энэ мэтчилэн монгол бичгийн асуудлыг сэтгэл хөөрлөөр биш, бодит хэрэглээ, мэргэжлийн судалгаанд үндэслэж авч үзэх хэрэгтэй болов уу даа.

Монгол хэлний тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, шинжлэх ухааны байгууллага зэрэг талуудад үүрэг хүлээлгэсэн заалт бий. Гэхдээ хуулийн хэрэгжилтийг зүйл, заалт бүрээр нь шинжилж, ямар заалт хэрхэн хэрэгжиж байгаа талаар хийсэн судалгаа, тайланг мэдэхгүй юм байна.” 

“Нэг хүн фэйсбүүк дээр үг буруу бичлээ гээд монгол хэлний бүтэц өөрчлөгдөхгүй”

Бидний яриа монгол хэлний хууль болон бичгийн хэрэглээний талаарх цахим орчинд өрнөж буй маргаан, хэлний алдааны сэдвээр үргэлжилсэн юм. Сошиал хуудсаар дүүрэн алдаатай бичвэрүүд харагдах болсныг олон хүн “эх хэлний боловсрол доройтож, дүрэм байнга өөрчлөгдлөө” гэж шүүмжилдэг. Тэгвэл энэ бүхэн бодит байдал дээр ямар учиртай болохыг судлаач дараах байдлаар тайлбарлалаа.

fin-16.jpg

“Монгол Улсад ерөнхий боловсролын бүх шатны сургуульд монгол хэлээр сургалт явуулж байна, төрийн албан харилцаа, өргөн олон нийтийн нэвтрүүлэг мөн монгол хэлээр харилцана, нэвтрүүлнэ. Энэ бүхэн тодорхой хэм хэмжээ буюу бичгийн хэлний хэм хэмжээнд захирагдах ёстой. Гэхдээ хэлний хэм хэмжээг хэн дуртай нь сууж байгаад дур мэдэн зохиодоггүй. Нийгмийн хэрэглээний явцад аажмаар тогтдог. XX зууны эхэн үеийн албан бичгийн хэл өнөөгийн албан бичгийн хэлнээс ялгаатай байгаа нь үүний нэг жишээ. Бүр 1980-аад онд үйлдсэн Сайд нарын зөвлөлийн албан бичиг өнөөгийн Засгийн газрын шийдвэрийн найруулга ч тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байдаг.

Өдгөө Монгол Улсад 200 гаруй мянган төрийн албан хаагч, олон тооны хууль эрх зүйн баримт бичиг монгол хэлээр үйлдэгдэж байна. Шинжлэх ухааны бүтээл, сонин нийтлэл гээд монгол хэлээр асар олон баримт гарч байна. Засаж сайжруулах зүйл бий ч ерөнхий суурь, бүтэц нь боломжийн хэмжээнд байна гэж хэлж болно.

Өнөөдөр хүмүүс гар утсаараа олон нийтийн сүлжээний орчинд маш их юм бичдэг болсон. Тэнд бичгийн хэлний хэм хэмжээг баримталдаг хүн байхад ярианы хэлээр бичдэг, латин үсгээр бичдэг, кириллээр бичдэг, бүр шууд хөрвүүлэн оруулдаг хүн ч байна. Гэхдээ нэг хүн буруу бичлээ гээд монгол хэлний үг, бүтэц, түүх алга болчихгүй. Тухайн хүний бичгийн соёл бол өөрийнх нь асуудал. “Сошиал орчноос болоод монгол хэлний боловсрол нийтээрээ муудчихлаа” гэж шууд дүгнэхтэй би санал огт нийлэхгүй. Өнөөдөр өмнөхөөсөө ялгаатай нь хүн бүр үзэл бодлоо бичгээр илэрхийлэх боломжтой болсон. Өмнө нь зохиол бичдэг хүн, сэтгүүлч хүн цөөхөн байсан. Тэдний бүтээлийг мэргэжлийн редакторууд хянаж байж нийтэлдэг байлаа. Харин өнөөдөр хүн бүр бичдэг болсон. Тиймээс бид бодит байдалд хүмүүсийн бичгийн соёл ямар түвшинд байгааг илүү өргөн хүрээнд ажиглах хэрэгтэй.

Монгол хэл Монгол Улсад боловсролын хэл, төрийн хэл, нийтийн харилцааны үндсэн хэл хэвээр байна. Гэхдээ асуудал байхгүй гэсэн үг биш. Бидний өмнө дор хаяж дөрвөн асуудал байна.

Нэгдүгээрт, хэлний боловсролын чанар. Хүүхэд сургууль төгсөхдөө зөвхөн дүрэм мэддэг биш, өөрийн санааг аман болон бичгийн хэлээр тодорхой илэрхийлж чаддаг байх ёстой.

Хоёрдугаарт, хэл ба технологи. Хиймэл оюун ухаан, автомат орчуулга, дуу таних, текст боловсруулах, хайлтын систем зэрэгт монгол хэл хангалттай хөгжсөн байх шаардлагатай.

Гуравдугаарт, монгол хэлний чанартай контент. Хүүхэд өдөр бүр цахим орчинд хэдэн цаг өнгөрөөж байхад тэр орчинд монгол хэлээр үзэх чанартай контент хангалтгүй бол бид хүүхдээс зөвхөн ном уншихыг шаардаад асуудлыг шийдэж чадахгүй.

Дөрөвдүгээрт, хэлний бодлогыг судалгаанд тулгуурлуулан боловсруулж хэрэгжүүлэх. Хэлний бодлогын аливаа шийдвэрийг хэл шинжлэл, боловсрол, нийгэм, технологийн судалгаанд тулгуурлан гаргах ёстой.” 

“Монгол хэлний зөв бичгийн дүрэм байнга өөрчлөгддөггүй”

fin-9.jpg

“Зөв бичгийн дүрэм байнга өөрчлөгдөж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд бий. Угтаа зөв бичгийн дүрэм үндсэндээ өөрчлөгдөөгүй. 1946 онд кирилл бичигт суурилсан зөв бичих дүрэм батлагдсанаас хойш 80 жил өнгөрч байна. Энэ хугацаанд тодруулах, журамлах шаардлагатай зүйлс гарч байсан ч дүрмийг бүхэлд нь, орвонгоор нь өөрчлөөгүй. Зарим хуучин ном, сонин хэвлэлд алдаа байсан нь үнэн. Гэхдээ өнөөдөр технологийн боломж нэмэгдсэнээр үсгийн дүрмийг шалгах программ, цахим толь бичгүүд ашиглах боломжтой болсон. Тиймээс сүүлийн жилүүдэд хэвлэгдэж байгаа ном, хэвлэлд бичгийн алдаа харьцангуй багассан гэж хэлж болно. Харин найруулгын алдаа бол тусдаа асуудал. Эсээ бичүүлэхээр “манай ээжийн нүд тойрсон үрчлээ нь Улаанбаатар хотын замын нөхөөс шиг”, “Би энэ улиралд амарна гэсэн байр суурьтай байна” гэж бичээд байвал ярьж тайлбарлахаас аргагүй.”

“Гэр бүлийн оролцоо хүүхдэд эх хэлээ сурах суурь болно”

Хэлний дүрэм тогтвортой байдаг ч үгийн сан тогтмол шинэчлэгдэж байдаг тухай бид өмнөх хэсэгт ярьсан билээ. Ялангуяа хиймэл оюун, технологийн хөгжилтэй зэрэгцээд бидний өдөр тутмын хэрэглээнд олон шинэ ойлголт орж ирж байгаа юм. Асар хурдтай мэдээллийн урсгал, технологийн дэвшилтэт цаг үед төрж өсөж буй хүүхэд багачууд мэдээ орох цагаасаа л интернэттэй нөхөрлөж, бүр гадаад үгээр хэлд орох болж байна. Тэдэнд эх хэлээ сурах анхны орчин нь гэр бүр юм.

“Хүүхдийн монгол хэлний боловсролд багш маш их нөлөөтэй. Гэхдээ бүхнийг зөвхөн багшид даатгаж болохгүй. Өнөөдөр Улаанбаатар хотод төрж өссөн хүүхэд “ганзага”, “хөндий”, “цонж” гэх мэт үгийг мэдэхгүй байх тохиолдол бий. Тиймээс хүүхдэд хэлээ сургахын тулд тухайн үгсийн цаадах орчин, ахуй, соёлыг нь танилцуулах хэрэгтэй.

Хүүхдээ хөдөө авч явахдаа зүгээр амраагаад ирэх биш, уул ус, мал сүрэг, хангай дэлхийтэй танилцуулж тайлбарлаж, монгол хүн байгальтайгаа хэрхэн харилцаж ирснийг ярьж өгвөл тун ч тустай. Мөн хүүхэдтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Өвөө, эмээ, ах эгч нартай нь яриулж, үе хоорондын харилцааг бий болгох нь чухал. Гэр бүлийн гишүүд бүгд нэг өрөөнд сууж байгаад утсаараа тус тусдаа оролдох нь хүүхдийн хэл ярианы хөгжилд сайн юм биш. Түүнчлэн унших дадал юу юунаас чухал. Ялангуяа дунд, ахлах ангийн сурагчид, оюутнууд монгол хэлээр бичсэн сонгодог зохиол, сайн орчуулгын бүтээлүүдийг их унших шаардлагатай. Ном уншихад өгүүлбэрийн бүтэц, найруулга, үгийн сонголт, бичгийн соёл зэрэг олон зүйлийг өөрийн эрхгүй сурдаг. Үүнтэйгээ зэрэгцүүлээд бичих чадвараа хөгжүүлбэл зүйтэй. Хүн бичих тусам л чадвар нь ахиж сайжирна. Энэ нь заавал зохиолч болох тухай биш. Өөрийн мэргэжлийн чиглэлээр бичиж байгаа хүн ч сайн бичих дадлыг бий болгож чадна.” 

“Гадаад хэл сурах нь эх хэлээ орхих шалтгаан биш”

fin-14.jpg

Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдээ аль болох багаас нь англи болон бусад гадаад хэлтэй болгохыг зорьж байна. Хүүхдээ өндөр боловсролтой хүн болгохыг хүссэн аав ээжийн хүсэл сонирхлыг буруутгах аргагүй. Гэхдээ гадаад хэл сургах энэ хүсэл тэмүүлэл эх хэлний боловсролыг орхигдуулах хэмжээнд хүргэж байгаа юм биш биз гэсэн эргэлзээтэй асуултад хариулт эрэлхийлэхийг ярилцлагын энэхүү хэсэгт зорилоо.

“Өнөөдөр хүүхдүүд багаасаа англи болон бусад гадаад хэл сурах, гадаад хэлээр контент үзэх нь түгээмэл болсон. Гадаад хэл сурах нь буруу биш. Харин эх хэлээ орхигдуулж болохгүй. Дэлхийн өөр улс оронд амьдарч байгаа монголчууд хүүхдүүддээ монгол хэлээ заахын тулд олон арга хэрэглэж байна. Монголыг зорьж байна. Харин Монголд амьдарч байгаа монголчууд үүний эсрэг чигт явах юм. Хүүхдээ заавал англи хэлтэй болгох гэж хэт чармайж, эх хэлээ хоёрдугаарт тавьж зүтгэх хэрэггүй л юм сан.

Монгол хүүхэд эцэстээ монгол хүнтэй харилцаж, Монголын нийгэмд ажиллаж амьдарна. Албан харилцааны бичгээ, гэрээ хэлцлээ ч монгол хэлээр бичнэ. Тиймээс англи хэлийг сургаж байгаа шигээ монгол хэлээ зэрэгцүүлэн сайн эзэмшүүлэх хэрэгтэй. Эх хэлний суурь сайн хүн гадаад хэл сурахад ч давуу талтай. Мэргэжлийн түвшний орчуулагчид, уран зохиолын орчуулагчид, синхрон орчуулагчид зөвхөн англи хэл сайн мэддэг хүмүүс биш. Тэд монгол хэлээ маш сайн эзэмшсэн байдаг.

Ерөнхий боловсролын сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн монгол хэлний чадварыг улам сайжруулах шаардлага бий. Ялангуяа ярих, бичих чадварт асуудалтай оюутнууд их, дээд сургуульд орж ирж байгаа нь ажиглагддаг. Үүн дээр хиймэл оюун бас шинэ бэрхшээл бий болгож байна. Хүүхэд өөрөө эсээ бичихийн оронд хиймэл оюун ухаанаар бичүүлээд бага зэрэг засаж аваад ирдэг бол бодит бичих чадвар хэзээ ч бүрэн төлөвшихгүй.” 

- Та сүүлийн үед ямар судалгааны ажил дээр төвлөрч байна вэ?

- Би сүүлийн хэдэн жил орчин цагийн монгол хэлний өгүүлбэр, эхийн бүтцийг судалж байна. Тодруулбал, бичвэр доторх үг, өгүүлбэрүүд хоорондоо хэрхэн холбогдож, зарим мэдээллийг орхих эсвэл өөр үг, хэлбэрээр орлуулах замаар утга санаа хэрхэн бүтдэгийг судалдаг.

Энэ судалгаагаар орхил, орлолыг зөвхөн өгүүлбэрийн дутуу эсвэл орлуулсан хэсэг гэж үзэлгүй харин бичвэрийн логик холбоо, мэдээллийн урсгал, уншигчийн ойлголтод хэрхэн нөлөөлдгийг нь авч үзсэн. Ингэснээр монгол хэлний бичвэр ямар бүтэцтэй, мэдээлэл хэрхэн зохион байгуулагддагийг илүү тодорхой тайлбарлах боломж бүрдсэн юм.

Судалгааныхаа үр дүнд “Монгол хэлний холбоосжилт” ерөнхий нэрийн дор “Холбоос”, “Орхил, орлол” гэсэн хоёр боть номыг 2026 оны тавдугаар сард хэвлүүллээ.

Судалгааны үр дүнг их, дээд сургуулийн өгүүлбэр зүй, эх судлал, дискурсийн шинжилгээний хичээлд ашиглах боломжтой. Мөн академик болон бичгийн хэлний чадварыг хөгжүүлэхэд, тухайлбал утга санаа давтагдахаас сэргийлэх, мэдээллийг ойлгомжтой зохион байгуулах, логик холбоог сайжруулахад арга зүйн хэрэглэгдэхүүн болох ач холбогдолтой. Цаашлаад монгол хэлний корпус, дискурсийн болон тооцооллын хэл шинжлэлийн судалгаанд ашиглах боломжтой юм.

- Бидэнтэй ярилцсанд баярлалаа!

Posted ◆
Энэ контент танд хэрхэн нөлөөлсөн бэ?
— үзсэн · 0 сэтгэгдэл
Нийтлэгчийн тухай
Б.Нарангэрэл
Б.Нарангэрэл
Сэтгүүлч · 0 дагагч
Хэлэлцүүлэг

Сэтгэгдэл

Т
Та
Posted.mn-д сэтгэгдэл үлдээх
Ачааллаж байна...
Posted

Мэдлэгээр хөглөгдөж, мэдээллийг тунгааж, мэдрэмжээ илэрхийлэх залуусын орон зай.

Булангууд
Редакцын буланSolution JournalУрлагийн түүхPolicy PointБидний нэгPassion in the City
Редакц
Бидний тухайРедакцын бодлогоХамтран ажиллахСанал хүсэлт
Холбоо барих
media@posted.mn
+976 8906 5209
Монгол Улс, Улаанбаатар хот,
Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж 3,
Богд цамхаг, 801A
Posted
© 2023–2026 Постэд креатив медиа ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.